Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/38

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Одончимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Маанийдаарий

Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дагвадорж

            Шүүгдэгч Ж.Н-нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

      Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Н-холбогдох эрүүгийн 2022000040014 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1985 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Церкон геологи” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 29 дүгээр гудамжны 34 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар хххххххххххххх/ Б овогт Ж Н.

 

    Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.Н-нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Б сумын -р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, “Хөөтийн уурхай”-д С.О-биед халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Шүүгдэгч Ж.Н-шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөөтийн уурхай”-д байрлах ажил дээр өдрийн цайны цагаар урд уурхайн механик ажилтай С.О- манай уурхай дээр ирээд манаачийн гэрт цай уугаад сууж байхаар нь та эндээс гараа манай хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтанг уруу татаж өөрийнхөө уурхайд ажилд авсан. Одоо бас хэнийг уруу татах гээд байна гээд гэрээс гаргасан. С.О- явахгүй өөдөөс хэрэлдээд байхаар нь би зүүн хөлөөрөө О баруун талын шанаанд нэг удаа өшиглөсөн. Гараараа зүүн хацарт алгадсан. Тэгээд чангаагаад машинд нь суулгасан. Машиндаа суучихаад явахгүй байхаар нь айлгах гээд тэвшин дээрээс хүрз аваад далайтал хөдлөөд явахаар нь буцаагаад хүрзийг шидсэн. Дахиж уулзаагүй. Би ганцаараа нэг лаазтай пиво уусан. Бага зэргийн согтолттой байсан. С.О- эрүүл байсан” гэв.

 

Хохирогч С.О-...манай хойд уурхайн манаач Цогоо хүүхдийн дугуй хагарсан, насос аваад ирээч гэхээр нь би 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн үед хойд уурхай дээр очоод манаачийн гэрт орох гээд явж байтал Н- таараад “Сайн уу агаа юу хийж явна” гэж мэндлээд гэрт ортол Ө эгч цай хийж өгөөд сууж байтал гаднаас Н- орж ирээд цай асгуулаад намайг чирч гараад шанаа руу өшиглөсөн. Би цустайгаа холилдоод ах нь чамд ямар ч гэм хийгээгүй, чи яагаад байгаа юм гэхэд Н- чи манай ажилчинг авч ажиллуулдаг хэн бэ гээд уурласан. Учир нь Н-ын уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан манай уурхайд ажилд орсон юм, түүнээс болоод хэрүүл маргаан болсон. Тэр хүн надад хамаагүй, би дарга биш тэр хүнээр яадаг юм гэж хэлтэл, чамд хамаатай гээд толгой руу гараараа нэг удаа цохьсон. Би машин руу гүйгээд орох гэтэл машин дээрээс хүрз аваад цохих гэхэд Гэрлээ хориод болиулсан. Миний  биед дээд үүдэн шүдний нум яс хугарсан, цөмөрсөн гээд хагалгаанд орсон. Бидний хажууд Ц эхнэр хүүхдүүдийн хамт, Гэрлээ болон өөр танихгүй 4-5 хүн байсан. Одоо надад ямар нэгэн зовиур байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-рт/

 

Гэрч Г.Г ...Би 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр харуулын гэрт байж байтал урд уурхайн хүн орж ирээд цай уугаад суутал гаднаас Н- орж ирээд тэр 2 нэг юм яриад хоорондоо маргалдаад гэрээс гарсан. Гадаа гараад Н- тэр нөхрийн хацар руу алгадсан. Би тэр хоёрыг салгахад нөгөө хүний амнаас цус гарч байсан. Би тэр  хоёрыг салгаж үлдээгээд явсан. Тэр хоёр хоорондоо маргалдаад үлдсэн, удалгүй тэр хүн хөдлөөд явсан. Гэрт зодолдсон асуудал байхгүй. Н- нэг алгадсанаас өөр асуудал болоогүй байх. Амнаас нь цус гарснаас өөр зүйл мэдэгдээгүй. Учиргүй нэг нэгнээ цохиж нүдээд байгаагүй. Н- бага зэргийг согтолттой байсан. Нөгөө хүн уугаагүй байсан. Зууралдаад зогсож байхад нь салгасан. Юунаас болж зодолдсон талаар мэдээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 12-рт/

 

Гэрч Ц.Б ... 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагийн үед О гэдэг хүн би зодуулчихлаа гээд хамраас цус гарсан байдалтай ирсэн.Тэгээд би эмнэлэг дуудсан. Манайд ирээд ухаан алдаагүй. С.О-ы нүд хавдсан, хамраас цус гарсан байсан. С.О- согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. С.О- ирээд Н-д зодуулсан гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 13-рт/

 

Гэрч П.Ө “2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр О машинаа асаалттай орхиод гаднаас насос бариад орж ирсэн цай уугаад сууж байтал Н- араас нь орж ирээд чи юу хийж яваа юм дахиад манай ажилчдаас урвуулах гээд байна уу гээд цайг нь асгуулаад аваад гарсан. Хашааны гадаа маргалдаад байх шиг байсан. Тэгээд О машинтайгаа хөдлөөд явсан. Би өөр зүйл мэдэхгүй. Н- архи уусан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-рт/

 

Гэрч Ж.Э ...2019 оны 12 дугаар сарын 22 –ны өдөр манайд ирээд цай уугаад сууж байхад нь Н- орж ирээд чи манай хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтанг урвуулсан. Одоо дахиад хүн авах нь уу гар яв гээд маргалдаад гэрээс гарсан. Хашаанаас гараад муудалцаад байх шиг байсан. Зодож цохьсон асуудал гараагүй байх, би гэрт байсан учраас сайн мэдэхгүй байна. Н- О гэрийн гадаа зууралдаад байсан. Цохиж байхыг нь хараагүй. Н- халамцуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-рт/

 

Шинжээч эмчийн ...Дээрх гэмтлүүд хатуу мохоо хүчин зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр аль алинд нь үүсэх боломжтой. Гараар цохих үед үүсэх боломжгүй. Хүчтэй өшиглөх болон дэвсэх үед үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 47-рт/

 

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн

1. С.О-биед баруун ухархай, хамар, дээд үүдэн шүдний түүшин, баруун хацар, чамархай ясанд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги  алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 21-22-рт/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх болон хохирол, хор уршигийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Н-нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан сумын 2-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, “Хөөтийн уурхай”-д С.О-биед халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, гэмт хэрэг гарсан байдал, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, цаг хугацаа, хэргийн талаар тогтоогдсон үйл баримт нийцсэн, өөр хоорондоо шалтгаант холбоотой, эх сурвалж нь тодорхой байна.

 

Мөн шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирч болохыг мэдсэн, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцохоор нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Н-холбогдох эрүүгийн хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Н-нь хохирогч С.С.О-д 2500000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож /хх-ийн 50-51-рт/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хохирогч С.О-гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

           Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ж.Н-гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирогчийн  гомдол саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 700 /долоон/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Ж.Н-нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,  3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Ж Н-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Н-ыг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 / долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Н-оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ж.Н- шүүхээс  тогтоосон  хугацаанд  торгох  ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарласугай. 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч С.С.О- гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Ж.Н-нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Н-авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                         Л.ОДОНЧИМЭГ