Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 329

 

 

 

 

 

 

 

  2019          4             11                                             2019/ДШМ/329                                              

 

        Г.А, Э.У , Б.С

        нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Эрдэнэзаяа,

хохирогч Б.Эрдэнэчимэг, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож,

шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Б.Энхбаяр,

шүүгдэгч Э.У , түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

шүүгдэгч Б.С , түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Б.Энхбаяр, шүүгдэгч Б.С ын өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.А, Э.У , Б.С  нарт холбогдох 201301021120 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б овгийн Г-ийн А , ...........тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........./;

 

2. Х овгийн Э-ын У , ..................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.........../;

 

3. Ш овгийн Б-ын С , ................... тоотод оршин суух бүртгэлтэй,  ял шийтгэлгүй, /РД:............./;

 

Шүүгдэгч Г.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2013 оны 4 дүгээр сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Галакси Их хайрхан” нэртэй амралтын газарт бусадтай маргалдах явцдаа иргэн Б.Эрдэнэчимэгийн баруун нүд рүү цохиж, хүнд хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.С  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2013 оны 4 дүгээр сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Галакси Их хайрхан” нэртэй амралтын газарт Э.У тэй бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, иргэн Б.Эрдэнэчимэгийг хүч хэрэглэн зодож, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

шүүгдэгч Э.У  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2013 оны 4 дүгээр сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Галакси Их хайрхан” нэртэй амралтын газарт Б.С тай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, иргэн Б.Эрдэнэчимэгийг хүч хэрэглэн зодож, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Г.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.С , Э.У  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.С , Э.У  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С , Э.У  нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.А, Б.С , Э.У  нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг, хохирогч Б.Эрдэнэчимэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.А, Б.С , Э.У  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.С ын өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А  нарт холбогдох хэрэг урьд нь прокурорын газраас 3 удаа хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхээс 4 удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаагдаж байсан. Миний үйлчлүүлэгч Б.С ын гэм буруутайг нотолсон нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй байхад түүнийг хохирогчийн эх сурвалжаа зааж чадахгүй мэдүүлгээр гэм буруутай гэж шүүх ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Хавтас хэрэгт С ыг зодоонд оролцоогүй, харин салгаад явж байсан талаар гэрч, Чулуунбаатар нарын “гэрээс гартал С  гүйж ирээд У  тэнд нэг охинд үсдүүлээд байна гэсэн”, гэрч Чулуунбаатарын “Уянгыг саарал цамцтай охинтой үсдэлцсэн байхад нь би салгасан”, гэрч Д.Уянгын “Саарал цамцтай охин ирээд намайг үсдээд авахаар нь би зөрүүлээд үсдсэн. Б.С  салгах гэтэл нэг урт үстэй охин С ыг үсдсэн. С ыг үсдсэн охин нь сагсны шигшээд тоглодог охин байсан” /хх 33/ Сэжигтэн У ийн “Баатарсүрэн нэг залуугийн доор ороод хэвтэж байсан, тэгэхээр нь би очоод болиоч гээд таттал хойноос нэг охин миний үснээс татсан, тэгэхээр нь би зөрүүлээд үсдсэн, тэр охин тавь гэхэд тавихгүй байсан, Отгон-Өлзий салгасан” /хх-158, 217/ гэсэн мэдүүлгүүд авагдсан.

Гэрч Наранчимэг нь “Нэг охин ирээд түлхсэн, үсдсэн өөр 2 охин ирээд 3-уулаа үсдэж газар унагаасан, тэгтэл нэг банди намайг татаад үснээс тавиулахаар нь би гэр рүү орсон” /хх-19/, гэрч Солонгийн “Зодооны дараа гарахад 4-5 охид зогсож байсан. Нэг бүдүүн намхан охин намайг “чамайг сагсны шигшээд тоглодгийг чинь мэднэ шүү” /1 хх 20/ гэж мэдүүлсэн. Энэ нь гэрч Уянгын мэдүүлсэн “С ыг сагсны шигшээд тоглодог охин үсдсэн гэсэн

мэдүүлэгтэй тохирч байгаа нь С  Солонгоотой үсдэлцсэн байсныг нотолж байна.

Энэ хэргийг эхнээс нь сэтгэл гаргаж, бүрэн гүйцэд шалгаагүй. Наранчимэг, Солонго нартай хэн үсдэлцсэн болохыг тогтоогоогүй. “4 дүгээр сарын 12-ны өдрийн 23 цагийн үед уг зодоон болсон, гадаа харанхуй, хохирогч согтуу, хэнд хэрхэн зодуулж үсдүүлсэнээ сайн санахгүй байна, найз Ганзориг мэднэ” гэж мэдүүлж байсан хохирогчийн мэдүүлэг үнэн байх магадлалтай байдаг.

Зодоон болох үед Уянгын толгойд их хэмжээний газар халцархай үүссэн байсан тул Отгон-Өлзий, С , Чулуунбаатар, У  нар цагдаагийн байгууллагад дээрх асуудлаар гомдол гаргасан байдаг боловч тэдний өргөдлийг шалгаагүй орхисон байдаг. Гэрч Отгон-Өлзий, Чулуунбаатар, Баатарсүрэн, Солонго, Наранчимэг нарын мэдүүлгээр “Уянга, У  нар нь хохирогч Эрдэнэчимэгтэй үсдэлцэж зодолдсон байна” гэж дүгнэхээр байхад Уянгыг энэ хэрэгт холбогдуулан шалгаагүй.

Хохирогч Эрдэнэчимэг нь /хх 4/ анх цагдаад өргөдөл өгөхдөө нүүрний хэсэгт эрэгтэй хүн хүчтэй цохисон, 1-2 охин үсдэж маажсан гэсэн /хх 6/ “2013 оны 4 дүгээр сарын 13-нд нэг өндөр шар царайтай залуу үг хэлэлгүй нүүрэнд гараараа цохисон, охидууд нь үсдээд байсан санагдаж байна, намайг цохисон залууг найз Ганзориг таних байх” гэж мэдүүлдэг. Гэрч Ганзориг нь “Эрдэнэчимэгийг хэн цохисон талаар хараагүй” гэдэг. Хохирогч хэнд цохиулсан, хэдэн охинд үсдүүлсэнээ эхлээд мэдэхгүй, найз залуугаа мэднэ гэж байснаа хагас жилийн дараа цагаан цамцтай цагаан охинд үсдүүлсэн гэж яриад эхэлсэн. Мөн “нэг өндөр залуу гараараа цохисон” гэж байснаа “хөлөөрөө өшиглөсөн” болсон. Эдгээр мэдүүлгүүд нь үнэнд нийцэхгүй, эх сурвалжаа зааж чадахгүй мэдүүлэг тул нотлох баримт гэж үнэлэх боломжгүй юм Б.С  тухайн өдөр цагаан цамцгүй, хөх цамцтай явсан талаар гэрч нар мэдүүлсэн. Түүний хөх цамцтай зураг нь хавтас хэрэгт байгаа.

Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгон бичсэн гэрч Наранчимэг, Ууганбаяр, Г.Тулга, Ганзориг, Үүрийнтуяа, Жавхлан, Чулуунбаатар нарын мэдүүлгүүдэд Б.С ыг Эрдэнэчимэгтэй үсдсэн талаар нэгч мэдүүлэг байдаггүй.

Шүүгдэгч Б.С  нь нүдний хагалгаанд 2 удаа орж байсан нь /хх 227-237/ хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Хэрвээ тэрээр Эрдэнэчимэгтэй үсдэлцэн газарт унаж зодолдсон байсан бол өнөөдөр нүдний хараанд нь өөрчлөлт орж хараагүй болсон байх ч магадлал өндөр байсан.

Шүүгдэгч Б.С ын гэм буруутайг нотолсон нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар хэргийг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу С д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.А-ын өмгөөлөгч Б.Энхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд “Шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. Хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэхдээ нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгах тухай” заасан.

Харин шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ хуульд заасан дээрх журмыг зөрчсөнөөс гадна шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан зарим нотлох баримтыг үнэлээгүй байна.

1. Мэдүүлгийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаагүй тухай:

Хэрэг гарсан өдөр болох 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Б.Эрдэнэчимэгтэй хамт түүний найз Ганзоригийн төрсөн өдрийг тэмдэглэхээр Ууганбаяр, Тулга, Лхасүрэн, Түмэнжаргал, Пүрэвжав, Солонго, Наранчимэг нарын нийт 9 хүн явсан болно.

Харин Бөпежаны төрсөн өдрийг тэмдэглэхээр түүний хамт Ж.Отгон-Өлзий, Суъяадулам, Уянга, Чулуунбаатар, Баатарсүрэн, А , Үүрийнтуяа, У , Жавхлан нар нийт 10 хүн энэхүү амралтанд очжээ.

Ийнхүү анхан шатны шүүх хурлаар дээрх нийт 19 хүний мөрдөн байцаалтад өгсөн бүх мэдүүлгийг бүрэн шинжлэн судлуулсан болно.

Гэтэл шийтгэх тогтоолд зөвхөн Б.Эрдэнэчимэг /1 хх 18-20, 21, 108-109, 130-131, 219, 206, 242, 2 хх 36, 81/, түүнтэй хамт явсан Ганзориг /1 хх 32-33, 34/, Ууганбаяр /1 хх 26-27, 207/, Тулга /1 хх 28-29, 92-93, 209/, Наранчимэг /1 хх 22-23/ нарын зарим мэдүүлгийг үнэлсэн харагдаж байгаагаас гадна Лхасүрэн, Пүрэвжав, Солонго нарын мэдүүлгийг үнэлээгүй байна.

Мөн Г.А /1 хх 76-78, 210, 231, 244/, Э.У  /1 хх 162-169, 211, 222, 2 хх 43/, Б.С  /1 хх 37-38, 165, 212, 224, 245, 2 хх 24-26, 44/, тэдэнтэй хамт явсан Үүрийнтуяа /1 хх 45-46, 138/, Жавхлан /1 хх 48-49, 139/, Чулуунбаатар /1 хх 50-51, 60, 140/, Отгон-Өлзий /1 хх 35-36, 141, 213/ нарын зарим мэдүүлгийг үнэлсэн боловч Баатарсүрэн /1 хх 44-45/, Бөпежан /41-42/, Уянга /39-40, 142/ нарын мэдүүлгийг шинжлэн судлуулсан боловч үнэлээгүй байна.

Ийнхүү шүүх жишээ нь, Б.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн бүх 9 удаагийн мэдүүлгийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хооронд нь харьцуулах, бусад гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэгтэй харьцуулах ажиллагаа хийгээгүй. Хохирогч Б.Эрдэнэчимэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өндийсөн чинь баруун гар талаас хүчтэй цохисон. Уг залуугийн царайг би хараагүй боловч надаас өндөр залуу байсан...” гэх мэдүүлэг /2013 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр, 1 хх 18-20/, “...Эрэгтэй нь хаагаад байсан, хаагаад байсан банди нь цаашаа харсан байсан учир царайг нь харж амжаагүй, ямар хувцас өмссөн байсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр, 1 хх 21/ “...Тэгээд босох гээд өндийхөд хажуунаас өөр нэг өндөр залуу миний нүүр рүү цохисон. ... тэр үед гадаа харанхуй, ойр орчимд гэрэлтүүлэггүй байсан учир ямархуу хүн цохисныг мэдэхгүй байна. ... эзэн холбогдогчийг олж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /2014-02-05, 1 хх 108-109/, “...А  ирж баруун талын нүд, хамар руу гараараа цохисон. ... анх мэдүүлэг өгөхдөө ингэж намайг зодсон хүмүүсийг нэрлэн зааж чадаагүй юм. ...Харин миний нүд рүү цохиж намайг гэмтээсэн хүн бол А  юм ... Дараа нь тийм хувцастай хүмүүс хэн хэн байсныг тодорхойлоход С , У , А  нар байсан юм...” гэх мэдүүлэг /2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 1 хх 130-131/, гэвч А  тийм хувцастай байсан гэдгийг мэдүүлсэн нэг ч мэдүүлэг байхгүй буюу шүүх хурал дээр ч хувцсыг нь хараагүй тухай мэдүүлдэг болно.

“...Таныг А  ямар зүйлээр цохисон бэ?, ... Гартаа юм бариагүй байсан...” /2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр, 1 хх 219/, “...5 гэрийн зураг зурсан .... нэг өндөр залуу намайг маш хүчтэй цохисон уу, өшиглөсөн үү гэдгийг би мэдэхгүй ээ...” гэх мэдүүлэг /2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр, 1 хх 206/.

Харин шүүх хуралдааны хэлэлцүүлгүүдэд “...Намайг өшиглөсөн, ... дэвссэн гэж хэлэхэд болно...” гэж мэдүүлдэг болно.

Гэрч Наранчимэг мөрдөн шалгах ажиллагаанд “...Эрдэнэчимэг намайг нэг өндөр залуу өшиглөсөн гэж ярьж байсан. Ямар өндөр залуу байсныг мэдэхгүй, ... гадаа харанхуй байсан учир ямар царай зүстэй байсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /2013 оны 5 дугаар сарын 3-ны өдөр, 1 хх 22-23/,

Гэрч Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд “...Би Эрдэнэчимэгийг хэн цохисныг хараагүй...” гэх мэдүүлэг /1 хх 26-27/,

Гэрч Солонго мөрдөн шалгах ажиллагаанд “...Эрдэнэчимэгийг хэн зодсоныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /2013 оны 5 дугаар сарын 8-ны өдөр, 1 хх 24-25/,

Гэрч Тулга мөрдөн шалгах ажиллагаанд “...Эрдэнэчимэгийг хэн зодсоныг хараагүй...” /1 хх 28-29/, “... 4 гэрийн зураг зурсан мэдүүлэг байна. /1 хх 209/,

Гэрч Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаан өгсөн “...Тэгтэл хойд талын гэрээс 5-6 банди, охидууд гарч ирээд би яг сайн санахгүй байна, миний санаж байгаагаар тэнд байсан хэдээсээ хамгийн өндөр нь нилээн согтуу нь “ална тална” гээд байсан. Бид нар ч дээрэлхүүлэхгүйг бодоод маргалдаад энэ тэнд хэсгээрээ маргалдсан маргаан болж байхад Эрдэнэчимэгийг хажууд байхад нь оруулаад “битгий гарч ир” гэж хэлээд буцаж гараад харахад гарч ирсэн харагдсан. ...Гэр дотор байсан унь модыг аваад гарч хойд талын гэр рүү ганцаараа очсон чинь хамгаалагч, зохион байгуулагч нар эсрэг талын хүмүүсийн гэрт нь оруулаад хаалган дээр дарчихаад боль гээд ойртуулахгүй байсан...” гэх мэдүүлэг /2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр, 1 хх 32-33/ Тухайн үед тэрээр Эрдэнэчимэгийн үерхдэг найз залуу нь байсан, харин одоо гэр бүл болсон гэж хохирогч мэдүүлдэг, мөн тэрээр гэрээс гарч ирсэн 5-6 хүнийг харьцуулж харахаас бүх 10 хүнийг харьцуулж харах боломжгүй буюу тэдний дунд А  байсан эсэх нь тогтоогдоогүй болно.

Гэрч Лхасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд “...Ингээд цагдаа нар зодсон гэх залууг авч явсан. ...Тэр үед цагдаа авч явсан өндөр залууг Эрдэнэчимэг надад зодсон гэж ярьж байсан. Бусдаасаа өндөр нуруулаг залуу байсан. Царай төрхийг орой байсан учир сайн харж амжаагүй юм. ... Би зодооныг хараагүй юм...” гэх мэдүүлэг /2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, 2 хх 13/.

Гэвч энэ өдөр А той хамт явсан хүмүүсээс хэнийг ч цагдаа авч яваагүй болно. Энэ нь хэд хэдэн удаагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг, асуулт, хариултаар нотлогддог тул түүний мэдүүлэг эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл, А ыг цагдааг авч яваагүй тул цагдаатай хамт явсан хүн А  биш гэдэг нь нотлогдож байна. /гэрч нь бараг 3 жилийн дараа мэдүүлэг өгсөн байна/.

Гэрч Ц.Пүрэвжав мөрдөн шалгах ажиллагаанд “...Гэрт ороход Эрдэнэчимэг зодуулсан гээд хэвтэж байсан. Хэдийд, хэнд зодуулсан талаар би хараагүй. ... гадаа харанхуй байсан...” гэх мэдүүлэг /2016 оны 5 дугаар сарын 8-ны өдөр, 2 хх 37/,

Харин А  мөрдөн шалгах ажиллагаанд 3 удаа мэдүүлэг өгсөн байна. Үүнд:

“...Цаанаас нэг нь гарч ирээд бид хоёр зууралдсан. Намайг нэг нь салгаад гэрт оруулсан. ...Би л цохисон юм байлгүй дээ. Би л цохисон юм байлгүй дээ гэдэг чинь юу гэсэн үг вэ? гэсэн асуултад: Би яг өөрөө цохисноо мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр, 1 хх 76-78/, “...Би тэр залуугийн дээр гарсан байрлалтай хэвтэж байтал нэг хүн миний нүд рүү өшиглөж, миний нүд харанхуйлж юм харахаа байсан. ... би тэр үед охид зодолдож байсныг хараагүй...” /1 хх 210/, “...цаад залуу намайг барьж аваад бид 2 ноцолдсон, ... дээр дороо орсон, ... ноцолдож байтал нэг үл таних хүн хажуугаас нүд рүү өшиглөсөн, ... охидууд зодолдож байсныг хараагүй...” гэх мэдүүлэг /2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр, 1 хх 226-227/,

гэрч Отгон-Өлзийгийн мөрдөн шалгах ажиллагаанд “...Тухайн үед гадаа харанхуй байсан, ... гэрийн гадаа ойролцоо хүмүүс хэсэг хэсгээрээ маргалдаад байж байсан тул манай хэдээс хэн хэн нь хаана эсрэг талын ямар хүмүүстэй маргалдаж байсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх, 35-36, 141, 213/,

гэрч Б.С ын мөрдөн шалгах ажиллагаанд “...А  нэг залуутай гэрийн хажууд зууралдаж байсан, ... хажууд Бөпежан салгах гээд зогсож байгаа харагдсан. Бөпежаныг хар масктай, намхан махлаг залуу барьсан униараа мөр рүү нь цохисон...” гэх мэдүүлэг /2013 оны 5 дугаар сарын 14-ний өдөр, 1 хх 37-38/,

сэжигтэн Б.С ын мөрдөн шалгах ажиллагаанд “...А  ... тухайн үед У ийн хажууд байгаагүй, А  Эрдэнэчимэгийн нүдийг цохиж байгааг ... би хараагүй...” /2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр, 1 хх 164/, 3 гэр зурсан гэх мэдүүлэг /2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр, 1 хх 212/, “...А  хаана байсан бэ? ... надад харагдаагүй...” гэх мэдүүлэг /2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр, 1 хх 223/,

гэрч Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд “...А ыг нэг залуу доороо оруулчихсан цохиж байх шиг байсан. А ыг салгах гээд Бөпежан очсон. ... 1 бүдүүн, халзан толгойтой банди унь барьчихсан Бөпежаны мөр рүү нэг цохисон. Хамт явсан хөвгүүдээс хамгийн өндөр нь А , Баатарсүрэн, дараа нь Чулуунбаатар, Жавхлан, Үүрийнтуяа...” гэх мэдүүлэг /2013 оны 5 дугаар сарын 12-ны өдөр, 1 хх 39-40/, “... А  нэг залуутай заамдалцчихсан зогсож байсан. А ыг салгах гэж байтал нэг охин үсдээд авсан, би зөрүүлээд үсдсэн...” гэх мэдүүлэг /2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр, 1 хх 142/,

гэрч Бөпежаны мөрдөн шалгах ажиллагаанд “...Баруун мөрний дээд хэсэгт униар нэг удаа цохисон, ... би Чимэгээг хэн цохисныг хараагүй, ... Уянгааг нэг охин үсдэж харагдсан, хэнийг хараагүй...” гэх мэдүүлэг /2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр, 1 хх 41-42/,

гэрч Баатарсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд “...А  нэг залуутай маргалдаад байсан. Салгах гээд очтол нэг нь намайг хавираад унагаасан, ... хамгийн өндөр нь А , дараа нь би...” гэх мэдүүлэг /2013 оны 5 дугаар сар, 1 хх 44-45/,

гэрч Жавхлан мөрдөн шалгах ажиллагаанд “...Баатарсүрэн, А  хоёрыг үл таних залуучууд доороо оруулчихсан цохиод байх шиг харагдсан...” /2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр, 1 хх 48-49/, “...Эрдэнэчимэгийг хэн цохисныг хараагүй...” гэх мэдүүлэг /2015 оны 3 дугаар сарын 26, 1 хх 139/,

гэрч Үүрийнтуяа мөрдөн шалгах ажиллагаанд “...А , Баатарсүрэн 2 гарч ирсэн... /2013 оны 5 дугаар сарын 14-ний өдөр, 1 хх 45-46/, “...Харанхуй байсан, бага зэрэг гэгээтэй байсан, ... Эрдэнэчимэгийг хэн цохисныг хараагүй...” гэх мэдүүлэг /2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр, 1 хх 138/,

гэрч Чулуунбаатар мөрдөн шалгах ажиллагаанд “...Жавхлан, Бөпежан нар Баатарсүрэн, Үүрийнтуяа, А  нарыг маргалдаж байсан хүмүүсээс салгаж гэр рүү оруулсан, ... харанхуй байсан тул хэн хэн нь хэнтэйгээ хэрэлдэж маргалдаад байсан нь сайн харагдахгүй байсан...” /2013 оны 5 дугаар сарын 11-ний өдөр, 1 хх 50-51, 2013 оны 6 дугаар сарын 11, 1 хх 60/, “...Эрдэнэчимэгийг хэн цохисон бэ? Би хараагүй...” гэх мэдүүлэг /2015 оны 3 дугаар сарын 8-ны өдөр, 1 хх 140/,

сэжигтэн У  мөрдөн шалгах ажиллагаанд “...А  хаана байсан бэ? А  хаана байсныг мэдэхгүй. А  Эрлдэнэчимэгийн нүдийг цохиж байхыг харсан уу? Би хараагүй...” /2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр, 1 хх 162-169/, “...3 гэр зурсан ...” гэх мэдүүлэг /2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр, 1 хх 211/, “...Эрдэнэчимэгийг хэн цохисныг би хараагүй. Хажууд А  байсан эсэхийг би анзаараагүй...” гэх мэдүүлэг /2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр, 2 хх 43, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр, 2 хх 32/.

Дээрх мэдүүлгүүдээс хохирогч Эрдэнэчимэгийн нүдийг А  гэмтээсэн гэдэг нь нотлогдохгүй байна.

 

Учир нь:

- Хоорондоо зодолдсон гэх нийт 19 хүн байсан бөгөөд хэн ч А  нь Эрдэнэчимэгийг цохиж байгааг хараагүй байдаг. Хохирогч Эрдэнэчимэг өөрөө ч А  өөрийг нь цохисон гэдгийг нотолж чадаагүй буюу мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгээр ч бүрэн гүйцэд тогтоогдоогүй.

- Залуугийн царайг би хараагүй, надаас өндөр залуу байсан, ... хаагаад байсан банди

нь цаашаа харсан байсан учир царайг нь харж амжаагүй, ямар хувцас өмссөн байсныг мэдэхгүй байна, ... босох гээд өндийхөд хажуунаас өөр нэг өндөр залуу миний нүүр рүү цохисон, ... тэр үед гадаа харанхуй, ойр орчимд гэрэлтүүлэггүй байсан учир ямархуу хүн цохисныг мэдэхгүй байна, ... эзэн холбогдогчийг олж өгнө үү...”, харин 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр буюу нэг жил гаруй хугацаа өнгөрсний дараа “...А  ирж баруун талын нүд, хамар руу гараараа цохисон...” гэж анх мэдүүлэг өгөхдөө ингэж намайг зодсон хүмүүсийг нэрлэн зааж чадаагүй юм, харин миний нүд рүү цохиж намайг гэмтээсэн хүн бол А  юм, ... дараа нь тийм хувцастай хүмүүс хэн хэн байсныг тодорхойлоход С , У , А  нар байсан юм. ...“ гэж мэдүүлсэн.

Гэвч А  тийм хувцастай байсан гэдгийг мэдүүлсэн нэг ч мэдүүлэг байхгүй буюу шүүх хурал дээр ч хувцсыг нь хараагүй тухай мэдүүлдэг тухай дээр дурдсан болно.

- Харин 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Нэг өндөр залуу намайг маш хүчтэй цохисон уу, өшиглөсөн үү гэдгийг би мэдэхгүй ээ...”, харин шүүх хуралдааны хэлэлцүүлгүүдэд “... намайг өшиглөсөн, ... дэвссэн гэж хэлэхэд болно...” гэж мэдүүлдэг буюу өөрийнхөө цохиулсан, өшиглүүлсэн, дэвсүүлснээ ч сайн санахгүй байдаг.

Хэргийн газар очсон цагдаа болон маргааш нь тэднийг цагдаад очиход хэнийх нь ч согтуурлын хэмжээг тогтоогоогүй байдаг, харин тэд бүгд архи, пиво уусан тухай мэдүүлдэг.

Гэтэл шүүх А ыг дараах нотлох баримтаар гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

2013 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “...Би л цохисон юм байлгүй дээ, Би л цохисон юм байлгүй дээ гэдэг чинь юу гэсэн үг вэ? гэсэн асуултад: Би яг өөрөө цохисноо мэдэхгүй байна...” гэсэн нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн “цохиогүй” гэдэг нь тухайн өдөр зодолдсон гэх бүх хүмүүсийн мэдүүлгээр нотлогддог.

Тухайн үед байсан 19 хүнээс хамгийн өндөр нь А  байснаараа гэрчүүдийн мэдүүлгээс харахад өндөр хүн ганц А  байгаагүй байна. Өндөр гэх залуучууд хэт өндөр, хэт нам байгаагүй, ойролцоо нуруутай байсан, мөн орчны байдал бүдэг харагдаж байгаа, бүгдээрээ архи, пиво уусан болон энэ тэнд зодолдсон, өөрсдөө мөн зодолдож байгаа үед тэнд байгаа хүмүүсийг хамгийн өндөр эсэхийг тогтоох боломжгүй. Зодоон болохоос өмнө А  хамгийн өндөр нь байсан гэдгийг харсан, тогтоосон хүн байхгүй.

Эрдэнэчимэгийн дээрх хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй, тодорхойгүй мэдүүлгээр А ыг гэм буруутай гэж болохгүй юм.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад А ын аав нь түүний хамт явсан залуучуудын өгсөн мөнгийг нийлүүлж хохирогчид өгснийг хүүхэд нь буруутай учраас үүнийг хийсэн гэж прокурор, шүүх үзээгүй байх гэдэгт итгэж байна.

Энэхүү хавтас хэрэгт авагдсан мэдүүлгийн нотлох баримтаас харахад А ыг буруутгаж болох дээрх нөхцөл байдал л харагдаж байна. Гэвч шүүх ийм нотлох баримтаар хүнийг шийтгэж болохгүй гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл “Хэргийн бодит байдлыг тогтоох”, 1.12 “Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх”, 1.15 “Гэм буруугүйд тооцох” гэж заасан зарчмуудаар тогтоогдоно.

2. Шинжээчийн дүгнэлтүүд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж болохгүй тухай:

Хавтас хэрэгт авагдсан бүх шинжээчийн дүгнэлт буюу 4740, 453, 300 ба 1099 дугаартай дүгнэлтүүд бүгд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ба Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн.

Тухайлбал, дээрх дүгнэлтүүдийг гаргуулахаар Шинжилгээ хийх, шинжээч томилох тогтоолуудад заасан эрх, үүрэгтэйгээ шинжээч нар танилцаж гарын үсэг зураагүй. Мөн 2 дугаар хавтас хэргийн 177-178 дугаар талд, шинжээч нараар гарын үсэг зуруулсан тогтоол нөхөж оруулсан, гэвч энэ тогтоолоор дүгнэлт дахин гараагүй, эсвэл шинжээч нар гаргасан дүгнэлтдээ гарын үсэг зураагүй гэх мэт олон процессын зөрчил байгааг энэ хэргийг хянан шийдвэрлэж байсан өмнөх анхан шатны шүүхийн бүх шийдвэрүүдэд байдаг. Энэхүү зөрчилтэй шинжээчийн дүгнэлтээс болж хэрэг хэд хэдэн удаа прокурорын шатанд буцаж байсан. Мөн энэ талаар өмгөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорт, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гаргаж байсан.

Гэтэл 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр энэхүү хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч шийтгэх тогтоолын 14 дэх талд “Хуралд оролцсон талууд болон өмгөөлөгч нар нь удаа дараа гаргасан шинжээч нарын дүгнэлтүүд эргэлзээтэй байна гэсэн хүсэлт болон шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах талаарх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна” гэж дүгнэжээ. Хэрэв талууд хүсэлт гаргаагүй бол эргэлзээтэй нотлох баримтыг үнэлж болно гэж үзэх нь эрүүгийн эрх зүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн зарчим, түүний хэм хэмжээтэй харшилж байна.

Хамгийн сүүлийн шинжээчийн дүгнэлт буюу 1099 дугаартай дүгнэлт нь шинжээч томилсон тогтоолд тавьснаас өөр асуултад хариулж дүгнэлт гаргасан.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг зөрчиж үйлдсэн шинжээчийн дүгнэлт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

II. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн тухай:

Энэхүү “Галакси” амралт нь 2 амралтын гэртэй биш байсан бөгөөд хэд хэдэн гэр байсан ба уг гэрүүдэд амрагчид хэсэг бүлгээр найз нараараа амарч байсан нь хавтас хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон зургаар зурсан мэдүүлгээр нотлогдоно.

Энэ өдөр зөвхөн Эрдэнэчимэг ба А  нарын гэрт байсан хүмүүс зодолдоогүй, өмнө нь болон тухайн үед өөр гэрт байсан хүмүүс энэ 2 гэрт байсан хүмүүстэй муудалцаж байсан нь харагддаг. Гэтэл зодооны маргааш өглөө өөр гэрт амарч байсан хүмүүс явчихсан байсан боловч цагдаа, прокурорын байгууллага тухайн хүмүүсийг олж байцаалт авах, тодруулах талаар ямар ч ажиллагаа явуулаагүй. Тухайн үед зодооны газар очсон цагдаа нар ямар ч арга хэмжээ аваагүй болно. Мөн зодооныг салгасан гэх амралтын газрын ажилчдаас ч гэрчийн мэдүүлэг аваагүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “Хэргийн бодит байдлыг тогтоох” гэж зааснаар хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй. Харин мөн хуулийн 1.12 “Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” гэж заасан зарчмыг зөрчиж хохирогч эрүүл мэндээрээ хохирсон л бол А  энэ гэмт хэргийг үйлдсэн байх хэмээн таамаглаж зөвхөн хохирогчийн эрх ашгийг хамгаалах нь хуульд нийцэхгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд “Гэм буруугүйд тооцох” гэж заасан заримыг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дахь хэсэгт “шүүгдэгч ... гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэж заасан тул цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.У ийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Г.А нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Өмгөөлөгчийн хувьд хөөн хэлэлцэх болон гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь хоорондоо маш зөрүүтэй ойлголт гэж үзэж байна. Тухайн өдөр хохирогч Эрдэнэчимэг, А  нарын талаас нийт 19 хүн байсан. Зөвхөн хохирогчийг үсдсэн гэдэг утгаар Уранчимэг, С  нар орж ирсэн. Энэ хоёр зөвхөн үсдэлцсэн гэдэг. Гэтэл үсдэлцсэн газар нь ямар ч гэмтлийн шинж илрээгүй. Хамгийн сүүлийн шүүх хуралд гэгээтэй байсан гэж ярьдаг. Гэтэл хэрэг болсноос хойш 6 жил болж байна. Тэгэхээр хохирогчийн мэдүүлэг тогтворгүй байна. Өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байхгүй учраас У д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв. 

 

Шүүгдэгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.С  тус шүүх хуралдаанд: “...Тайлбаргүй. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.У  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна. ...” гэв.

 

Хохирогч Б.Эрдэнэчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед тийм харанхуй байгаагүй. Яагаад 2-3 жилийн дараа “А ыг мөн” гэж мэдүүлж байна вэ гэж өмгөөлөгч нарын зүгээс тайлбарлаж байна. Би анх гэмтлийн эмнэлэгт очсон цагаасаа А ын талаар мэдүүлэг өгч байсан. Маргааш нь байцаалт өгөх үед А  ирээгүй байсан. Би нэрийг нь мэдэхгүй учраас нэрлэж мэдүүлэг өгч чадаагүй. А ын аав гэх Ганхуяг Улсын 1 дүгээр эмнэлэгт очиж хагалгаанд ороход эсрэг талын 10 хүүхдээс 50,000 төгрөг цуглуулаад өгсөн, өгөхдөө “хэн хэдэн төгрөг өгсөн гэдгийг дансны хуулгатай нь өгнө” гэж хэлсэн боловч өгөөгүй. Би мөнгийг авахдаа ээж, аавтайгаа очиж авсан. Гэхдээ манай найзууд өөр гэрийнхэнтэй муудалцаж, хэрүүл хийсэн зүйл байхгүй. А  миний нүдэнд гэмтэл учруулсан. ...” гэв.

 

Хохирогч Б.Эрдэнэчимэгийн өмгөөлөгч Ч.Нямцоож тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал тогтоогдоогүй, эдгээр хүмүүсийг цагаатгах ёстой гэх байдлыг тайлбарлаж байгаа өмгөөлөгч нарын гаргасан гомдолтой санал нийлэхгүй. Шүүгдэгч нарын гэм бурууг тогтоох боломжтой. Учир нь, нэг эрэгтэй, хоёр эмэгтэйд зодуулсан тухай анх өргөдөл гаргахдаа хэлж байсан. Хэргийн газарт очсон цагдаагийн илтгэх хуудсанд “22 цагийн үед очсон” гэсэн байдаг. Тэгэхээр зодоон 21 цагийн үед буюу харагдах боломжтой гэрэлтэй байсан байх боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч Э.У ийн хувьд хохирогчтой зодолдсон талаараа мэдүүлдэг. Хохирогчийг эх сурвалжаа заагаагүй гэж байна, өөртөө тохиолдсон асуудлыг ярьж байгаа хохирогчоос эх сурвалжаа заа гэж болох уу. Сүүлийн шүүх хуралдаанд шинжээч нар оролцоогүй нь үнэн, гэхдээ шинжээчийн дүгнэлт эргэлзээгүйгээр гарсан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.  

 

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Эрдэнэчимэг анх мэдүүлэг өгөхдөө “өндөр, эрэгтэй хүнд зодуулсан” гэж мэдүүлсэн. Амралтын газарт анх очоод гадаа гэрийн буйран дээр тоглож байгаа хүүхдүүдийн “ерөнхий царайг нь харсан” талаараа мэдүүлдэг. Мөн Эрдэнэчимэг “би А ыг хараад мэдсэн учир А  намайг зодсон гэж байна” гэж тогтвортой мэдүүлдэг. Таньж олуулах ажиллагаагаар 8 дугаартай буюу С ыг таньж заасан. Хохирогч хэрэг болсон үйл явдлыг хангалттай мэдүүлсэн. Мөн гэрч нар хамгийн өндөр нь А  байсан талаар ч мөн мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

2013 оны 4 дүгээр сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Галакси Их хайрхан” нэртэй амралтын газарт шүүгдэгч Г.А нь согтуугаар бусадтай маргалдах явцдаа иргэн Б.Эрдэнэчимэгийн баруун нүд рүү цохиж, түүний биед “...баруун нүдний алимны хүнд зэргийн доргилт гэмтлийн улмаас хүүхэн харааны сэтрэлт, гэмтлийн дараах болорын цайлт, хүүхэн харааны томрол, шар толбоны нөсөөт сорвижилт тэжээл хувирлын өөрчлөлт, баруун нүдний хараагүйдэл...” гэсэн хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Б.Эрдэнэчимэгийн хэрэгт анх 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр буюу хэрэг болсны маргааш мэдүүлсэн “...нэг өндөр шар царайтай залуу үг хэлэлгүй нүүрэнд гараараа цохисон, охидууд нь үсдээд байсан санагдаж байна. ...Тэгээд л удалгүй цагдаа нар ирсэн...” /хх 11/, хохирогчоор мэдүүлсэн “...Цагаан цамцтай охин миний үснээс “тавиач” гэхээр нь “зэрэг тавья” гэж зэрэг үсээ тавиад өндийсөн чинь баруун гар талаас их хүчтэй цохисон. Уг залуугийн царайг хараагүй боловч надаас өндөр залуу цохисон. Уг залуу намайг цохьчихоод юу ч яриагүй. Би уг залууд цохиулаад тэнгэр хараад унасан...” /1 хх 17-18/, мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд удаа дараа мэдүүлсэн “...нүдэнд учирсан гэмтлийг Г.А учруулсан...” гэх мэдүүлгүүд /1 хх 130-131, 219/,

өөрийг нь зодсон залууг хохирогч Б.Эрдэнэчимэг хэрэг болсон өдөр хараад таньж байсан болохыг мэдүүлсэн гэрч М.Лхасүрэнгийн “...Тэр үед цагдаа авч явсан өндөр залууг зодсон гэж Эрдэнэчимэг надад ярьж байсан юм. Бусдаасаа өндөр нуруулаг залуу байсан. Царай төрхийг нь орой байсан учир сайн харж амжаагүй юм. Цагдаа нартай тэр өндөр залуу, өөр бас нэг залуугийн хамт авч явсан юм...” /2 хх 15/,

гэрч Б.Наранчимэгийн “...Намайг гэрт ороход Б.Эрдэнэчимэгийн баруун нүд нь хавдсан, хамраас нь цус гарсан, гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байсан. Н.Эрдэнэчимэг “намайг нэг өндөр залуу хүрч ирээд өшиглөсөн” гэж ярьж байсан. ...” /1 хх 22-23/,

гэрч Б.Ууганбаярын “...Лхасүрэн хүрч ирээд “Эрдэнэчимэг тэнд цохиулсан байна” гэхээр нь гэрийн хаяанд байгаа Эрдэнэчимэг дээр очиход баруун талын нүдний орчим хавдсан ил харагдах гэмтэл шарх харагдсан. ...” /1 хх 26-27/,

гэрч Э.Ганзоригийн “...Миний санаж байгаагаар тэд байсан хэдээсээ хамгийн өндөр нь, нилээн согтуу нь “ална тална” гээд байсан. Бид нар ч дээрэлхүүлэхгүйг бодоод маргалдаад энэ тэнд хэсгээрээ маргалдсан. Бид нар тэр хэдийг өмнө нь танихгүй. Амралтын газар байхдаа өмнө маргалдсан зүйл байхгүй. Би тэнд байсан банди нартай зодолдоогүй. Маргаан болж байхад Эрдэнэчимэг хажууд байхаар нь гэрт оруулаад “битгий гарч ир” гэж хэлээд буцаж гараад нэг харахад гарч ирсэн харагдсан. Би тэнд байсан залуучуудтай маргалдаад явж байсан чинь Эрдэнэчимэг гэрийн хаяа налчихсан сууж байхаар нь очоод хартал нүдний баруун тал нь битүү хавдсан, нүд нь аньсан харагдахаар нь уурлаад “эмэгтэй хүн зодсон байна” гэж бид хэд тэнд байсан залуучууд руу дайрахад амралтын газрын зохион байгуулагч хүүхэн гарч ирээд тэр хэдийн байсан гэрийн хаалгыг хаагаад үүдэн дээр нь бид нарыг ойртуулахгүй зогсоод байсан. ...” /1 хх 32-34/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Эрдэнэчимэгийн биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. ...” гэсэн 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн №4740 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 53/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шүүх эмнэлгийн үзлэгийн №4740 тоот акт үндэслэлтэй ба үндэслэлгүй эсэхийг шинжээч эмч тогтоохгүй болно. Тухайн үед хохирогчийн нүдний гэмтэл, эмгэг оношлогдоогүй байжээ. Б.Эрдэнэчимэгийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны доргилт, болорын цайлт, торлогийн хаван, харааны бууралт бүхий гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд дэс дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх баруун нүдний гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл бөгөөд цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Хиймэл болор суулгах мэс засал хийлгэх шаардлагатай бөгөөд мэс заслын дараа нүдний хараа сайжрах магадлалтай. ...” гэсэн 2013 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 453 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 80-82/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 4140 дугаартай дүгнэлт, 2013 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 453 дугаартай дүгнэлтүүд нь тухайн үедээ үндэслэлтэй гарсан байна. Б.Эрдэнэчимэгийн биед баруун нүдний алимны хүнд зэргийн доргилт гэмтлийн улмаас хүүхэн харааны сэтрэлт, гэмтлийн дараах болорын цайлт, хүүхэн харааны томрол, шар толбоны нөсөөт сорвижилт тэжээл хувирлын өөрчлөлт, баруун нүдний хараагүйдэл зэрэг өөрчлөлт үүссэн байна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх 2013 оны 4 дүгээр сарын 12-нд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 35%-иар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Б.Эрдэнэчимэгийн эмнэлгийн бичиг баримтанд архаг өвчин бичигдээгүй байна. ...” гэсэн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 300 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 116-118/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...2013 оны 4 дүгээр сарын 16-ны 4740 дугаартай дүгнэлт, 2013 оны 7 дугаар сарын 2-ны 453 дугаартай дүгнэлтүүд нь тухайн үедээ үндэслэлтэй байна. Б.Эрдэнэчимэгийн биед баруун нүдний алимны хүнд зэргийн доргилт гэмтлийн улмаас хүүхэн харааны сэтрэлт, гэмтлийн дараах болорын цайлт, хүүхэн харааны томрол, шар толбоны нөсөөт сорвижилт тэжээл хувирлын өөрчлөлт, баруун нүдний хараагүйдэл зэрэг өөрчлөлт үүссэн байна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх 2013 оны 4 дүгээр сарын 12-нд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 35%-иар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Б.Эрдэнэчимэгийн эмнэлгийн бичиг баримтанд архаг өвчин бичигдээгүй байна. ...” гэсэн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1099 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 хх 16-18/ зэрэг хэрэгт бэхжүүлэгдсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөн 2013 оны 4 дүгээр сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Галакси Их хайрхан” нэртэй амралтын газарт шүүгдэгч Б.С , Э.У  нар нь согтуурсан үедээ бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, хүч хэрэглэн иргэн Б.Эрдэнэчимэгийг зодож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан болох нь:

хохирогч Б.Эрдэнэчимэгийн “...Цахилгаантай цагаан цамцтай охин л над руу дайраад байсан. Намайг гайхаад зогсож байтал ...намайг үсдээд авахаар нь адилхан үснээс нь зулгаасан. Тэгтэл баруун гар талаас дахин нэг охин орж ирээд намайг түлхсэн чинь би газар унасан. Уг охин ямар хувцастай байсныг нь мэдэхгүй. Цагаан цамцтай охин миний үснээс “тавиач” гэхээр нь “зэрэг тавья” гэж зэрэг үсээ тавиад өндийсөн чинь баруун гар талаас их хүчтэй цохисон. ...уг охин үсээ хойшоо боосон харагдсан. Шардуу царайтай охин байсан. Би хараад биеийнх нь ерөнхий байдлаар танина. ...” /1 хх 17-18/, “...С  нь надад хандан чи яах гээд байгаа юм бэ, чи юу гэж хэлээд миний үснээс үстэж зулгаагаад барьсан. Тэгэхээр нь би С ын адилхан үснээс нь үстэж аваад бид нар хоорондоо үсдэлцсэн. Тэгэхэд У  нь бид хоёрын хажуунаас орж ирж, миний үснээс барьж аваад намайг хавсарч газар унагаасан. Ингээд намайг газар унахад миний баруун талын бөөр рүү У  өшиглөсөн. ...Эсрэг талын нэг охин сүүлд нэрийг мэдсэн туранхай охин С  “чи юу юм, гичий минь” гэж дайрсан. Нэг банди хориглосон боловч гарыг түлхээд над руу дайрч ирээд үснээс үстэж зулгаасан, би зөрүүлээд үснээс нь үстсэн, би тавь гэсэн тавихгүй байсан. С  зэрэг тавина гээд байсан. Тэгсэн баруун хажуу талаас сүүлд нэрийг мэдсэн У  намайг хавирч унагаад газарт би баруун хажуугаар унаад өнхөрч дээр доороо орсон. Ингээд дээшээ харсан байдалтай С тай үсдэлцэж байхад баруун хажуугаан А  миний баруун нүдэнд хүчтэй цохисон. Би толгой эргэж, болж байгаа зүйлээ санахгүй нэг хэсэг болсон. Гэрийн зүүн хойд хэсэгт гэрийг налаад суусан. Лхасүрэн намайг хараад “манай охиныг цохиод зодсон байна” гэж орилоод байсан. ...” /1 хх 219/, “...8 дугаартай охин над руу түрүүлж дайраад миний захнаас татаад үсдсэн охин юм. 8 дугаартай охин Батболдын С  гэж охин байсан. ...” /2 хх 38/,

Б.С ыг өөрийг нь үсдсэн охин байна гэж хохирогч Б.Эрдэнэчимэг заасан болохыг бэхжүүлсэн  таньж олуулах ажиллагааны тэмдэглэл / 1 хх 70-71/,

гэрч Ж.Отгон-Өлзийгийн “...Гадаа гэрийн ойролцоо хүмүүс хэсэг хэсгээрээ маргалдаад байж байсан тул манай хэдээс хэн хэн нь хаана эсрэг талын ямар хүмүүстэй маргалдаж байсныг нь мэдэхгүй байна. ...” /1 хх 35-36, 141 /,

гэрч Б.Жавхлангийн “...охидуудаас Уянга, С  хоёр эсрэг талын 2 охинтой маргалдаад байсан. ...” /1 хх 48-49, 139/,

Г.А-ын сэжигтнээр мэдүүлсэн “...Маргааш өглөө нь У  нөгөө охидууддаа зодоонд оролцсон гэж хэлэхгүй шүү за гээд байсан. ...Би У ийг хүн цохиж байхыг хараагүй ба У  хүнтэй зодолдсон талаар би мэдсэн. Учир нь, У  үсээ бариад үзүүлээд байсан. ...” 1 хх 166 тал/,

Б.С ын сэжигтнээр мэдүүлсэн “...би гартал гэрийн хажууд У  нэг охинтой үсдэлцээд байж байсан. ...Дараа нь нэг охин намайг үсдэж зулгаагаад нуруу өшиглөж байхад нэг охин болиоч гээд салгасан. Намайг өшиглөж байсан хүн нь У  байсан. ...”  /1 хх 212/,

Э.У ийн сэжигтнээр мэдүүлсэн “...гэрийн зүүн талд гурван эмэгтэй үсдэлцээд зууралдаад байж байсан. Би цаашаа харчихсан байсан охиныг үсдээд татсан. Найз С  байсан. Тэр гурвын нэг нь бас Уянга байсан. ...” /1 хх 222/  гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “...Б.Эрдэнэчимэгийн биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. ...” гэсэн №4740 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 53/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “...2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 4740 дугаартай дүгнэлт ...тухайн үедээ үндэслэлтэй байна. ...” гэсэн 1099 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 хх 16-18/ зэрэг хэрэгт бэхжүүлэгдсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Г.А-ын 2013 оны 4 дүгээр сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Галакси Их хайрхан” нэртэй амралтын газарт согтуугаар бусадтай маргалдах явцдаа иргэн Б.Эрдэнэчимэгийн баруун нүд рүү цохиж, түүний биед “...баруун нүдний алимны хүнд зэргийн доргилт гэмтлийн улмаас хүүхэн харааны сэтрэлт, гэмтлийн дараах болорын цайлт, хүүхэн харааны томрол, шар толбоны нөсөөт сорвижилт тэжээл хувирлын өөрчлөлт, баруун нүдний хараагүйдэл. ...” гэсэн хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжтэй гэж,

шүүгдэгч Б.С , Э.У  нарын 2013 оны 4 дүгээр сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Галакси Их хайрхан” нэртэй амралтын газарт бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, хүч хэрэглэн иргэн Б.Эрдэнэчимэгийг зодож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах “ гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан. ...” гэмт хэргийн шинжтэй гэж тус тус дүгнэж, Г.А, Б.С , Э.У  нарын тус тус  үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар уг гэмт хэргийг үйлдсэнээс хойш таван жил өнгөрч, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Б.Энхбаяр нар “...хохирогч Эрдэнэчимэгийн нүдийг А  гэмтээсэн гэдэг нь нотлогдоогүй тул цагаатгаж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч Б.С ын өмгөөлөгч М.Алтанцэцэг “... Шүүгдэгч Б.С ын гэм буруутайг нотолсон нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй тул С д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Шүүгдэгч Г.А-ын нүдэн тус газар нь хүчтэй цохисон цохилтын улмаас баруун нүд нь хараагүй болсон талаараа хохирогч Б.Эрдэнэчимэг Г.А-ын нэрийг мэдсэнээс хойш нэрлэн мэдүүлж байсан бөгөөд гэрч М.Лхасүрэн “...Тэр үед цагдаа авч явсан өндөр залууг Эрдэнэчимэг надад зодсон гэж ярьж байсан юм. Бусдаасаа өндөр нуруулаг залуу байсан. Царай төрхийг нь орой байсан учир сайн харж амжаагүй юм. Цагдаа нартай тэр өндөр залуу, өөр бас нэг залуугийн хамт авч явсан юм. ...” /2 хх 15/, гэрч Б.Наранчимэг “...Намайг гэрт ороход Б.Эрдэнэчимэгийн баруун нүд нь хавдсан, хамраас нь цус гарсан, гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байсан. Н.Эрдэнэчимэг “намайг нэг өндөр залуу хүрч ирээд цохисон” гэж ярьж байсан. ...” /1 хх 22-23/ гэж хохирогч Б.Эрдэнэчимэг өөрийнх нь нүд орчим нь хэн цохисон болохыг хэрэг болсон тухайн цаг хугацаанд мэдэж, хэлж байсан талаар нотлон мэдүүлсэн байна.

 

Мөн хохирогч Б.Эрдэнэчимэг нь хэрэгт анх асууж авсан тайлбараар мэдүүлэг, удаа дараа хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэгтээ “...шүүгдэгч Б.С  өөр рүү нь дайраад үсдсэн, хажуу талаас нь бас нэг охин /Э.У / хавсарч унагаж, бие рүү нь цохисон...” гэж мэдүүлсэн ба хохирогчийн энэхүү мэдүүлэг нь шүүгдэгч Б.С , Э.У  нарын өөрсдийнх нь бусадтай маргалдан, үсдэлцсэн талаарх мэдүүлгүүд, гэрч Б.Жавхлангийн “...охидуудаас Уянга, С  хоёр эсрэг талын 2 охинтой маргалдаад байсан. ...” /1 хх 48-49, 139/, Г.А-ын сэжигтнээр мэдүүлсэн “...Маргааш өглөө нь У  нөгөө охидууддаа зодоонд оролцсон гэж хэлэхгүй шүү за гээд байсан. ...Би У ийг хүн цохиж байхыг хараагүй ба У  хүнтэй зодолдсон талаар би мэдсэн. Учир нь, У  үсээ бариад үзүүлээд байсан. ...” /1 хх 166/ гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Б.Энхбаяр, шүүгдэгч Б.С ын өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Б.Энхбаяр, шүүгдэгч Б.С ын өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус   хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ