| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 105/2019/0326/Э |
| Дугаар | 363 |
| Огноо | 2019-04-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.1, |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 363
2019 4 23 2019/ДШМ/363
Ц.С- холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Сайнбаяр,
шүүгдэгч Ц.С- ,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 681 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Сайнбаярын бичсэн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 35 дугаартай эсэргүүцлээр Ц.С- холбогдох эрүүгийн 1906007140341 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Т овгийн Ц-ийн С- , ................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.............../;
Ц.С- нь 2019 оны 1 дүгээр сарын 23-ны шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахмад А.Амарсайханыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.С- ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.С- ыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон авто замын хөдөлгөөнд оролцож явахад автомашиныг зогсоон, хууль ёсны шаардлага тавьсан цагдаагийн ажилтны хөл рүү нь өшиглөн хавсарч унаган, толгойг нь хагалж, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нэг удаагийн үйлдлээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, мөн хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан 2 гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татан, прокурорын яллах дүгнэлт үйлдсэн байх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9 дахь заалтад зааснаар эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг орхигдуулж хэргийг зүйлчилсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилж болохгүй юм. Иймд мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.С- холбогдох 1906007140341 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, Ц.С- авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор А.Сайнбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх буюу 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-т “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг” гэж, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан ...үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол” гэж тус тус хуульчилсан.
Өөрөөр хэлбэл, тухайн тусгай ангид заасан гэмт хэргийн хэргийн шинж нь эхний тохиолдолд хохирогч нь ямар нэгэн үйлдэл хийгээгүй зөвхөн гэмт хэрэг үйлдэгч этгээдийн хувьд эрх ашиг, сонирхолд нь үл нийцэх тодорхой ажил, албан үүрэг эрхэлдэг эсвэл түүний ойр дотны хүн байх, удаах тохиолдолд хууль сахиулагч нь албан үүргээ биелүүлэх буюу тодорхой үйлдэл хийсэн байхыг тус тус шаардаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан хохирогч А.Амарсайханы “...Би мөн адил буугаад шаардлага тавиад би чамд зөрчлийн тэмдэглэл уншууллаа, машинд суугаад гарын үсгээ зур гэхэд намайг заамдаж аваад унагаасан. Унаад босоод ирэхэд толгойн ар хэсэг хөндүүр байсан. Удалгүй хэлтэс дээр ирээд хүмүүсээр үзүүлэхэд хагарсан байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Баасанжавын “...Урд сууж байсан цагдаагийн ажилтан бууж ирээд тухайн залууг “машинд суу” гэхэд “цагдаа гэхээрээ та нар ингэдэг юм уу, би даргыг чинь танина, чи яах юм” гэж хэлээд цагдааг хавсарч унагасан, боогоод зогсож байхад ачлагын машины жолооч тухайн залууг салгасан...” гэсэн мэдүүлэг, шинжээч эмч С.Наранцэцэгийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн болон бусад баримтаар яллагдагч Ц.С- нь 2019 оны 1 дүгээр сарын 23-ны шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахмад А.Амарсайханы хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тодорхой болсон тул шүүгчийн захирамжинд дурдсанаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж зүйлчлэх үндэслэлгүй байна.
Иймд Ц.С- ын үйлдсэн гэмт хэргүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэж давхар хүндрүүлэн зүйлчлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчиж байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 681 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Шүүгдэгч Ц.С- “...тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3 дахь заалтад зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос Ц.С- ыг “...2019 оны 1 дүгээр сарын 23-ны шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахмад А.Амарсайханыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан...” гэж дүгнэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Прокуророос Ц.С- ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнийг орхигдуулж зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байгаа талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэж, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн...” гэж гэмт хэргийн шинжийг тус тусад нь заасан байхад нэг үйлдлээр хэд хэдэн гэмт хэргийн бие даасан шинжийг хангаж байгаа Ц.С- ын үйлдлийг тухайн гэмт хэргийн шинжийг хангаж байгаа шинжээр нь зүйлчлэлгүй, гэмт хэргийн шинж давхацсан гэдгээр хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй.
Мөн яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтыг тодорхой бус буюу “...Ц.С- нь Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахмад А.Амарсайханы албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан...” гэж Ц.С- ын үйлдлийн гэмт хэргүүдийн шинжийг тодорхой биш байдлаар яллах дүгнэлтээ үйлдсэн нь ойлгомжгүй байна.
Иймд Ц.С- холбогдох 1906007140341 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр Ц.С- ын үйлдлийг зүйчлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулна...” гэсэн үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 681 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор А.Сайнбаярын бичсэн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 35 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ