Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2014/0056

 

2014 оны 01 сарын 28 өдөр                    Дугаар 56                        Улаанбаатар хот

 

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “О” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ямар ч хууль зүйн үндэслэлгүй буюу илэрхий алдаатай гарсан Өлгий сумын Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 152 тоот захирамжийг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгийн сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баян-Өлгий аймгийн Ой ангийн аж ахуй 1996 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Бугат сумын Засаг даргын 27 тоот захирамжаар тус газрыг ойжуулалтын зориулалтаар эзэмшсэн ба уг газар Өлгий сумын нутаг дэвсгэрт хамаардаг. Иймд Бугат сумын Засаг даргын 27 тоот захирамж хүчингүй гэж үзэж байна.

“О” ХХК уг газрыг зориулалтын дагуу ашигласан нөхцөлд Хот тохижуулах албатай гэрээ хийж, суулгацаар хангаж байх ёстой. Гэтэл “О” ХХК уг үүргээ огт биелүүлээгүй, эзэмшиж байгаа газрыг шинээр мод тарих зориулалтын дагуу тордож ашиглах байтал огт тийм үйл ажиллагаа явуулаагүйгээс тус газрын 50-60 хувь нь элсэнд хучигдсан байна.

“О” ХХК эзэмшиж байсан газар нь Өлгий хотын иргэдийн хадлан байсан ба уг газраас иргэд хадлан хадаж, хадлан авч байсан ба одоо тус газар нь ганц хүний эзэмшил газар болсон байна. Уг нь нийтийн эрх ашгийн тусын тулд нийтэд зориулагдах ёстой газар гэж үзэж байгаа.

Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тус компани эзэмшиж байсан газар зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх, кадастрын зургийн дагуу хэмжилт үзлэг хийхэд уг газрыг зориулалтын дагуу ашиглаагүй эзэмшвэл зохих газраас 6 га газар илүү газар эзэмшиж байгаа нь тогтоогдсон байна.

                Уг “О” ХХК-ны гэрээгээр хүлээсэн үндсэн үүргээ огт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс 40 га газрыг аймгийн БОАЖ-ын газарт олгож мод үржүүлэг, плантацын үйл ажиллагааг тэнд явуулж, Өлгий хотын ногоон байгууламжид тарих модны тарьц суулгацыг тус газрын плантацын талбайгаас сүүлийн 5-6 жилд болно.

Газрын тухай хуульд Засаг даргын бүрэн эрхийг 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэж үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заажээ. “О” ХХК-ийн газрыг ашиглаж байгаа байдалд ажлын хэсгийн ажиллаж гаргасан дүгнэлтийг үндэслэн өөрт олгогдсон хуулийн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан болно.

Иймд ямар ч хууль зүйн үндэслэлгүй буюу буруу шийдвэр гаргаагүй болно” гэжээ.

Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Өлгий сумын Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 152 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга давж заалдах гомдолдоо: “Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 11- ний өдрийн 60 тоот шийдвэрийг 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гардан хүлээн авч танилцаад дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг дарга 1996 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 27 тоот захирамжаар “О” ХХК-нд “Ойжуулах, тариалан эрхлэх газар олгох тухай” захирамжаар газар олгосон нь хууль зөрчсөн үйлдэл болсон ба тус газар АИХ-ын Тэргүүлэгчдийн 1973 оны шийдвэрээр Өлгий сумын хилийн цэсэд багтсан газар бөгөөд сумын өндөр настан, тэтгэвэртэн, малчин ардын хадлан хадах талбайг эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн ба үүнийг анхан шатны захиргааны хэргийн шүүхэд өгсөн мэдүүлэгтээ М.А, Б.М, М.С, Х.Ж, А.Ж нарын мэдүүлэг ба МХЕГ-ын шинжээч нарын дүгнэлтээр хадлангийн зориулалттай өвслөг талбай байна гэдэгт анхан шатны захиргааны хэргийн шүүх зөв дүгнэлт хийгээгүй.

  1. Тухайн газрыг “О” ХХК нь Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.6 “д” “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг аймгийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 341 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, мөн урьд тус сумын Засаг дарга байсан Х.Х-ийн тухайн үед гаргаж байсан захирамжид зориулалтын дагуу ашиглаагүй гэж хүчингүй болгож байсныг тухайн үед “О” ХХК нь хүлээн зөвшөөрч маргаан гаргаагүй байсан ба одоо маргаан гаргаж түүнд Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргасан нь хэт нэг талыг барьсан, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаж байна үүнд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт гаргана гэдэгт итгэж байна.
  2. “О” ХХК-ийн эзэмшиж байгаа газрыг шинээр мод тарьж, суулгац суулгаж Хот тохижуулах албанд нийлүүлэх ёстой байтал дээрх үүргийг огт биелүүлээгүй, тус газар нь цөлжиж өвслөг ургамалд дарагдсан ба энэ тухай МХЕГ-ын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг дүгнэлт гаргасан байхад анхан шатны шүүх энэ тухай огт авч хэлэлцээгүй.
  3. Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тус компани эзэмшиж байсан газар зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд, кадастрын зургийн дагуу хэмжилт үзлэг хийхэд, уг газрыг зориулалтын дагуу ашиглаагүй 0005884 тоот газар эзэмших гэрчилгээ, газар эзэмших гэрээгээр эзэмшиж байгаа газраас даруй 3 га гаруй илүү эзэмшиж байгаа нь уг ажлын хэсгийн дүгнэлтээр батлагдан тогтоогдсон ба энэ нь Монгол улсын Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа зөрчсөн нь” дээрх хуулийн заалтад бүрэн нийцэх ба тодруулбал гэрээний болзлыг нэхэмжлэгч “О" ХХК-ийн захирал А.Х зөрчсөнийг илтгэж байна.
  4. Монгол улсын Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар “Эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх газрын хэмжээ, байршил”-ыг тогтоосон бөгөөд тухайн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3-т зааснаар хэрхэвч 38 га газрыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болгосон таримал ургамал, ойжуулах зориулалтаар 38 га газрыг олгох тухай хууль эрхийн актгүй байгааг шүүгч ойлгоогүй, хуулийг нэг бүрчлэн хэрэглэж чадаагүй, хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд хэт нэг талыг баримталсан, нотлох баримтад зөв дүгнэлт хийж чадаагүйг илтгэж байна.
  5. Тухайн үед “О” ХХК-ийн захирал А.Х-ны нөхөр болох М нь Ойн ангийн аж ахуйн дарга байсан бөгөөд тухайн үед ойн аж ахуй төрийн өмчит үйлдвэрийн газар байсан.

Дараа нь С.М нь аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн захиргаа, удирдлагын газрын хэлтсийн дарга байсан бөгөөд тухайн үеийн удирдлагатай үгсэн хуйвалдаж компанийг эхнэрийн нэр дээр шилжүүлж үйл ажиллагаа явуулж байсан нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна.

Энэхүү давж заалдах гомдлын үндсэн дээр Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 60 тоот шийдвэрийг хэрэгсэхгүй болгож Өлгий сумын Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 152 тоот захирамжийг хэвээр үлдээж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан, шалгаж дүгнэвэл зохих нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, Газрын тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “О” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.М нь Баян- Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын захирамжаар 100 га газар эзэмшиж байсан тус аймгийн “Ой, ангийн аж ахуй” улсын үйлдвэрийн газрыг 1997 онд хувьчилж авсны дараа “О” ХХК-ийг үүсгэн байгуулж, улмаар тус компани нь Өлгий сумын Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 125 дугаар захирамжаар “Их булан” гэх газарт 35 га газрыг аж ахуйн хэрэгцээний зориулалтаар, 50 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, газар эзэмших эрхийн гэрчилгээ авчээ. Иймд Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар эзэмшиж, гэрчилгээ авсан бөгөөд гэрчилгээ хүчин төгөлдөр бус гэх нөхцөл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн “27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг баримталсан нь хууль бус” гэсэн дүгнэлт зөв байна.

Өлгий сумын “Их булан” дахь газар нь хадлангийн хэрэгцээнд зориулагдаагүй, 1996 онд ойжуулах зориулалтаар тус аймгийн Ой, ангийн аж ахуй улсын үйлдвэрийн газарт эзэмшүүлж байсан бөгөөд Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан хот, тосгон, бусад суурины газар хамаарна гэдэг нь Бугат сумын Засаг даргын 1996 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаар захирамж, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 297 дугаар албан бичгээр тус тус нотлогдож байх тул хариуцагчаас “хадлан хадах талбайг эзэмшүүлсэн” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Тодруулбал, хадлангийн газар гэсэн үндэслэлээр хууль ёсоор газар эзэмшиж байгаа этгээдийн эрхэд халдах үндэслэлгүй.

Гэрч Б.М, М.А, А.Ж, О.У нарын мэдүүлэгт “О” XXК “газраа зориулалтын дагуу огт ашиглаагүй, сүүлийн жилүүдэд тус газар огт ойжуулалт хийгээгүй, 2005 оноос хойш мод тарьж ойжуулах шил хийгээгүй, байгалийн жамаар ургасан мод байгаа болохоос зориулалтын аргаар тарьсан мод” байхгүй гэж мэдүүлсэн байгаа ч эдгээр нь хэрэгт авагдсан бусад баримтаар няцаагдаж байгаа, тухайлбал гэрч Н.А-ны мэдүүлэг аймгийн Байгаль орчны газрын “Сүүлийн 2 жилд 9 га-д ойжуулалт хийсэн” гэх 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 120 дугаар албан бичиг, гэрч Т.Х-ын 2006 онд Өлгий сумын хот тохижуулалтад зориулж 7000-8000 гаруй бургас, суулгац нийлүүлж байсан” гэх мэдүүлэг, 2011 болон 2012 оны ойжуулалтын ажлын гүйцэтгэлийг хүлээж авсан акт зэргээс үзвэл нэхэмжлэгч уг газраа сүүлийн 2 жилд зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлгүй байна. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 04- 04-028/426 дугаар дүгнэлтээр “О” ХХК нь 2011 онд 5 га-д, 2012 онд 4 га-д ойжуулалт хийж байсан болох нь нотлогдож байна.

               Түүнчлэн ойжуулалтын ажилд зориудын аргаар мод тарихаас гадна байгалийн сэргэн ургалтыг тэтгэх аргаар ойжуулдаг байх ба “О” ХХК байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг дэс дараатай зохион байгуулж байгаа талаар аймгийн Байгаль орчны газраас тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2001 оны 62 дугаар захирамжаар өөрийн эзэмшиж байсан 35 га газар дээр нэмж 105 га газар ашиглахаар гэрээ байгуулсан боловч гэрээний “мод үржүүлгийн талбай байгуулах ажлыг зохион байгуулж, тарьц, суулгацаар хангах” заалтууд биелэгдээгүй гэсэн үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 94 дүгээр захирамжаар уг 105 га талбайг Өлгий сумын мэдэлд буцаан өгсөн нь одоо маргаж буй 35 га газартай хамааралгүй талаар шүү. зөв дүгнэлт хийсэн, өөрөөр хэлбэл тус 105 га-д ойжуулалт хийлгүйгээр гэрээний үүрэг зөрчсөн нь 35 га газар эзэмших эрхтэй нь хамааралгүй.

Хариуцагчаас “нэхэмжлэгч уг газрыг зориулалтын дагуу ашиглаагүй нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон” гэж маргаж байгаа ч тус ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлээс өөр нотлох баримт байхгүй, тэмдэглэлээс үзвэл “Өлгий сумын Засаг даргын 2005 оны 125 дугаар захирамжийн 2-т заасан газрыг зориулалтын дагуу ашиглах, хотыг тарьц, суулгацаар хангах үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна. Тодруулбал ажлын хэсэг ямар баримтад тулгуурлан нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж дүгнэсэн нь тодорхойгүй байна.

“О” ХХК нь 1997 онд улсын үйлдвэрийн газрыг хувьчилж авч байгуулагдсан, 1 гишүүнтэй, үүсгэн байгуулагч нь бүх гишүүдийн хурлын эрхийг эдэлдэг хязгаарлагдмал хариуцлагатай компани байх бөгөөд хэрэгт аваг,;сан баримтаар аймгийн Засаг дарга эсвэл газрын алба болон бусад байгууллагатай газар эзэмших болон тарьц, суулгац нийлүүлэх үүрэг хүлээж гэрээ байгуулаагүй гэдэг нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг Хот тохижуулах албанд тарьц, суулгац нийлүүлээгүй гэж буруутгах боломжгүй. Тодруулбал, хувийн өмчийн хуулийн этгээд аж ахуйн зориулалтаар газар эзэмшихдээ харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй тохиолдолд “Өлгий хотыг тарьц, суулгацаар хангах” үүрэг хүлээхгүй юм. Иймд нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар гэрээ, Газрын тухай хууль тогтоомжийг удаа дараа зөрчөөгүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр нийт 11 га газарт мод тарих ажил хийсэн болох нь тогтоогдож байхад мөн тус дүгнэлтээр “элсэнд дарагдаж цөлжсөн 1 га, хөрсний элэгдэлд орж цөлжсөн 1.5 га газрыг зориуд аргаар нөхөн сэргээгүй, хашиж хамгаалж байгалийн аясаар ургах нөхцөлийг бүрдүүлсэн” гэснийг үндэслэн нэхэмжлэгчийг эзэмшсэн газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэхээргүй байна. Мөн гэрч Х.Х “нэхэмжлэгчид 35 га газрыг 2005 онд олгох үед уг газар нь цөлжсөн байдалтай газар байсан” гэж мэдүүлсэн тул нэхэмжлэгч газраа зориулалтаар ашиглаагүйн улмаас дээрх газар цөлжсөн, эсвэл цөлжсөн газар байсан эсэх нь тодорхойгүй байна.

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д заасны дагуу Засгийн газар 2003 оны 28 дугаар тогтоолоороо “Аж ахуйн нэгжид үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх газрын дээд хэмжээ”-г баталсан бөгөөд “Төмс, хүнсний ногоо, бусад ургамал тариалахад аймагт 200 га хүртэл” эзэмшүүлж болохоор заасан ба нэхэмжлэгч аж ахуйн зориулалтаар 35 га газар эзэмшүүлсэн нь хууль, тогтоомж зөрчөөгүй байх тул “38 га газрыг ойжуулах зориулалтаар олгох хууль эрхийн актгүй байгааг шүүгч ойлгоогүй, хуулийн заалтыг буруу хэрэглэсэн” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгч нь эзэмшүүлсэн газраас илүү хэмжээний газрыг эзэмшиж, хашаа барьсан гэх үндэслэлийн тухайд хариуцагч хуульд заасны дагуу тухайн илүү хэмжээтэйгээр эзэмшиж буй газрыг чөлөөлүүлэх арга хэмжээ авах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтын дагуу хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн

болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.