Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 134/ШШ2018/00030

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: М-т холбогдох

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э, хариуцагч М, нарийн бичгийн дарга Л.Мөнхсан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э нь хариуцагч М-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2011 онд М-тэй танилцсан. Бид 2013 оны 01 дугаар сарын 04-нд гэрлэлтийн 0143569--- тоот баталгаагаар гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Хамт амьдарч байх хугацаандаа 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүү Э-г төрүүлсэн. Гэр бүл болсон цагаасаа эхлэн М нь иргэн А-тэй хайр сэтгэлийн холбоотой байсан бөгөөд 2014 оноос цаашид хамтран амьдрана гэх шалтгаанаар хүү бид хоёрыг Сүхбаатар аймгийн Онгон сумын хилийн заставаас замын унаанд суулган явуулж байсан. Ингэж явуулахдаа миний аав, ээж хоёрыг яаралтай ир гэж хэлүүлсэн байна гэж худал хэлж хуурч мэхлэн хүү бид хоёрыг замын унаанд солих хувцасгүй, зардал унааны мөнгөгүй явуулж байсан. Тэр үеэс хойш би хүүтэйгээ Говьсүмбэр аймагт ажиллаж, амьдрах болж М-тай харьцахаа больсон. М нь хүү бид хоёрыг хуурч мэхлэн явуулснаас хойш одоогийн эхнэр Х хамт амьдрах болсон. М хүүхэддээ анхаарал халамж тавьдаггүй, заримдаа ширүүн догшин зан гаргаж бид хоёрыг айлгаж, гэр бүлийн амьдралдаа огт анхаарал тавьдаггүй, санхүү мөнгөний хувьд хувиа хичээн бидний гэр бүлийн амьдрал маань аз жаргалгүй, хүйтэн хөндий байсан. Мөн гэр бүлээрээ хамт амьдрах дургүй үргэлж намайг аав, ээж рүүгээ буц үгүй бол чиний амьдралыг там болгох болно гэж сэтгэл зүйн болоод бие махбодын дарамт үзүүлдэг байсан. М нь одоо ч хүүхэдтэйгээ утсаар ярьдаггүй, хүүхэддээ хэрэглээний мөнгө өгдөггүй. Би хааяа хэрэглээний мөнгө өгч бай гэж хэлдэг боловч дургуйцэж уурладаг. Иймд бид 2014 оноос хойш хамтран амьдрахаа больж М нь өөр гэр бүлтэй болсон учраас хойшид хамт амьдрах болон эвлэрэх боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Э-г минь миний асрамжинд үлдээж, эцэг М-ээс хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж авах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч М шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М би 2011 онд Э-тэй танилцаж 2013 оны 01 дүгээр сарын 04-нд гэрлэлтээ батлуулж, 2013.01.14-нд хүү Э төрсөн. Гэрлэлтээ батлуулсан өдрөөс хойш нэг гэрт хамт амьдарч байгаагүй. Миний ажиллаж, амьдарч байгаа хилийн заставт хааяа ирж, очдог байсан. Хамт амьдрахгүй удаан хугацаагаар тус тусдаа байх хугацаанд үл ойлголцол, хэрүүл маргаан үргэлж байдаг байсан тул бидний харьцаа хөндийрч, одоог хүртэл 4 жил тусдаа амьдарч байна. Тусдаа амьдарсан шалтгаан нь миний ажил мэргэжлийн хувьд хилийн застав дээр нийгмийн талаас амьдрахад хэцүү орчинтой. Энэ байдал нь Э хэцүү санагдсан байх. Одоо би өөр хүнтэй хамтын амьдралтай болж, үр хүүхэдтэй болсон. Иймд Э-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүгдийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлгийн асуудлаар гэрээ байгуулахгүйгээр шүүхээр тогтоолгох саналтай байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э нь хариуцагч М-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Э, хариуцагч М нар нь 2011 онд танилцаж, хамтран амьдарч байгаад 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр албан ёсоор гэр бүлийн бүртгэлд бүртгүүлсэн ба хамтын амьдралын хугацаанд 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүү Э-г төрүүлсэн нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 6-- дугаартай Э нь ...хүүхдийн хамт оршин суудаг нь үнэн гэсэн тодорхойлолт, өрхийн эмч О.Жавзандуламын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хүүхэд эрүүл бойжиж байгаа гэсэн тодорхойлолт, М, Э нарын №0143569--- дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Э №0000852635--- дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын шүүхэд гаргасан маргаангүй тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0- дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл-ээр талууд цаашид эргэж эвлэрч хамтран амьдрах боломжгүй гэсэн хүсэлт гаргасан үндэслэлээр дуусгавар болгожээ.

Хариуцагч М нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүй хүлээн зөвшөөрсөн, улмаар өөр бусадтай гэр бүлийн харилцаатай болж үр хүүхэдтэй болсон байх тул шүүхээс тэднийг тодорхой хугацаанд тусдаа амьдарсан, цаашид хэн аль нь эвлэрэн хамтдаа амьдрах хүсэл сонирхолгүй байдлаа илэрхийлж, гэрлэгчид харилцан тохиролцсон зэрэг байдлыг үндэслэн эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр, гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 Мөн хариуцагч М нь хүү Э-г эхийнх нь асрамжинд үлдээж, тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцсон тул хүү Э-г эх Э-н асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар зохигчид харилцан тохиролцож гэрээ байгуулахгүйгээр шүүхээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэж тайлбарласныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдийн насны байдлыг харгалзан, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр /2018 онд тухайн бүс нутагт тогтоогдсон хэмжээ 175 600 төгрөг/ эцэг М-ээр сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Тухайлбал Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. Улмаар мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар ...эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.

Талууд эд хөрөнгийн маргаангүй гэснийг шүүхийн шийдвэрт дурдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98 683 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үнийг тодорхойлж, тэтгэлэг төлөгч буюу хариуцагч М-ын нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон, дутуу төлөгдсөн улсын тэмдэгтийн хураамж 1 353 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод оруулж, мөн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир 98 683 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Нэхэмжлэгч Э нь бага насны хүүхэдтэй тул хариуцагчийн байгаа газар очиход бэрхшээлтэй үндэслэлээр өөрийн оршин суугаа газрын шүүхээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаснаар Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар М, Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Э-г эх Э-ийн асрамжинд үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Э-г 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/, түүнчлэн түүнийг насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М-ээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

5.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэлт цуцлуулсан иргэн нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 10 хоногийн дотор гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлэхийг мэдэгдсүгэй.

6.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98 683 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас М-ээс улсын тэмдэгтийн хураамж 1 353 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод, 98 683 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.