Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 116/ШШ2021/0004

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

                Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын ... дугаар баг, Нарлагийн ... тоотод оршин суух, Б.З-гийн нэхэмжлэлтэй,

                Хариуцагч: Дорнод аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар /цаашид ГХБХБГазар гэх/-т холбогдуулан гаргасан,

           Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/151 дүгээр захирамжид зохих өөрчлөлт оруулж, давхцуулж олгосон газрын эзэмшлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.З, түүний өмгөөлөгч М.Э, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, М.А, аймгийн ГХБХБГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, Гуравдагч этгээд “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, Т.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

               Нэхэмжлэгч Б.З шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1997 оноос 7 дугаар багийн нутаг дэвсгэр, хуучнаар Эмийн сангуудыг удирдах газрын конторын хашааны урд залгаа байрлах газарт өрхийн хэрэгцээний 1820м2 талбайг эзэмшиж, хүнсний ногоо, чацаргана тарьж ашиглаж ирсэн ба уг газраа 2007 онд албан ёсоор гэр бүлийн гишүүдийн өмчлөл болгох хүсэлт гарган, 2008 оны 03 сарын 07-ны өдөр өмчлөх эрхээ гэрчилгээжүүлэн баталгаажуулж авснаар одоог хүртэл уг хашаандаа амьдарч байна. Уг газрыг Дорнод аймгийн Засаг даргын 2007 оны 11 сарын 02-ны өдрийн 344 дугаартай захирамжаар өмчлөх эрхтэйгээр олгосон юм. ...1997 онд эзэмшиж байгаа газраа хашаалахдаа тухайн үеийн газрын албаны мэргэжилтний зөвлөж, үүрэг болгосны дагуу ...1820м2 газраас багасгаж /69м2-аар гэсэн үг/, Эм-Импексийн хашаанаас 2-2.5 метр зайтайгаар хашаалсан. Уг зайд хог хуралдан, улмаар галын аюул гарч болзошгүй байсан тул Эм-Импекстэй ярилцаж байгаад аль нэг талын хашаагаа буулгаж уг зайг бөглөн эрсдэлгүй болгоё гэж тохирсон ба Эм-Импексийн хашаа нь арматур сараалжин, зай ихтэй учир уг зайгаар нь манайх руу хог хийсч орж ирэх, нохой амьтан байнга хөлхөх талтай байсан учир Эм-Импекс уг хашаагаа буулган авч, манай хашаагаар зааглагдах болсноор хүндрэлтэй асуудлаа шийдсэн. Тухайн үед би Эм-Импексийн буулгасан хашааны оронд тэднийх манайх хоёрын зааг дээр өөрийн хашааг зөөж барьж амжаагүй өнгөрсөн ба газрын ямар нэг асуудал гараагүй байсан тул одоог хүртэл манай хашаа тэдний хашаанаас 2-2.5 метр зайд, 1997 онд барьсан хэвээрээ байгаа юм. Ингээд би өөрийн өмчлөлийн газар дээрээ амины орон сууц барихаар 2020 оны 05 сард байшингийн суурь цутгах газар шорооны ажлаа эхлэхэд “Капитал банкны эрх хүлээн авагч” /КБЭХА/ гэх газраас гэнэт газрын маргаан гаргасан тул тэр өдөрт нь буюу 2020 оны 05 сарын 15-ны өдөр аймгийн ГХБХБГ-т хандаж, маргааныг шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч өнөөг хүртэл шийдвэрлэж өгөхгүй намайг хохироосоор байгаа юм. Аймгийн ГХБХБГ нь миний хууль ёсны хувийн өмчлөлийн газарт хууль бусаар халдсан асуудлаа ...шийдэж өгөхгүй, ...эрээ цээргүй ааш араншингаар хандсаар байсан учир арга буюу би дээд шатны байгууллага нь болох  БХБЯам, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг ГЗБГЗЗГ, Төрийн Албаны Зөвлөлд тус тус хандсан боловч одоог хүртэл тодорхой хариу шийдвэр гаргаж өгөөгүй байна. Эдгээр байгууллагад гомдол гаргасны дараа ГХБХБГ-ын дарга Д.Днь “...таны тавьсан асуудал аймгийн Засаг даргын захирамжаар эзэмшиж буй бусдын эзэмшилд олгосон газартай давхцаж байгаа тул хүссэнээр чинь шийдвэрлэх боломжгүй...” гэсэн ...хариуг бичгээр өгсөн. Мөн БХБЯаманд гаргасан гомдлын хариуг “...ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг ГЗБГЗЗГ-т шилжүүлсэн...” тухай 2020.06.23-ны 03/2221 тоот албан бичгээр ирүүлснийг 2020.07.10-ны өдөр, ТАЗ-д гаргасан гомдлыг “...аймгийн Засаг даргад шилжүүлсэн...” тухай хариуг   2020.07.08-ны өдөр тус тус шуудангаар хүлээн авсан. Эдгээр хариу албан бичгүүдэд дурдсаны дагуу холбогдох байгууллагуудаас одоог хүртэл надад ямар нэг хариу өгч, шийдвэрлээгүй байна. Гэтэл намайг иргэний шүүхэд хариуцагчаар татаж, КБЭХА нь газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан байна. ...КБЭХА-аас иргэний шүүхэд хандсан нэхэмжлэлд хавсаргаж өгсөн материалаас харахад “Капитал банк” ХХК нь Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 04 сарын 06-ны өдрийн А/151 тоот захирамжаар газар эзэмших эрхээ авсан юм байна. Ийнхүү авахдаа Эм-Импекс компанийн эзэмшил газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байх магадлалтай байх ба уг эзэмшил газрынхаа хэмжээг өргөтгөж, ...одоогийн манай хашаа байгаа заагаар хил хязгаарыг тогтоож авсан учир манай өмчлөлийн газраас 69м2 газар тэдний эзэмшил газарт орсон байна. Үүнийг би огт мэдээгүй бөгөөд КБЭХА мөн мэдээгүй байх боломжтой юм. Хамгийн гол нь газрын харилцааны төрийн үйлчилгээг үзүүлж буй аймгийн ГХБХБГ нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ бусдын газартай давхцуулахгүйгээр хянаж шалган, ...Засаг даргад танилцуулан шийдвэр гаргуулдаг ёстой баймаар юм. Гэтэл бидний өмчлөлийн газрыг дутааж бусдад олгон, биднийг илтэд хохироосон хууль зөрчсөн үйлдэл гаргачихаад, түүнийгээ засаж залруулахын оронд аймгийн Засаг дарга руу чихэж “...Засаг дарга л ингэж шийдвэрлэсэн, ...та одоо байгаа хашааныхаа газарт кадастарын зургаа  шинэчилж хийлгээд авчих...” гэх мэт байдлаар санал тавьж, тайлбар хийн, манай гэр бүлийн язгуур эрх ашгийг ноцтойгоор хохироосоор өдийг хүрч байна. Одоо хүчин төгөлдөр байгаа Засаг даргын захирамжаар “Капитал банк” ХХК-д олгосон газрын 69м2 нь иргэн миний өмчлөлийн газартай давхцаж байгаа тул Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны А/151 дугаартай захирамжид зохих өөрчлөлт оруулж, миний өмчлөлийн 69м2 газартай давхцуулан олгосон хэсэг газрын эзэмшлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

               Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...аймгийн Засаг даргын 2017 оны А/151 дүгээр захирамжид өөрчлөлт оруулах, Капитал банкны эрх хүлээн авагчийн эзэмшилд байгаа газраас  69м2 газрыг хасуулах үндэслэлтэй байгаа учир энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Кадастарын зураг буруу, зөрүүтэй зурагдсанаас болж маргаан үүссэн бөгөөд Засаг дарга 1997, 2006, 2009, 2011, 2017 онуудад “Эм импекс” ХХК-ийн хамаарал бүхий газар дээр захирамж гаргаж байсан байна. Эдгээрээс 2017 оны А/151 дүгээр захирамж хүчин төгөлдөр байна. Тус компанид 2830м2 газар олгосон захирамжаа хүчингүй болгоод гэрчилгээг нь шилжүүлж олгосон захирамж байна. 2021 оны 01 сарын 12-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтийн 4 дэх заалтаас бусад заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. З-ийн газрын 2007 оны 01 сарын 30-ны өдрийн кадастарын зураг байна. Энэ зургийн хаагуур хараад, хэмжилтийг багаар гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. Нэг хэсэг нь хашаалсан хэмжээгээр кадастарын зураг зурж байхад нөгөө хэсэг нь зааж өгсөн цэгээр нь кадастарын зураг гаргаж өгөөд байна. Газрын албанаас зааж өгсөн солбилцлоор 2007 онд кадастарын зургаа гаргуулсан. Гэтэл машины зогсоол болгоод байсан хойд хэсгийг хасаж зураг гаргаж өгөөд байгаа юм. ...Б.З анх 1820м2 газар эзэмшиж байсан. Үүнийгээ 2007 онд өмчлөлөөр авсан. Бодит байдал дээр захирамжаар олгосон 1820м2 газрынхаа 69м2 газрыг өмчилж  чадахгүй байгаа. Газрын албаныхан кадастарын зургийг гаргахдаа эхлэлийн цэгийг тодорхойлж, түүнээс цааш 14 цэгийг зааж өгсөн. Тэр болгоноор хэмжилтийг нь хийсэн. Тэр цэг нь одоог хүртэл өөрчлөгдөөгүй. Гэтэл газрын албаны энэ хүмүүс “...цэг нь өөрчлөгдөөгүй...” гэсэн мөртлөө “...хэмжээ нь өөрчлөгдсөн...” гээд байгаа юм. Хэрэгт “Эм импекс” ХХК-ийн 2009 оны зураг дээр З-ийн газрын хойд талын хошуу хэсгийг байхгүй болгоод зурчихсан. Өөрөөр хэлбэл, З-ийн газрыг “Эм импекс” ХХК-ийн газарт оруулаад зурчихсан. Мөн хэргийн материалд байгаа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын ажлын хэсгийн дүгнэлтийн хавсралт зураг дээр Б.Зд нэмж өгөх хэсэг нь гээд түүний өөрийнх нь газрыг өгөх зураглал хийгээд өгчихсөн. Ийм байдлаар газрын албаныхны хариуцлагагүй үйлдлийг хаацайлсан хоёр гурван удаагийн дүгнэлт гарчихаад байна. Мөн “Талын амин нутаг” ХХК-ийн зураг байгаа.  Үүнийг “...ач холбогдолгүй, албан бус зураг...” гэж байна. Тийм бол энэ зургийг шинжээч яах гэж дүгнэлтдээ хавсаргадаг юм бэ, үүнийг үндэслэж дүгнэлтээ гаргасан. Энэ зургийг албан бус гэж үзэж байгаа бол шинжээчийн дүгнэлт ч мөн албан бус болно. Шинжээч нар газрын солбилцлыг зааж өгөх ёстой. Гэтэл зааж өгсөн нэг ч хэмжээс байхгүй байна. “Талын амин нутаг” ХХК Б.Згийн газрын кадастарын зургийг зурахдаа мөн л эмийн сангийн баруун урд талын хошуу газрыг оруулахгүй зурчихсан. Энэ мэтээр кадастарын мэргэжлийн байгууллагууд янз бүрийн зураг гаргаад, өөрсдийгөө хамгаалж янз бүрээр тайлбар гаргаад байна. З “...миний 69м2 газрыг “Эм импекс” ХХК-ийн 2009 оны кадастарын зурагт оруулчихсан байна. Үүнийг би 2020 оны 05 дугаар сард мэдсэн...” гэдэг. Гэтэл хэргийн материалд байгаа “Эм импекс концерн Дорнод эм хангамж” ХХК-ийн 2006 оны 11 сарын 20-ны өдрийн 1/23 тоот “...Эм импекс ХХК-ийн эзэмшилд байгаа газарт “Монос фарм” эм ханган нийлүүлэх төв эмийн сангийн барилга барих хүсэлт тавьсан тул манай эзэмшилд байгаа нийт талбайгаас хасаж, “Монос фарм” ХХК-ийн Дорнод салбарт энэ газрыг олгож өгнө үү...” гэсэн албан бичиг байна. Энэ хүсэлтдээ хавсаргаж өгсөн зургаас харахад “Эм импекс” ХХК-ийн гражийн яг урд талаар зураас татчихсан байгаа юм. “Эм импекс” ХХК үнэхээр З-ийн хашаагаар газраа тусгаарлаж байсан юм бол 2006 онд ийм схем хийж өгөхгүй. “Эм импекс” ХХК-ийн хашаа нь тус компанийн гражаас Гаалийн газрын граж хүртэлх торон хашаа байсан гэдгийг 2006 оны энэ схем зураг нотолж байгаа юм. Үүнээс хойш 2009 онд шинээр кадастарын зураг зуруулахдаа Зг хашаагаа хойш сунгаагүй байгааг далимдуулж, түүний хашаагаар хил заагийг тогтоочихсон болохоос биш эмийн сангийн өөрийнх нь хил заагаар тогтоож чадаагүй. Ингээд Б.Згийн өмчлөлийн 69м2 газрыг “Эм импекс” ХХК-ийн 2009 оны кадастарын зурагт оруулчихсан. ...З өргөдөл дээрээ “...урт нь  42800, өргөн нь  42800, ...1820м2, ...догол газрын хэмжээнүүд зөв биш дүрс хэлбэртэй. Тиймээс үүнийг 18:7, 41:43, 20:17 гээд, энэ гурван газрын нийлбэр нь 1820м2 болж байна...” гэж газрын хэмжээ, байршлыг маш тодорхой заасан байгаа. Газрын албаны сүүлд гаргаж өгсөн албан бичигт “...З газар эзэмшиж байгаагүй. Эзэмшиж байсан талаарх баримт архивт байхгүй байна...” гэсэн байдаг. Гэтэл Үл хөдлөх хөрөнгийн газраас ирүүлсэн энэхүү газраа өмчилж авсан тухай баримт нь байна. Мөн газрын татвар төлсөн баримт, гэрээгээ гаргаж өгсөн. Газар дээр нь хэмжүүлээд, хэмжээсийг харъя гэхээр “...нууц...” гээд харуулдаггүй.  Иргэн хүн өөрийнхөө газрыг хэмжүүлж байхад яахаараа нууц байдаг юм. З-ийн өмчлөлийн газар 14 цэгээр тодорхойлогдож байгаа. Иймд З 69м2 талбай бүхий газраа зохих ёсоор эзэмших, ашиглах, өмчлөх бүрэн эрхтэй. Газрын албаны ажилтнуудын хариуцлагагүй, эмх цэгцгүй байдлын улмаас буруу хэмжилт хийж, кадастарын зургийг буруу зурснаас болж, Б.Згийн газар бусдын эзэмшилд орсон. Гуравдагч этгээдийн хувьд тодорхой хэмжээний газар хүлээж авсан болохоос биш тэр газар нь анхнаасаа ямар байсныг мэдэхгүй. Энэ бүгдээс Б.Згийн өмчлөлийн газрыг бусдад давхардуулан олгосон гэдэг нь тогтоогдож байна гэж үзэж байна. Засаг даргын 5 удаагийн захирамж бүгд хүчингүй болчихсон. Иймд хүчинтэй байгаа захирамжтай нь холбогдуулан шаардлага гаргаж, “Эм импекс” ХХК-д олгосон газраас хасаж өгөөч гэхээс өөр арга байхгүй байна гэв.

             Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрлэн сумын 7 дугаар баг, хуучнаар Эмийн сангуудыг удирдах газрын конторын хашааны урд залгаа байрлах газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг эзэмшиж байсан иргэн Б.Зд аймгийн Засаг даргын 2007 оны 344 дүгээр захирамжаар өмчлүүлсэн байна.

Газрын маргаантай асуудлаар иргэний гаргасан гомдлын дагуу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар дээрх хэмжилтийн дүн, иргэний өргөдлийг судалж гаргасан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Ажлын хэсгийн дүгнэлтээс харахад иргэний нэхэмжлэлд дурдсан 69м2 газар нь иргэн Б.Згийн өмчлөлийн газар гэж үзэх үндэслэл байхгүй байна. Учир нь: иргэн Б.Згийн өмчлөлийн газрын хил залгаа газар эзэмшигч “Монгол Эм Импекс” ХХК нь Хэрлэн сумын 1997 оны 280 дугаар захирамжаар 2700м2 газрыг эзэмших эрх авч, улмаар аймгийн Засаг даргын 2011 оны А/56 дугаар захирамжаар “Монгол Эм Импекс” ХХК-ийн “Дорнод эм хангамж” ХХК-д газрын хэмжээг шинэчлэн тогтоож, баталгаажуулсан байдаг.

Монгол Улсын Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг үндэслэн “Монгол Эм Импекс” ХХК нь өөрийн эзэмшил газрыг “Капитал банк”-нд шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу мэргэжлийн байгууллагын бодит хэмжилтэд үндэслэн газрын хэмжээг 2565м2-аар тогтоож, аймгийн Засаг даргын 2017 оны А/151 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн эзэмшүүлсэн.

Аймгийн Засаг даргын захирамжаар “Капитал банк”-ны эзэмшил газрын хэмжээ өөрчлөгдөж баталгаажсан хэдий ч өмнө “Монгол эм импекс” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт оруулаагүй, анх 1997 оны 280 дугаар захирамжаар эзэмших эрх авч баталгаажуулсан хашаанд өөрчлөлт ороогүй байна. “Монгол Эм Импекс” ХХК-ийн 2009 онд хийгдсэн газрын кадастрын зураг, “Капитал банк”-ны 2017 онд хийгдсэн газрын кадастрын зургаас харахад, нэхэмжлэлд дурдсан 69м2 талбай бүхий газар нь “Монгол Эм Импекс” ХХК-д эрх бүхий Засаг даргын захирамжаар олгосон газарт хамаарч байна.

Иргэн Б.Згийн өмчлөлийн газрын 2007 онд хийгдсэн кадастрын зураглал болон газрын кадастрын мэдээллийн санд одоо байгаа байдлаас харахад нэхэмжлэлд дурдсан 69м2 талбай бүхий газар нь Б.Згийн өмчлөлийн газарт хамааралгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

            Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан аймгийн Засаг даргын 2017 оны А/151 дүгээр захирамжийг хууль хэрэглээний болон хэлбэрийн хувьд зөрчилтэй акт гэж үзэхгүй байгаа. Одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа захиргааны акт юм. Маргаан бүхий 69м2 газар нь анх 1997 онд эрх бүхий албан тушаалтны захирамж шийдвэрээр тухайн аж ахуйн нэгжийн эзэмшилд очсон байдаг. Анх 1997 онд эзэмшүүлсэн газар өнөөдөр “Капитал банк”-ны эзэмшилд анх олгосон хэмжээгээрээ шилжсэн байгаа. Өнгөрсөн цаг хугацаанд газрын харилцааг боловсронгуй болгох ажлууд нэлээд хийгдэж байсан юм байна лээ. Энэ талаар шинжээчийн дүгнэлтэд ч тодорхой тусгагдсан байгаа. Тухайн үеийн Засаг даргын захирамжаар олгосон газруудын зарим нь их, зарим нь багаар тогтоогдсон байгаа нь хариуцагчийн тайлбар болон шинжээчийн дүгнэлтэд тодорхой тусгагдсан учир харилцан мэтгэлцэх үед хариулаад явъя гэж бодож байна. Аймгийн Засаг даргын 2017 оны А/151 дүгээр захирамжийг өөрчлөх, хүчингүй болгох, “Капитал банк”-ны эзэмшиж байгаа газраас 69м2 газрыг иргэн Зд олгох ямар ч эрх зүйн боломж байхгүй. Шинжээчийн дүгнэлтэд “...иргэн З-ийн өмчлөлийн 1820м2 газар нь Капитал банкны эзэмшил газартай давхцалгүй байна...” гэсэн байна. Газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болох Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн дүгнэлтэд мөн “...иргэн З-ийн 69м2 газар нь маргаан бүхий газартай ямар ч хамааралгүй байна...” гэсэн байна. Иймд маргаад байгаа 69м2 газрыг “Капитал банк”-ны газарт халдаж олгох байдлаар аймгийн Засаг даргын 2017 оны А/151 дүгээр захирамжид өөрчлөлт оруулах боломжгүй гэв.

            Хариуцагч Дорнод аймгийн ГХБХБГазрын дарга Д.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Б.З нь аймгийн Засаг даргын 2007 оны 344 дүгээр захирамжаар Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Эмийн сангийн урд 1820м2 газрыг өмчлөх эрх авсан байдаг бөгөөд газар дээрх бодит хэмжээ нь 1602м2 буюу 218м2-аар дутуу байгаа. Иргэний зүгээс 2020 оны 05 сарын 15-ны өдөр “газар дээрээ амины орон сууж барих гэхэд хил залгаа газрын эзэмшигч нь манай эзэмшил газарт нэвтэрлээ гэсэн тул газар дээр нь үзэж хэмжилт хийж өгнө үү” гэсэн өргөдлийг гаргаж хандахад манай байгууллагаас иргэн Б.Зд тэр даруйд нь тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэх зөвлөгөөг амаар өгч ажилласан байдаг. Б.Згийн өмчилж буй газрын хойд талд “Дорнод эм импекс” ХХК нь Хэрлэн сумын Засаг даргын 1997 оны 280 дугаар захирамжаар 2700м2 газрыг эзэмших эрх үүссэн. Үүнээс хойш аймгийн Засаг даргын 2009 оны 206 дугаар захирамжаар газрын хэмжээг 2830 м2 болгон шинэчлэн тогтоосон байдаг.

                Харин 2017 онд “Дорнод эм хангамж” ХХК нь эзэмшил газрыг “Капитал банк”-д шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу тус газраас хянан судалж үзээд газрын хэмжээг бодит хэмжилтэд үндэслэн 265м2-ийг хасаж,  2565м2-аар шинэчлэн тогтоон  аймгийн Засаг даргын 2017 оны А/151 дүгээр захирамжаар шилжүүлэн эзэмшүүлсэн болно. Энэ нь газрын хэмжээнд өөрчлөлт оруулсан мэт харагдаж байгаа боловч тус аж ахуйн нэгжийн өмнө нь эзэмшиж байсан кадастрын зурагт ямар нэгэн өөрчлөлтийг оруулаагүй бөгөөд захирамжаар авсан талбайн хэмжээг л бодит хэмжээнд нийцүүлэн засварласан.      

Б.Згийн захирамжаар өмчилж буй газрын хэмжээнээс 218м2 газар дутаж байгаа хэдий ч уг газрыг бусдын хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газраас авах боломжгүй гэдгийг амаар болон бичгээр удаа дараа тайлбарлаж хариуг өгсөн гэжээ.

                  Хариуцагч Дорнод аймгийн ГХБХБГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс “...анх 1997 онд тухайн газрыг эзэмшиж авахдаа кадастарын зураг зуруулж авсан...” мэтээр тайлбарлалаа. 1997 онд газрын кадастр гэдэг зүйл огт байгаагүй. Түүнчлэн “...хашаагаа барихдаа энэ байгууллагын хашаанаас 1-2 метрийн зайтай бариарай...” гэсэн учир нь тухайн иргэний газрынх нь зааг юм. Түүнээс биш нэгэнт олгосон газраас нь хасаж хашаа бариулахаар зөвлөмж өгнө гэж байхгүй. Иймд анхнаасаа гражаас урагш 2.5-3 метрийн зайтай байсан гэж үзэж байгаа. Мөн Эмийн сангийн газрын кадастрын талаар болон “...одоо ажиллаж байгаа хүмүүс тухайн үед ажиллаж байгаагүй учир мэдэхгүй байна...” гэсэн зүйлийг яриад байна. Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газрыг 2006 оноос аймгийн Засаг дарга хариуцдаг болсон. Үүнтэй холбоотойгоор аймгийн ГХБХБГазар нь Хэрлэн сумаас инженерийн шугам сүлжээ хамаарч байгаа газруудын нэгж талбарын хувийн хэргүүдийг татаж авсан. Тэгэхэд Б.З гэж хүний материал ирээгүй учир “...тантай холбоотой баримт материалууд байхгүй байна...” гэдгийг хэлсэн. Түүнээс биш нуун дарагдуулсан зүйл байхгүй. Мөн 1997 онд анх хашаагаа барихад газрыг нь зааж өгчихөөд байхад “...энэ хэсэг газар манайх биш байгааг сая л мэдсэн...” гэж байгааг нь ойлгохгүй байна. Газрын хэмжээг дутуу зурсан зүйл байхгүй. Анх кадастрын мэдээллийн санг үүсгэхэд улсын төсвийн хөрөнгөөр мэргэжлийн байгууллагууд яг газар дээр нь бодит хэмжилтүүдийг хийж, манай байгууллагад хүлээлгэж өгсөн гэв.

                   Гуравдагч этгээд “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч Т.Дшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар “Капитал банк” ХХК-ийг албадан татан буулгахаар шийдвэрлэж, мөн өдрийн А-97 дугаар тушаалаар Банкны эрх хүлээн авагчийг томилсноор банкны удирдлага, хяналт Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. “Капитал банк” ХХК нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, Гаалийн газрын баруун талд байршилтай 2106000528 нэгж талбарын дугаартай 2565м.кв талбайтай газрыг аймгийн Засаг даргын 2017 оны А/151 дүгээр захирамжаар эзэмшиж байгаа бөгөөд уг газар дээр банкны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 269.92 м.кв талбай бүхий барилга байгааг  “Монгол эм импекс концерн” ХХК түрээслэн үйл ажиллагаа явуулдаг. ...Б.З нь банкны эзэмшлийн газарт зөвшөөрөлгүйгээр 2.6 метр нэвтэрч  50м.кв талбай бүхий газрыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд банкийг хохироосон төдийгүй Капитал банкнаас авлагатай этгээдүүдийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл болж байна. “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч удаа дараа иргэн Б.Зд утсаар болон албан бичгээр хууль бус үйлдлээ зогсоохыг шаардаж, сануулж, мэдэгдэл хүргүүлж байсан хэдий ч биднийг үл хүндэтгэн барилгын ажлыг үргэлжлүүлсэн. Мөн манай зүгээс Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж, иргэн Б.Згийн хууль бус үйлдлийн талаар мэдээлж, магадлан хэмжилт хийлгэх хүсэлт гаргасны дагуу тус байгууллагаас “иргэн Б.З барилгын ажлыг эхлүүлж байгаа газар нь танай эзэмшлийн газарт 2.6 метр нэвтэрч нийт  50м.кв газрыг ашиглаж байна. Иймд газар эзэмшигчийн эрх үүргийн дагуу өөрийн эзэмшилд буй газрын хил заагийг ашиглаж, хамгаалж ажиллана уу” гэсэн хариу ирсэн.

                   Б.З 2020 оны 5 сарын 15-ны өдөр манайд ...ирүүлсэн хүсэлтээс харахад нэхэмжлэгч тус газрыг Капитал банкны өмчлөлийн газар гэдгийг мэдэж байсныг харуулдаг. Гэвч бусдын газар гэдгийг мэдсэн хэрнээ санаатайгаар барилгын ажлыг үргэлжлүүлсээр, одоо тухайн барилга барьсан газраа өөрийн мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, манайд өөрийн эзэмшлийн газраа чөлөөтэй эзэмших, ашиглах боломжоор хангаж өгнө үү гэжээ.

             Гуравдагч этгээд “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар “Капитал банк”-ийг татан буулгахаар шийдвэрлэж, мөн өдрийн А-97 дугаар тушаалаар Банкны эрх хүлээн авагчийг томилсон. Ингээд Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т заасны дагуу банкны гүйцэтгэх албан тушаалтны эрх мэдэл болон банкны хөрөнгүүд бүгд Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Үүний дагуу бид тус банкны хөрөнгийг хүлээж аваад байж байтал иргэн Згээс манайд хандаж “...би байшиндаа жижиг өргөтгөл хийх гэж байна. Хашаа тулаад байгаа учир хашаагаа түр танай газар луу оруулаад баръя. Засварын ажил дуусахаар хашаагаа буцаагаад татна...” гэсэн хүсэлт ирүүлсэн. Гэтэл хашаагаа сунгасан газар дээрээ байшингаа бариад эхэлсэн. Энэ хугацаанд Капитал банкны эрх хүлээн авагчийн зүгээс утсаар болон албан бичгээр удаа дараа шаардлага хүргүүлсээр байтал тоолгүй байшингаа бүрэн барьж дуусгасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шинжээчийн дүгнэлт бол нотолгооны хэрэгсэл болдог. 2021 оны 01 сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “...иргэн Зд өмчлүүлсэн газар нь 218м2-аар дутуу байна. Иргэн З нь  Капитал банкны газарт  36.2м2-аар нэвтэрч орсон байна...” гэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч одоо тайлбар гаргахдаа “...манай газрын хажууд шугам сүлжээний байгууламж байдаг учир дутуу газраа хаашаа ч тэлж авах боломжгүй. Энэ маргаад байгаа хэсгээс авахаас өөр аргагүй...” гэж байна. Газар нь дутлаа гээд бусдад эзэмшүүлсэн газраас авах эрх хэнд ч байхгүй. Нөгөө талаар бусдын газар дээр барилга байгууламж барьсан тохиолдолд тухайн байгууламжийг нураах, эсхүл  Иргэний хуулийн бусдын газар дээр барилга байгууламж барих гэсэн зохицуулалт үйлчлээд явах боломжтой гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас харахад аймгийн Засаг даргын 2017 оны А/151 дүгээр захирамжид өөрчлөлт оруулж, “Капитал банк”-нд олгосон  2565м2  газраас 69м2 газрыг хасуулъя гэж байгаа юм... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

              Нэхэмжлэгч нь Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны А/151 дүгээр захирамжид  зохих  өөрчлөлт оруулах,  давхцуулж олгосон эзэмшил газрыг  хүчингүй болгох шаардлагын үндэслэлээ, ...“Капитал банк” ХХК-д эзэмшүүлсэн газрын 69м2 ...өмчлөлийн газартай давхцаж байна[1] гэжээ.        

            Нэхэмжлэгч Б.З Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт, Эмийн сангуудыг удирдах газрын конторын хашааны урьд талд хүнсний ногоо, чацаргана тарьж  эзэмшиж, ашиглаж байсан 1820 м2 газрыг,Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 1.3-д заасныг үндэслэн, Дорнод аймгийн Засаг даргын 2007.11.02-ны өдрийн “Иргэний гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх тухай” 344 дүгээр захирамжаар 1820м2 газрыг /4 хүний өмчлөл/-д өмчлүүлэх эрхийг[2] олгож, 2008.03.07-ны өдөр Г-0614004615-рт бүртгэж, 000052656 тоот гэрчилгээг[3] олгосон байна.

              Дорнод аймгийн Засаг даргын 2017.04.06-ны өдрийн А/151 дүгээр  захирамжаар, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2.2, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын 1-р хавсралтын 7 дугаар зүйлийн 7.1.4-д  заасныг үндэслэн, Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Гаалийн газрын баруун талд “Дорнод эм хангамж” ХХК /3367029/-ийн газар эзэмших эрхийг, Капитал банк /2556375/-нд 2565м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 10 жилийн хугацаатай шилжүүлэн[4], 2106000528  нэгж  талбарын дугаартай, 000299025 тоот гэрчилгээ[5] олгогджээ.

             Нэхэмжлэгчийн тухайд зөвхөн 69 м2 давхцалтай хэмээн маргаж,  “Шинжээч томилуулах” хүсэлт гаргасан бөгөөд ...2021.01.21-ний өдрийн 12-04-030-001 дугаартай шинжээчийн дүгнэлтэд[6]: “...нэхэмжлэгчийн захирамжаар олгогдсон газраас  мэргэжлийн байгууллагын хэмжилтээр 1602 м2,  218 м2-аар  зөрүүтэй буюу дутуу байна. ...өөрийн эзэмшлийн барилга, байгууламжийг барихдаа “Капитал банк”-ны  эзэмшлийн газар руу барилгын хувьд  25.7 м2 талбай, барьсан хашааны хувьд 36.2 м2 талбай бүхий газарт нэвтрэн орсон байна” гэжээ. Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн газрын  кадастрын мэдээллийн сангийн  2020.08.05-ны өдрийн  байдлаар давхцуулж үзэхэд: мэдээллийн санд бүртгэлтэй нэгж талбарын 2106023891 дугаартай, 1602 м2 талбайтай газартай  218 м2  талбайгаар зөрүүтэй байна. ...1820 м2 талбай дээр барилга, байгууламж барих эрхтэй бөгөөд мэдээллийн санд дутуу бүртгэгдсэн 1820 м2 талбайг анх өмчлөн авсан газартай буюу өөрийн өмчлөлийн газрын баруун хойд талын догол хэсэгт нэмэгдүүлэн авч, мэдээллийн санд бүртгүүлэх нь зүйтэй гэж үзээд Газрын кадастрын мэдээллийн сангийн зургийг хавсралтаар хүргүүлсэн байдаг.

             Тэрээр нэхэмжлэгч нь ...өмчлөлийн эрх үүссэн 1820 м2 газраас ...69 м2 газар нь Капитал банкны одоогийн эзэмшлийн газартай давхцаж байна хэмээн маргаж,  аймгийн ГХБХБГазарт хандахад[7], тус газрын 2020.09.03-ны өдрийн 1/678 дугаар албан бичгээр 1820 м2 газрын өмчлөх эрх авсан байдаг бөгөөд газар дээрхи бодит хэмжээ нь 1602 м2 буюу 218 м2-аар дутуу байгаа талаар хариуг[8] хүргүүлсэн, Газар зохион байгуулалт, Геодези, Зурагзүйн газрын ажлын хэсгийн  дүгнэлт[9],  Шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд:... Б.Згийн өмчлөлд бүртгэлтэй байх нэгж талбарын 2106023891 дугаартай 1602 м2 газартай, 218 м2 талбайгаар дутуу болох нь тогтоогддог энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.             

               Энэхүү захирамжаар өмчлүүлсэн 1820м2 газраас дутуу олгогдсон 218м2 газрын хэсэг болох  69м2  газар нь гуравдагч этгээдийн эзэмшлийн  газартай давхацсан болох нь тогтоогдохгүй байгаа бөгөөд,  Гуравдагч этгээд “Капитал банк” ХХК дахь  Банкны эрх хүлээн авагч нь Дорнод аймаг дахь  Иргэний хэргийн анхан шатны шүүхэд  “...эзэмшлийн 2565 м2 талбай бүхий газрын баруун хэсгийн 50 м2 газрыг зөвшөөрөлгүй барилга барьж ашиглаж байгаа иргэн Б.Згийн хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэх”  нэхэмжлэлийг[10] гаргасан байна.

             Түүнчлэн Дорнод аймгийн Засаг даргын 2006.11.27-ны өдрийн 326 дугаар захирамжийн[11] 5-д “МИЭ” ХК-ийн Дорнод эм хангамж компанийн эзэмшил 2830м2 газраас  400м2  талбайг  “Моносфарм” ХХК-ийн  Дорнод салбарын мэдэлд шилжүүлж, 2430м2 газрыг  “МЭИ” ХХК-ийн эзэмшилд үлдээсэн байсныг,  2011.02.16-ны өдрийн А/56 дугаар захирамжаар[12], 2.“Монгол  эм импексХХК-ийн “Дорнод хангамж” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 2830м2-аар тогтоосон болохыг дурдах нь зүйтэй.

                Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь  нэхэмжлэгч ...нэхэмжлэл гаргах эрхгүй,  2017 онд гарсан захиргааны актад 2020 оны сүүлээр нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацаанд хамаарч байна уу[13] гэсний тухайд: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1. бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхтэй,  хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-д заасны дагуу ... дээд шатны байгууллага албан тушаалтанд хандсан байна. Дорнод аймгийн Засаг даргын  2017.04.06-ны өдрийн А/151 дүгээр захирамжаар, “Дорнод эм хангамж” ХХК-ийн  Худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байсан гэх 2830м2 газарт ...дахин  хэмжилт хийж 2565 м2 тогтоон “Капитал банк”-нд шилжүүлсэн байдаг. Энэхүү захирамжаар шилжүүлсэн зэргэлдээ газартай ...өөрийн өмчлөлийн 69 м2 газрыг давхацсан эсэх талаар нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчийн ...1820 м2 өмчлөлийн газраа бүрэн хэмжээгээр ашиглах хуулиар олгогдсон субьектив эрх,  хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж  байгаа  учир  шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

                 Нэхэмжлэгчийн аймгийн Засаг даргын 2007.11.02-ны өдрийн 344 дүгээр захирамжаар ...өмчлүүлсэн 1820 м2 газрын өмчлөх эрх  хүчин төгөлдөр байгаа учир тухайн талбайн хэмжээгээр өмчлөх, ашиглах эрхтэй, нөгөөтэйгүүр төрийн захиргааны байгууллагын хяналт сул, хариуцагчийн  идэвхигүй эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх,  хууль ёсны  ашиг сонирхол нь хөндөгдөж  байх тул  маргаж  буй шаардлагын хүрээнд 69м2 газрыг нөхөж олгох үүргийг захиргааны байгууллага, албан тушаалтанд  үүрэг болгон даалгах боломжтой юм.

              Иймд Дорнод аймгийн Засаг даргын 2007.11.02-ны өдрийн 344 дүгээр захирамжийн дагуу,  хариуцагч төрийн эрх бүхий байгууллага  ...газрын хэмжилтийг дахин нарийвчлан гүйцэтгэж, мэдээллийн санд бүртгэж,  ... орчны газраас  нь 69 м2  газрыг  нөхөн  олгохыг даалгаж,  аймгийн Засаг даргын  2017 оны  04 дүгээр сарын 06-ны өдрийн  А/151 дүгээр захирамжид зохих өөрчлөлт оруулах, ... 69м2 газартай давхцуулан олгосон хэсэг газрын эзэмшлийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

                   1.    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “г”, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1,  Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч гийн, Дорнод аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан, “2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 344 дүгээр захирамжид заасан  1820м2  хэмжээнээс   дутуу олгогдсон  69 м2  газрыг нөхөн олгохыг даалгаж,  аймгийн Засаг даргын  2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн  А/151 дүгээр захирамжид өөрчлөлт оруулах, ...өмчлөлийн 69м2 газартай давхцуулан олгосон хэсэг газрын эзэмшлийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

                2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын ажлын алба, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Зд олгосугай.

                       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  14  хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

                                                 

                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                Б.ОЮУН

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 1-2-р хуудас

[2] Хавтаст хэргийн 6-р хуудас

[3] Хавтаст хэргийн 5-р хуудас

[4] Хавтаст хэргийн 33-р хуудас

[5] Хавтаст хэргийн 77-р хуудас

[6] Хавтаст хэргийн 96-100-р хуудас

[7] Хавтаст хэргийн 9-р хуудас

[8] Хавтаст хэргийн 43-44-р хуудас

[9] Хавтаст хэргийн 36-р хуудас

[10] Хавтаст хэргийн 183-р хуудас

[11] Хавтаст хэргийн 143-р хуудас

[12] Хавтаст хэргийн 162-р хуудас

[13] Шүүх хуралдааны тэмдэглэлээс