Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 21

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Г.Мгийн нэхэмжлэлтэй Б.Тт холбогдох хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хуваарьт болон дундын эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигч нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Нэхэмжлэгч Г.М миний бие дараах нөхцөлөөр хариуцагч Б.Ттай эвлэрснээ илэрхийлж байна. Б.Т нь хоёр хүүхдээ миний асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхөөр, анх очиход аавын минь надад хуваарьт хөрөнгө болгож өгсөн 37 тооны хонийг /чихлээдэс имтэй/ тоогоор нь өгөхийг, миний бие үлдэх 63 тооны бог малыг Б.Таас гаргуулах шаардлагаас татгалзаж тус тус харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргахгүй, гомдол санал болон давж заалдах эрхгүй болно. Эвлэрлийн гэрээ байгуулсан: Г.М, Б.Т” гэж тохиролцож байгуулсан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү М.Ундрах-Эрдэнэ, 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү М.Цолмонбаяр нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Таас тэтгэлэг гаргуулан тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.Тт, энэ үүргээ хэрэгжүүлэх, хуульд заасан эцэг хүний эрхээ эдлэхэд нь саад учруулахгүй байхыг Г.Мд тус тус даалгаж, шийдвэрт дурдах нь зүйтэй.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 174,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 87,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон /87,800х2х12=2,107,200 төгрөгт ногдох/ улсын тэмдэгтийн хураамжид 48,665 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт  зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.