| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/00704/И |
| Дугаар | 130/ШШ2017/00789 |
| Огноо | 2017-12-19 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 130/ШШ2017/00789
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Д сумын ***дугаар багт оршин суух, Жа овогт Х-ынРгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Д сумын Э төвд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С, хариуцагч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 9 сарын нэмэгдэл мөнгө 542646 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч Р шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд мэдүүлэгтээ: Надад 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхэлж Д сумын Э төвдийн хүүхдийн эмчээр томилсон тушаал гарсан. Дараа нь 2017 оны 9 дүгээр сард аудитын шалгалт ирсэн. Тэгэхэд намайг хүүхдийн нэмэгдэл авах ёстой гэсэн дүгнэлт гаргасан. Энэ талаар би эрхлэгчид хэлсэн боловч энэ нэмэгдлийг гаргаж өгөх боломжгүй гэсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу 542646 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Д сумын Э төвдийн дарга Б шүүхэд ирүүлсэн тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа; Би 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхэлж Д сумын Э төвдийн эрхлэгчээр томилогдон ажилласан. Д сумын Э төвдийн эрхлэгчээр ирснээс хойш өөрийнхөө байгууллагын ажил албаны жагсаалт гаргаж үндсэн цалин, олгох нэмэгдэл зэргийг тушаал гаргаж баталсан. Тэр тушаалыг нотлох баримт болгож хавсаргаж өгсөн. Тэр жагсаалтад Р эмчид Засгийн газрын 150 тоот тогтоолоор олгох ёстой 10 хувийн нэмэгдлийг тусгаагүй. 2-рт ажил олгогч болон ажилтны хооронд гэрээ байгуулсан.
Тэр гэрээнд хүүхдийн эмчээр түр ажиллуулсугай гэж гаргаад Засгийн газрын 150 тоот тогтоолыг тусгаагүй юм. Яагаад гэвэл Засгийн газрын 150 тоот тогтоолын дагуу авах нэмэгдэл 10 хувийг нарийн мэргэжлийн түвшинд тусламж үйлчилгээ үзүүлэхүйц хүнд олгох ёстой гэж бодож байгаа. Эх, хүүхдийн асуудал бол эрүүл мэндийн салбарт хамгийн тулгамдаж байгаа асуудал болохоор Р эмчийг томилохоос өөр аргагүй байсан. Гэтэл нарийн мэргэжил эзэмшээгүй учраас Засгийн газрын 150 тоот тогтоолын 10 хувийг тушаалдаа ч, хөдөлмөрийн гэрээнд ч тусгаагүй. Би хэрэгтээ танилцаж байхад хөдөлмөрийн гэрээг гараараа засаж Засгийн газрын 150 тоот тогтоолыг оруулсан юм байна. Миний гарт байгаа хөдөлмөрийн гэрээнд Засгийн газрын 150 тоот тогтоолыг тусгаагүй байгаа. Яагаад ийм байдлаар санаачилсан бэ гэхээр тухайн үед Цэнгэл, Ногооннуур суманд ерөнхий эмч нар хүүхдийг хариуцаж ажиллаж байсан.
Гэхдээ Засгийн газрын 150 тоот тогтоолоор өгөөгүй, авсан цалинг буцааж байхаар шийдвэр гарсан байсан. Тийм учраас би хүүхдийн эмчийг нарийн мэргэжлийн эмч иртэл ерөнхий эмчийг ажиллуулъя, би өөрөө 6 жил хүүхдийн эмчээр ажилласан учраас ямар ч гэсэн хажууд нь тусална гэсэн бодолтойгоор ажиллаж байсан юм. Нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж чадахгүй байсны илрэл болгож 2 хурлын тэмдэглэлийг тодруулагчаар тодруулж нотлох баримтаар хавсаргаж өгсөн. Тэрэн дээр хүүхдийн биеийн байдлыг үнэлж чадахгүй байсан, хүүхдийн эмийн тунг нарийн тохируулж чадахгүй байсан зэрэг асуудлуудыг тусгасан. Мөн үүнээс гадна ойлгоосой гэсэндээ өвчтөний хажууд нь дагуулж очоод амаар зөндөө олон удаа зөвлөгөө өгч байсан. Мөн ажил хүлээлгэж өгөхдөө байгууллагын тусгай зөвшөөрлийн гэрчилгээнээс бусад гэрчилгээнүүдийг авчирч өгсөн.
2014, 2016 DELL маркийн компьютерыг байгууллагын хөрөнгөөр авчхаад хүлээлгэж өгөөгүй. Энэ асуудлыг шүүх, прокуророор яваад яах уу, чи бид хоёр 20 жил хамт ажиллалаа, нэгэнт чи эрхлэгчээр ажиллаж байсан хүний хувьд энэ хоёр тоног төхөөрөмжийг авчирч өг, тэгээд хоёулаа дараагийн асуудлыг дараа ярилцъя гэж хэлсэн. Манай байгууллагад тоног төхөөрөмж хүрэлцдэггүй. Ажиллаж байгаа ганцхан компьютер байгаа. Бусад газарт ямар нэгэн бичиг явуулах боломжгүй. Байгууллагын хөрөнгөөр авсан зүйлийг байгууллагын өөрт нь байлгаж байх ёстой гэдгийг амаар хэлж мэдэгдэх хуудсаар хүргүүлж байсан. Гэтэл 10 дугаар сард ACER маркийн компьютер авчирч өгсөн. Тэрний хурд нь удаан, батарей нь суучихсан байсан. Компьютер мэддэг залуучууд бол энэ бол ломбардад байдаг ажиллах шаардлага хангахгүй компьютер юм байна гэдгийг хэлсэн. Би энэ хүнтэй 20 жил хамт ажилласан. Энэ байгууллагыг бодож, найз нөхөд, хамт олноо бодож цоо шинэ компьютер аваад өгчих, тэгээд аргалъя гэж хэлсэн. Гэтэл манай эмч ухамсарлаж асуудалд хандаагүй. Энэ бас нөлөөлсөн асуудал болсон. Манай байгууллага бол өнгөрсөн 4 жилд хөрөнгө мөнгөөр элгээрээ мөлхсөн. Та бүхэн мэдэж байгаа. Гүлчингис хоршооны нэхэмжлэлээр сүүлд нь манай байгууллага төлөхөөр болсон. Тийм учраас компьютерыг авчирч өг гэж хэлсэн. Энэ дашрамд хэлэхэд Р- эмч бид хоёрын хооронд ямар нэгэн өс хонзон байхгүй гэдгийг цохон тэмдэглэмээр байна. Зөвхөн байгууллагаа бодож ийм ажиллагаа хийж байгаа гэдгийг хэлмээр байна.
Уг нь Р эмч нэг шинэ компьютер авч ирээд өгсөн бол дээш доош нь яриад Засгийн газрын 150 тоот тогтоолын 10 хувийн нэмэгдлийг өгвөл өгчих байсан. Энэ бол маш их нөлөөлсөн. Харин ч хүүхдийн тусламж үзүүлэхэд би байнга хажууд нь явж байсан. Тийм тусламж үйлчилгээ үзүүлж чадахгүй гэдгийг 20 жил хамт ажилласныхаа хувьд сайн мэдэж байгаа. Тухайн үед эмч байгаагүй. Бид нар 3-хан эмч байсан. Нарийн мэргэжил эзэмшээгүй нэг эмч ажиллаж байгаа. Тэр хүн бол эмэгтэйчүүдийг дийлэхгүй байсан. Тэгээд хүүхэд, эмэгтэйчүүдийг эзэнтэй болгоод том хүнийг бусад багийн эмч нараар хариуцуулж байсан. Хүндэрсэн хүүхэд болгон дээр би өөрөө ирж зөвлөгөө өгч, ийш тийш нь шилжүүлж тэгж асуудлыг шийдэж байсан.
Тиймээс нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж чадаагүй учраас Засгийн газрын 150 тоот тогтоолын 10 хувийн нэмэгдлийг өгөхөөс татгалзаж байсан. 2-рт саяны хөрөнгөтэй холбоотой бид хоёрын хоорондоо зөрчилдөөн үүссэнтэй холбоотой өгөөгүй. Энэ хүн бол хөрөнгө, мөнгөгүй хүн биш. Тэгж ашиглачхаар, эд хөрөнгийг хувьдаа завшихаар ядуу хүн биш. Боломжтой мөртлөө тийм ухамсаргүй байгаагүйд нь хувьдаа харамсаж байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р нь Баян-Өлгий аймгийн Д сумын Э төвдөөс Засгийн газрын 2012 оны 150 дугаар тогтоолын дагуу олгох нэмэгдэл 542646 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ миний бие Д сумын Э төвдийн хүүхдийн эмчээр 2017 оны 1 дүгээр сарын 05-наас эхлэн томилогдож ажиллаж ирсэн ба 2016 оны 8 дугаар сарын 28-нд Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Т нь Д сумын Э төвдийн санхүүгийн баримтын шалгалт хийсэн ба шалгалтын танилцуулгад Засгийн газрын тогтоолын дагуу нэмэгдэл олгох ёстойг мэдэж хүүхдийн эмчээр ажилласан 9 сарын хугацааны нэмэгдлийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Д сумын Э төвдийн даргаас татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч Р нь тус төвийн даргаар ажилласан хугацаанд байгууллагын нэр дээр бүртгэлтэй 2 ширхэг ноутбүк компьютерийг өгөхгүй байгаа, нэмэгдэл олгох заалтыг хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй, нарийн мэргэжлээр мэргэшээгүй гэж тайлбарлажээ.
Баян-Өлгий аймгийн Д сумын Э төвдийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай ажилд томилох тухай тушаалаар хүүхдийн эмчээр Р-г 2017 оны 1 дүгээр сарын 05-наас эхлэн томилсон байна. Мөн ажил олгогч болох Д сумын Э төвдийн дарга нь Р-тай 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд уг хөдөлмөрийн гэрээний 1.2-т ажлын байр буюу албан тушаалын нэрийг хүүхдийн эмч гэж тусгаж өгчээ.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 150 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журмын нэгдүгээр зүйлийн 1.4-т “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-д орсон ажил, албан тушаалыг хашиж байгаа эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүдийн эмч, эх баригч, хүүхэд, нярайн эмч болон сувилагчид тухайн ажил, албан тушаалыг хаших хугацаанд нь үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгоно” гэж заажээ. Энхүү журмаас үзэхэд ажил олгогч нь хүүхдийн эмчид үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгох ёстой бөгөөд нэхэмжлэгч Р- нь хүүхдийн эмчээр 2017 оны 1 дүгээр сарын 05-наас эхлэн ажиллаж байгаа хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч Р-гийн албан тушаалын цалин 602948 төгрөг болох нь хөдөлмөрийн гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдсон ба Р нь 2017 оны 1 дүгээр сараас 2017 оны 11 дүгээр сарыг хүртэл уг нэмэгдлийг аваагүй болохыг Д сумын Э төвд хариуцсан нягтлан бодогч нар тодорхойлжээ. Мөн Р-д Засгийн газрын тогтоолын дагуу олгогдох нэмэгдлийг олгох талаар санхүүгийн хяналтын Улсын байцаагчаас Д сумын Э төвдийн санхүүгийн баримтын шалгалт хийсэн ба шалгалтын танилцуулгад тусгаж өгчээ. Засгийн газрын 150 дугаар тогтоолоор баталсан Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журамд ажлын үр дүнг харгалзан нэмэгдэл олгох талаар тусгаагүй байх ба хариуцагчийн ажлын доголдолтой байсан, нарийн мэргэжлээр мэргэшээгүй, нэмэгдэл олгох талаар хөдөлмөрийн гэрээгээр тохиролцоогүй гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй болно.
Хариуцагч нь тус төвийн даргаар ажилласан хугацаанд байгууллагын нэр дээр бүртгэлтэй 2 ширхэг ноутбүк компьютерийг хуульд заасан журмын дагуу Р-гаас нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.
Иймд Р-ийн Баян-Өлгий аймгийн Д сумын Э төвдд хүүхдийн эмчээр ажилласан 2017 оны 1 дүгээр сараас 9-р сар хүртэлх Засгийн газрын 150 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу авах нэмэгдэл 542646 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Д сумын Э төвдөөс 542646 төгрөгийг гаргуулж Р-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16929 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д сумын Э төвдөөс 16929 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М