| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2020/0160/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/401 |
| Огноо | 2020-12-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/401
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, Ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч Г.Намуунтуяа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Иргэдийн төлөөлөгч Б.Баяржаргал
Улсын яллагч С.Алтай
Хохирогч, хууль ёсны төлөөлөгч Н.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд, Г.Цэрэндолгор
Шүүгдэгч О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................... овогт От холбогдох эрүүгийн 1921000180179 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт ................................ тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, .................. овогт О /РД: ..................../.
Шүүгдэгч О нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Сургуулийн нийтийн байрны 02 тоотод М.А-г биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хана руу болон паар руу шидэж эрүүл мэндэд нь тархины 2 тал бөмбөлгийг хамарсан хүнд зэргийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч М.А нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө дээрх тархины гэмтлийн шалтгаант гадрын үхжилт, хоёрдогч усжилт бүхий тархины гэмтлийн улмаас нас барсан, өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан, мөн 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хэрлэн сумын 1 дүгээр баг Сургуулийн нийтийн байрны 2 тоотод хамтран амьдрагч Н.М-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Надад хэлэх зүйлгүй. Би үйлдсэн хэргээ зөвшөөрч байна” гэв.
Хохирогч, хууль ёсны төлөөлөгч Н.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Охин минь От зодуулахаасаа өмнө эрүүл саруул, мөлхдөг байсан. О хаалгаа дотроосоо түгжээд охиныг минь зоддог байсан. Би маш их гомдолтой байна. Охины эмчилгээний зардалд нэлээдгүй мөнгө гарсан. Хохиролтой холбоотой нотлох баримтуудыг нүүдэл суудлын үеэр нэг тийш хийчихээд олохгүй байгаа. Би охиноо босгож авах гэж их л хичээсэн. От үнэхээр гомдолтой байна” гэв.
Иргэдийн төлөөлөгч Б.Баяржаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай байна” гэв.
Хохирогч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 24-ний шөнийн 01 цагийн орчим Хэрлэн сумын 1 дүгээр баг Сургуулийн байрны 01 тоот гэртээ Оын хамтаар очсон юм. Тухайн үед гэрт маань 1 настай охин А, 7 настай хүү М нар унтаж байсан. ...Бид хоёрыг гэрт орох үед хүүхдүүд маань сэрсэн бөгөөд тэгэхэд О хүүхдүүдийн баруун талаар гудсан дээр суугаад энэ муу одоо уйлах гээд байна гээд А-ийн хөнжлийг нь хуулж татсан. Тэр үед охин айж уйлсан ба тэгэхэд О охины цамцнаас нь чангааж өргөж байгаад хаалга руу чулуудсан. Тэр үед охин маань хаалганы хажуу талын хана мөргөж уйлсан бөгөөд хамрынх нь хоёр нүхнээс зэрэг цус гарч байсан. Би От хандаж “хүүхэд яагаад зодоод байгаа юм” гэж хэлэхэд “яадаг юм, уйлаад байна, алаад хаячихъя, би явдаг газар нь явчихъя” гэж хэлж байсан. Тэгээд би охиныхоо цусыг арчиж, хамарт нь хөвөн хийж тогтоогоод орон дээр хэвтүүлж аргадаад байж байтал О дахин битгий уйлаад бай гээд охины цамцнаас зулгааж байгаад хоёр дахь удаагаа паар луу чулуудсан. Тэр үед охин А маань паарны хажуу талын ханыг толгойгоороо мөргөсөн. Тэгээд намайг охиноо очоод авах үед охин маань уйлаад бүх бие нь салганан чичигнэж байсан. Тэр үед том хүү М уйлчихсан байсан. ...Маргааш өглөө архи нь гараад аавыгаа уучлаарай охиноо яах гэж шидэв ээ гээд байсан. Тэр үед охин маань босох гэсэн боловч орноосоо босч чадахгүй байсан бөгөөд мөлхөж ч чадахгүй, хөл гараа дийлэхгүй уйлаад байсан. Тэр үед охины маань нурууных нь баруун талын хавирга нь бондойчихсон байсан. ...2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн байдлаар охины биеийн байдал дээрдэхгүй уйлаад байхаар нь би охиндоо цай өгсөн ба тэгэхэд охин маань уусан цайгаараа бөөлжөөд уйлаад байсан. Тэр үед О охинд маань чи битгий уйлаад бай гэж хэлээд бөгс рүү нь нэг удаа алгадсан. Тэр үед охин маань газар хажуу талаараа хэвтэж унасан. Тэгэхээр нь би От чи яагаад манай охиныг алгадаж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд би энэ хүүхдийг чинь алчихъя, алаад шоронд явчихъя гэж хэлээд охиныг маань гэртээ авч үлдээд намайг гэрээсээ хөөж гаргасан. Тэр үед охин А маань Отай хоёулахнаа цуг үлдсэн. Тэр цаг хугацаанд О охиныг маань нэмж зодон эрүүл мэндийг нь муутгах гэмтэл учруулсан байж магадгүй. Тэгээд хаалгыг нүдэж байтал О гэнэт хаалгыг нээж намайг дотогш оруулаад миний толгой руу өөрийнхөө нохойн арьсан гутлаар 3 удаа цохисон. Тэгэхээр нь би уйлаад “Чи намайг алах гээд байна шүү дээ” гэж хэлсэн. Тэр үед охин А маань газар уйлчихсан хоолой нь бүр салганаад хажуу талаараа хэвтэж байсан ба би охиноо авч чадаагүй. Тэгээд О намайг буцаад хөөж коридорт гаргасан. Тэгээд би өөдөөс харсан хаалга болох Оын ээжийнх нь гэр рүү орж унтах гэтэл О миний араас дагаад ороод ирсэн. Тэр үед би том өрөөний орон доогуур ороод нуугдсан. Тэгтэл О миний үснээс зулгааж чирч гаргаж ирээд нохой гутлаараа миний толгой хүзүү мөр орчимд 3 удаа цохисон. Түүний дараа охины нүүр ам нь тэр чигээрээ цэлдэн хөх болсон бөгөөд бие нь нэлэнхүйдээ хөлөрсөн хүйтэн хөлстэй, амьсгаагүй, ухаангүй болсон. Тэгээд түргэн тусламж дуудсан ба удалгүй түргэн ирж эмнэлэг орсон. ...2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цагийн орчим би Хэрлэн сумын 1 дүгээр баг хуучин сургуулийн байр руу такси бариад Отай уулзахаар очсон юм. Тэгээд Оын гэр рүү нь орсон чинь О намайг “Чи такситай ирдэг нь ямар учиртай юм, жолоочийг нь таньдаг юм уу” гээд намайг таксины жолоочтой хардаад миний хоолойг маань боож байгаад баруун шанаанд зангидсан гараараа нэг удаа цохисон. Тэр үед миний ухаан балартаж газар унасан. Намайг газар унасан үед хөл рүү маань хоёр удаа өшиглөсөн. ...О охиныг маань бааж, шээх үед бааж, шээх нь гүйцэгдэхгүй гэж хэлээд бөгс рүү нь алгаддаг байсан. Би ер нь Отай 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цуг амьдарч эхэлсэн бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 23-ны өдрийн хооронд О лав хоёр удаа охин Ариунааг бааж, шээлээ гэх шалтгаанаар бөгсөн дээр нь алгадаж байсан...” гэжээ. /1-р хавтасны 29-34, 36-42/
Насанд хүрээгүй гэрч М.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...О гэх согтуу ах агсам тавиад манай талийгаач дүү А-ийн хөлнөөс нь татаж байгаад паар руу шидсэн. Тэр үед манай дүү газар унаад уйлж эхэлсэн бөгөөд тэр ах дахин манай дүүг маань барьж байгаад хаалга руу шидсэн. Дүү маань тэр үед уйлсан хэвээр байсан. Тэр ах бас над руу ална шүү гээд дайраад байсан бөгөөд би тэр үед уйлчихсан байсан ...” гэжээ. /1-р хавтасны 78-79/
Гэрч Д.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 11 цагийн орчимд Оын хадам аав Н-аас Оыг А-д гар хүрсэн талаар мэдсэн. Тэгээд би Оаас юу болсон талаар асуухад О юу ч хэлэхгүй байсан. Мөнхцэцэгээс асуухад “О согтуудаа охиноо аваад шидчихсэн” гэж хэлсэн...” гэжээ. /1-р хавтасны 53-54/
Гэрч Д.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэгээд би Оаас болсон асуудлын талаар асуухад надад “би согтуудаа уурласан уурандаа охиноо аваад хаалга руу чулуудсан юм” гэж хэлсэн...” гэжээ. /1-р хавтасны 55-56/
Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...ээж М-ээс нь энэ талаар асуухад “2018 оны 12 дугаар сарын 23-ны шөнө нөхөр нь согтуу ирээд агсан тавьж А-г хаалга руу шидсэн, уйлахаар нь дахиж паар руу шидсэн” гэж хэлсэн...” гэжээ. /1-р хавтасны 65-66/
Гэрч Х.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Талийгаач М.А нь миний зээ охин юм. 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн орчим аймгийн төвөөс ээж М-ийн хамт ирсэн юм. 2018 оны 12 дугаар сард аймгийн төвд А-г хойд эцэг О гэгч нь дулааны төмөр паар, хана руу шидэж гэмтээсний улмаас тархиндаа хүнд гэмтэл авч олон сар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гэртээ ирсэн. Бие нь эрүүл саруул болоогүй. Гэмтлээс болж хөдөлж чадахгүй, хүний асрамжинд байдаг болсон. ...Сүүлийн 7 хоног хоол унд идэхгүй, шингэн каш сүүн зутан зэргийг маш бага хэмжээтэй иддэг, идсэн зүйлээ огиулж буцааж гаргах болсон. ...Хойд эцэгтээ зодуулснаас болж нас барсан...” гэжээ. /хх-ийн 59-60/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 240 тоот дүгнэлтэд:
1. М.А-ийн биед гэмтлийн гаралтай тархины 2 тал бөмбөлгийг хамарсан хүнд зэргийн няцрал, тархины усжилт, тархины хүчилтөрөгчийн дутагдал, саажилт, таталтын кома, 4 мөчний саажилт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлээр 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.4. Өвчний түүхээс үзэхэд дээрх гэмтлийг хэрэг болсон гэх цаг хугацаанд авсан байх боломжтой байна.
5. М.А-ийн биед гэмтэл авахаас өмнө ужиг өвчин байсан эсэхийг тогтоох боломжгүй.
6. М.А-ийн биед үүссэн тархины 2 тал бөмбөлгийг хамарсан хүнд зэргийн няцрал нь архаг хууч өвчнөөс үүсэх боломжгүй.
7. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
8. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөх нь эдгэрэлтийн байдлаас хамаарна гэжээ. /1-р хавтасны 95-96/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 423 тоот давтан дүгнэлтэд:
1. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 240 дугаартай дүгнэлтийн 5-р хэсгээс бусад нь үндэслэлтэй, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 89, 1118 дугаартай дүгнэлтүүд үндэслэлгүй байна.
2.3.4.5. М.А төрөлхийн тархины саажилт, усан тархи бүхий эмгэггүй байжээ. Харин тархины гэмтлийн шалтгаант тархины гадрын үхжилт, хоёрдогч усжилт үүсчээ. Хүүхэд гэмтэл авч ухаангүй Дорнод аймгийн БОЭТ-д ирэх үед толгойн КТГ хийгдээгүй тул тархины аль төрлийн гэмтэл байсныг нарийвчлан тогтоох боломжгүй байна.
6. Хүүхдэд үүссэн тархины кома, тархины гадрын үхжилийн эмнэл зүйн шинжийг үндэслэн тухайн үед амь насанд аюултай байдал үүссэн байна. Энэ нь шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 болон 3.3.2-т зааснаар хүнд гэмтэлд хамаарах ба тархины гэмтлийн улмаас нас барсан байна. Гэмтэл нь 2018.12.23, 29-ний өдрүүдэд үүссэн байх боломжтой байна.
7. М.А нь тархины гипоталамусын гамартома /хоргүй хавдар/ хэмээх төрөлхийн эмгэгтэй байсан байх ба энэ өвчний үед нялх балчир насанд /1-9 нас/ бэлгийн бойжилт эхэлж хөх, сахал ургах, умдагт үсжилт үүсэх шинж тэмдэг илэрдэг. Энэ эмгэгийн үед дээр дурдсан тархины хүнд хэлбэрийн эмгэг өөрчлөлт буюу усан тархи үүсдэггүй гэжээ. /2-р хавтасны 77-85/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 277 тоот дүгнэлтэд:
1. Н.М-ийн биед баруун шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зулгаралт, баруун бугалганы цус хуралт, цээжний ард баруун доод хэсгийн зураасан зулгаралт, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь бүрдэл байдлаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /1-р хавтасны 91/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 21 тоот дүгнэлтэд:
2. О нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон одоо өөрийн үйлдэл, эс үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадвартай байна.
3. О нь үнэн зөв мэдүүлэг өгч, хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /1-р хавтасны 83/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтасны 16-19, 20-23/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтасны 24-26/
Гэрч С.Э-ын мэдүүлэг /1-р хавтасны 51-52/
Гэрч Ж.Э-ийн мэдүүлэг /1-р хавтасны 61-64/
Гэрч Б.С-ийн мэдүүлэг /1-р хавтасны 74-75/
Оын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хавтасны 123-126, 2-р хавтасны 95-96/
Яаралтай тусламжийн хуудас, хохирогчийн өвчний түүх /1-р хавтасны 39-240/
Гэрч Э.С-ийн мэдүүлэг /1-р хавтасны 68-69/
Гэрч Г.С-ийн мэдүүлэг /1-р хавтасны 70-71/
Гэрч Д.Ж-ийн мэдүүлэг /1-р хавтасны 72-73/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 129/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч От холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирч, эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.
Шүүгдэгч .................. овогт О нь 2018 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Сургуулийн нийтийн байрны 2 тоотод М.А-г биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хана болон паар руу шидэж түүний биед тархины 2 тал бөмбөлгийг хамарсан хүнд зэргийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас М.А нь 2019 оны 06 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө дээрх тархины гэмтлийн шалтгаант гадрын үхжилт, хоёрдогч усжилт бүхий гэмтлийн улмаас нас барсан, мөн 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Сургуулийн нийтийн байрны 2 тоотод хамтран амьдрагч Н.М-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед баруун шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зулгаралт, баруун бугалганы цус хуралт, цээжний ард баруун доод хэсгийн зураасан зулгаралт, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэний цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгчийн “...би М түүний охиныг зоддог байсан, би үйлдсэн хэргээ зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, Н.М-ийн “...12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө О охины цамцнаас чангааж өргөж байгаад хаалга руу чулуудахад хамрынх нь 2 нүхнээс зэрэг цус гарсан. Би охиныхоо цусыг арчиж, хамарт нь хөвөн хийж тогтоогоод орон дээр хэвтүүлж аргадаад байж байтал О дахин битгий уйлаад бай гээд охины цамцнаас зулгааж байгаад хоёр дахь удаагаа паар луу чулуудсан. Тэр үед охин Ариунаа маань паарны хажуу талын ханыг толгойгоороо мөргөсөн. ...12 дугаар сарын 29-ний өдөр О охинд маань чи битгий уйлаад бай гэж хэлээд бөгс рүү нь нэг удаа алгадсан. Тэр үед охин маань газар хажуу талаараа хэвтэж унасан. О миний толгой руу өөрийнхөө нохойн арьсан гутлаар 3 удаа цохисон. ...би Оын ээжийнх нь гэр рүү ороод орон доогуур нуугдахад О миний үснээс зулгааж чирч гаргаж ирээд нохой гутлаараа миний толгой хүзүү мөр орчимд 3 удаа цохисон. ...2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр намайг таксины жолоочтой хардаж миний хоолойг боож байгаад баруун шанаанд зангидсан гараараа нэг удаа цохисон. Тэр үед миний ухаан балартаж газар унасан. Намайг газар унасан үед хөл рүү маань хоёр удаа өшиглөсөн. ...О охиныг маань бааж, шээх үед бааж, шээх нь гүйцэгдэхгүй гэж хэлээд бөгс рүү нь алгаддаг байсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Н.М, гэрч Д.У, Д.У, С.Э, Б.Э, Х.Н, Ж.Э, Б.С нарын мэдүүлгүүд, яаралтай тусламжийн хуудас, М.А-ийн өвчний түүхийн хуулбар, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 240 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 423 тоот давтан дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 277 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд нь “Оын үйлдсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасан зүйлчлэлд маргах зүйл байхгүй. Харин түүний 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Н.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хөнгөрүүлэн 11.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчлөх эсхүл хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргаж шүүгдэгч үйлдсэн хэргийн зүйлчлэлийн талаар маргажээ. Хэргийн нөхцөл байдлыг шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой, нягт нямбай хянаж үзвэл шүүгдэгч О нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Н.М-ийн эрүүл мэндэд халдаж бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэлийн хэлбэрийг агуулсан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Н.М-ийн “...12 дугаар сарын 29-ний өдөр О миний толгой руу өөрийнхөө нохойн арьсан гутлаар 3 удаа цохисон. ...би ээжийнх нь гэр рүү ороод орон доогуур нуугдахад О миний үснээс зулгааж чирч гаргаж ирээд нохой гутлаараа миний толгой хүзүү мөр орчимд 3 удаа цохисон. ...2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр миний хоолойг боож байгаад баруун шанаанд зангидсан гараараа нэг удаа цохисон. Тэр үед миний ухаан балартаж газар унасан. Намайг газар унасан үед хөл рүү маань хоёр удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 277 тоот “Н.М-ийн биед баруун шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зулгаралт, баруун бугалганы цус хуралт, цээжний ард баруун доод хэсгийн зураасан зулгаралт, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь бүрдэл байдлаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Оыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн хамтран амьдрагч Н.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, түүний бага насны охин Д.А-г биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж эрүүл мэндэд нь хүнд хохирол тус тус санаатай учруулсны улмаас Д.А нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч О нь сэтгэцийн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 21 тоот дүгнэлтээр тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэрэг хоёрыг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч О нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч болон түүний бага насны хүүхдийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн, хүнд хохирол учруулсан түүнчлэн шүүгдэгч нь амь хохирогчийн биед гэмтэл учруулснаа эмнэлгийн тусламж авсан даруйд мэдэгдээгүйн улмаас бага насны хүүхэд удаан хугацааны туршид өвдөж зовж нас барсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял дээр 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 10 жил 60 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь шүүгдэгч Оын үйлдсэн гэмт хэргийг нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирохоос гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Оын хувийн байдалд анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгааг харгалзан үзсэн болно.
Тус гэмт хэргийн улмаас бага насны хүүхэд Д.А-ийн амь нас хохирч, хохирогч Н.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч, хууль ёсны төлөөлөгч Н.М нь шүүх хуралдаанд “...Миний хувьд охин Д.А-ийн эмчилгээний төлбөр болон оршуулгын зардалд нийт 10 гаруй сая төгрөг зарцуулсан бөгөөд холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч чадсангүй. Надад гарсан зардлыг нотлох баримтууд байгаа учраас хууль дүрмийнх нь дагуу иргэний журмаар нэхэмжилнэ...” гэж мэдүүлжээ. Иймд холбогдох нотлох баримт байхгүй тул энэхүү шүүх хуралдаанаар хохирогчийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч, хууль ёсны төлөөлөгч Н.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Оаас нэхэмжлэх эрх болохыг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 543 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .................. овогт Оыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч От 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 10 /арав/ жил 60 /жар/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч От оногдуулсан 10 жил 60 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оын цагдан хоригдсон 543 /таван зуун дөчин гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Н.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Оаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Оын .............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА
ШҮҮГЧИД Л.БАТЖАРГАЛ
Г.НАМУУНТУЯА