Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Галбадрахын Солонго |
Хэргийн индекс | 102/2018/00083/И |
Дугаар | 478 |
Огноо | 2018-02-08 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 478
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Тайж овогт Д-ын Б /РД: / нэхэмжлэлтэй,
Чойж овогт М-ийн Б-д /РД: / холбогдох
Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэг 3.225.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Б-той 2016 оны 04 дүгээр сарын 16-нд 5 ханатай гэр зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 2.150.000 төгрөгийн үнэтэй иж бүрэн таван ханатай гэрийг М.Б-ид өгч, төлбөрийг 2016 оны 05 дугаар сарын 10-нд төлж барагдуулахаар тохиролцсон. Хариуцагч нь заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцоохоор гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн 50 хувь болох 1.075.000 төгрөг алданги, гэрийн төлбөр 2.150.000 төгрөг, нийт 3.225.000 төгрөгийг М.Б-оос гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч М.Б- 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэийн хувийг гардаж аваад хариу тайлбар ирүүлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Д.Б М.Б- нар 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр давхар бүрээстэй шалтай гэрийг 2.150.000 төгрөгөөр зээлээр худалдах-худалдан авахаар гэрээ байгуулжээ. /хх-ийн 4 дүгээр хуудас/
Уг гэрээний 2-т эд хөрөнгө худалдах үнийг 2.150.000 төгрөгөөр тохирч төлбөрийг 2016 оны 05 дугаар сарын 10-ны дотор худалдан авагч төлөхөөр тохиролцож, гэрээний 4-т худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд худалдагч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1.-д зааснаар гэрээ байгуулжээ.
Хариуцагч М.Б- 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хариу тайлбар ирүүлэх байсан шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэжээ.
Шүүх 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 13:30 минутанд зарласан шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсыг хариуцагчийн оршин суугаа хаяг болох Баянгол дүүргийн 03-р хороо, 41-28 тоот хаягаар хүргүүлж, М.Б-ийн эхнэр /хамтран амьдрагч/ Адъяад 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5.-д заасны дагуу гардуулсан байна. /хх-ийн 13 дугаар хуудас/
Нэхэмжлэгч хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2.-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэгэнт зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдан авагч нь үнийг төлөөгүй бол түүнийг төлөх үүрэгтэй бөгөөд М.Б-ид 2018.01.10-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарласан, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлээгүй байна.
Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үнэ 2.150.000 төгрөгийг хариуцагч М.Б төлөх үүрэгтэй ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн 5 хувиас хэтэрч болохгүй гэх заалтын дагуу нэхэмжлэгч нь уг гэрээний алданги 1.075.000 төгрөг нэхэмжилжээ.
Худалдан авагчид гэрээний дагуу заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тул алданги тооцох эрх нь нэхэмжлэгчид нээлттэй байна.
Иймд М.Б-оос гэрээний дагуу төлөх 2.150.000 төгрөг, алданги 1.075.000 төгрөг нийт 3.225.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бид олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1., 232 дугаар зүйлийн 232.4.-т зааснаар хариуцагч М.Б-оос 3.225.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, М.Б-оос 66.500 төгрөг гаргуулан Д.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО