Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/126

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч А.******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.*******т холбогдох эрүүгийн 2215000760116 дугаартай, 163/2022/0124/Э индекстэй хэргийг 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Улаанбаатар хотод 2000 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, Улаанбаатар хот, ******* дүүрэг, 27 дугаар хорооны *******ийн ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, 21 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.******* нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ******* амралтын газарт Г.*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж түүний нүүрэн тус газарт нь цохиж хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүдний алимны доргилт, салст дор цус харвалт, нүүр, хуйх, зүүн бугалга, баруун өвдгөнд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000760116 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч А.******* нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өөрийн найзуудын хамт  Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ******* амралтын газарт ирж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж түүний бие, эрх чөлөөнд нь халдан нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүдний алимны доргилт, салст дор цус харвалт, нүүр, хуйх, зүүн бугалга, баруун өвдгөнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.*******гийн өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгаас найз , Энхээ, ь, Одко болон манай найзуудтай хамт ажиллаж байсан Азаа гэх залуу найз охинтойгоо байсан ба бид нар Орхон аймагт архи пиво ууж байгаад хоорондоо ярилцаад Булган аймгийн Орхон сумын нутагт байдаг ******* гэх газарт байрлах нэг амралтын газарт очиж салхинд гарахаар такси бариад явсан. Бид нар амралтын газраа очоод гэр авч байрласан. Тэгээд бүгдээрээ ойролцоогоор 3 шил архи, пиво хувааж уусан. Би их согтолттой байсан учир юунаас болж Азаа гэх залуутай маргалдсан талаараа санахгүй байна. Нэг мэдэхэд Азаа гэх залуу намайг 5 ханатай гэрийн баганын хойно унагаагаад миний хамар, нүд, дух, эрүү хэсэгт гар хөлөөрөө цохиж, өшиглөж байсан. Тэгээд Азаа гэх залуу намайг цохиж зодохоо болихоор нь би маргааш учрыг олно гээд тухайн амралтын газраас найз ь, Одко, Энхээгийн хамт Орхон аймаг руу буцсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

3. Гэрч Д.ын өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр найзуудтайгаа Булган аймгийн Орхон суманд байдаг нэг амралтын газарт ирж архи, пиво ууцгаасан. ...Бид нар нийлээд архи, пиво ууж идэцгээгээд байж байтал ******* бид хоёр маргалдаж эхэлсэн юм. Маргалдсан шалтгаан нь ******* нь Маралаа гэх найзыг маань унтсан, тасарсан хойно нь оролдох гэж байхад нь болиулсан бөгөөд тэр талаар *******д хэлтэл надад за чам шиг юмыг шаагаагүй бол болоо шүү гэж хэлээд араас нь хачин халтар гичий гэж хэлэхээр нь би маргалдаж байтал манай найз намайг өмөөрч *******тай маргалдсан ба тэр хоёр нэг нэгнийхээ нүүр лүү гараараа цохиод байсан. Тэгээд хүмүүс тэр хоёрыг салгасан ба ******* гараад явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

4. Гэрч Д.ийн өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр би найз *******, , , ь, Одко, Дэлгэрмөрөн нарын хамт ийн гэрт архи, пиво ууж байтал ын найз Баярхүү залгаад амралтан дээр хорхог, боодог хийж байна, хүрээд ир гэсэн. Ингээд бид нар Булган аймгийн Орхон суманд байдаг нэг амралтын газарт очсон. ... Ер нь бол би нилээн муудчихсан байсан болохоор зодоон болох үед хэн хэн байсныг сайн санахгүй байна. ******* ч бас надтай адилхан нилээн муудсан байсан. Тэгээд нэг мэдсэн ******* газар уначихсан Азаа дээрээс нь цохиж байгаа харагдсан. Тэгэхээр нь би Азааг салгасан. Тэгээд л ******* гараад явсан байх. Тэгээд би тэнд хоноод өглөө сэрэхэд Азаа найз охинтойгоо байж байсан. Тэгээд би юу болсон талаар асуутал Азаа “Найз охиныг маань ******* доромжлоод бид 2 зодолдсон юм гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

5. Гэрч Б.ын өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр би найзуудынхаа хамт Булган аймгийн Орхон суманд байдаг амралтын газарт очсон. ...Бид нар тэнд ууж идэцгээгээд байж байтал Азаагийн найз охин *******д чи Маралааг оролдсон юм биш үү гэж хэлтэл ******* янхан минь чамайг шаагаагүй бол болоо гэж хэлэхээр нь Азаа уурлаж босож ирээд миний эхнэртэй ингэж яриад байхдаа яадаг юм гээд маргалдсан ба ******* Азааг түрүүлж цохиод газар унагаж дээрээс нь өшиглөсөн. Тэгээд Азаа зөрж босож ирээд *******гийн нүүр лүү хоёр удаа цохисон ба бид нар тэр хоёрыг салгасан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

6. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 228 дугаартай: Г.*******гийн биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүдний алимны доргилт, салст дор цус харвалт, нүүр, хуйх, зүүн бугалга, баруун өвдөгний зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлүүд нь нэг цаг хугацаанд, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүдний алимны доргилт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

7. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч А.*******ын гэм буруугаа хүлээж өгсөн: Би яг цаг хугацааг нь нарийн санахгүй байна. Ямартай ч энэ оны 2 дугаар сарын сүүлээр санаж байна. Би Орхон аймагт ажиллахаар 2 дугаар сарын дундуур ирсэн бөгөөд Сет гэх бааранд зохион байгуулагч хийж байсан юм. Тэгээд хамт ажилдаг Маралаа, , нартай хамт амьдарч байсан. Маралаа, манай найз охин, бид хэд ажлаас тараад ирэхэд , Жавхаа, , аа нар жаахан ууцгаагаад сууж байсан бөгөөд энэ үед ******* гэх залуу ирчихсэн байсан. ...Тэгээд бид нар жаахан сууцгааж байгаад амралт явахаар болсон. Бид нар амралтанд очоод ууж идэцгээгээд байж байхад манай найз охин *******д урд өдрийн болсон явдлыг хэлтэл ******* нь гичий, янхан минь чамайг шаагаагүй бол болоо гэж хэлэхээр нь би эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм, муу ч сайн ч миний найз охин гэж хэлтэл тэгээд яах гээд байгаа юм хоёулаа тавилцчих юм уу гэж хэлээд бид хоёр тулаад байж байтал ******* нь түрүүлээд намайг цохисон. Би унаад босож ирээд *******г унагаагаад нүүр лүү нь 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд манай хэд намайг салгаад ******* босож ирээд гараад явчихсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.*******, гэрч Д., Д., Б. нарын өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад дээрх үйл баримт нь А.*******ын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ******* амралтын газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз охиныг минь доромжиллоо гэх шалтгаанаар Г.*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж түүний бие, эрх чөлөөнд нь халдсан санаатай үйлдлээс үүдэн гарсан, үүнд А.******* гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогдож байна.

Шүүгдэгч А.*******ын гэм буруутай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн  хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Шүүгдэгч А.*******ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд шүүгдэгч А.******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч А.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Г.******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд иргэний нэхэмжлэл гаргаагүй гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч А.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн бусдыг хэл амаар доромжлох, бусад руу дайрч давшлах, шүүгдэгчийг түрүүлж цохих зэрэг зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг тус тус харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 61-71 дэх талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч А.******* нь ам бүл 6, аав, ээж, дүүгийн хамт Улаанбаатар хот, ******* дүүрэг, 27 дугаар хорооны *******ийн ******* тоотод амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч А.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 4/46 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийн зүйлчлэл болон оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч А.*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНХАНД