Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2014/0055

 

2014 оны 01 сарын 28 өдөр                    Дугаар 55                       Улаанбаатар хот

 

М.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч М.Д, хариуцагчийн Ж.Д нарыг оролцуулан хийж, Ховд аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 24 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор, М.Д-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын өмч хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн томилохыг даалган, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: М.Д нь 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа эргэн орох хүсэлтээ өгсөн. Уг өргөдлийн хариуд бүтцийн өөрчлөлт орсны улмаас ажлаас чөлөөлөгдсөн тухай мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаа хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 24 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4- д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч М.Д нь 2008 оны 12 сар хүртэл Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн өмч хариуцсан мэргэжилтний албан тушаалыг эрхэлж байсан. Тэрээр сургалтад хамрагдахаар хүсэлт гаргасан тул Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2008 оны 11 сарын 27-ны өдрийн 60 дугаар тушаалаар 6 сарын хугацаатай албан тушаалаас нь түр чөлөөлжээ.

Түүнийг түр чөлөөтэй байх хугацаанд Засгийн газрын 2008 оны 12 сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоож "Санхүү эдийн засгийн бодлого зохицуулалтын ..." гэх хэлтэс татан буугдаж, уг хэлтсээс өмч хариуцах чиг үүрэг байхгүй болжээ.

Гэтэл Ховд аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 21- ний 24 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийг манай Засаг даргын Тамгын газрын Санхүү эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтэс, манай чиг үүрэгт үл хамаарах өмч хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосныг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Учир нь нэхэмжлэгч М.Б нь өмч хариуцсан чиг үүргийг хэрэгжүүлдэг гэсэн боловч уг албан тушаалын тодорхойлолт, үр дүнгийн гэрээ хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгч чухам төрийн ямар чиг үүргийг Засаг даргын Тамгын газрын бүтцэд харьяалагдан хэрэгжүүлдэг болохыг захиргааны хэргийн шүүх тогтоогоогүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заасан мөрдөн шалгах зарчмыг хэрэгжүүлээгүй байдаг.

Одоо орон нутгийн өмч хариуцах чиг үүргийг аймгийн ИТХ-ын ажлын алба хэрэгжүүлдэг боловч энэ чиг үүрэг хэзээ, ямар шийдвэр, тушаалын үндсэн дээр ИТХ-ын ажлын албанд шилжсэн болохыг шүүх тогтоогоогүй, нэхэмжлэгчийг өмч хариуцсан ажилд нь эгүүлэн тогтоосон атлаа аймгийн ИТХ-ын ажлын албанд орон нутгийн өмч хариуцсан албыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй.

Нэхэмжлэгч М.Д нь мэргэшсэн үнэлгээчнээр суралцах шалтгаанаар түр чөлөө авсан гэж байгаа боловч түр чөлөө авснаасаа хойш 2 сарын дараа буюу 2009 оны 02 дугаар сараас эхлэн "Улаанбаатар Эрдэм-Оюу" /тухайн үеийн нэрээр/ дээд сургуулийн магистрын албаны эрхлэгчээр ажиллаж байсан нь хэрэгт авагдсан Улаанбаатар их сургуулийн 169 тоот албан бичиг, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, "Улаанбаатар-Эрдэм-Оюу" дээд сургуулийн захирлын 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаар тушаал зэргээр тогтоогдсон.

Хэрэгт авагдсан Ховд аймгийн Нийгмийн даатгалын болон Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүдийн лавлагаагаар нотлогдож байгаатай М.Д нь "Улаанбаатар Эрдэм-Оюу" дээд сургуультай хөдөлмөрийн гэрээ байгуулан 2009 оны 02 сараас 2012 оны 04 сар хүртэл магистрын албаны эрхлэгчийн ажлыг эрхэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т заасны дагуу ажил олгогчоос ажилтан М.Д-т цалин хөлс олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлд хамруулж байжээ.

Түүнчлэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл: Харин 2010, 2011, 2012, 2013 онуудын тушаалаас шүүлт хийж үзэхэд тус сургуулийн магистрын албаны эрхлэгчээр ажиллаж байсан М.Д-ийн ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй, ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй гэж багш Одгэрэл тайлбарлав... гэснээс үзвэл М.Д-ийн ажил олгогч "Улаанбаатар Их сургууль"- тай байгуулсан хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсэж, дуусгавар болоогүй юм байна.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан аль нэг үндэслэлээр хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй тул ажил олгогчоос тушаал шийдвэр гаргаагүй, нэхэмжлэгч М.Д нь төрийн жинхэнэ албан хаагчийн чиг үүргийг хэрэгжүүлэхгүйгээр удаан хугацааны туршид хувийн эрх зүйн хуулийн этгээдэд хөдөлмөрийн харилцаа үүсгэн ажиллаж байсныг шүүх анхаарч үзсэнгүй.

Нэхэмжлэгч нь 2009 оны 03 сард Засаг даргын Тамгын газрын бүтцийн өөрчлөлт хийхэд нийслэлд "Улаанбаатар Эрдэм-Оюу" дээд сургуульд магистрын албаны эрхлэгчээр ажиллаж байсан тул утсаар мэдэгджээ.

Ийнхүү өөрийг нь бүтцийн өөрчлөлтөөр хариуцагчийн 2009 оны 03 сарын 04-ний өдрийн 13 дугаар тушаалаар төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдсөн гэдгээ мэдсэн атлаа шүүхэд гомдол гаргаагүй байдаг.

Хэдийгээр нэхэмжлэгч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад 2009 оны 06 дугаар сард өргөдөл гаргаад хариу өгөөгүй, дахин өргөдөл гаргахад "хүлээ" гэсэн хариу авсан гэдэг боловч энэ үндэслэлээр шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаагүй байхад зөвхөн нэхэмжлэгчийн "Би энэ тушаал гарсныг шүүх хуралд оролцох гэж Улаанбаатар хотоос ирээд хэргийн материалтай танилцаад мэдлээ" гэх тайлбарт хөтлөгдөн түүний тайлбар үндэслэлтэй эсэхийг тогтоохгүйгээр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэн шийдвэрлэсэн атлаа гэрч Л.Б-ын мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ дурдаагүй байна.

Хариуцагчийн 2009 оны 03 сарын 04-ний өдрийн 13 дугаар тушаалаар зөвхөн бүтэц орон тооны өөрчлөлт гэсэн үндэслэлээр Засаг даргын Тамгын газрын төрийн жинхэнэ албан хаагч нарыг чөлөөлж, мөн өдрийн 14 дугаартай тушаалаар буцаан томилохдоо "орон нутгийн өмчийг хариуцах чиг үүрэг нь Засаг даргын Тамгын газрын бүтцэд байхгүй" болсон тул М.Д-ийг томилоогүй бөгөөд энэ байдлыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч хувийн өмчит хуулийн этгээдэд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах хүсэл зорилготой байжээ.

Хэдийгээр М.Д нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь заалтын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй гэсэн боловч нөөцөд бүртгэлтэй байх 2 жилийн хугацаанд тэрээр "Улаанбаатар Эрдэм-Оюу" дээд сургуульд магистрын албаны эрхлэгчээр ажиллаж байсныг шүүх анхаарч үзсэнгүй.

Тэрээр 2 жилийн хугацаанд нөөцөд бүртгэлтэй байна гэсэн боловч энэ талаарх лавлагааг Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс гаргуулах шаардлагатай байхад шүүх энэ ажиллагааг хийгээгүй.

Хэрвээ нэхэмжлэгч М.Д-ийг төрийн албанд орох иргэдийн нөөцөд бүртгэлтэй байсан хугацаа нь дууссан, тэрхүү хугацаанд хувийн өмчит сургуульд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бол түүнийг төрийн жинхэнэ албан хаагчаар томилох эрх зүйн үндэслэл үүсэхгүй болохыг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, албан тушаалын бүрэн эрх нь дуусгавар болсон байхдаа Л.Б нь 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2/107 дугаартай "М.Д нь нөөцөд байгаа" гэх албан бичгийг бидний зүгээс зохих үндэслэлээр нотлох баримтаас хасуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шийдвэрлэж бидэнд хариу өгөөгүй. Энэ талаар хэрэгт захирамж байхгүй.

Түүнчлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасан нотлох баримтын шаардлага үл хангах баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Ховд аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 24 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч М.Д нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан өмч хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Тэрээр аймгийн Засаг даргын Тамгын газарт санхүү эдийн засгийн бодлого, зохицуулалтын хэлтсийн өмч хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байжээ.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 60 дугаар тушаалаар “өөрийн хүсэлтээр сургалтад хамрагдах болсон” гэсэн үндэслэлээр 6 сарын хугацаатай ажлаас түр чөлөөлсөн байна. Дараа нь 2009 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 13 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг төрийн албанаас бүр чөлөөлсөн байх бөгөөд нэхэмжлэгч нь “захиргааны байгууллага “ажилд авна, хүлээж бай” гээд хүлээлгэсээр, одоо болтол ажилд томилохгүй миний эрхийг зөрчсөн” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж маргажээ.

Гэвч анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой, талуудын маргааны үйл баримттай холбоотой дараах нотлох баримтыг цуглуулахгүйгээр хэргийг шийдвэрлэснээс хэргийн нөхцөл байдал тодорхойгүй, давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

-Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

Нэхэмжлэгчээс “чөлөөний хугацаа дууссаны дараа 2009 оны 6 дугаар сарын 1-ний өдөр ажилдаа орохоор өргөдлийг Б даргад өөрийн биеэр биечлэн өгсөн, “энэ өргөдөл миний хувийн хэрэгт байгаа” гэж О хэлж байсан” гэж, хариуцагчаас “6 дугаар сарын 1-ний өдөр ажилдаа орохоор өргөдөл өгсөн гэдэг нь худлаа, ийм өргөдөл өгөөгүй, тэр өдөр улс орон даяар амардаг амралтын өдөр байгаа” гэж маргажээ. Гэтэл шүүх энэ талаар шалгаж тодруулаагүй, холбогдох гэрч нарыг асуугаагүй буруутай байна.

Мөн нэхэмжлэгчээс “2009 оны 10 сарын 15, 2011 оны 7 дугаар сарын 22-ны өдөр тус тус өргөдлөө өгөхөд захиргааны байгууллага хүлээж бай” гэсэн хариу өгсөн гэх боловч хэзээ, хэнээс ямар хариу авсан, энэхүү хариуг аваад хаана хандсан зэргийг шалгах шаардлагатай.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь төрийн захиргааны албан хаагчийн хувьд төрийн албанд эргэж томилохгүй байгаа захиргааны байгууллагын үйлдлийг хянуулахаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч хуулийн энэхүү шаардлагыг хэрхэн биелүүлсэн, юуны учир чөлөөний хугацаа дууссанаас хойш тодруулбал 5 жилийн хугацаанд маргаж байгаа ажилдаа ороогүй шалтгаан, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх зэргийг шалгах нь ач холбогдолтой байна.

Нэхэмжлэгчээс “ажилдаа орохоор аймгийн Засаг даргатай удаа дараа уулзаж байсан” гэж маргаж байгаа ба энэхүү тайлбар үнэн зөв эсэх, хэзээ, ямар хариу авсан, энэ хариуг авснаас хойш хэзээ шүүхэд хандсан зэргийг шүүхээс тогтоох нь зүйтэй байна.

Засаг даргын Тамгын газрын 2009 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 13 дугаар тушаалаар М.Д-ийг ажлаас бүр чөлөөлсөн байх ба нэхэмжлэгч “надад энэ тушаалыг мэдэгдээгүй” гэж, хариуцагчаас “манай ажилтан О М.Д-т утсаар хэлж, мэдэгдсэн байдаг” гэж маргажээ.

Гэтэл шүүх энэхүү зөрүүтэй нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасантай нийцэхгүй байна.

-нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй тухайд:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нь урьд эрхэлж байсан албан тушаал буюу Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан өмч хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн томилохыг даалгах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д заасантай нийцэхгүй байна. Учир нь өмч хариуцсан мэргэжилтний албан тушаал нь аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцээс хасагдаж, Иргэдийн Хурлын бүтцэд хамаарагдах болсон нь хариуцагчийн тайлбар, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоол, нэхэмжлэгчийн “надтай хамт ажиллаж байсан мэргэжилтнүүд Иргэдийн Хурлын харьяанд ажиллаж байгаа” гэх тайлбараар тогтоогдож байна.

Ийм байхад Засаг даргын Тамгын газрын даргад түүний бүтцэд байхгүй албан тушаалаар нэхэмжлэгчийг ажилд томилохыг даалгаж байгаа нь хуульд нийцэхгүй, шүүх хариуцагчид нэхэмжлэгчийг маргаан бүхий ажилд томилох эрх зүйн үндэслэл байгаа эсэх, хуулиар тогтоосон шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгаж тодруулаагүй буруутай байна.

Иймд, дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 -т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Ховд аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхэд буцаасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 –д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй