Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 328

 2019      4         11                                          2019/ДШМ/328                                              

К.А- холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Пүрэвдагва,

хохирогч О.Мөнх-Эрдэнэ,

шүүгдэгч К.А- ын өмгөөлөгч С.Дэмбэрэл,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч К.А- ын өмгөөлөгч С.Дэмбэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2014260002167 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн К-ны А- , .............................. .       ...................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:................../;

К.А-  нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “1000 автомашины зогсоол” дээр автомашин худалддаг иргэн О.Мөнх-Эрдэнэд “Казакстан улс руу автомашин гаргаж, өндөр үнээр зарж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2013 оны 5, 10 дугаар саруудад “Хюьндай Соната-6” маркийн автомашин 2 ширхэг, “Лексус 470”, “Хюьндай Соната-7”, “Мерседес бенз Е-класс 4D Е350”, “ВМW 7Series 4D 735i”, “ВМW 7Series 4D 745i” маркийн автомашин тус бүр 1 ширхэг, нийт 7 ширхэг автомашиныг залилан, хохирогч О.Мөнх-Эрдэнэд 179,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч К.А- ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч К.А- ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч 30 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч К.А- аас 153,794,300 төгрөг гаргуулан хохирогч О.Мөнх- Эрдэнэд олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн түүнд хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслах сэргийлэх арга хэмжээ тус тус авч, энэ хэргээс Т.Ерланд холбогдох эрүүгийн 180505963 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, тусгаарласан болохыг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.А- авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч К.А- ын өмгөөлөгч С.Дэмбэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...К.А-  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний тухай ойлголтоор нэгдүгээрт, энэ гэмт хэргийг үйлдэж бусдад хохирол учруулаагүй. Хоёрдугаарт, уг хэрэгт А-  нь гэм буруутай тухайн хэргийг үйлдсэн болох нь эргэлзээтэй нотлогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэр хэргийг бүхэлд нь хянуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.

Хэргийн тухайд, А-  нь хохирогч Мөнх-Эрдэнийн өмчлөлийн машинуудыг Казакстан улсад зарж өгнө гэж залилан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлж авсан гэсэн хэрэг байгаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гомдлын үндэслэлийг тайлбарлавал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн бүрэлдэхүүн нь “хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж заасан. Хууль өөрчлөгдөж, шинэчлэн найруулагдсан ч Эрүүгийн эрх зүйн онолын үндэслэл ойлголт нь хэвээрээ тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн тухай Улсын Дээд шүүхийн 51 дүгээр тогтоолд, ... тайлбарласан хүрээнд тухайн хэрэгт дүн шинжилгээ хийвэл Казакстан улс руу машин гаргаж наймаа хийх тухай А-  нь санаачилж, Мөнх-Эрдэнийг хууран мэхэлж, худал хэлж төөрөгдүүлж бодит байдлыг гуйвуулж нуун дарагдуулж, зохиомол байдал бий болгож урьдын итгэлийг ашиглаж залилсан ямар ч үйлдэл байхгүй. Харин Мөнх-Эрдэнэ нь А- ын дүү Казакстан улсад байдаг, машины наймаа хийдэг тухай өөрийн ажилтан Ууганболдоос олж мэдээд А- ыг өөрийн ажил дээр дуудаж уулзан “дүү чинь Казакстанд байдаг, машины наймаа хийдэг юм байна. Дүүтэйгээ танилцуулаад өөрөө газар нутаг хэл ус мэдэхгүй тул олон машин гаргана. Нэгэнд нь жолоочоор явж өгөөч” гэснээр Казакстан улс руу явахаар тохирч, 2013 оны 5 дугаар сард анх хамт явж 4 автомашин гаргасан байгаа. Ингэж явахад А-  нь Мөнх-Эрдэнийг залилсан, хуурсан, зохиомол байдал бий болгосон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашигласан ямар ч шунахай санаатай идэвхтэй үйлдэл байхгүй, үүнийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдаанаар тогтоогоогүй.

Казакстан улсад машины наймаа байдаг, Монголд зарснаас үнэ нь арай өндөр байдаг. Монголчууд очиж машины наймаа хийдэг нь бодит үнэн болохоос огт машины наймаа байдаггүй,  хийдэггүй, үнэ хүрдэггүй газар руу тэгээд А-  санаачлаад хуураад, худлаа хэлээд Мөнх-Эрдэнийг дагуулж явсан гэм буруутай үйлдэл энд байхгүй.

Интернет сайт руу орж итгэл төрүүлсэн гэдэг, тэгвэл тэр интернет сайтын мэдээллийг А-  зохиогоогүй, хийж оруулаагүй, тэр сайтын мэдээлэл нь худлаа, эсхүл үнэн гэдэг нь тогтоогдоогүй байхад А- ыг хууран мэхэлж, зохиомол байдал бий болгосон гэх үндэслэл байхгүй. Мөн уг сайтын мэдээллийг Мөнх-Эрдэнэ өөрөө орж үзэж, танилцаж мэдээлэл авсны үндсэн дээр бусдын тухайлбал, А- ын худлаа, хуурамч зохиомол мэдээллээр биш харин ч өөрийнхөө итгэл үнэмшлээр Казакстан явсан.

Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж, Казакстан улс руу явахаас өмнө энэ хоёр хүний хооронд ямар ч ажил хэрэг, бизнесийн хувийн харилцаа байхгүй. Төрөл садангийн холбоотой гэх ч харилцаагүй байсан гэдгээ хохирогч хүлээн зөвшөөрч байхад “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашигласан” гэж үзэх үндэслэл нотолгоо тогтоогдохгүй.

Казакстанд улсад очсоныхоо дараа Мөнх-Эрдэнэ нь дахин Монголд ирж, 6 автомашин гаргасан шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь хуудсанд хохирогч А- ын дүү бенз, BMW зарвал ашигтай байна гэхээр нь захиалж гаргасан гэдэг. Тэгэхээр үүнийг А-  залилсан үйлдэл, эсвэл бусдын үйлдлийг А-  үйлдсэн гэх үү. Мөн эхэлж 4 автомашин гаргаад өөрөө Казакстан улс руу хамт явж, бодит байдлыг газар дээр нь очиж үзэж, танилцаад автомашины наймаа хийж болж байгааг мэдсэн наймааны ашиг харсан хүний хувьд дахин Монгол улсаас автомашин аваачсан хүнийг дахин залилуулсан нь эргэлзээтэй. Энэ хэргийн объектив байдал үйлдлийн хэрэг үгүйсгэгдэж эргэлзээгүйгээр нотлогдож тогтоогдоогүй.

Тухайн хэргийн нэг зайлшгүй заавал байх нөхцөл шинж нь гэм буруутай этгээд тухайн үйлдлээрээ хохирогчийн эд хөрөнгийг шилжүүлж авсан байх явдал. Тэгвэл А-  нь тийм үйлдэл хийж, эд хөрөнгийг шилжүүлж авч хохирол учруулсан гэмт үйлдэл, гэмт хэргийн санаа зорилго, сэдэлт гэм буруу түүнтэй шууд холбоотой шалтгаант холбоогоор бий болсон бусдад хохирол учруулж, өөртөө болон бусдад шилжүүлж эд хөрөнгийг нь шилжүүлж авсан нь нэг ч автомашин дээр тогтоогоогүй үүнийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаар ч гүйцэтгэх ажиллагаагаар нотолсон нэг ч нотлох баримт байхгүй.

Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэдэггүй учир, Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаан хууль хэрэглээний практикт нэг тулгуур зарчим байдаг нь үйлдлийг яг тогтоох, хохирлыг бас яг тогтоох, тэгж байж хэргийн хүрээ, төрлийн шинжээр нь зүйлчлэлийг тодорхой болгодог. Гэтэл энд үйлдэл нь ч тодорхойгүй, хохирол нь ч тодорхойгүй, эд хөрөнгө машин нь хаана, хэнд байгааг шалгаж тогтоогдоогүй, хэнээс хэнд шилжсэн тогтоогдоогүй байхад яаж А-  шилжүүлж авсан гээд байгаа юм бэ. Казакстанд эзэнгүй эд хөрөнгө ч болсон уу, улсын орлого ч болсон уу, үрэгдсэн үү, эсхүл Монгол руу буцаад орж ирсэн үү, өөр гуравдагч оронд байгаа эсэх нь тогтоогдоогүй байхад А-  залилж шилжүүлж авсан гэж байгаа нь тогтоогдоогүй, нотлогдоогүй эргэлзээтэй байна. Хууль зүйн шинжлэх ухаанд бодит үнэнийг тогтоох, гарцаагүй байх тухайд эргэлзээний тухай асуудал яригддаг. Энэ тухай хууль зүйн шинжлэх ухаанд эргэлзээ байвал дүгнэлт хийж болохгүй, нотлогдсон үнэнийг тогтоосон гэж үзэхгүй гэсэн байдаг.

А- , Мөнх-Эрдэнэ нарын дунд автомашиныг Казакстан улсад ашигтай зарж өгнө, эд хөрөнгийг хариуцаж хамгаална гэсэн  нэг ч гэрээ хэлцэл, яриа үүрэг амлалт итгэмжлэл байхгүй. Автомашин нь зарагдахгүй байсан юм уу, үнэд хүрэхгүй байсан бол тэр нь А- ын гэм буруу биш, тийм хугацаанд тийм үнээр зарж өгнө гэсэн яриа хэлцэл байхгүй, үүрэг амлалт хүлээгээгүй. Эндээс харин юу тодорхой болж байна гэхээр Мөнх-Эрдэнэ зарагдаагүй машинуудаа Казакстан улсад тухайн улсын хууль дүрэм, журам оршин суух зөвшөөрлийн хугацаа татвар хураамжийн асуудал зэргээс болж эзэнгүй хариуцсан хүнгүй үлдээчихээд буцааж олж авч чадахгүй болохоор А- ыг барьж авч гүтгэсэн асуудал харагдаж байна. Энэ нь Мөнх-Эрдэнэ нь эхлээд цагдаад гомдол гаргахдаа “11 автомашин гэж гаргачихаад сүүлд нь 7 автомашин” гэсэн нь бас гүтгэсэн болох нь харагдаж байна.

Прокурор болон мөрдөн байцаах албанаас өөрсдөө уг машинууд хаана, хэнд байгаа, хэнээс хэнд шилжсэн, мөнгийг нь хэн авсан, А- ын дүүгээс байцаалт авахгүйгээр хохирогч гэрчүүдийн мэдүүлгээр хэргийн бодит үнэн тогтоогдож нотлогдохгүй байна гэж өөрсдөө даалгавар өгч эдгээр ажиллагаануудыг Казакстан улсын цагдаа, Интерполоор хийлгэхээр удаа дараа үүрэг даалгавар өгчихөөд, уг ажиллагаа хийгдээгүй хэргийн бодит үнэн тогтоогдоогүй байхад хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх бодит үнэн тогтоогдоогүй туйлын эргэлзээтэй байхад Мөнх-Эрдэнийн гомдол болон хэргийн бодит үнэнд шууд нийцэх хамааралтай биш дам сургаар зохиомол, Мөнх-Эрдэнэтэй хамт ажилладаг хамт амьдардаг хамаатан садан гэр бүл,нэг ашиг сонирхолтой зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримт болон гэрчид тавих шаардлагыг хангахгүй хүмүүсийн мэдүүлгээр шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Харин анхан шатны шүүх хурлаас өмнө амжиж ирээгүй ч Казакстан улсын тээврийн цагдаагаас А- ын төрөл садангууд болох хүмүүст Мөнх-Эрдэнийн машинууд байхгүй болох тухай лавлагаа, тодорхойлолт ирснийг давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй ч шүүх бүрэлдэхүүний итгэл үнэмшлийг баталгаажуулах эргэлзээг лавшруулахаар үзүүлэх хүсэлттэй байна.

Хэрэгт авагдсан мэдүүлгүүд дотор А-  Мөнх-Эрдэнийг хуурсан, тэгж худлаа ярьсан, тэгж залилсан, тийм машиныг шилжүүлж авсан, зарж мөнгийг нь А-  авсан гэсэн залилах хэргийг нотолсон мэдүүлэг байхгүй. Харин хамт явсан, архи уусан, агсан тавьсан, зодсон, дарамталсан, бусдад авилга өгсөн, бусдаар дээрэмдүүлэх захиалга өгсөн гэдэг юм яригддаг. Тэр нь шалгагдаж тогтоогдоогүй, зарим нь зохиомол хуурамч байдаг, залилсан гэх гээд байгаа юм уу рэкэтлэсэн, дээрэмдсэн, айлган сүрдүүлсэн, авлигын хэрэг үйлдсэн гэж байгаа эсэх нь тодорхойгүй. Харин зарагдаагүй автомашин нь Казакстан улсад үлдсэнийг хэн хэн нь зөвшөөрдөг ч цаашаа яасан нь шалгагдаж тогтоогдоогүй.

Шүүхийн тогтоолын дүгнэлт хэсгийн 8 дугаар хуудас “шүүгдэгч уг хэргийг үйлдээгүй” гэж мэдүүлсэн нь гэрч н.Цэрэнбат, н.Болдбаатар, н.Ганхөлөг, н.Мөнх-Эрдэнэ, Ууганцэцэг зэргийн мэдүүлгээр няцаагдаж байна гэсэн боловч дээрх байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж тооцох үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт гаргасан, уг дүгнэлт гаргах үндэслэл болсон мэдүүлгүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрдэл, тийм хэрэг шүүгдэгч үйлдсэн болохыг нотлохгүй байгаа.

А- ыг залилан шилжүүлж авсан гээд байгаа 7 автомашин тус бүрээр үзвэл нэгдүгээрт, 2 ширхэг BMW, 2003 оны саарал өнгийн Мерседес бенз 3 ширхэг машиныг нь Энхбаатар А- ын дүүгээс авч, уг 3 автомашиныг Мөнх-Эрдэнийн өмнө хариуцах тооцоо байхгүй гэж Казак, Монгол хэл дээр орчуулуулан гэрчлэн баталгаажуулж, 2014 оны 5 дугаар сарын 16-нд тодорхойлолт бичиг хийсэн байхад “А-  дарамтлан бичүүлсэн” гэдэг ч А-  нь тэр үед Казакстан улсад байгаагүй, дарамталсан үгүйг нь шалгаж тогтоогоогүй. Бичгийн баримт нь /1 хх 119/. Хоёрдугаарт, Лексус 470, Соната-6 2 ширхэг, Соната-7 1 ширхэг, Мерседес бенз машиныг А-  нь яасныг нь сайн мэдэхгүй, тэр машинуудыг А-  гэрээ хэлцэл, итгэмжлэлээр хүлээн авч хариуцан хамгаалах, зарах үүрэг хүлээгээгүй ямар ч байсан А-  шилжүүлж авсан, зарсан гэдгийг тогтоогоогүй.

А- ын эсрэг мэдүүлэг өгсөн хүмүүс уг хэргийг шууд мэдэх гэрчийн буюу нотлох баримтын шаардлага, ач холбогдол, хуулийн шаардлага хангах гэрчүүд биш, бусдаас тухайлбал, Мөнх-Эрдэнээс дам сонссоноо ярьж байгаа тухай Казакстан улсын хуулийн байгууллагад гомдол гаргасан нь үнэн эсэх, зарим гэрчийн Казакстан улсын цагдаад А- ын тухай гомдол гаргаагүй гомдлыг зохиож бичиж гарын үсэг дуурайлган зурсан гэсэн гэрч Энхбаатар, Цэрэнбат, Төмөрхүү нарын мэдүүлэг /1 хх 77, 3 хх 45-46/.

Энэ бүхэн нь хууль зүйн үндэслэлийн хувьд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж, 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон Олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж, 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасан. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн  зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж, 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж, 14 дэх хэсэгт “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж тус тус заасан шаардлагыг хангахгүй хууль зөрчиж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бол хүчингүй болгоно” гэж, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” гэж, 1.2-т “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэж, 1.3-т “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэж, 1.4-т “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэж, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн бол тогтоолыг хүчингүй болгоно” гэж тус тус заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох гомдлыг гаргаж байна. ...” гэв.

Хохирогч О.Мөнх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...К.А- ын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд, К.А- итгэхгүйгээр машинуудаа Казакстан улсад авч очоод алдсан мэт байна. Гэтэл К.А- ыг манай эхнэрийн хамаатан гэж итгэж, намайг залилж миний машинуудыг авч яваагүй бол би хүний нутаг руу К.А- ын дүүг таньж очихгүй байсан.

Мөн К.А-  миний машинуудыг Казакстан улсад үлдээсний дараа эхнэрийнхээ нэр дээр нотариатаар хуурамч бичиг баримт үйлдэж, мэйлээр явуулж, нэрийг нь шилжүүлсэн нь хавтас хэргийн материалд авагдсан. Иргэн Ганхөлөгийн нэр дээр байгаа машиныг “Баярмаагийн нэр рүү шилжүүлж өгнө үү” гэж хуурамчаар үйлдсэн. Үүнийгээ анхан шатны шүүх хуралдааны үеэр өөрөө хүлээн зөвшөөрсөн. н.Энхбаатар, н.Цэрэнбат гэх хоёр хүүхдийг Казакстан улсад очсон хойно нь К.А- ын ах, дүү нар нь дарамталж, дээрэлхээд албан хүчээр гарын үсэг зуруулж, машинуудыг шилжүүлж авсан. Энэ нь дандаа К.А- ын явуулгаар, К.А-  нь тухайн машинуудыг шилжүүлэх, зарах бүх баримт бичгүүдийг өөрөө хуурамчаар үйлдэж өгсөн. ...” гэв.

Прокурор Д.Пүрэвдагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...К.А-  нь 2013 оны 4 дүгээр сард, хохирогч О.Мөнх-Эрдэнэтэй уулзахаар очсон. Ингэхдээ “Казакстан улсад машин өндөр үнэтэй зарагддаг. Танд машин байна уу, байвал авч явж заръя” гэдэг зүйл ярьсан. Энэ нь хохирогчийн мэдүүлгээр нотлогддог. 2013 оны 5 дугаар сард “Хюьндай Соната-6” маркийн автомашин 2 ширхэг, “Лексус 470”, “Хюьндай Соната-7” нийт 4 ширхэг автомашиныг аваад К.А- , О.Мөнх-Эрдэнэ нар нь Монгол Улсын хилээр гарсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Очоод зарах гэсэн боловч автомашины бичиг баримт гарахгүй байна гэдэг зүйл яригдаад Каскастан улсад 3 сар болсон гэдгийг хохирогч мэдүүлсэн. Энэ явцдаа “машиныг чинь асуудалгүй зарж өгнө, дахиад өөр шинэ загварын машин Япон улсаас оруулж ирвэл зарагдана” гэх зүйл яриад хохирогч О.Мөнх-Эрдэнэ итгэсэн. 2013 оны 10 дугаар сард дахин 7 ширхэг автомашиныг Монгол Улсын хилээр Энхбаатар, Цэрэнбат, Ууганцэцэг, Ганхөлөг, Болдбаатар гэсэн хүмүүс унаж гарсан. Энхбаатар гэх хүний нэг машин, О.Мөнх-Эрдэнийн 10 машин Казакстан улсын хилээр орсон. Үүний дараа К.А- ын зан байдал нь өөрчлөгдсөн. Энэ нь залилан мэхлэх санаа зорилго нь анхнаасаа байсан гэдгийг нотолж байгаа. Тухайн очсон өдрөө хамт явж байсан Ганхөлөг гэх хүнийг цохиж, зодсон. Мөн “та нарыг эрэн сурвалжилж байна. Энэ хүмүүсээ гарга, контрабандын хэрэг хийсэн гээд Тагнуулын Ерөнхий газраас хайгаад байна” гэх мэтээр хэлж байсан тул зарим хүмүүсээ буцаадаг. Мөн “Тагнуулын даргад “Камри” машиныг чинь хахуульд өгье” гэж хэлж, өглөө гэж авсан нь хохирогч болон гэрч Ууганцэцэг нарын мэдүүлгээр нотлогддог. Гэтэл тухайн машиныг Энхбаатарыг 2014 оны 4 дүгээр сард О.Мөнх-Эрдэнийн өгсөн даалгаврын дагуу Казакстанд очиход К.А- ын хамаатан садангууд унаад явж байсан ба өөр машинуудыг нь ч унаад явж байсан. Энэ талаар Энхбаатар, Цэрэнбат нар мэдүүлдэг.

К.А- ын мөрдөн байцаалтын үед болон анхан шатны шүүх хуралдааны үеэр мэдүүлсэн мэдүүлэг, К.А- ын өмгөөлөгчийн тайлбараар “К.А-  нь өөрөө машинуудаас нэг ширхгийг ч аваагүй, О.Мөнх-Эрдэнийн автомашиныг жолоодох зорилгоор явж байсан” гэж байгаа нь хохирогч О.Мөнх-Эрдэнэ, гэрч Ууганцэцэг, Энхбаатар нарын мэдүүлгээр үгүйсгэгддэг. 11 автомашин явснаас 1 ширхэг автомашиныг Энхбаатар өөрөө сүүлд очихдоо Ерлан гэх хүнд хариуцуулж өгсөн байсан. Өөрөө очоод зарсан. Энэ нь хэрэг биш, гэмт хэргийн үйлдэл байхгүй. 10 ширхэг автомашинаас 3 ширхэг машиныг нь сүүлд очсон Энхбаатар, Цэрэнбат нар мэдээд авч, Ерланд үлдээсэн байдаг. Энэ 3 машиныг нь Ерланд холбогдуулан тусгаарласан байгаа.  

7 ширхэг автомашинаас “Лексус 470” гэх автомашиныг О.Мөнх-Эрдэнэ зарсан гэж хэлдэг боловч урьдчилгаа 16,000 ам.доллар аваад Монгол улс руу ирсэн, үлдэгдэл мөнгийг нь бичиг баримт гараагүй гээд өгөөгүй. Автомашин К.А- ын хашаанд үлдсэн гэдгийг О.Мөнх-Эрдэнэ хангалттай нотолж, мэдүүлдэг.

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд О.Мөнх-Эрдэнэ, К.А-  нарын ярьж байгаа зөрүүтэй мэдүүлгүүд байдаг. Үүнийг шалгаж тогтоох зорилгоор ажиллагаанууд хангалттай хийсэн. Монгол улс болон Казакстан улсын хооронд байгуулсан 1993 оны Иргэний болон Эрүүгийн эрх зүйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу 2 удаа хандсан. Дээрх хүсэлтүүдийг Улсын ерөнхий прокурорын газарт хүргүүлсэн. Улсын ерөнхий прокурорын газраас “машинууд хаана, хэнд байгаа нь нотлогдохгүй байна. Хэнд байгаа гэдгийг нотлох шаардлагатай. Анхдагч мэдээлэл хүсч байгаа учраас Интерполын шугамаар тодруулах боломжтой” гэх хариу ирүүлсэн. Энэ мэдээллийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Интерполын үндэсний төв товчоогоор дамжуулан Казакстан улс руу эрх зүйн туслалцаа хүсэх тухай хүсэлтүүдийг удаа дараа хүргүүлсэн нь хавтас хэрэгт авагдсан. Хариу ирүүлнэ үү гэх байдлаар хандсан боловч Интерполын товчооноос хоёрдогч улсын хийх гэж буй ажлын талаар бид хэлж мэдэхгүй байна, одоогоор хариу ирээгүй гэдэг. Гэсэн хэдий ч К.А-  нь өөрөө анхнаасаа залилах санаа зорилготой, урьдын харилцааны явцад буюу төрөл садангийн хамааралтай хүнийг залилах санаа зорилготойгоор хуурч мэхлэн эд хөрөнгүүдийг нь Казакстан руу гаргуулаад, Казакстан улсын хилээр гаргасны дараа бусдыг төөрөгдөлд оруулж, тухайн автомашинуудаа үлдээж явахаас өөр гарцгүй болгосон байдал нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа.

Иймд К.А- ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг гэж үзсэн. Үйлдэгдсэн хугацаа нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх цаг хугацаанд үйлдэгдсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар 2015 онд батлагдсан 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдөж буй хуулийн зүйл, заалт нь эрх зүйн байдал нь оногдуулах ял хөнгөрч дээрдэж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

К.А-  нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “1000 автомашины зогсоол” дээр автомашин худалддаг иргэн О.Мөнх-Эрдэнэд “Казакстан улс руу автомашин гаргаж, өндөр үнээр зарж өгнө” гэж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2013 оны 5, 10 дугаар саруудад “Хюьндай Соната-6” маркийн автомашин 2 ширхэг, “Лексус 470”, “Хюьндай Соната-7”, “Мерседес бенз Е-класс 4D Е350”, “ВМW 7Series 4D 735i”, “ВМW 7Series 4D 745i” маркийн автомашиныг тус бүр 1 ширхэг, нийт 7 ширхэг автомашиныг авч, хохирогч О.Мөнх-Эрдэнэд 179,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:

хохирогч О.Мөнх-Эрдэнийн “...2013 оны 3 дугаар сарын сүүлээр А-  гэдэг хүнтэй танилцсан. Тэр үед надад байсан 2007 онд үйлдвэрлэсэн “Соната-6” загварын автомашин 2 ширхэг, 2012 оны “Соната-7” загварын автомашин 1 ширхэг, 2007 оны “Лексус 470” загварын автомашиныг Касакстан улс руу гаргаж зарахаар болсон. Тэр үед би өөрөө цуг явсан. ...Казакстан номер авч болохгүй байна гэж удааширсаар байгаад намайг тэнд 3 сар болгочихсон. Тэр хооронд “Бенз” загварын автомашин авчирч зарвал ашигтай байна гэж ятгаад байхаар нь Япон улсаас интернетээр дуудлага худалдаанд ороод 3 ширхэг “Бенз Е320”, 2 ширхэг “BMW” нийлээд 5 тооны автомашин захисан. ...Монголд ирээд Японоос ирсэн 5 ширхэг автомашинаа аваад, өөр бас Америкаас ирсэн “Тоёота камри” 2012 оны машин, манай дүү Энхбаатарын 2002 оны “Пажеро” загварын машин, ингээд 7 машин, бас 7 жолооч хөлслөөд, манай эхнэр Ууганцэцэг, А- , Рахмед нийлээд 11 хүний бүрэлдэхүүнтэй Казакстан руу явсан. ...Казакстанд энэ машинуудыг зарахад Монголд зарснаас 2 дахин үнэтэй байдаг. Очоод бичиг баримт нь хурдан гарна, шууд очоод л машинуудыг чинь зараад мөнгийг чинь тоолоод өгчихнө гэж хэлээд аваад явсан боловч очсоныхоо дараагаас болохгүй байна, бүтэхгүй байна гэж худлаа ярих болсон. ...Казакстанаас ирэхдээ бүх машинаа А- т үлдээсэн. Монголд ирснээс хойш 1 сарын дараа Энхбаатарыг Казакстан руу явуулаад үзээд ир гээд явуулахад бүгдийг нь зарчихсан, байхгүй байна гээд ирсэн.  Би нийтдээ 11 машиныг ямар нэг итгэмжлэлгүйгээр Казакстанд үлдээсэн. ...Эхний явалтын машинуудаас А- ын дүү 470 зарсан гээд А- ын дүү 11,000 доллар авчирч өгсөн. ...Сүүлийн явалтан дээр гаргасан машинуудаас BMB машиныг Казакстан руу гарсан машинаас авна гээд 5,000 долларыг Монголд байхад өгсөн. ...” /1 хх 5, 1 хх 69-71, 1 хх 97-98, 1 хх 207-208, 2 хх 6-7, 2 хх 86-87, 3 хх 159-160/,

гэрч Г.Энхбаатарын “...2013 оны 9 дүгээр сард Мөнх-Эрдэнэ, Ууганцэцэг, Цэрэнбат, Мөөнөө ах, Ганхөлөг, Болдбаатар, Эрдэнэсүх, А- , Рахмед гээд А- ын дүү бид нар 7 машинтай явсан. Би өөрийнхөө “Пажеро” загварын машиныг зарахаар явсан. 2 ширхэг ВМW, 3 ширхэг “Бенз”, 1 ширхэг “Тоёота камри”, 1 ширхэг “Пажеро” автомашинтай явсан. 1 ширхэг “Пажеро” нь минийх, бусад нь Мөнх-Эрдэнийн автомашинууд юм. Бид нар яваад 10 дугаар сарын 25-нд Оросын хилээр орсон. Удсан учир нь бичиг баримт нь болохгүй гээд буцаад Улаанбаатараас бичиг баримт хөөцөлдөөд гэх мэтийн ажилтай байсаар байгаад удчихсан юм. Хилээр орчихоод 3 хоногийн дараа Рахмедийн Тапдаргана хотод байх гэрт нь очсон. ...Архи уусан, Ганхөлөгийг А-  “чи намайг ахаа гэж дуудсангүй” гэж зодсон. Тэгэхээр нь бид нар хэрэлдээд тэднийхээс яваад байр түрээсэлж 26 хоног амьдарсан. Энэ хугацаанд 3 удаа Киргизийн хил рүү буцсан. ...Алмата хотод А- тай очоод гаалийн бичиг дээр бид нарын “хууль бусаар машин оруулж ирснийг арилгуулж өгнө, наад “Камри” машинаа өг” гэхээр нь өгсөн. ...Тэнд хуучин оны машинуудын бичиг баримт нь гарахгүй байна гэж худлаа ярьж байсан юм. Уг нь бол Казакстан руу машин аваачиж зардаг хүмүүс казак хүний нэр дээр машин оруулдаг юм. Учир нь хуулиндаа Казакстан улсын иргэн өөрийн өмчтэйгөө орж болно, татвар төлөхгүй байдаг юм. Тэгэхэд А-  Рахмед нар бидэнд худлаа ярьж хууль бус юм хийж байна, “энэ машинуудын чинь бичиг баримт гарахгүй байна” гэж худал ярьж бид нарыг залилж байсан. ...Би өөрийнхөө машиныг огт танихгүй А- т үлдээж байхаар гэж бодоод Ирланд үлдээсэн байсан. 2013 оны 12 дугаар сард өөрийн үлдээсэн машиныхаа мөнгийг авах гээд очсон. ...тэнд байх хугацаандаа А- , Рахмед нар худал хэлээд бид нарын машиныг аваад үлдчихсэн юм байна гэж мэдсэн. Тэгээд энд ирчихээд 2014 оны 2 дугаар сард А-  Сонато машинтай Казакстан руу гарлаа гэхээр нь би араас нь 1 хоногийн дараа гараад явтал яг 1 хоногийн дараа хилээр гарсан. Алматад очоод 4 хонож байтал А-  Мөнх-Эрдэнийн саарал бенз машинтай уулзахаар ирсэн. ...Тэгээд ирснийхээ дараа Мөнх-Эрдэнэд А- , Рахмед хоёр худлаа яриад чиний машинуудыг өөрсдөө авсан байна. Улсын өмч болгосон зүйл байхгүй байна гэсэн. Тэгээд Ирлан яриад машинуудынхаа итгэмжлэлийг хийгээд ирээ, А- ын гэр бүлийнхэн буцааж авсан машиныг дээрэмдээд авчихсан гээд цагдаад өгчихсөн гэхээр нь очсон. ...цагдаа нь та нар ч итгэмжлэлтэй, эд нар ч итгэмжлэлтэй /бид нарын бичиг баримтыг хуулбарлаад хуурамчаар юм хийгээд байсан/, машины жинхэнэ эздийг нь дуудах юм бол энэ машинуудыг чинь өглөө гээд байсан. Тэгээд Цэрэнбат ирсэн. ...ахиад бусдыг нь дууд гээд өгөөгүй. А- ын нэг эгч нь цагдаад ажилладаг хуйвалдаад бид нарыг чангалж байсан. Сүүлдээ Цэрэнбат бид хоёр худлаа хэлж бичиг баримтаа аваад зугтаж ирсэн. Казакстанд аваачаад өндөр үнээр өгье, бичиг баримт асуудалгүй, Рахмедийн дарга нь гаргаад өгчихнө гэж авч явсан. Тэнд улсын орлого болгосон, цагдаа, прокурор хураасан гэдэг бүгд худлаа. ...миний машин, Мөнх-Эрдэнийн 6 машин, нийт 7 машин явсан. Мөнх-Эрдэнэ өөрийн авч явсан 6 машиныхаа 1 хар бензийг Асхабулын даргад зарсан., хэдээр зарсныг мэдэхгүй. А-  1 саарал бенз, 2 BMW машиныг авсан. Сүүлд Ерлан хэрүүл хийж байгаад саарал бензийг нь А- аас авсан. ...Эхний явалтын машинууд нь яасныг би мэдэхгүй. Би өөрийнхөө машины мөнгийг нь авчихсан. “Лексус”, “соната-6”, “соната-7” машинуудыг авч явахад нь би цуг яваагүй болохоор мэдэхгүй байна. Гэхдээ очоод сураг тавихад бүгдийг нь зараад А-  мөнгийг нь авчихсан гэж байсан. ...” /1 хх 75-77, 3 хх 157-158/,

гэрч П.Цэрэнбатын “...2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Мөнх-Эрдэнэ залгаад “Казакстан руу автомашин гаргах гэсэн юм. Жолооч хэрэгтэй байна, машин бариад өгөөч” гэж гуйхаар нь хамт явсан. Би “ВМW” загварын хар өнгийн машин бариад Баян-Өлгийн хилээр гарч байсан. Тэгэхэд А- ыг анх харж байсан. Өөр бусад машины жолооч нар Эрдэнэсүх, Мөөнөө ах, Ган-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ, түүний эхнэр Ууганцэцэг, Ган-Эрдэний найз Болдоо гэдэг залуу, Энхбаатар, А-  болон түүний дүү Рахмед нарын бүрэлдэхүүнтэй явсан. ...Орос улсын хил гарсан чинь ааш зан нь хувираад, “одооноос эхлээд та нарыг би мэдэж байна, та нар миний үгээр явах ёстой, би одоо та нарт заах ёстой” гэж хэлсэн. Тэгээд Казакстаны Талдаргана гэдэг нэртэй хотод байх гэрт нь очоод 1 хоноод байж байтал бүүр ааш нь өөрчлөгдөөд бид нарыг загнаж зандраад эхэлсэн. ...Тэнд очоод бид нар 7 хоноход бид нарын паспортыг бүртгүүлнэ гэж аваад явчихсан. Бид нар гарч, орж болдоггүй байдалтай болсон. “Та нарын паспортыг бүртгүүлэх гэсэн чинь та нарыг хууль бусаар автомашин оруулж ирсэн гэж бичиг баримтуудыг чинь хураагаад авчихлаа. Бид нар харин “Камри” гэдэг автомашиныг чинь 25.000 ам.доллар өгөөд хахуульдаж байж та нарын бичиг баримтыг авлаа. Одоо та нар эндээс яв” гэж хөөсөн. Тэгэхээр нь бид нар тэр хотоос Алмата руу яваад тэндээсээ Киргиз рүү явж, Улаанбаатар хот руу зугтаж ирсэн. Уг нь бол бид нарт хууль бусаар автомашин оруулсан зүйл байхгүй. Бүгд хууль дүрмийн дагуу бичиг баримтаа бүрдүүлээд явж байсан.

...2014 оны 2 дугаар сарын орчим Мөнх-Эрдэнэ над руу яриад “чи хаана байгаа юм бэ” гэхээр нь би Монголд Улаанбаатарт байна гэсэн чинь за тийм байлгүй дээ, Казакстанд чиний бичиг баримтын хуулбартай, чиний нэртэй бичиг баримт бүрдүүлчихсэн хар “BMW” машин авах гээд яваад байна гэж байна, чи хурдан Казакстан яваадахаач гэсэн. Тэгэхээр нь би түр хүлээж бай, ажлаа зохицуулж байгаад явья гэсэн. Тэгээд Энхбаатар юу болоод байгааг мэдэх гээд Казакстан явсан. Тэгээд оччихоод над руу яриад энд бөөн юм болж байна, А- , Рахмед нар бид нарын бичиг баримтыг бүртгүүлнэ гэж авч явчихаад хувилж нотариатаар ороод худлаа итгэмжлэл хийлгээд авчихсан, машин авна гээд цагдаагаар яваад байна, чи өөрөө ирээд цагдаа дээр байцаалт өгчих юм бол машинуудыг буцаагаад өгчихнө гэж байна гэхээр нь би Казакстан руу 5 дугаар сарын 23-ны өдөр явсан. Тэгээд цагдаа дээр очсон. ...А- ын гэр бүлийнхэн гэж их олон хүмүүс ирээд цагдаа дээр мэдүүлэг өгсөн. Та хоёр ингэж даврахгүй шүү, та нарыг буудуулна, манайд мөнгө байвал хүн алах хүн зөндөө, буудна шүү гэж дарамталж байсан. Би уг нь 5 дугаар сарын 27-ны өдөр буцаж нисэх билеттэй байсан юм. Тэгтэл тэрийг нь мэдчихээд цагдаа нь бичиг баримт өгөхгүй явуулахгүй гээд байсан. Тэгэхээр нь Энхбаатар бид 2 худлаа хэлж байж, бичиг баримтаа аваад Казакстанаас Хятад руу гараад, Хятадын хилээс Монгол руу Ховд аймгийн Булганы хилээр зугтаж орж ирсэн. Хүний газарт ална тална гэж дарамталж байсан болохоор их айж байсан. ...Тэгээд бид нарыг очиход ирж байцаалт өгөх юм бол машинуудыг чинь өгнө гэж байснаа очоод байцаалт өгсөн чинь машин өгөхгүй одоо улсын орлого болгоно, үлдсэн машиныхаа бичиг баримтыг Монголоос явуул гээд байсан. ...Цагдаатайгаа нийлээд бид нарыг дарамталж байсан. Тэгээд би байцаалт өгчихөөд машинаа авъя гэсэн чинь өгөхгүй улсын орлого болгоно гэж байхаар нь “тэгвэл би байцаалтанд гарын үсэг зурахгүй” гэсэн чинь “тэгвэл та нарыг явуулахгүй” гэж байхаар нь айгаад бараг хүчээр гарын үсэг зурсан. Энэ бүх явдал болж байхад А-  Монголд байж байсан. Тэгээд А- ын гэрийнхэн нь “та нар Монголд А- ыг барьж янз бүр болгодог юм бол бид нар та нарыг ална, алуулна” гэж айлгаж байсан. ...” /1 хх 72-74, 2 хх 88-89/,

гэрч Б.Ууганцэцэгийн “...К.А-  нь 2013 оны 4 дүгээр сард манай ажил дээр ирээд Мөнх-Эрдэнэтэй Казакстанруу машин аваачаад зараад өгнө, мөнгийг нь очингуутаа бэлнээр өгнө, би олон удаа явсан, ер нь болдог юм гэх зэргээр ярьж байгаад 2013 оны 5 дугаар сард “Лексус 470”, 2 ширхэг “Соната-6”, “соната-7” нийт 4 автомашин, А- , “Сүүгий” гэж дууддаг манай ажилтан, нэгийг нь Батхуяг ах, үлдсэн нэгийг нь Мөнх-Эрдэнэ өөрөө барьж явсан. ...Ирэхгүй болохоор нь би араас нь 7 дугаар сард 2 хүүхдээ аваад Казакстан руу явсан. Тэнд очиход өдөр болгон л шахуу А-  нь Алмата хот руу бичиг баримтаа хөөцөлдөж байна гэж явдаг байсан. ...А- , Рахмед хоёр манайд ирчихээд “дахиад автомашин авч явж заръя, энэ удаад удаахгүй мөнгийг чинь өгчихнө, одоо ийм асуудал гаргахгүй, өмнөх мөнгийг нь одоо очоод л шууд өгчихнө” гэж итгэл төрүүлж байгаад дахиад тэр 7 машиныг авч явсан. ...анхнаасаа хил гараад бид нарыг залхааж дарамталж, сэтгэл санаагаар унагах гэж байсан гэж бодож байна. ...Зарим хүмүүсээ буцааж байх уу гэхээр нь тэгье гээд 5 хүнээ буцаасан. Мөнх-Эрдэнэ, Энхбаатар бид 3 үлдсэн. ...Ахиад хэд хонож байхад “авгайгаа яаралтай явуулах хэрэгтэй байна” гэж хэлээд тэр өдөртөө намайг Монгол руу буцаасан. Намайг Монголд ирсний дараа 7 билүү 10 хоногийн дараа Мөнх-Эрдэнэ, Энхбаатар хоёр А- ын бичиг баримт нь бүтэхгүй байна гэж хүрч ирсэн. А- ыг ирэхээр нь “юу болсон, мөнгө төгрөг яасан бэ” гэхэд “болно шүү дээ, өгнө шүү дээ” гэх зэргээр уурлаад байдаг болсон. Дараа нь ахиад Энхбаатарыг “юу болоод байгааг мэдээд ир” гэж Казакстан руу явуулахад “ах, дүү нар нь бүгдээрээ манай машинуудыг нэг нэгээр нь уначихсан явж байна”, яаж байгаа юм бэ гэхэд “бид нар машины чинь 40,000 гаран ам.доллар явуулсан. Тэгээд машинуудыг чинь унаж байна” гэж хэлсэн гэсэн. Бид нарын бичиг баримтыг хувилж авсан хуулбараараа А-  нь Монголд хуурамч итгэмжлэх хийгээд Казакстан руу явуулдаг. Тэд нарыг ах, дүү нар нь аваад өөрсдийнхөө нэр дээр машинуудыг шилжүүлчихсэн байсан. ...” /1 хх 103-105/,

            гэрч Б.Ганхөлөгийн “...2013 оны 10 дугаар сарын орчим Мөнх-Эрдэнэ ах “Казакстан улс руу аваачиж, автомашин зарах гэсэн юм. Машин бариад яваад өгөөч” гэхээр нь би “Тоёота Камри” гэдэг автомашиныг нь барьж явсан. А- , Рахмед гэдэг ах, дүү хоёртой хамт явсан. Улаанбаатараас гараад гайгүй явж байснаа Оросын хил гараад харьцаа нь дээрэнгүй, зандрангуй болчихсон. Казакстан улсад очсон эхний өдрөө архи ууж байгаад, “ахын дүү цуг 00 оръё” гэж дагуулж гараад “намайг Казакстанд ямар гэдгийг мэдэх үү чи” гэж миний хойноос татаж унагаад нүүр нүдгүй цохиж өшиглөж зодсон. Гэрт байсан хүмүүс гарч ирээд “А- ынд байж чадахгүй юм байна” гэж түрээсийн байранд байж байгаад 2-3 хоноод Монгол руу буцсан. Одоо ямар нэгэн гэмтэл байхгүй, зодуулсны дараа толгой л их өвддөг байсан. ...” /1 хх 110-111/,

            гэрч Б.Болдбаатарын “...Би Мөнх-Эрдэнийн холын хамаатан юм. 2013 оны 10 дугаар сард “Казакстан руу машин авч явна, гэсэн ээлжлээд машин бариад явна” гэхээр нь “Бенз” загварын автомашиныг нь барьж явсан. Бас өөр машинуудыг нь сэлгэж барьж байсан. Тэгээд Баян-Өлгийн хилээр Орос руу гараад цаашаа Казакстан улс руу орсон. Дараа нь Казакстаны Талдикорган гэдэг хотод байх А- ын гэр рүү нь явсан. Тэр хотод очсоны дараа бид нарын бичиг баримтыг хураагаад авчихсан. Очсоны дараа А-  хэрүүл маргаан хийгээд бид нарыг “яв, зайл” гэж агсам тавиад Ганхөлөгийг зодсон. Тэгэхээр нь бид нар “хамт байж чадахгүй юм байна” гээд түрээсийн байранд 2-3 хоносон. Дараа нь бөөнөөрөө энд байж яах юм бэ, зарим хүмүүс нь буцна гээд Мөөнөө, Ганхөлөг нарын 5 нь буцсан. А-  нь “та нар Монголд биш, Казакстанд байна. Би энд том хүн шүү” гэх мэтээр дээрэлхэж байсан. Машин тэрэг зарж борлуулах, бичиг баримт зэрэг асуудлуудыг нь бол мэдэхгүй байна. ...” /1 хх 112-113/,

гэрч Д.Даваасүрэнгийн “...Мөнх-Эрдэнэ ахын 2 ширхэг саарал өнгийн “соната-6”, 1 ширхэг “соната-7”, 1 ширхэг “Лексус 470” машинуудаас гадна А- ын төрсөн дүүгийн машин гэж бас 1 ширхэг “соната-6” машин бас явсан, нийт 5 автомашин явсан. ...Мөнх-Эрдэнэ ах Казакстан улс руу авч явсан, “машины мөнгийг авч чадаагүй” гэж байсан. ...” /2 хх 70-71/,

гэрч Т.Эрдэнэсүхийн “...Мөнх-Эрдэнэ гэж миний найз, “намайг хөлслөөд машин бариад Казакстан улс руу яваад өгөөч”, машиныг Казакстан улс руу хүргэж өгөөд цалин 1,500,000 төгрөг өгнө” гэж хэлж байсан. Би үүнийг зөвшөөрөөд явахаар болсон. ...Мөнх-Эрдэнэ Казакстан улсаас ирсэн байсан, тэгээд уулзахад машины мөнгө авч чадаагүй гэж байсан. ...” /2 хх 72-73/,

гэрч Л.Төмөрхүүгийн “...Мөнх-Эрдэнэ “би Казакстан улс руу хэдэн машин гаргаж зарах гэж байгаа юм, та жолоочоор нь яваад өгөөч” гэхээр  нь би зөвшөөрөөд 1 Пажеро, 3 Бенз, 2 BMW, 1 Камри автомашинтай 9 хүн явсан ба би хөх өнгийн “Бенз” загварын автомашиныг унаж явсан. ...Тухайн үед Мөнх-Эрдэнэ “А-  манай хүргэн байгаа юм, хамт Казакстан улсад машин зарах гэж байгаа юм” гэж ярьж байсан, би нарийн юмыг нь мэдэхгүй. ...” /3 хх 45-46/ гэх мэдүүлгүүд,

хохирогч О.Мөнх-Эрдэнээс хэрэгт гарган өгсөн К.А- ын машинаас авсан гэх нотариатын баталгаатай итгэмжлэл дээр өөр нэр бичиж, наах, бичвэрийг нь дарах зэргээр өөрчилсөн итгэмжлэл гэсэн баримтууд /1 хх 33-38/,

“Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн “...Лексус-470 загварын автомашиныг 65,000,000 төгрөгөөр, Хюьндай Соната загварын автомашиныг нэг бүрийг нь 7,000,000 төгрөгөөр, Хюьндай Соната-7 загварын автомашиныг 18,000,000 төгрөгөөр, “Мерседес бенз” E-class 4D E350 загварын автомашиныг 30,000,000 төгрөгөөр, ВМW 7Series 4D 735i загварын автомашиныг 28,000,000 төгрөгөөр, ВМW 7Series 4D 745i загварын автомашиныг 24,000,000 төгрөгөөр, ...” үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 185-189/ зэрэг шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

К.А- ын  2013 оны 5 дугаар сар, 10 дугаар саруудад үйлдсэн гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх цаг хугацаанд 2015 оны Эрүүгийн хууль Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйлчилж эхэлсэн тул К.А- ын үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх эсэхийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэл үүсчээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд зааснаар “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэргийн бүрэлдэхүүн нь 2015 оны Эүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасанд нийцүүлэн оногдуулах ялын хугацааны хувьд хөнгөрч, К.А- ын эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч К.А- ын “...Монгол Улсаас Казакстан улс руу машин гаргаж зардаг хувийн байдал, худ ургийн холбоотой зэргээ ашиглан хохирогч О.Мөнх-Эрдэнийг “өндөр үнээр машинуудыг нь Казакстанд аваачиж зарж өгнө” гэж хуурч, О.Мөнх-Эрдэнийг төөрөгдөлд оруулж, 2013 оны 5, 10 дугаар сард О.Мөнх-Эрдэнийн өмчлөлийн 179,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий нийт 7 ширхэг (Хюьндай Соната-6 маркийн автомашин 2 ширхэг, Лексус 470, Хюьндай Соната-7, Мерседес бенз Е-класс 4D Е350, ВМW 7Series 4D 735i, ВМW 7Series 4D 745i) автомашиныг Монгол Улсаас  Казакстан улс руу гаргаж, зохиомол байдлыг буюу “нэгэнт Казакстан улс руу оруулсан машиныг буцаан Монгол Улс руу оруулж ирэх боломжийг хаасан, ...бичиг баримтын зөрчилтэй гээд бичиг баримтыг нь гаргаж өгөхгүй байна, машиныг хууль бусаар Казакстан улсын хилээр оруулсан гэж та нарыг саатуулан шалгах гээд байна...” бий болгож, О.Мөнх-Эрдэнийг уг машинуудаа Казакстанд үлдээхээр нөхцөлд оруулан Казакстан улсад үлдээлгэж, өөрийн өмчлөлдөө аван захиран зарцуулж, О.Мөнх-Эрдэнэд 179,000,000 төгрөгийн хохирол учруулсан...” үйлдэл нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн “...Хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгох, ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ...урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгййн эрхийг шилжүүлэн авсан бол...”, тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “...их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол...” гэсэн хүндрүүлэх шинжтэй байна.

К.А- ын үйлдсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жилээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн;...” гэж зааснаар дууссан байх тул анхан шатны шүүхийн К.А- ын үйлдсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, К.А- ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй. 

Шүүгдэгч К.А- аас гаргуулан хохирогч О.Мөнх-Эрдэнэд олгох хохирлын хэмжээг анхан шатны шүүх үндэслэл бүхий тооцож шийдвэрлэжээ. 

Иймд К.А- ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Залилах” гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүх үзэж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Дэмбэрэлийн “...анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно уу. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Харин анхан шатны шүүх К.А- ын үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих заалтыг баримтлаагүй байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоолын 2 дахь заалтад оруулах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Шүүгдэгч К.А- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэснийг “Шүүгдэгч К.А- ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч К.А- ын өмгөөлөгч С.Дэмбэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ