| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2020/0175/э |
| Дугаар | 2020/ШЦТ/187 |
| Огноо | 2020-12-22 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2020/ШЦТ/187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа,
улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл,
шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х ургийн овогт Дийн Гд холбогдох 2035001390168 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг 23-14 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х ургийн овогт Дийн Г, регистрийн дугаар: ОЖ86122221.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 2-64 айлын орон сууцны арын хатуу хучилттай авто зам дээр өөрийн нөхөр Д.Гийн эзэмшлийн 95-31 УВХ улсын дугаартай “Тоёота Приус-20 маркийн автомашиныг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 12.3-т заасныг зөрчсөний улмаас иргэн Ц.Ц болон түүний тэвэрч явсан бага насны хүүхэд /10 сар 25 хоногтой/ О.Е нарыг мөргөж зам тээврийн осол гаргаж бага насны хохирогч О.Е эрүүл мэндэд хүнд хохирол, иргэн Ц.Ций эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр 2035001390168 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ций зөрчлийн болон мөрдөн шалган шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн: “Би тухайн өдөр Улаангом сумын 3 дугаар багийн нутагт хүү О.Е эмнэлэгт үзүүлээд “Бадамлянхуа” эмнэлгийн хажуугийн замаар “Цэлмэг” дэлгүүрийн арын замаар гарч эмийн сангаас эм авч хүүхдэдээ хийлгэхээр замаар гарч явтал миний баруун талаас “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэл ирээд намайг мөргөж газар унагаасан. Тухайн үед би газар унасан ба жолооч нь бууж ирээд намайг болон хүүхдийг босгож аваад эмнэлэгт хүргэж үзүүлсэн. Би замаар гарч явахад цагаан өнгийн машин миний хажуугаар зөрөөд явсан. Тэгээд би баруун тал руугаа харахад машин байгаагүй тул замаар гарсан. Машин ирж байгааг хараагүй. Зам тээврийн ослын улмаас миний биед өвдөж байгаа зүйл гэвэл баруун хөлний шагайгаар өвдөөд, баруун хөлний том гуя хэсгээр өвдөөд байгаа. Хүү О.Е биед толгой хэсэгт гавлын ясанд цууралттай, цус хуралттай, яс бяцралттай гэж эмч хэлсэн. ...Явган хүний гарцан дээр явж байтал яасан нь мэдэхгүй хажуунаас машин ирээд хүү бид хоёрыг мөргөсөн. Мөргүүлсэн даруйд манараад ухаан алдаад газарт унасан. Тэр дороо сэргэсэн чинь нэг эмэгтэй намайг “эгчийн дүү тайван бай, эмнэлэг оръё” гэж хэлж байсан ба босоод харсан чинь хүү маань байхгүй байсан. Миний хажууд байсан эмэгтэй намайг дайрсан машины жолооч байсан ба жолооч эмэгтэйгээс “миний хүүхэд яасан бэ?” гэж асуусан чинь “дүү чинь ирээд эмнэлэг аваад орсон” гэж хэлсэн. Хүүгийнхээ араас жолооч эмэгтэйн хамт эмнэлэг орсон чинь дүү болон хүү хоёр нэгдсэн эмнэлгийн 103 дээр байсан. Хүүг 103-ын эмч нар үзэж байсан байх. Намайг 103 руу оронгуут надад бас эмч нар анхан шатны тусламж үзүүлж орон дээр хэвтүүлсэн. Тэгэхэд л миний хөл гэмтсэн байсныг мэдсэн. Мөргүүлсэн даруйдаа ухаан санаа балартсан, хүүхэд маань байхгүй байсан болохоор эмнэлэг рүү хөлөө гэмтсэнээ ч мэдэхгүй жолооч эмэгтэйд түшүүлээд орсон байсан. ...Улмаар хүү бид хоёрыг гэмтлийн тасагт хэвтүүлж эмчилгээ хийж эхэлсэн. Хүү маань санасныг бодоход гайгүй байсан. Үүнд л би баярласан. Жолооч эмэгтэй хүү бид хоёртой цуг эмнэлэгт байж тусламж үзүүлсэн. Таван хоног гэмтлийн тасагт эмчилгээ хийлгэж байгаад эмнэлгээс гарсан. ...Одоогоор миний баруун талын хөл өвдөлт ихтэй таяг тулж явж байна. Харин хүү маань байнгын толгойгоо сэгсэрч уйлаад толгойны үсээ өөрөө гараараа татаад байгаа. Өдрөөс илүү шөнийн цагт хүү маань уйлаад байгаа. ...Хүүгээ Улаанбаатар хот руу авч явж үзүүлье гэж бодож байгаа. Үүний зардлыг хүү бид 2-ыг мөргөсөн жолоочийн зүгээс гаргаж өгөөсэй л гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 88-89-р хуудас/,
2. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ций мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Би хүү О.Е хамт 2020 оны 10 дугаар сарын 05-нд онгоцоор Улаанбаатар хот руу дахин шинжилгээ өгөх, эмчид үзүүлэхээр очсон. Хотод очоод хүү бид хоёр хоёулаа Гэмтлийн эмнэлгийн эмч нарт үзүүлсэн. Төлбөртэй эмнэлэгт очиж зураг авахуулж, шинжилгээ хийлгэсэн. Тэгэхэд осолд орсны дараа аймгийн эмч нарт үзүүлэхэд гарсан гэмтэл, бэртлүүд адилхан байсан. Тийм болохоор дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж үзэж бүх баримтуудыг гаргаж өгч байгаа нь энэ юм. Хот явахаас өмнө эмийн сангаас авч байсан баримтууд уг баримтад бас орсон байгаа. Мөн эм, эмчилгээнээс гадна идэж уух хоол унд, унааны зардал зэргийн баримтууд орсон байгаа. Би хотод очиж гэмтсэн хөлөндөө гипс хийлгэсэн. Бас хүү бид хоёр эм нь эмчилгээ бичүүлсний дагуу эм ууж байгаа. Хүү бид хоёр хот руу явахдаа хүнээс 1.000.000 төгрөг зээлж авч явсан. Уг мөнгөөр эмчилгээ, шинжилгээ зэргийг хийлгэсэн. Учирсан хохирлоо барагдуулж авмаар байна. Хүү маань уйлсан хэвээр байгаа. Эм ууж байгаа ч гэсэн уйлдаг нь хэвээр болохгүй байгааг бодохоор ослын улмаас үүссэн гэмтэл нь одоо ч гэсэн зовоож байгаа юм шиг байна. ...Урьд өгсөн мэдүүлэгт би Улаанбаатар хот руу явахдаа хүнээс 1.000.000 төгрөг авсан гэж буруу бичүүлсэн байна. Үүнийг залруулмаар байна. Би өөрийн хамаатны Л гэгч хүнээс 2.000.000 төгрөг зээлж авсан. Баримт нь байгаа. Би яг 2.000.000 төгрөг авсан. Түүнийг хүүтэй нь төлж байгаа. Сарын 1.8 хувийн хүүтэй. Өөрийн хамаатан Л гэх хүнээс авсан. Би Улаанбаатар хот руу явах гээд малчны болон цалингийн зээлтэй учраас зээл гарах боломжгүй байсан тул хувь хүнээс зээл аваад өөрийгөө болон хүүхдээ үзүүлэхээр Улаанбаатар хот руу яваад Гэмтэл согог судлалын төвд эмчлүүлсэн. Мөн тухайн үед би хөлөө бас гэмтээсэн учир эмнэлэгт хэвтэх боломжгүй, хүүхэд маань хөхүүл учраас гадуур эмчилгээ хийлгэсэн. Уг 2.000.000 төгрөгөөс гадна гаргаж өгсөн баримтыг үндэслэн хохирлыг нэхэмжилж байна. Цаашид ч эмчилгээ хийлгэх шаардлагатай. ...Би маш их гомдолтой байгаа. Хүүхэд болон миний эрүүл мэндэд гэмтэл учруулчхаад надад учирсан хохирлыг төлөөгүй байгаа, эргэж ирээгүй, хүүхэд болон миний биеийн байдлын талаар асууж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлээгүй тул гомдолтой байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 90, 91-92-р хуудас/,
3. Гэрч Ц.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тухайн өдөр гэртээ байж байтал миний эгч Ц.Ц намайг эмнэлэг рүү хамт яваад ирье гэж гуйхаар нь би цуг явсан. Тухайн үед эгч маань хүүхдээ эмчид үзүүлэхээр явж байсан. Бид гурав мотоциклоор эмнэлэг рүү явсан ба эмнэлэгт дөхөж ирээд “Мандал” гэх дэлгүүрийн гадна зогсоод эгчийг хүүхэдтэй нь буулгасан. Би дэлгүүрийн гадна тэр хоёрыг хүлээгээд үлдсэн юм. Тэгээд нэлээн удаан хүлээгээд байж байтал таксины жолооч нар “тэнд хүн дайруулчихлаа” гээд шуугилдаад эхлэхээр нь би хүн дайруулсан гэх газар буюу таксины зогсоолын ойролцоох явган хүний гарц руу дөхөж очоод “яасан юм бол” гээд сонирхоод харах гэтэл уг дайруулсан хүн нь миний эгч, дүү хоёр байсан. Намайг анх харахад эгч нэг хүнээр түшүүлсэн байдалтай газраас босох гэж байсан. Харин эгчийн хүүхдийг өөр эмэгтэй тэврээд зогсож байсан. Би сандраад тэд нар луу гүйж очсон чинь эгчийг мөргөсөн машин нь Приус маркийн машин байсан. Уг машинаас нэг эгч бууж ирээд “Би дайрчихлаа, дүүгээ хурдан эмнэлэг рүү аваад ор” гэхээр нь би дүүгээ аваад шууд эмнэлгийн 103 руу гүйгээд орсон. Тэгээд эмч нарт дүүгээ үзүүлэх гээд болсон зүйлийг хэлж байтал гаднаас 103 руу жолооч эмэгтэй миний эгчийг түшээд ороод ирсэн. Ингээд эгч дүү хоёр маань эмнэлэгт үзүүлсэн. Тухайн үед эгчийн хөл нь доголсон уйлсан байдалтай, эгчийн хүүхэд уйлсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94-р хуудас/,
4. Гэрч Ц.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр дүү Тайван утсаар яриад “Эгч машинд мөргүүлчихлээ, бичиг баримтыг нь аваад 103 дээр хүрээд ир” гэж хэлсэн. Эмнэлэг явах замдаа хүргэн ах Отгонхүүгийн ажил руу очиж болсон явдлыг хэлээд “гэртээ хариад хувцсаа солиод ир” гэж хэлээд эмнэлэг явсан. 103 дээр очиход эгч хэвтсэн тариа хийлгэж байсан. Дүү Тайван эгчийн хүүхдийг тэвэрчихсэн байсан. Удалгүй хүргэн ах Отгонхүү бас эмнэлэгт ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 95-р хуудас/,
5. Гэрч Ш.Огийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр цемент буулгах ажил хийж байтал дүү Отгонбаяр над дээр ирээд “Танай хоёр осолд орсон гэнэ” гэж хэлээд явсан. Би араас нь удалгүй эмнэлэг ороход эхнэр орон дээр хэвтсэн байсан. Хүүг маань Отгонбаяр тэвэрчихсэн байсан. Хүү, эхнэр хоёр гэмтэж бэртсэн байдалтай байсан. Намайг ажил хийхээр явахад эхнэр, хүү хоёр маань эрүүл саруул байсан. Харин хүү маань өглөө ханиалгаад байсан тул эхнэр эмнэлэг авч явж үзүүлнэ гэж байсан. Тэгээд эмнэлэг явахдаа машинд мөргүүлээд гэмтсэн байсан. Эхнэр энэ гэмтлээс болоод таяг тулсан, хүү маань шөнөдөө уйлаад байгаа. Би эхнэр хүүхдээ асраад гэртээ л байж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 96-р хуудас/,
6. Гэрч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би хэвтрийн дэглэм сахиж байгаа бөгөөд гэр орны ажил бараг хийгдэхгүй болсон. Энэ хугацаанд эхнэр Г нь хүүхдүүдээ харах давхар гэрийн гадна дотор ажил амжуулж хийх болсон. 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр эхнэр сургуульд хүүхдээ хүргэж өгөхөөр машин аваад явсан. Ингээд 16 цаг өнгөрч байхад эхнэр над руу утсаар яриад “Би хүн мөргөчихлөө, эмнэлэг дээр байна. Хурдан хүрээд ир” гэж хэлсэн. Ингээд яаралтай эмнэлэг дээр очиход мөргүүлсэн эмэгтэй орон дээр хэвтсэн байсан. Хүүхдийг нь хамаатных нь хүн тэвэрсэн байсан. Эхнэр бид хоёр мөргүүлсэн эмэгтэй болон хүүхдэд хамаг анхаарлаа хандуулж эмч нарт үзүүлж зураг авхуулах, эм тариа авч өгсөн. Мөн гэмтлийн тасагт хэвтүүлж, цаг алдалгүй эмчилгээ хийлгүүлсэн. Тогтмол эргэж, хоол цай зөөж, шаардлагатай эм тариаг нь авч өгч тусалж байсан. Эмнэлгээс гарсны дараа мөргүүлсэн эмэгтэйн гэрт бариач авч очиж уламжлалт бариа хийж өгсөн. Эхнэр маань 2020 оны 6 дугаар сарын 04-нд төрсөн ба одоо 3 сартай нярай хөхүүл хүүхэдтэй. Мөргүүлсэн эмэгтэйн зүгээс хүүхдээ аваад Улаанбаатар хот руу явна гэснийг дэмжиж байгаа ба өөрсдийн унаагаар хот руу авч яваад бүх эмчилгээг нь хийлгээд шинжилгээг нь өгүүлээд ирье гэж хэлсэн. Гэтэл машинаар явахгүй онгоцоор л явна гээд дургүйлхээд байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 97-р хуудас/,
7. Гэрч Ц.П /Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн тасагт эмч/-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тэр өдөр 16 цаг өнгөрч байхад гаднаас нялх хүүхэдтэй хүн орж ирээд хүүхдээ машинд мөргүүлчихлээ гэж хэлэхээр нь хүүхдийг үзэж байтал араас нь доголсон, хөлөө чирсэн байдалтай эмэгтэй орж ирсэн. Хүүхдийг үзэхэд уйлагнасан, тайван бус, ханиалгасан байдалтай байсан. Биеийг үзэхэд орчиндоо харьцаатай, ухаантай, гар хөлөө чөлөөтэй хөдөлгөсөн, зүрхний авиа тод, уушги хоёр талд цулцангын ширүүвтэр амьсгалтай, хэвлий зөөлөн, эмзэг бус, хэсэг газрын үзлэгт хүүхдийн толгойн дагзны хэсэгт хуйхан дор хавдаж хавантай болсон байсан. Ээжийг нь үзэхэд баруун хөл хавдсан гишгэж чадахгүй чирсэн, биеийн ерөнхий байдал дунд, амин үзүүлэлт тогтвортой байсан. Ээжид нь хөлний зураг авхуулж, өвчин намдааж хэвтрийн дэглэм сахиулсан. Хүүхдэд бүх шинжилгээг хийлгэж гэмтлийн тасагт хэвтүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99-р хуудас/,
8. Шинжээч ЗЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.Эрдэнэболдын гаргасан: “Д.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д зааснаар “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.3-д зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Д.Г нь 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 95-31 УВХ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргахдаа жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан байна. /Тайлбар: Иргэн Д.Ггийн ОЖ86122221 регистрийн дугаараар Тээврийн цагдаагийн албаны TPS программаар шалгаж үзэхэд 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Д.Гд жолооны үнэмлэх олгогдсон гэж гарсан байна/. Явган зорчигч Ц.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. Осол гарахад хүргэсэн шалтгаан нь Д.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна” гэх 82 дугаартай дүгнэлт /хх-ийн 108-р хуудас/,
9. Шинжээч Ц.Эрдэнэболдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тээврийн цагдаагийн албаны TPS программ буюу жолоочийн лавлагаа, мэдээлэл гаргах программаар Д овогтой Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхийг шалгаж үзэхэд 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Д.Гд “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгосон байсан. 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Д.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, жолоодох эрхийн үнэмлэх олгогдоогүй байхад тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаад зам тээврийн осол гаргасан байсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь ослын маргааш буюу 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр олгогдсон байна” гэх мэдүүлэг /хх-ийн 111-р хуудас/,
10. Увс аймгийн Автотээврийн төвийн ТХТХ-ийн үзлэгийн инженер шинжээч Б.Адъяагийн гаргасан: “95-31 УВХ улсын дугаартай, MHW207724829 арлын дугаартай ногоон өнгийн, 2007 онд үйлдвэрлэгдсэн “Toyota” маркийн “Prius-20” загварын Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн иргэн ОЭ84051514 регистрийн дугаартай Давааням овогтой Ганзоригийн өмчлөлийн автомашинд дараах эвдрэл гэмтэл гарсныг комисс үзэж шалгаж тогтоов. Үүнд уг авто машины зүүн талын крилоны арын дээд өнцөгт 10х5см-ийн хэмжээтэй хонхойлт үүссэн байв. 95-31 УВХ улсын дугаартай, MHW207724829 арлын дугаартай ногоон өнгийн, 2007 онд үйлдвэрлэгдсэн “Toyota” маркийн “Prius-20” загварын автомашины тормоз хэвийн ажиллаж байв” гэх 14 дугаартай дүгнэлт /хх-ийн 117-118-р хуудас/,
11. Камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-17-р хуудас/,
12. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн: “1. Үзүүлэгч О.Е биед гэмтэл учирсан байна. 2. Дагзны ясны баруун хэсгийн сэлтэрсэн хугарал, тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. 4. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 5. Дагзны ясны баруун хэсгийн сэлтэрсэн хугарал, тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. 6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх 591 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-24-р хуудас/,
13. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн: “1. Үзүүлэгч Ц.Ций биед гэмтэл учирсан байна. 2. Баруун шилбэний шагайн үений гадна, дотор хавчаар ясны далд хугарал, баруун шилбэ, тавхайд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл учирсан байна. 3. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 5. Баруун шилбэний шагайн үений гадна, дотор хавчаар ясны далд хугарал, баруун шилбэ, тавхайд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. 6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх 592 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-30-р хуудас/,
13. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 41-44-р хуудас/,
14. Хохирол төлбөрийн баримтууд /53-57, 60-68-р хуудас/
14. Дүрс бичлэгт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 77-79-р хуудас,
15. Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 81-83-р хуудас/,
16. Шүүгдэгч Д.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 16 цагийн үед өөрийн 1 дүгээр ангид сурдаг хүүхэд Г.Номинг сургуульд нь хүргэж өгөөд буцаад Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах Солонго төвийн урд талын хэсэгт ногоо зардаг газраас хүнсний ногоо авахаар Тэнгэр бөөний төвийн дөрвөн замын уулзвараар зүүн тийшээ Бадамлянхуа эмнэлгийн чиглэлд явж байсан. Тэр үед манай нөхөр Ганзориг нурууны хагалгаанд ороод хэвтрийн дэглэм сахиж байсан, мөн би 3 сартай хүүхдээ нөхөртөө харуулаад үлдээчихсэн байсан тул яарч явсан бөгөөд Бадамлянхуа эмнэлгийн урд талын замаар зүүн тийшээ Солонго төв чиглэлд явж байгаад явган хүний гарцаар хүүхэд тэвэрсэн эмэгтэй хүн болох Ц.Цийг эсрэг урсгалаас орж ирж байгааг хараад амжаад гарна гэж бодсон боловч автомашины зүүн талын крыло хэсгээр мөргөж унагасан. Тухайн үед би осол гарсны дараагаар автомашинаа зогсоож машинаасаа бууж харахад хүүхдээ тэврээд засмал зам дээр уначихсан. Хүүхдийг би авч тэврээд хажууд байсан танихгүй эмэгтэйд хүүхдийг тэврүүлээд ээжийг нь өргөж босгоод дагуулаад эмнэлэг рүү орсон. Хүүхэд тэвэрч байсан эмэгтэйгээс Ц.Ций дүү гэх эрэгтэй хүүхдийг аваад эмнэлэг рүү явсан. Эмнэлэгт оруулаад хүүхдийн гавлын ясны зураг, Ц.Ций хөлний ясны зургийг авхуулсан. Түүний дараа компьютер томографикт хүүхдийг /О.Е/ оруулсан. Тэгээд эмнэлэгт хэвтүүлсэн. Тухайн орой нь би хүүхдэд памперс, ээжид нь өвчин намдаах эм, ундаа, нухаш авч өгчхөөд шөнө буюу 2020 оны 9 дүгээр сарын 12-ны 01 цагийн үед гэртээ харьсан. ...Би эрүүл байсан. Үйлдсэн хэрэгтээ харамсаж байна. Өөрийн буруутай үйлдлийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулсандаа гэмшиж, харамсаж байна. ...Хохирлын мөнгө өгөх гэсэн боловч дансаа өгөөгүй, хоорондоо ярилцаж байгаад болно, эргээд холбогдоно гэж хэлээд над руу холбогдоогүй. Мөн миний өөрийн амьдрал тийм ч боломжтой байгаагүй. Нөхөр маань 3 удаа хагалгаанд орчихсон. Эдийн засгийн боломж тааруу байсан. Хэдэн төгрөг бүрдүүлээд өгөх гэхэд Цэвээн бага мөнгө өгөх гэж байна гэж буруу ойлгосон байсан. Улаанбаатар хот руу явж нарийн шинжилгээ өгнө гэхээр нь өөрсдийн машин унаагаар аваад явъя гэхэд татгалзаж онгоцоор явна гэсэн. ...Би боломжоороо мөнгөө цуглуулж, хүнээс мөнгө төгрөг зээлж байгаад хохиролд 925.000 төгрөгийг өгсөн. Одоо цаашид өөрт нь болон хүүхдийн эмчилгээнд гарсан зардлыг гаргаж өгнө гэж бодож байгаа. Хүүхдийг эрүүл саруул болтол нь анхаарч үзнэ гэж бодож байна. Иймд миний хувийн байдал, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 130-132-р хуудас/-үүд зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдолтой, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч Д.Ггийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 2-64 айлын орон сууцны арын хучилттай авто зам дээр 95-31 УВХ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашиныг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 12.3-д заасныг зөрчсөний улмаас иргэн Ц.Ц болон түүний тэвэрч явсан хүүхэд болох 10 сар 25 хоногтой хохирогч О.Е нарыг мөргөж зам тээврийн осол гаргаж, бага насны хохирогч О.Е эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Ц.Ций эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан хэргийн үйл баримт болжээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “Зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах”-ыг зам тээврийн осол гэж тодорхойлсон.
Шүүгдэгч Д.Ггийн гаргасан үйлдэл нь дээрх хуульд тодорхойлсон зам тээврийн осол мөн бөгөөд энэ талаар шинжээч, ЗЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.Эрдэнэболдын гаргасан “Осол гарахад хүргэсэн шалтгаан нь Д.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна” гэх 82 дугаартай дүгнэлт /хх-ийн 108-р хуудас/ нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүн”-ийг жолооч гэж тодорхойлсон байх тул шүүгдэгч Д.Гг жолооч гэж үзэх бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ зам тээврийн осол гаргасан гэж дүгнэлээ.
Учир нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээллийн хуудас /хх-ийн 14-р хуудас/-аар шүүгдэгч Д.Г нь “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, жолоочийн эрхийн үнэмлэх 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр олгогдсон байх ба энэхүү үнэмлэх олгогдсон хугацаанаас нэг хоногийн өмнө буюу 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр зам тээврийн осол гаргасан байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн, Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч нь энэхүү дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр хохирол учруулсан байна.
Өөрөөр хэлбэл “үзүүлэгч Ц.Ций биед баруун шилбэний шагайн үений гадна, дотор хавчаар ясны далд хугарал, баруун шилбэ, тавхайд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан бөгөөд энэ нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх 592 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-30-р хуудас/, мөн “үзүүлэгч О.Е биед дагзны ясны баруун хэсгийн сэлтэрсэн хугарал, тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан бөгөөд уг гэмтэл нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх 591 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-24-р хуудас/-ээр хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр гэмтэл учирсан нь тогтоогдсон.
Шүүгдэгч Д.Ггийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үндсэн шинж болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэсэн хүндрүүлэх шинж мөн хангагдсан болно.
Иймд шүүгдэгч Д.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “Тоёота Приус-20” маркийн 95-31 УВХ улсын дугаартай суудлын автомашин жолоодон яваад зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Д.Ггийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй хохирогч О.Е эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул прокуророос ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нар гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Тиймээс шүүгдэгч Д.Ггийн үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хэргийн үйл баримтаар уг гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ций эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй хохирогч О.Е эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Хохирогч болон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: “...хүү бид хоёр хот руу явахдаа хүнээс 1.000.000 төгрөг зээлж авч явсан. Уг мөнгөөр эмчилгээ, шинжилгээ зэргийг хийлгэсэн. Учирсан хохирлоо барагдуулж авмаар байна. Эм ууж байгаа ч гэсэн уйлдаг нь хэвээр болохгүй байгааг бодохоор ослын улмаас үүссэн гэмтэл нь одоо ч гэсэн зовоож байгаа юм шиг байна. ...Урьд өгсөн мэдүүлэгт би Улаанбаатар хот руу явахдаа хүнээс 1.000.000 төгрөг авсан гэж буруу бичүүлсэн байна. Үүнийг залруулмаар байна. Би өөрийн хамаатны Л гэгч хүнээс 2.000.000 төгрөг зээлдэж авсан. Баримт нь байгаа. Би яг 2.000.000 төгрөг авсан. Түүнийг хүүтэй нь төлж байгаа. Сарын 1.8 хувийн хүүтэй. Өөрийн хамаатан Л гэх хүнээс авсан. Би Улаанбаатар хот руу явах гээд малчны болон цалингийн зээлтэй учраас зээл гарах боломжгүй байсан тул хувь хүнээс зээл аваад өөрийгөө болон хүүхдээ үзүүлэхээр явсан. Уг 2.000.000 төгрөгөөс гадна гаргаж өгсөн баримтыг үндэслэн хохирлыг нэхэмжилж байна. Цаашид ч эмчилгээ хийлгэх шаардлагатай. ...Би маш их гомдолтой байгаа” гэжээ.
Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд хохирлын 4.712.200 төгрөгийн баримтыг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 219.830 төгрөгийн баримт, нийт 4.932.030 төгрөгийн баримтуудыг шинээр гаргаж өгсөн байна.
Уг баримтуудыг нэг бүрчлэн хянан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5-д зааснаар дараах байдлаар шийдвэрлэсэн болно. Үүнд:
-2020.09.19-ний өдөр “Жанд” ХХК-ийн эмийн сан 10.000 төгрөгийн баримт,
-2020.09.22-ны өдөр “Жанд” ХХК-ийн эмийн сан 8.300 төгрөгийн баримт,
-2020.09.13-ны өдөр “Дэлгэрэх” эмийн сан 9.400 төгрөгийн баримт,
-2020.09.19-ний өдөр “Есөнцэн” ХХК-ийн эмийн сан 5.500 төгрөгийн баримт,
-2020.09.15-ны өдөр “Дэлгэрэх” эмийн сан 9.000 төгрөгийн баримт,
-2020.09.12-ны өдөр “Дэлгэрэх” эмийн сан 23.700 төгрөгийн баримт,
-2020.09.18-ны өдөр “Дэлгэрэх” эмийн сан 15.700 төгрөгийн баримт,
-2020.09.19-ний өдөр “Жанд” ХХК-ийн эмийн сан 500 төгрөгийн баримт,
-2020.09.14-ний өдөр “Энхжин увидас” ХХК-ийн эмийн сан 16.400 төгрөгийн баримт,
-2020.09.16-ны өдөр “Дэлгэрэх” эмийн сан 27.000 төгрөгийн баримт,
-2020.10.10-ны өдөр “УБ-Улаангом чиглэлийн автобусны билет 70.000 төгрөгийн баримт 2 ширхэг, нийт 140.000 төгрөг,
-2020.10.04-ний өдөр бараа нийт 13800 төгрөгийн баримт,
-2020.10.06-ны өдөр “Мед Траума” эмнэлэг 30.000 төгрөгийн баримт,
-2020.10.06-ны өдөр “Мед Траума” эмнэлэг 120.000 төгрөгийн баримт,
-2020.10.05-ны өдөр “Улаангом-УБ” чиглэлийн онгоцны тийз 245.000 төгрөгийн баримт,
-2020.10.24-ний өдөр “Дэлгэрэх” эмийн сан 24.500 төгрөгийн баримт,
-2020.10.27-ны өдөр “Дэлгэрэх эмийн сан 3.500 төгрөгийн баримт,
-2020.10.24-ний өдөр “Дэлгэрэх” эмийн сан 5.000 төгрөгийн баримт,
-2020.10.28-ны өдөр нотариатын үйлчилгээний 8.000 төгрөгийн баримт,
-2020.10.26-ны өдөр “Дэлгэрэх” эмийн сан 7.000 төгрөгийн баримт,
-2020.12.15-ны өдөр “Харагчин цэц” ХХК-ийн эмийн сан 108.000 төгрөгийн баримт,
-2020.10.04-ний өдөр “Дэлгэрэх” эмийн сан 4.800 төгрөгийн баримт,
-2020.10.07-ны өдөр “Арвижих мед” эмийн сан 21.280 төгрөгийн баримт,
-2020.12.03-ны өдөр “Жанд” ХХК-ийн эмийн сан 37.600 төгрөгийн баримт,
-2020.10.09-ний өдөр Орбит ШТС-2 шатахууны баримт 30.000 төгрөгийн баримт нийт 923.980 төгрөгийн баримт байна.
-Хүнсний дэлгүүрээс авсан хүнсний зүйл, хоолны зардал болох нийт 55850 төгрөгийн баримт байна. Хүний хамгийн гол биологийн хэрэгцээ бол хоол хүнс байдаг бөгөөд эрүүл, өвчтэй аль ч үед хоол хүнсийг зайлшгүй хэрэглэдэг. Тиймээс хоол хүнсний зардал нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцогдохгүй.
-2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Орбит ШТС-2” нэртэй шатахуун түгээх станцаас 30.000 төгрөг төлж бензин авсан баримт байх бөгөөд уг ШТСтанц нь Увс аймгийн Улаангом сумын хэмжээнд байдаггүй болно. Иймд тус 30.000 төгрөгийн баримтыг үнэлээгүй болно. /Жич: тухайн өдөр хохирогч нь Улаангом суманд байсан./
-Иргэн Б.Д нь “...Иргэн Ц.Ций хүсэлтээр 2020.09.11-2020.10.05-ны өдрийг хүртэл, мөн 2020.10.13-2020.10.28-ны өдрүүдэд такси үйлчилгээнд явж үйлчилгээний хөлсөнд 245.000 төгрөг авсан нь үнэн” гэх /хх-ийн 60-р хуудас/ тодорхойлолтыг гаргажээ. Энэ хугацаанд хохирогч Ц.Ц нь чухам ямар зорилгоор такси хөлслөн хаанаас хаашаа явсан нь тодорхойгүй, тухайн өдрүүдэд эмнэлгийн үйлчилгээг авсан талаарх өвчтөний карт дээрх тэмдэглэгээ /огнооны хувьд/ байхгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. /Жич: 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрүүдэд эмнэлэгт үзүүлсэн баримт байх ба энэ хугацаанд хохирогч эмнэлэгт хэвтэж байсан тул такси үйлчилгээ авах боломжгүй/
-Хохирогч Ц.Ц нь Улаанбаатар хот руу явж шинжилгээнд орох зорилгоор иргэн Б.Лгээс 2.000.000 төгрөг зээлсэн бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нөхөж гэрээг хийсэн байна. Хохирогч Ц.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт уг авсан зээлээрээ эмчилгээ, шинжилгээ, эм тарианд зарцуулсан гэж тайлбарласан болно. Хохирогчийн хувьд нэгэнт эмчилгээ, эм тарианы зардлыг нэхэмжилж байгаа бөгөөд уг 2.000.000 төгрөгийн зээлийг давхардуулан нэхэмжилж байна гэж үзлээ.
-Хохирогчийн нөхөр Ш.Огийн ажиллаж олох байсан 1.650.000 төгрөгийн хохирлын тухайд “Сод мандах” ХХКомпанийн захирал Д.Энхбаатарын “Шагдар овогтой Отгонхүү нь тус компанид туслах ажилтнаар ажилладаг. Өдрийн цалин 30.000 төгрөг болно. 2020 оны 9 дүгээр сарын 12-ноос эхнэр хүүхдээ асрах шаардлагатай тул түр хугацаагаар чөлөө авсан нь үнэн болно” гэх тодорхойлолт гаргажээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.Ций “...Осолд орохоос өмнө би өөрөө өдрийн 25-30 мянган төгрөгийн чацаргана түүх ажил хийж байсан. Уг ажил тасалдсан. Нөхөр маань ч бас таарсан хар бор ажил голохгүй хийдэг байсан. Одоо ажил хийх боломжгүй болсон” гэх мэдүүлэг /хх-ийхн 89-р талд/, гэрч Ш.Огийн мэдүүлэгт биеийн байцаалт өгөхдөө “Одоогоор ажилгүй” гэж /хх-ийн 96-р талд/ өгсөн зэргээс дүгнэхэд хохирогч Ц.Ций нөхөр Ш.О нь “Сод мандах” ХХКомпанид ажилладаг эсэх нь тогтоогдохгүй, хохирогч болон гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байх тул олох байсан цалин хөлс гэж үзэх боломжгүй юм.
Мөн Увс аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Р.Лхагва-Очирын гаргасан “Хохирлын тооцоо” нь хохирогчоос гаргаж өгсөн нотлох баримттай тохирохгүй, зөрүүтэй, хэрхэн тооцсон нь ойлгомжгүй байсныг дурдах нь зүйтэй байна.
Иймд 923.980 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан баримтууд гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгч Д.Г нь хохирогч Ц.Цд 925.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, энэ хавтаст хэргийн хүрээнд хохирогчид ямар нэг төлөх төлбөр байхгүй гэж дүгнэлээ. Харин 4.007.030 төгрөгийн баримтыг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болно.
Мөн насанд хүрээгүй хохирогч О.Е, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч Ц.Ц нар нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч З.Д-ын: “Д.Г нь миний төрсөн хүү Д.Г-ийн эхнэр нь байгаа юм. ...Бэр маань энгийн сайхан харьцаатай, хүмүүстэй зөв боловсон харьцдаг, цовоо сэргэлэн зантай, ажилсаг, тусархуу, олон нийтийн дунд биеэ зөв авч явдаг, нийтэч зан ааштай, ах дүү, төрөл садангийн хүмүүстээ байнга тусалж, дэмжихийг хичээж явдаг, сэтгэлийн тэнхээ сайтай мундаг бүсгүй. Яарч яваад ийм хэрэгт холбогдсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101-р хуудас, гэрч Ю.С-гийн: “Би Д.Ггийн хадам ээж нь юм. ...Бэр маань ажилсаг, хичээнгүй, хүний үгэнд сайн ордог, хань нөхөр, үр хүүхэддээ халамжтай, амьдралын төлөө гэсэн чин сэтгэлтэй хүн байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 102-103-р хуудас/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.
Мөн урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хавтаст хэргийн 145 дугаар хуудсанд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа ухамсарлаж, чин санаанаасаа гэмшсэн, мөн шүүгдэгч Д.Г нь 6 сартай хүүхэдтэй буюу 3 хүртэлх насны хүүхэдтэй болох нь хавтаст хэргийн 154 дүгээр талд авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /Ганзоригийн Хулан 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төрсөн/-аар нотлогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Гд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д "шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина" гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Гд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 1 жилийн хугацаанд ялтанд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан “...ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг шүүгдэгч Д.Гд тайлбарлаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Д.Ггийн 1348009 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Сувд-Эрдэнэд даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х ургийн овогт Дийн Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Гг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, ялтан Д.Гд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан “...ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг шүүгдэгч Д.Гд тайлбарласугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохиролд нийт 4.932.030 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан 923.980 төгрөгнөөс шүүгдэгч Д.Г нь хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цд хохиролд 925.000 төлсөн болохыг дурдаж, үлдэх хохирол болох 4.007.030 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Насанд хүрээгүй хохирогч О.Е, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц нар нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй
9. Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Д.Ггийн 1348009 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Сувд-Эрдэнэд даалгасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН