Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 40

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Гантулгад холбогдох “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээний үүргийн биелэлт 710.804 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч танилцаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:       

  ...Нэхэмжлэлийн үндэслэл: Хариуцагч Б.Гантулга нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40653390 тоот гэрээ байгуулан 99952333 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан Нuawei P9 Lite /BLACK/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

    Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон, төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж, “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

    Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөрт нийт 710.804 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.. гэжээ.

 

            Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.Гантулга нь нэхэмжлэлийн шаардлага болох 710.804 төгрөгийг төлж барагдуулж,  нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү .... гэжээ.

 

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

“Мобиком корпораци” ХХК хариуцагч Б.Гантулгад холбогдуулан “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээний үүргийн биелэлт 710.804 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

             Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 710.804 төгрөгийг төлсөн нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтээр нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

             Энэ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21.609 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 10.804 төгрөг 5 мөнгийг, Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос 10.804 төгрөг 5 мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй.    

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Гантулгад холбогдох “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээний үүргийн биелэлт 710.804 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21.609 төгрөгийн тал хувь болох 10.804 төгрөг 5 мөнгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 10.804 төгрөг 5 мөнгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                          ШҮҮГЧ                                Д.МӨНХЦЭЦЭГ