Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинсүрэнгийн Зоригтбаатар |
Хэргийн индекс | 123/2019/0005/З |
Дугаар | 123/ШШ2020/0015 |
Огноо | 2020-05-22 |
Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 123/ШШ2020/0015
Эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг, нэхэмжлэгч “Д.Х” ХХК-ийн захирал Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, М.М, хариуцагч Төв аймгийн А сумын З.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, хариуцагч Газрын дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийн дарга Б.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарыг оролцуулан “Д.Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн А сумын З.Д, Газрын дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэгт холбогдох “Хууль бус дуудлага худалдаа явуулсан болохыг тогтоолгох, газрын дуудлага худалдаагаар “З.М” ХХК-д олгосон А сумын З.Д-н 2018 оны 05 сарын 31-ний өдрийн А/160 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Газрын дуудлага худалдаа зохион байгуулах комиссын гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Д.Х” ХХК-ийн захирал Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, М.М, хариуцагч Төв аймгийн А сумын З.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, Газрын дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийн дарга Б.Г, гуравдагч этгээд “З.М” ХХК-ийн захирал У.Сандагдорж, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шүүх хуралдаанд харилцан тохиролцож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-д “Шүүх хуралдааны явцад эвлэрвэл энэ тухай хуралдааны тэмдэглэлд тусгана” гэж зааснаар эвлэрэв, улмаар байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Д.Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн А сумын З.Дд холбогдох захиргааны хэрэг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиолцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.
Гэрээний талуудын хүлээх үүрэг
1. Нэхэмжлэгчийн үүрэг
1.1 Нэхэмжлэгч “Д.Х” ХХК-ийн 10 га эзэмшлийн газрын хэмжээ, байршлыг харилцан тохиролцсоноор өөрчлөн хариуцагч Төв аймгийн А сумын З.Д нь газар эзэмшүүлэх захирамж гаргах, түүний дагуу сумын газрын даамал буюу З.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, газрын кадастрын зураглалын мэдээллийн санд бүртгүүлж баталгаажуулах, газар эзэмшүүлэх гэрээ хийнэ.
2. Хариуцагчийн үүрэг
2.1 Хариуцагч Төв аймгийн А сумын З.Д нь газар эзэмшүүлэх захирамж гаргах, түүний дагуу сумын газрын даамал буюу З.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, газрын кадастрын зураглалыг мэдээллийн санд бүргүүлж баталгаажуулах, газар эзэмшүүлэх гэрээ хийнэ.
3. Гуравдагч этгээдийн үүрэг
Энэхүү эвлэрэл нь гуравдагч этгээдийн Газрын тухай хуульд заасан журмын дагуу газраа эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй болно.
4. Бусад
4.1 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасан “нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй...” гэснийг ханган нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүд харилцан тохиолцож зүй зохистой шийдсэн энэхүү эвлэрлийн гэрээг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж шүүхээс эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох асуудлыг хянан шийдвэрлэнэ.
4.2 Гэрээг 4 хувь үйлдэж гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж заажээ. Хариуцагч Төв аймгийн А сумын З.Д нь нэхэмжлэгч “Д.Х” ХХК-ийн 10 га эзэмшлийн газрын хэмжээ, байршлыг харилцан тохиролцсоноор өөрчлөн, газар эзэмшүүлэх захирамж гаргах, түүний дагуу сумын газрын даамал буюу З.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, газрын кадастрын зураглалын мэдээллийн санд бүртгүүлж баталгаажуулах, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Мөн энэхүү эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээд “З.М” ХХК-ийн Газрын тухай хуульд заасны дагуу газраа эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байхаар гэрээнд заажээ. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-д “Шүүх хуралдааны явцад эвлэрвэл энэ тухай хуралдааны тэмдэглэлд тусгана” гэж зааснаар хэргийн оролцогчид шүүх хуралдааны явцад харилцан тохиролцож эвлэрсэн тул 68 дугаар зүйлийн 68.4-т “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийн гэрээг баталж “Д.Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн А сумын З.Д, Газрын дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэгт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн хамтран хариуцагч Газрын дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлага дээрх маргаан дуусгавар болсноор үр дагаваргүй гэж нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс шүүх хуралдаанд тайлбарлаж байх тул хэргийг бүхэлд нь эвлэрлийн гэрээгээр шийдвэрлэж батлах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх бөгөөд шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар хэргийн оролцогч нарт тайлбарлахад, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3, 68.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Д.Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн А сумын З.Д, Газрын дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэгт холбогдох “Хууль бус дуудлага худалдаа явуулсан болохыг тогтоолгох, газрын дуудлага худалдаагаар “З.М” ХХК-д олгосон А сумын З.Д-н 2018 оны 05 сарын 31-ний өдрийн А/160 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Газрын дуудлага худалдаа зохион байгуулах комиссын гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын эвлэрлийн гэрээг баталж, “Д.Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн А сумын З.Д, Газрын дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР