Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 00001

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: * тоотод оршин суух, 1942 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 75 настай, эрэгтэй, Сартуул овогт Нямаагийн Гийн /РД: МЗ42020233/  нэхэмжлэлтэй  

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Замчны ¹ 18 тоотод оршин суух, 1964 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, Юншөөбү овогт Алтангэрэлийн Га  /РД: */

 Хариуцагч: * тоотод оршин суух, 1962 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, Өөлд овогт Жамъянгийн О  /РД: */ нарт холбогдох

 5688000 төгрөгийг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Г, хариуцагч А.Га, Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Нямсүрэн нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Н.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Га, О нар нь манайд хүрч ирээд 15х15 харьцаатай 200 ширхэг палк мод байсныг худалдаж авъя гэж ярьж тохирсон. Тэгээд бид нар хувийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээ хийхдээ эхлээд урьдчилгаанд 1.5 сая төгрөгийг өгнө гэсэн боловч 1 сая төгрөгийг өгсөн. Тэгээд увуулж цувуулж байж 2.5 сая төгрөгийг өгсөн. 2015 оны 09 дүгээр сард манай эхнэрийг хотод элгээ эмчлүүлж байхад нь 200000 төгрөгийг өгсөн байсан. Эхнэр маань одоо нас барсан. 2015 оноос хойш би энэ хоёр луу олон удаа залгаж олон удаа уулзаж байсан боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл мөнгийг өгөхгүй чирэгдүүлсээр байна. 2016 оны 07 дугаар сард далан мянган төгрөгний бензин, бэлнээр 130000 төгрөг авсан нь үнэн. Одоо би үлдэгдэл мөнгө 1.5 сая төгрөг, хүүнд нь 4188000 төгрөг, нийт 5688000 төгрөгийг нэхэмжилж байна. Би хүүг нь 20 хувиар биш 5 хувиар л бодож нэхэмжилсэн гэв.

Хариуцагч А.Га шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Г гуайгаас 200 ширхэг палк модыг нэг бүрийг нь 20000 төгрөгөөр тооцож авсан. Авахдаа нэг сая төгрөг бэлэн өгсөн. 2014-2015 онуудад увуулж цувуулаад 2.5 сая төгрөг өгсөн. Мөн 2.5 сая төгрөг өгснөөс хойш 2015 оны 09 дүгээр сард эхнэр Даариймаад нь 200000 төгрөг өгсөн. 2016 оны 07 дугаар сард 70000 төгрөгний шатахуун хийж өгч, 130000 төгрөг бэлнээр өгсөн. 2015 оны 03 дугаар сард 120000 төгрөгийг эхнэр Даариймаад нь өгсөн. Миний тооцоогоор нийт 3020000 төгрөг өгчихөөд байна. Одоо үлдэгдэл 980000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Хариуцагч Ж.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Г гуайгаас 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Га бид хоёр 200 ширхэг палк модыг нэг бүрийг нь 20000 төгрөгөөр тооцож 4 сая төгрөгөөр худалдаж авсан. Эхлээд бэлэн нэг сая төгрөг өгсөн. 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр бэлэн 500000 төгрөг өгсөн. 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 500000 төгрөгийг мөн бэлэн өгсөн. 2014 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 500000 төгрөг өгсөн. 2015 оны 09 дүгээр сард эхнэр Даариймааг нь хотод байхад 200000 төгрөг бэлнээр өгсөн. Намайг байхгүйд Га Г гуайд 2016 оны 07 дугаар сард 70000 төгрөгөнд АИ-92 бензин өгч, мөн бэлэн 130000 төгрөгийг өгсөн байсан. Мөн 2015 оны 03 дугаар сард эхнэр Даариймаад нь 120000 төгрөг өгсөн. Ингээд нийт 3020000 төгрөг өгсөн тул 980000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Үндэслэх нь:

 

Хариуцагч А.Га, Ж.О нар нь нэхэмжлэгч Н.Гаас 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 15х15 харьцаатай 200 ширхэг палк модыг нэг бүрийг нь 20000 төгрөгөөр тооцож 4 сая төгрөгөөр худалдан авсан ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Н.Г нь хариуцагч А.Га, Ж.О нараас 200 ширхэг палк модыг нэг бүрийг нь 20000 төгрөгөөр тооцож 4 сая төгрөгөөр худалдсаны үлдэгдэл төлбөр 1.5 сая төгрөг, үндсэн төлбөрийг хугацаандаа төлөөгүйн хариуцлага болгон хүүнд 4188000 төгрөг, нийт 5688000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч А.Га, Ж.О нар нь 5688000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, харин 200 ширхэг палк модны үлдэгдэл төлбөр 980000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Н.Г нь хариуцагч А.Га, Ж.О нарт 200 ширхэг палк модыг худалдахдаа гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн, гэрээний дагуу төлөөгүй мөнгөн дүнд сар бүр хүү тооцож /5 хувиар/ хүүнд 4188000 төгрөгийг нэхэмжилсэн боловч нэхэмжлэгч Н.Г, хариуцагч А.Га, Ж.О нарын хооронд уг гэрээ байгуулагдаагүй, харин нэхэмжлэгч Н.Гийн эхнэр Д.Даариймаа, хариуцагч А.Га, Ж.О нарын хооронд 200 ширхэг палк модыг 4 сая төгрөгөөр худалдах, урьдчилгаанд 1.5 сая төгрөгийг бэлнээр төлөх, үлдэх 2.5 сая төгрөгийг 1 сарын хугацаанд буюу 2014 оны 05 дугаар сарын 22-нд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол нэг сард 20 хувиар хүү тооцож төлүүлэх гэрээ байгуулагдсан болох нь хавтаст хэргийн 04 дүгээр талд авагдсан 15х15 палк авахаар хийсэн хоёр талын гэрээ гэсэн нотлох баримтаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч Н.Г нь хариуцагч А.Га, Ж.О нараас уг гэрээнээс үүдэлтэй хохирол болох хүүг нэхэмжлэх эрх байхгүй, уг гэрээнээс үүдсэн хүүний тооцоог нэхэмжлэх эрхийг нэхэмжлэгчийн эхнэр Д.Даариймаа нь нэхэмжлэгч Н.Г-д зөвшөөрч итгэмжлэл хийж өгсөн талаар нотлох баримт байхгүй тул гэрээний дагуух хүүг хариуцагч нараас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн уг гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй, харин хариуцагч А.Га, Ж.О нарын иргэний үнэмлэхний хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх бөгөөд гэрээний эх хувийг хэрэгт хавсаргаагүй, канондсон хуулбарыг хавсаргасан байх тул шүүх нотлох баримтын хүрээнд үнэлж үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байгааг дурьдах нь зүйтэй байна.

Харин шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь 200 ширхэг палк модны үндсэн төлбөрт нийт 2900000 төгрөгийг өгөлцөж авалцсан талаар маргах зүйлгүй гэж хүлээн зөвшөөрч байх ба хариуцагч нарын нэхэмжлэгчийн эхнэр Д.Даариймаад 2015 оны 03 дугаар сард өгсөн гэх 120000 төгрөгийг нэхэмжлэгч тал аваагүй гэж мэдүүлж байгаа, мөн хариуцагч тал энэ мөнгийг өгсөн гэдгээ нотолж чадахгүй байгаа тул үндсэн төлбөрт өгсөн гэж тооцох үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч А.Га, Ж.О нар нь нэхэмжлэгч Н.Гаас 200 ширхэг палк модыг худалдаж аваагүй гэж маргаагүй бөгөөд уг палк модны үнийн үлдэгдэл мөнгийг нэхэмжлэгч Н.Г-д маргах зүйлгүйгээр төлж барагдуулахаар зөвшөөрч байгаа тул 200 ширхэг палк модны үнийн үлдэгдэл төлбөрт 1100000 төгрөг, худалдах, худалдан авах гэрээний мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж үзэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй буюу 500000 төгрөгийг хүүнд тооцон нийт 1600000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Г-д олгох, нэхэмжлэлээс 4088000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Иймд нэхэмжлэгч Н.Гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1600000 төгрөгийг хариуцагч А.Га, Ж.О нараас гаргуулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч 5688000 төгрөгийг нэхэмжилж улсын тэмдэгтийн хураамжинд 104958 төгрөгийг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Га, Ж.О нараас хангагдсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тохирсон  улсын тэмдэгтийн хураамж 40550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Г-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                  Тогтоох нь:

 

1.Монгол улсын Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Га, Ж.О нараас үндсэн төлбөр 1100000 төгрөг, хүүний төлбөр 500000 төгрөг, бүгд 1600000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Г-д олгож, нэхэмжлэлээс 4088000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжинд төлсөн 104958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Га, Ж.О нараас улсын тэмдэгтийн хураамжинд 40550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Г-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү,иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Б.ХЭРЛЭН.