| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2020/0158/э |
| Дугаар | 2020/ШЦТ/173 |
| Огноо | 2020-12-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагчаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г ургийн овогт Аийн Ад холбогдох 2035001270146 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Г ургийн овогт Аийн А. /Регистрийн дугаар: ОЗ 96113018/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.А нь Увс аймгийн Наранбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр согтуугаар хувийн маргааны улмаас хохирогч Ц.Ёийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035001270146 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Ц.Ёийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө А гэх айлд байж байтал А гэх хүн ирсэн. Тэгээд “Та миний хуцыг аваад үхүүлсэн, надад одоо хуц байхгүй” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би “тэр хуцны чинь оронд нэг эр хонь өгсөн шүү дээ, болохгүй байвал надаас оронд нь өөр хуц ав” гэж хэлээд гэр лүүгээ явсан юм. Тэгээд гэртээ очоод унтаж байтал шөнө 2 цагийн үед мотоцикл дуугараад манай гэрийн гадаа ирсэн. Тэгээд гаднаас А нь дүүгээ дагуулж гэрт орж ирээд гэрэл тусгаад намайг зодож эхэлсэн. Тэгтэл манай нагац ах болох Ганболд нь гэрэл асаагаад “юу болж байна вэ? боль” гэж хэлэхэд нагац ахыг “чамд ямар хамаатай юм. Ойртох юм бол чамайг ална шүү” гэж хэлээд миний нүүр лүү гараараа олон удаа цохиод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хуудас/,
-Хохирогч Ц.Ёийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2020 оны 9 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Наранбулаг сумын нутаг “Тээлийн боом” гэх газар өвс худалдаж авахаар явж байтал А гэх хүнтэй таараад түүнийг гэрт нь хүргэсэн юм. Тэгээд А гэх айлд байж байтал гаднаас А гэх залуу орж ирсэн. Тэгээд надад хандаж “Миний хуц үхсэн, би одоо яах вэ?” гэж хэлэхэд нь би “Чиний хуцыг чинь нэг эр хониор төлөөд өгсөн. Болохгүй бол надаас орных нь хуцыг ав” гэж хэлсэн юм. Тэгээд А, А, бид 3 хөзөр тоглоод байж байтал А 1 литр орчин монгол архи гаргаад ирсэн. Тэгээд бид гурав хэсэг сууж байгаад Баасанжав гэх айлд очсон юм. Тэгээд Баасанжавын гэрт сууж байтал А намайг дахиад “Чи миний хуцыг үхүүлсэн, одоо би хуц байхгүй” гээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би “Чамд төлөөд өгсөн, одоо чи яах гээд байгаа юм бэ? Танайхан хэзээ ийм байсан юм бэ? Болохгүй бол би чамд өөр хуц өгье” гэж хэлэхэд миний үгийг тоогоогүй юм. Тэгтэл гэрт байсан хүмүүс гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд би гэр лүүгээ очоод унтаж байтал шөнө А манай гэрт өөрийн төрсөн дүү Аыг дагуулж орж ирээд шууд намайг нүүр лүү хоёр гараа атгаж байгаад нударгаараа олон удаа цохиж зодсон. Тухайн үед дүү А нь намайг зодоогүй. Зүгээр хамт орж ирээд хараад зогсож байсан. Миний мэдэхээр намайг нэлээд удаан зодоод байсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. ...А нь намайг хохиролгүй болгож өгнө гэсэн. Би хохирлоо нөхөн төлүүлж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28, 29-р хуудас/,
2. Гэрч Ж.Бын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Увс аймгийн Наранбулаг сумын 2 дугаар багийн нутаг Улаанхаргана гэх газар байх өөрийн гэртээ унтаж байтал шөнө манай хүү болох Ё 00 цаг 30 минутын үед гэртээ ирээд орондоо ороод унтсан юм. Тэгтэл шөнө 02 цагийн үед гаднаас А гэх залуу өөрийн төрсөн дүүтэйгээ ирсэн. Тэгээд А нь гэрэл тусгаад манай хүү Ёийг шууд дарж байгаад цохиж эхэлсэн. Тэгээд гараараа миний хүүгийн толгой руу нь нэлээд хэдэн удаа цохиж хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би болон миний төрсөн ах Ганболд бид хоёр “одоо наад хүн чинь үхлээ” гэхэд “муу хөгшин, дуугүй бай” гээд хэлэхээр нь бид хоёр айгаад ойртоогүй. Тэгээд байж байтал гаднаас Агийн ээж болох Г орж ирсэн. Тэгэхэд нь би Гд хандаж “энэ хүүхдээ ав, хүн аллаа” гэж хэлэхэд Г нь дуугараагүй. Ё нь Агийн өмнөөс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлж чадаагүй. Миний хүүгийн бие гэмтсэнд гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7-р хуудас/,
3. Гэрч Ж.Гын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө өөрийн төрсөн дүү болох Бынд унтаж байтал шөнө дунд Ё орж ирээд миний урд талд газраар ор засаад унтаад өгсөн. Тэгтэл шөнө 2 цагийн үед гаднаас нэг үл таних залуу орж ирээд гэрэл тусгаад “Сайн байна уу?” гэж хэлээд миний урд талаар унтаж байсан Ёийг хөнжлөөр нь бүтээж байгаад зодоод эхэлсэн. Тэгээд би гэрэл асаагаад “та нар одоо боль, хэл амаараа учраа ол” гэж хэлэхэд намайг тэр залуу “хөгшин төгцөг минь нүдийг чинь сохолно шүү” гэж айлган сүрдүүлэхээр нь би ойртоогүй. Тэгээд Ёийг үргэлжлүүлээд зодоод байж байтал гаднаас Г гэх эмэгтэй орж ирээд байж байтал нөгөө залуу “зайл” гээд түлхтэл Г нь гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10-р хуудас/,
4. Шинжээч эмчийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн “1. Үзүүлэгч Ц.Ё-н биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, хамар ясны хугарал, 2 нүдний эргэн тойронд, 2 нүдний алимны салстад, баруун, зүүн далны хэсэгт цус хуралт, хамар, баруун, зүүн хацарт, баруун хөмсөг, зүүн завжинд зулгаралт, дагзны зүүн хэсэгт, хамрын нуруу, 2 нүдний орчимд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. 4. Дээрх цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь нийлээд алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байна. 5. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2016/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-аар гэмтлийн зэргийг тогтоов. 6. Тархи доргилт, хамар ясны хугарал, 2 нүдний эргэн тойронд, 2 нүдний алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. 7. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх 574 дугаартай дүгнэлт /хх-ийн 17-19-р хуудас/,
5. Хохирогч Ц.Ёийн эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /хх-ийн 37-39-р хуудас/,
6. Шүүгдэгч А.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны 9 дүгээр сарын 02-нд Наранбулаг сумын нутаг “Шар худаг” гэх газар байх А гэх айлд очсон. Тэгэхэд тэднийд Ё байсан. Тэгээд би Ёид хандаж “та миний хуцыг аваад үхүүлсэн, ямар найдваргүй юм бэ? Би одоо хуцгүй боллоо, таны хуцыг авч намар өөрийнхөө малд тавина” гэж хэлсэн юм. Тэгээд бид нар хөзөр тоглож байтал А 4 литр орчим архи гаргаж ирээд тойруулаад уусан. Тэгээд бид нар дараа нь Баттөмөр гэх айлд очсон. Тэгээд тэр айлд ямар нэг хэрүүл маргаан гараагүй. Дараа нь Б гэх айлд очсон. Б нь нэг данхтай архи гаргаж өгсөн. Тэгтэл Ё нь “чи дүүгээрээ энэ архийг сөгнө” гэж том дуугаар хэлэхээр нь би тэр архийг нь сөгнөсөн. Тэгтэл Ё нь “чи надад бөөстэй хурга өгчихөөд нэхлээ, муу хулгайчуудаа” гэж хэлэхэд нь “чи яагаад байгаа юм бэ?, түрүүнд гар бариад салсан биз дээ” гэхэд “чи муу хэн юм бэ?” гэж хэлээд зүүн гарын булчин руу цохихоор нь Ёийг баруун гараа атгаж байгаад нүүрэн тус газарт нь нэг удаа цохиход газарт унасан. Тэгээд Ё босч ирээд бид хоёр барилцаад авсан. Б бид хоёрыг салгасан. Тэгтэл Ё “Доголон Аийн муу шээс, чамайг алнаа, миний ээж танай аавд хонины мах, дотор өгөхөд зөрүүлээд хонины гуя хулгайлаад явж байсан” гэж гэрт болон гадаа олон хүмүүсийн дунд хэлчихээд гэр лүүгээ яваад өгсөн. Тэгээд миний уур хүрээд араас нь би гэрт нь очсон. ...Гэрт нь очоод “Ё хаана байна” гээд хөнжлийг нь сөхтөл нэг настай ах босоод явсан. Тэгээд би Ёийг “чи намайг хулгайч гэж хэллээ, би хаана хулгай хийж явсан юм” гэж хэлээд толгойн хэсэг рүү нь 3-4 удаа баруун гарын нударгаараа цохисон. Ё нь ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй. Тэгээд би Ёийн гэрээс гарах гэж байтал Ё нь “ээж, буу аваад ир, би энийг буудаад хатаачихъя” гэж хэлэхээр нь миний уур хүрээд дахин толгой болон нуруу руу нь гараараа нэлээд хэдэн удаа цохиж, өшиглөсөн. ...Би гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байгаа. Ёид учруулсан хохирлыг ойрын хугацаанд мөнгөн хэлбэрээр төлж барагдуулж өгнө” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48, 49-50-р хуудас/,
-Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Шүүхэд хандаж мэдүүлэг гаргахгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн байгаа. Хохирогчоосоо уучлалт гуйгаад 1.000.000 төгрөгийг шүүх хурлын өмнө өгсөн” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгч А.А нь Увс аймгийн Наранбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр согтуугаар хохирогч Ц.Ёийг үл ялих зүйлээр шалтаглан хамар луу нь гараараа цохиж хамрын ясыг хугалж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт болжээ.
Хохирогч Ц.Ёийн эрүүл мэндэд учирсан “...Тархи доргилт, хамар ясны хугарал, 2 нүдний эргэн тойронд, 2 нүдний алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч А.Агийн түүнийг гараараа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл юм.
Иймд шүүгдэгч А.Агийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч А.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны шатанд хохирогч Ц.Ёид учирсан хохирол болох 1.000.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирлын мөнгө шилжүүлсэн тухай ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 75-р хуудас/, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинээр гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус нотлогдож байна. Иймд хохирогчид учирсан шууд хохирлыг нөхөн төлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч А.А нь хохирогч Ц.Ётай маргалдаж, хэрүүл маргаан дууссанаас хойших цаг хугацаанд дахин маргаан үүсгэх зорилгоор санаатайгаар гэрт нь очиж түүнийг зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдалд хамаарахгүй гэж шүүх үзлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Д.Мийн: “Би А.Атай 9 дүгээр анги хүртлээ хамт суралцсан, найзууд юм. ...А нь бага зэрэг түргэн ууртай, биеэ барьж сураагүй, хүнд тусархуу, гэнэн итгэмтгий зантай хүн юм. Найзуудаараа суугаахаараа хааяа архи уудаг. Архи уухаараа нэг их юм яриад байдаггүй, харин хүмүүс хэрүүл, маргаан үүсгэхээр биеэ бариад байж чаддаггүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/, гэрч Т.Аийн: “ А нь манай том хүү байгаа юм. ...А нь хүний үгэнд сайн ордог, үгнээс гараад, зөрөөд байдаггүй, манай гэрийн бүх ажлыг хийдэг, хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй хүүхэд байгаа юм. Бага зэрэг түргэн ууртай, хор шартай, хурдан уурлаад эргээд уур нь амархан гардаг, төлөв даруу хүүхэд” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-р хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч А.А нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байна.
Шүүх хуралдааны шатанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад 550 /таван зуун тавь/ нэгжээр торгох ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа нь “хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хөнгөн ангиллын гэмт хэрэгт анх удаа холбогдсон болон хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан бий болсон, мөн хувийн байдлыг харгалзан хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр ялыг оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.
Тиймээс шүүгдэгчийн хувийн байдал болон хуульд заасан хөнгөрүүлэн үзэх бусад нөхцөл байдлыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г ургийн овогт Аийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч А.А нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Ц.Ёид 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН