Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 489

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Гаахүү овогт Л-ийн О-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Олхонууд овогт Ж-ийн У,

 

Хариуцагч: Боржигон овогт Б-ийн О нарт холбогдох

 

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 6 000 000 төгрөг тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бэрхсайхан, хариуцагч Ж.У, Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Уранбайгаль нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бэрхсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:О.Л нь 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Б.О, У нарын хүсэлтээр Баянгол дүүргийн Алтай хотхонд байрлах 2 өрөө орон сууцаа орон сууц хөлслөх гэрээ хийж 1 жилийн хугацаатай, төлбөрийг сар бүр 500 000 төгрөг төлж байхаар тохиролцож орон сууцандаа оруулсан.Б.О нь өөрийн охин У болон зээ хүүхдүүдтэйгээ миний байранд 1 жил 3 сар гаруй хугацаанд амьдарч байна.Гэтэл хариуцагч нар анх орсон цагаасаа эхний 2 сар л төлбөрийг төлсөн бөгөөд түүнээс хойш төлөхгүй байна.Иймд Б.О, Ж.У нараас орон сууц хөлсөлсний төлбөр 6 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: О.Л 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Б.О, Ж.У нартай орон сууц хөлслөх гэрээ байгуулсан, хариуцагч нар 2016 оны 12 сар хүртлэх төлбөрөө төлсөн бөгөед 1 жил гаруй хугацаанд Б.О, Ж.У нар гэрээний дагуу мөнгөө төлөөгүй, үүргээ биелүүлээгүй. Б.О, Ж.У нар 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 6 000 000 төгрөгийг төлөх ёстой, орон сууц хөлслөх гэрээнд хүү, алданги тооцоогүй, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 1 000 000 төгрөг Б.О төлсөн, энэ 1 000 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүртлэх хугацааны төлбөр гэж тооцож хоорондоо тохиролцсон, одоо 6 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

             Хариуцагч Б.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс О.Л-тэй сард 500 000 төгрөг төлөхөөр сар сардаа тогмол төлөхөөр орон сууц хөлслөх гэрээ байгуулсан.Гэрээ байгуулсанаас хойш 2016 онд 3 сарын төлбөр болох 1 500 000 төгрөгийг төлсөн, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1 000 000 төгрөг төлсөн, 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 6 000 000 төгрөгийн төлбөртэй байгаа бөгөөд сард тогтмол 1 000 000 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Л, хариуцагч Б.О, Ж.У нарт  холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүргийн 6 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч Б.О, Ж.У нар нь О.Л-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон /16030/ Энгельсийн гудамж 20 дугаар байрны 177 тоотод байршилтай хоёр өрөө орон сууцыг 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаанд хөлсөлж суух, орон сууц хөлсөлний төлбөрт сар бүр 500 000 төгрөгийг Б.О, Ж.У нар О.Л-т төлөх үүрэг хүлээн тохиролцож, 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр орон сууц хөлслөх гэрээг талууд байгуулсан байна.

 

Энэхүү гэрээний дагуу хариуцагч нар 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөр 6 000 000 төгрөгийг О.Л-т төлөөгүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байгааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүртлэх хугацааны төлбөрт тооцож хоорондоо тохиролцсон гэж тайлбарлаж байхад, хариуцагч Б.О нь 1 000 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны төлбөр гэж ойлгоогүй гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагчаас 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгчид төлсөн 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаагүй хугацааны орон сууц хөлсөлсний төлбөрт тооцохоор тохиролцсон гэж дүгнэх баримт талуудаас ирүүлээгүй байх тул хариуцагч нарын төлсөн 1 000 000 төгрөгийг нэхэмжлэлийн дүнгийн 6 000 000 төгрөгөөс хасч тооцох нь үндэстэй байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нарын төлсөн 1 000 000 төгрөг нь тэдний бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй байгаа тул хугацаа болсон өр буюу цаг хугацааны дараалалаар төлбөрийг барагдуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т заасанаар Б.О, Ж.У нараас 5 000 000 /таван сая/ төгрөгийг гаргуулан О.Л-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1 000 000 /нэг сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 133 350 /нэг зуун гучин гурван мянга гурван зуун тавин/  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Л-т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН