Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 161

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Шүүгдэгч Х.Дарханбаяр, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Хонгорын Дарханбаярт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625012273 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн Боржигон овогт Хонгорын Дарханбаяр, 1998 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 18 настай, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх 3 дүүгийн  хамтаар Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 34-18 тоотод оршин суух хаягтай, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, ТА98032215 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Х.Дарханбаяр нь 2015 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 12 дугаар хороолол 1 дүгээр байрны 23 тоотод иргэн Э.Дөлтэй хамт архи ууж түүнийг унтах хооронд яллагдагч Э.Долгионтой бүлэглэн түүний гэрээс зөөврийн компьютер, Самсунг галакси эс-6 загварын гар утас зэргийг хулгайлан 2.248.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Дарханбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Э.Дөл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 00 цаг 30 минутын үед би өөрийн найз Н.Гэрлээ, Н.Батчимэгтэй Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Доргио” бааранд 3 шил пиво уусан бөгөөд баарнаас гараад такси бариад гэр рүүгээ явсан юм. Гэр рүү орох замдаа дэлгүүр ороод нэг шил боргио пиво аваад 1 дүгээр байрны 2 дугаар орцны үүдэнд 02 цаг 00 минутын үед пиво уугаад сууж байхад хоёр залуу ирээд гал өгөөч гэж надад хэлсэн бөгөөд би галаа өгчихөөд сууж байхад энгэрээсээ 0.5 литрийн ерөөл архи гаргаж ирээд татах уу гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би тэгье хийгээд өгчих гэж надад хэлсэн. Тэр хоёр залуутай архи ууж дуусчихаад такси бариад “Жулия” төв ороод дахин нэг шил 0.5 литрийн ерөөл аваад гэр рүүгээ тэр хоёр залуутай хамт явсан. Манай гэр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 1 дүгээр байр 2 дугаар орц 23 тоотод байдаг юм. Би тэр хоёр залууг гэртээ дагуулж ороод авсан нэг шил архиа уугаад унтаад өгсөн бөгөөд өглөө сэрэхэд миний нөүтбүүк, галакси эс-6 маркийн гар утас, приус 20 автомашины түлхүүр алга болсон байсан. Би хорооны цагдаад очиж хэлэхэд 1 дэх өдөр цагдаагийн хэлтэст очиж өргөдөл өг гэж хэлсэн. Би 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө 11 цаг 10 минутын өөрийн машиныг зогсоолд байхаар нь очиж хаалгыг нь татаж үзэхэд цоожтой байсан бөгөөд 18 цагийн үед харахад зогсоол дээр миний машин байсан. Тэгээд унтаад 2015 оны 11 сарын 29-ний өглөө 09 цагийн үед цонхоор машинаа харахад алга болсон байсан. Би өөрийн найз Н.Амартүвшинтэй хамт Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг. /1 хавтас, хх96-97/,

Гэрч Ч.Бадамсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 12 дугаар сарын 27-ноос 28-ныг шилжих шөнө манай хүү Э.Дөл шөнийн 03-00 цагийн үед гэрийн хаалга онгойхоор нь би босч ирээд харахад Э.Дөл манай ажлын хүмүүс гэж хэлээд өрөөндөө оруулсан ба харанхуй гэрлээ асаагаагүй байсан болохоор харанхуйд харахад өндөр нуруутай туранхай биетэй залуу хүүе гэхийн завдалгүй Э.Дөл өрөөгөө хаачихсан. Тэгээд ажлынх нь гэж хэлээд оруулахгүй болохоор нь би өрөөндөө орж унтахаар хэвтсэн. Э.Дөл яриад байгаа бололтой суугаад л байсан би хэсэг чагнаж байгаад юм сонсохгүй болохоор нойр хүрэхгүй хэвтэж байхад цаг 01:30-аас 02:00 цаг орчим болсны дараа гэрийн хаалганы дуу хүчтэй дуугахаар нь босоод араас нь харахад зам хөндлөн гүйж байсан...” гэсэн мэдүүлэг. /1 хавтас, хх-128/,

Гэрч Ц.Өлзийсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2015 оны 11 сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 22 дугаар байрны барьцаалан зээлдүүлэх газарт үл таних 3 залуу ACER маркийн зөөврийн компьтерыг Жаргалсайхан овогтой Энхсайхан 9493****, 8820**** гар утасны дугаараар 0001025 дугаарын баримтаар 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 11 цаг 54 минутанд 350.000 төгрөгийн барьцаанд тавьсан...” гэсэн мэдүүлэг. /1 хавтас, хх-123/,

Яллагдагч Х.Дарханбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би урьд өмнөх байцаалтууд дээрээ өөрийн гэр бүл эцэг эхээсээ айж сандарсан байсан учир өөрийн үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгч чадаагүй. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлнө. Би өөрийн үйлдсэн гэмт хэргийнхээ талаар одоо үнэн зөв мэдүүлэг өгнө. Би он сар өдрийг нь бол санахгүй байна ямар ч байсан гэртээ интернетээр фейсбүүк хөтөч дээр ажиллаж байхад Долгион чатад орж ирээд мэнд ус мэдээд ойр зуурын юм ярьж байгаад I phone 4 маркийн утасны id lock тайлж болдог болов уу гэхэд болно гэхдээ 2 хоногийн хугацаа шаарлагатай чи хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би тэр өдрийнх нь орой 3 дугаар сургууль дээр цаг товлон 22-00 цаг өнгөрч байхад Долгионтой очиж уулзсан. Тэгээд надаар нэг хайрцаг тамхи, ундаа аахуулаад хойд талд нь байх таньдаг хүнийх нь компьютер тоглоомын газар гээд нэг газар орж тоглох гэсэн боловч ширээ байхгүй байсан учир бид хоёр тэндээс гарч Бөхийн өргөө рүү яваад Баянзүрх захын хажуу талын pc тоглоомын газар очсон. Тэгтэл тэнд нь шинэ ажилтан байна гээд бид хоёрыг танихгүй хүмүүс байна гээд оруулаагүй. Тэгээд тэндээс бид хоёр хойш Бөхийн өргөөний уулзварыг нэвт гарч хойш чиглэлтэй явж байхад Чингис зочид буудлын эсрэг талд байх байран дундаас нэг ах бид хоёрыг дуудхаар нь очиход баруун талын ханцуйндаа нэг шил архи хийчихсэн байсан. Тэгээд бид хоёрыг эр хүмүүс байна ах нь эхнэртэйгээ хэрэлдчихсэн архи хувааж ууя гээд бид гурав архийг нь хувааж уухаар болж Дөлийн  өөрийнх нь Чингис зочид буудлын хашаан доторх зогсоол дээр байсан саарал өнгийн приус 20 маркийн машин дээр очиж намайг ундаа аваад ир гээд ундаанд явуулаад машинд нь орж суугаад архийг нь гурвуулаа хувааж уучихаад уг машинаасаа буугаад такси барьж нэг архи шагладаг газар гээд хойш чиглэлтэй явж байгаад дахин нэг шил архи авч буцаж машин дээрээ ирсэн. Тэгээд машинд суулгүй машиныг асаачихаад буцаж унтраагаад Долгион түлхүүрийг нь авсан. Тэгээд би Дөл гэх хүнийг их согтсон байсан учир сугадаад орцных нь үүдэнд ирэхэд Долгион машиныг нь асаасан. Тэрийг Дөл гэх хүн өөрөө мэдээд буцаад бид хоёр машин руу нь Долгион дээр очсон. Тэгээд яагаад машин асааж байна гэхэд ахаа би машиныг чинь унтрааж мэдэхгүй байна гэхэд тэр ах асааж унтраахыг нь зааж өгч байсан. Тэгээд машиныг нь унтраагаад бид гурав Дөлийн гэр рүү орцгоосон. Машиных нь түлхүүрийг Долгион бас авсан. Гэрт нь ороход хөгшин настай эгч хаалгаа бидэнд тайлж өгсөн. Тэр эгчид Дөл гэх хүн манай ажлын газрын хүмүүс байгаа юм гээд бид хоёрыг өрөөндөө дагуулж ороод өрөөгөө дотроос нь түгжсэн. Өрөөгөө түгжчихээд авсан шил архиа бид гурав хувааж уугаад байж байхад утсан дээрээсээ бид хоёрт юм хум үзүүлж байгаад i7-той зөөврийн компьютер гаргаж ирээд сүүлийн үеийн тоглоом байгаа тогло гэсэн. Бид нар тэгээд архиа хувааж ууж байгаад Дөл хойшоо орон дээрээ савж унаад тасарчихсан. Тэгээд тэр чигтээ унтаад байхаар нь бид хоёр хийх юм байхгүй өрөөнд нь цаг гаран сууж байгаад Долгион Дөлийн зөөврийн компьютерынх нь цүнхэнд нь хийгээд угаалгын машин дээр тавиад ээж нь мэдчих байх гээд өрөөнийх нь хаалгыг сэм онгойлгоод гутлаа өмсөөд би түрүүлээд гарахад араас Долгион цүнхтэй зөөврийн компьютер, гар утсыг нь авчихсан гарч ирээд машин дээр нь очсон. Тэгээд Долгион машиныг нь аваад явчих уу гэхээр нь цагдаа зогсоочихвол төвөг шүү дээ гэхэд машиных нь доод талд түлхүүрийг нь тавьж орхиод Чингис зочид буудлын баруун талаар явсан. Тэндээсээ модны хоёр хүртэл алхаж явж байгаад Самсунг галакси эс-6 маркийн гар утасных нь бүх кодыг өөрөө гартаа барьж байгаад тайлсан. Яаж тайлсаныг нь би бол мэдэхгүй байна. Тэгээд модны хоёрт нэг буудалд мөнгийг нь төлөөд тэндээ хоносон. Өглөө нь 10 цагт босоод Теди төв рүү яваад тэнд нэг хүнтэй уулзаж байгаад гар утсыг нь 300.000 төгрөгөөр зараад 150.000 төгрөгийг нь надад өгөөд үлдсэнийг нь өөрөө авсан. Тэндээсээ хүнсний 4 дүгээр дэлгүүр рүү явж тэнд байсан нэг эмээ, өвөө хоёрын ажиллуулж байсан ломбарданд таксины жолооч ахын үнэмлэхээр гуйж байгаад 350.000 төгрөгөөр барьцаанд тавиад 150.000 төгрөгийг нь надад өгөөд үлдсэн мөнгийг нь өөрөө аваад тэндээсээ таксиныхаа мөнгө төгрөгийг нь өгсөн. Тэгээд таксигаа явуулчихаад өөр таксинд суугаад Сансар орчимд байх нэг асрамжийн газар очоод дүүдээ эм тарианы мөнгө гэж 20.000-30.000 төгрөг өгөөд манай гэр рүү явсан. Би гэртээ очоод гэрийнхэндээ гадуур хоносон шалтгаанаа тайлбарлаж хэлээд буцаад Долгионы хамтаар гэрээсээ гарч явсан. Тэгээд гэрийн ойролцоо байх америк барааны дэлгүүр рүү Долгион ороод шинэ хувцас авч өмсөөд өөрийнхөө өмсч явсан бүх хувцасыг хаясан. Бид хоёр манайхаас гараад Сансарт ирсэн. Сансарт ирээд нэг бааранд орж үйлчлүүлж байгаад би тасарч унаад эрүүлжүүлэхэд сэрсэн. Тэрнээс хойш Долгионтой огт таараагүй...” гэсэн мэдүүлэг. /1 хавтас, хх212-213/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-22/, хохирогч Э.Дөлийн мэдүүлэг /хх96-97/, гэрч Ц.Өлзийсайханы мэдүүлэг /хх-123/, гэрч Ч.Бадамсүрэнгийн мэдүүлэг /хх-128/, автомашины үнэлгээ /хх-25/, эд зүйл хураан авсан хураан авсан тэмдэглэл /хх26-31/  мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоол /хх-48-49/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Х.Дарханбаяр нь 2015 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 12 дугаар хороолол 1 дүгээр байрны 23 тоотод иргэн Э.Дөлтэй хамт архи ууж түүнийг унтах хооронд яллагдагч Э.Долгионтой бүлэглэн түүний гэрээс зөөврийн компьютер, Самсунг галакси эс-6 загварын гар утас зэргийг хулгайлан 2.248.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Х.Дарханбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Х.Дарханбаярыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогч Э.Дөл нь хохирол төлбөр болох 624.000 төгрөгийг хүлээн авсан, шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хүсэлт ирүүлсэн,

Мөн иргэний нэхэмжлэгч Ц.Өлзийсайхан нь 175.000 төгрөгийг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтүүдийг тус тус ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Х.Дарханбаяр нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр төлсөн, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Х.Дарханбаярт эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно. Учир шүүгдэгч Х.Дарханбаяр нь өөрийн эзэмшлийн ямар нэгэн үл хөдлөх болон, хөдлөх хөрөнгө байхгүй болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Боржигон овогт Хонгорын Дарханбаярыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Х.Дарханбаяраас эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял хорих ял шийтгэсүгэй.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Х.Дарханбаярт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Х.Дарханбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Х.Дарханбаярт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.  
  4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
  5. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Дарханбаярт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР