Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 454

 
     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Монгол овогт С-ийн Ц-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Алаг Адуу овогт Ш-ийн Т-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2 150 000 төгрөг гаргуулах шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч С.Ц, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат, хариуцагч Ш.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Уранбайгаль нар оролцов

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Нэхэмжлэгч С.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Ш.Т мөнгийг чинь өндөр хүүтэй буцааж өгнө, өсгөж өгнө гэж хэлээд надаас 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр 800 000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 350 000 төгрөгийг зээлж авсан, мөнгөө буцааж авья гэж олон удаа нэхсэн боловч өгөхгүй байна.Би зээлийн гэрээг бичгээр хийгээгүй учраас хүү, алданги нэхэхгүй, зээлийн 2 150 000 төгрөгийг Ш.Т-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

             Нэхэмжлэгч С.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ш.Т нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр миний ажил дээр ирээд 5 000 000 төгрөг зээлээч гэж ирэхээр нь байгаа 500 000 төгрөгийг зээлдүүлж, түүний данс руу шилжүүлсэн.Мөн 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 5059400710 дугаар данс руу нь 1 сарын хугацаатай 500 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 800 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 350 0000 төгрөгийг 1 сарын хугацаатай тус тус зээлдүүлж шилжүүлсэн.Би нийт 2 150 000 төгрөгийг өгсөн байдаг.Би бичгээр хийсэн гэрээгүй тул Ш.Т-т зээлүүлсэн 2 150 0000 төгрөгөө л авах хүсэлтэй байгаа бөгөөд хүү авах шаардлагагүй гэв.

             Хариуцагч Ш.Т шүүхэд гаргасан тайлбартаа:Би С.Ц-аас мөнгө аваагүй, өөрөө миний данс руу олон улсын Жи Тайм компани руу орох мөнгөө шилжүүлсэн.Тэгээд логин-Light-99 олон улсын Жи Тайм ХХК-д мөнгийг нь шилжүүлж 2 300 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж бүртгүүлсэн, тэр мөнгийг надаас биш Жи Тайм ХХК-д өргөдлөө гаргаж нэхэж болно.Надад хүнээс мөнгө зээлж өсгөж өгөх шаардлага байхгүй, Жи Тайм ХХК-ийн талаар УМБГазарт шалгагдаж байгаа хэргийг тодорхой болохоор бүх хүмүүсийн асуудлыг удирдлагад нь дамжуулаад хариу өгнө гэж байгаа.Жи Тайм ХХК-д С.Ц-ын овог нэр, төрсөн он сар, регистрийн дугаар, утасны дугаар логин-Light-99 бүх мэдээлэл тодорхой байгаа, өөрөө ч энэ байдлыг мэдэж байгаа.Харин ч надад 150 000 төгрөг өгөх ёстой гэжээ.

 

             Хариуцагч Ш.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би С.Ц-д олон улсын “Жи Тайм” компанийн талаар танилцуулж, мэдээлэл өгсөн.Энэ компани  2016 оны 11 дүгээр сард Казакстан улсаас орж ирсэн, интернэт худалдааны бизнес бөгөөд С.Ц орохыг зөвшөөрч бүртгүүлэхээр надад иргэний үнэмлэхээ өгсөн.Энэ компанид элсэхдээ 2 300 000 төгрөгийг төлж байж ордог.Гэтэл С.Ц 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөг өгөөд, хүмүүсээс мөнгө зээлээд эсвэл ээмэг бөгжөө ломбардаад ч хамаагүй намайг элсүүлчих гэхээр нь би өөрийнхөө ээмэг бөгжийг ломбарданд тавьж, бас хүнээс мөнгө зээлж С.Ц-ыг интернэтээр “Жи Тайм” компанид элсүүлсэн.Би хүнээс мөнгө зээлж чамайг бүртгүүлсэн учраас миний мөнгийг яаралтай олж өг гэхэд С.Ц 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 500 0000 төгрөг өгсөн, ажил дээр нь очиж ээмэг бөгжөө ломбарднаас авмаар байна, мөнгөө өгөөч гэхэд 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 800 000 төгрөг шилжүүлсэн бөгөөд 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 350 000 төгрөг өгчихөөд манай эгчийг миний дор бүртгүүлчих гэхэд нь би өмнөх мөнгөө өгөөгүй байж болохгүй гэсэн.Би С.Ц-аас нийт 2 150 000 төгрөг авсан, би өөрөө мөнгө олж элсүүлсэн учраас 150 000 төгрөгийг С.Ц-аас авах ёстой гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ц хариуцагч Ш.Т-т холбогдуулан зээлийн 2 150 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

С.Ц нь Ш.Т-ын Хаан банкин дах 5059400710 тоот дансанд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 350 000 төгрөгийг зээл гэсэн утгаар шилжүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу хариуцагч Ш.Т дээрх 3 удаагийн мөнгөн гүйлгээг өөрийнхөө Хаан банкны дансанд орсныг болон 2017 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр С.Ц-аас 800 000 төгрөгийг бэлэнээр авсан тухайгаа хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээг бодитоор байгуулсанд тооцох л талуудын хооронд мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

С.Ц-ын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өгсөн 500 000 төгрөг дээр дээр би өөрийнхөө эд зүйлийг барьцаат зээлийн газарт тавьж мөнгө зээлж, бас хүнээс мөнгө зээлж 2 300 00 төгрөг болгоод С.Ц-ыг Жи Тайм ХХКомпанид бүртгүүлсэн гэж Ш.Т тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй байна.

 

Хариуцагч Ш.Т Начин Заан ХХК-ийн барьцаат зээлийн газраас 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 600 000 төгрөг зээлсэн баримтыг хэрэгт өгч энэ 600 000 төгрөг С.Ц-ыг Жи Тайм ХХК-д бүртгүүлэх 2 300 000 төгрөгт орсон гэж тайлбарлаж байх боловч Ш.Т нь С.Ц-ыг дээрх байгууллагад бүртгүүлж, түүний нэрийн өмнөөс 2 300 000 төгрөгийг төлсөн тухайгаа баримтаар нотлоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь зээлийн мөнгийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн  тухайгаа баримтаар нотлосон байх бөгөөд хариуцагч нь мөнгө зээлж аваагүй гэж өөр үндэслэлээр тайлбарлаж байх боловч талуудын хооронд Жи Тайм ХХК-д бүртгүүлэх асуудал яригдсан эсэх, хариуцагч нь Жи Тайм ХХК-д С.Ц-ыг бүртгүүлсэн эсэх, түүний өмнөөс мөнгө төлсөн гэх үйл баримтуудыг Ш.Т баримтаар нотлоогүй байх тул 2 150 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан Ш-ийн Т-аас 2 150 000 /хоёр сая нэг зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан С-ийн Ц-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 49 350 /дөчин есөн мянга гурван зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ц-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.ДОРЖНАМЖИН