Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 020/ШЦТ/381                   

 

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн 

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ......................... овогт Цид холбогдох 2021005180392 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, ..................... кафед бэлтгэгч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, охины хамт Дорнод аймгийн ................................тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ................... овогт Ц /РД: ......................../.

 

Шүүгдэгч Ц нь согтуугаар 2020 оны 09 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг Солонго хотхоны 1-52 тоотод хохирогч Э.Г-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан архины шилээр цохиж “...Э.Г-ын биед баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, эрүү, зүүн шууны зүсэгдсэн өнгөц шарх гэмтэл ...” буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй” гэв. 

Хохирогч Э.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэгээд бид дөрөв хоорондоо танилцаад 2 шил архи, 2 том пиво хувааж уусан бөгөөд орой 22 цагийн орчим бид нар архиндаа нэлээн согтоцгоосон. Тэгээд намайг буйдан дээр суугаад зурагт үзэж байх үед Ц гэнэт ална аа гэж хашгираад архины шил аваад ширээний буланд цохиж хагалаад үлдсэн амсар хэсгээр нь миний нүүр рүү 2 удаа цохисон. Тэр үед шилний хагархай үзүүрт нь миний нүүр зүсэгдэж цус гарсан. Тэгээд би Цид чи яаж байгаа юм гэж хэлэхэд чамайг ална аа гэж хэлээд дахин хагархай шилээрээ миний зүүн гарын маань шуу хэсгийг зүссэн. ...Би сорвины тос худалдаж авсан 10.000 төгрөг, хагалсан аягануудын мөнгө болох 20.000 төгрөг, нийт 30.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг 30.000 төгрөгөө би Цаас авсан. Одоо надад ямар нэгэн гомдол саналгүй...” гэжээ. /хх-ийн 15-17/

Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нэг мэдэхэд аяга таваг хагарах чимээ гарсан бөгөөд намайг сэрээд харахад Ц агсан тавиад бахирч байсан. Тэгээд би босоод Цийг чи одоо боль гэж хэлээд тайвшруулж байгаад буцаад унтаад өгсөн. Шөнө 03 цагийн орчим сэрэхэд Ц байхгүй явчихсан байсан. ...Маргааш өдөр нь Ц манай гэрт ирээд “Би Г-ын гэрт агсан тавиад нүүр лүү нь архины шил чулуудаж гэмтээгээд цагдаа нарт баригдаад явсан” гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 18-19/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 695 тоот дүгнэлтэд:

1. Э.Г-ын биед баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, эрүү, зүүн шууны зүсэгдсэн өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 21-22/

 

Ц мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Орой 23 цагийн орчим бид нар архиндаа нэлээн согтоод нэг мэдэхэд би Г гэх ахтай хэрэлдэж байсан. Хэрэлдэж байх явцдаа би Г ахын толгой руу нь Хараа архины шил шидсэн юм. Тэр үед архины шил Г ахын толгойг нь онож хагараад Г-ын нүүр нь зүсэгдсэн бөгөөд Г ах өөрийнхөө нүүрийг 00-ийн цаасаар дараад цусаа арчаад зогсож байхдаа чи намайг гэмтээчихлээ, би цагдаа дуудчихсан гээд хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 29-31/

Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 33/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Цид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ....................... овогт Ц нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг Солонго хотхоны 1-52 тоотод хохирогч Э.Г-той хувийн таарамжгүй харилцааны улмаас согтуугаар маргалдаж, улмаар архины шилээр цохиж, түүний биед баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, эрүү, зүүн шууны зүсэгдсэн өнгөц шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...хэрэлдэж байх явцдаа би Г ахын толгой руу нь Хараа архины шил шидсэн юм. Тэр үед архины шил Г ахын толгойг нь онож хагараад Г-ын нүүр нь зүсэгдсэн...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон мэдүүлгийн эх сурвалж нь тодорхой хохирогч Э.Г, гэрч А.А нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 695 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон  нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч Ц нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Хохирогчийн биед баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, эрүү, зүүн шууны зүсэгдсэн өнгөц шарх буюу эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 695 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв. 

Шүүгдэгч Цид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Шүүхээс шүүгдэгч Цийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд“...Би сорвины тос худалдаж авсан 10,000 төгрөг, хагалсан аягануудын мөнгө болох 20,000 төгрөг, нийт 30,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг 30,000 төгрөгөө би Цаас авсан. Одоо надад ямар нэгэн  гомдол саналгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ................ овогт Цийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цид 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Цийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Цид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        П.ПАГМА