| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2020/0157/э |
| Дугаар | 2020/ШЦТ/169 |
| Огноо | 2020-12-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2020/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагчаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгч М.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я ургийн овогт Мын Од холбогдох 2035000000153 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, дүү, хүүхдийн хамт Увс аймгийн Сагил сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Я ургийн овогт Мын О. Регистрийн дугаар: ОЛ90110268
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.О нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт байрлах “Хяргас нуур” зочид буудлаас иргэн Б.Жийн “Самсунг А10s” загварын 454,537 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000000153 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Б.Жийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шатанд өгсөн: “ ...2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хамт ажиллаж байсан найз Т.Б, Г.Ж нарын хамт “Их наяд” бааранд пиво уугаад шөнийн 23 цаг 40 минутын үед гараад хүнсний дэлгүүрээс нэг шил Болор нэртэй архи аваад барилга дээрээ очиж хонолгүй Улаангом сумын 11-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хяргас нуур” зочид буудалд хоносон. Бид нар уг зочид буудалд хоноод өглөө сэрсэн чинь миний “Самсунг А10s” маркийн гар утас алга болчихсон байсан. Бид нар зочид буудалд хонож байхад миний гар утас байсан бөгөөд өглөө сэрэхэд байхгүй байсан юм. Маргааш өглөө нь босоод бид нар утсаа хайгаад олоогүй ба бид нарыг хүлээж авсан буудлын хүлээн авагч хүнийг дуудаж асуусан. Мөн гар утсаа өрөөнийхөө байж болох бүхий л газраар хайсан боловч олдоогүй юм. Гар утсаа хайсаар байгаад өдөр болсон. Мөн урьд шөнө ажилласан буудлын хүлээн авагч буух цаг боллоо та нар өрөөгөө сунгах уу гэхэд нь бид нар сунгаад дахин хоносон. Надтай хамт хоносон найзууд маань уг гар утсыг аваагүй буудлын хүлээн авагч эмэгтэй авсан байх гэж би бодож байсан. Би буудлаас гарахдаа Г гээд буудлын хүлээн авагч эмэгтэйд “та надад ямар нэгэн сураг гарвал хэлээрэй” гээд утасны дугаар үлдээж, дугаарыг нь авсан юм. Гтэй би хааяа утсаар ярьж гар утсаа асуудаг байсан бөгөөд Г надад чиний гар утсыг нөгөө ээлжний хүн маань аваад гар утасны засварт өгчихсөн юм байна гэж хэлсэн. Тухайн үед надтай хамт найз Т.Б, Г.Ж нар хамт зочид буудалд хоносон. Манай найз нар гадагшаа гараагүй, тухайн буудлын жорлон нь кордидорт тусдаа байсан бөгөөд бид нар өрөөнөөсөө жорлонд орох гэж гарсан. Тэрнээс өөрөөр бид нар гадагшаа гараагүй юм. Би гар утсаа 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын Мобикомын салбараас 459.000 төгрөгөөр худалдаж авсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, цэнхэр өнгийн “Самсунг А10s” маркийн гар утас байсан. Миний гар утасны имэй код нь 35568411638439 дугаартай байсан юм. Би гар утсаа 450.000 төгрөгөөр үнэлнэ. Миний утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,
-Хохирогч Б.Жийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Миний гар утас “Хяргас нуур” зочид буудлын өрөөнөөс алга болсон. Би хоёр найзынхаа хамтаар баарнаас гараад зочид буудалд очиж хоносон. Миний гар утас өрөөнөөс алга болсон. Би хоёр найзынхаа хамтаар баарнаас гараад зочид буудал руу орох гэж байхад найз Г.Ж миний гар утас, Т.Бийн гар утсыг аваад би хариуцаад байж байя гээд өмдний халаасандаа хийсэн. Түүний дараагаар “Хяргас нуур” зочид буудал руу ороод орох өрөөгөө угтагчаас сонсоод өрөө лүүгээ ороод байж байхад хоёр давхарт 2 залуу зогсож байсан бөгөөд тэр залуучууд согтуу байсан. Бид нар мөн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба найз Т.Б тэр хоёр залуугийн хажуугаар зөрөхдөө шүргэлдээд тэд нар хоорондоо маргалдаж, хэрэлдэж байгаад ...Т.Бийг өрөө рүү оруулаад тухайн хоёр залуутай уулзаж уучлалт гуйгаад буцаад Жтэй хамт өрөө рүү орсон. Өрөөний хаалга цоожлогдохгүй байсан. Өрөөнд байхад миний гар утсанд дуудлага ирээд Г.Ж надад миний гар утсыг өгсөн. Тэгээд бид нар утсаар оролдохгүй сайхан ярьж сууцгаая гэж ярилцаад 1 шил 0,75 литрийн хэмжээтэй “Болор” нэртэй архийг уусан. Би бие засах газар ороод цамцны халаасанд гараа хийгээд миний утас хаана байгаа билээ гэхэд Т.Б наана чинь байна гээд миний өмдний халааснаас гаргаж өгсөн. Тэгээд би гар утсаа буцааж өмдний халаасанд хийчихээд бид гурав хоорондоо юм ярьж байгаад ажлаа дуусаад явж байсан тул унтсан байсан. “Болор” нэртэй архийг тухайн шөнө ууж дуусгаагүй, харин 3-4 хуруу хэмжээтэй уусан үлдсэн архи шилэндээ байсан юм. Бид нар унтаад өглөө сэрээд ирэхэд миний утас байхгүй алга болсон байсан. Би бодохдоо буудлын тэр өдрийн ресепшн эмэгтэйг авсан гэж бодсон. Тэр эмэгтэй бид нартай хамт өрөөнд орж ирээд миний гар утсыг хайгаад бид нар бүгдээрээ хайгаад олоогүй юм. Миний гар утас хурууны хээгээр дэлгэц нь нээгддэг цоожтой байсан. Тэгэхээр надаас өөр хэн ч тухайн гар утсыг нээж ашиглаж чадахгүй. Утас засварчин дээр очиж кодыг нь гаргуулахаас өөр арга байхгүй. Би бааранд гар утасны батерейны хувийг баарнаас гарахаас өмнө харахад 78 хувьтай байсан. Гэтэл утас алга болсон өглөө 9-10 цагийн хооронд залгахад холбогдохгүй байсан юм. Хэрэв миний гар утас зочид буудалд байсан, хэн нэгэн аваагүй байсан бол холбогдох боломжтой байсан. Тийм учраас би гайхаад хүн авсан гэж бодоод сим картыг нь аваад утсыг нээгээд ашигласан бол миний фейсбүүк байгаа гэж бодоод өөрийн фейсбүүк хаяг руу хүний хаягнаас залгахад дуудлага авахгүй байсан. Би өөрийн гар утсыг хүлээж авсан. Миний гар утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй байсан. Миний гар утсан дээрх зураг устчихсан байсан. Гар утасны засварчин хэлэхдээ энэ гар утас базагдсан /утас программыг шинэчлэхээр автоматаар программ уншуулах товчлууруудын зэрэг даралт/ ирсэн, кодыг нь гаргахаас өөр арга байхгүй гэж хэлээд кодыг гаргасан, утас дээрх бүх мэдээлэл устсан байсан. Миний гар утас хулгайлдагдсан өдөр О гэгч нь ресепшнээр ажиллаж байсан бөгөөд О гэгчийн дугаарыг аваад гар утас маань олдвол надад хэлээрэй ямар ч гэсэн холбоо барьж байя гэж хэлсэн. Түүнээс хойш 2 удаа яриад юу байна гээд ярихад гар утас олдсон талаар ямар нэгэн юм яриагүй. Сүүлд ярихад манай нөгөө ээлжний ресепшн миний нэрийг бариад утасны тухай асуудалтай зүйл яриад яваад байна гэсэн би нөгөө хүнээсээ асуучихаад хариу хэлье гээд гар утсаа салгасан. Түүний дараа залгахад утсаа авахгүй байсан бөгөөд надад мессэж ирсэн байсан. Уг мессэжинд ажил ихтэй байна, зах дээр хоёр давхар засварт өгсөн гэнэ би завгүй байна гэж мессэж ирсэн. Тэгээд би хамт ажилладаг хүмүүсээр заалгаж байгаад зах дээр хоёр давхарт байрлах гар утас завсарчинтай очиж уулзаж өөрийнхөө гар утасны хайрцагыг харуулаад ийм гар утас орж ирсэн үү гэхэд нэг тийм утас орж ирсэн би сэжигтэй байсан учраас цагдаагийн албан хаагчид мэдэгдсэн гэж хэлсэн. Та миний гар утсыг өгчих би хэдхэн хоногийн өмнө мобикомоос авсан гэж хэлсэн. Тэгэхэд одоогоор тэр утас ажил дээр байхгүй, гэрт байгаа, чи одоо цагдаад мэдэгдээд тухайн гар утсыг олгуулах бичиг аваад ир, тэгээд имэй нь таарч байвал өгнө гэж хэлсэн. Би цагдаагийн албан хаагчтай уулзаад мэдүүлэг өгөөд гар утсаа хүлээн авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
2. Гэрч Г.Жийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр би хамт ажилладаг найз Б.Ж, Б нарын хамт “Их наяд” бааранд сууж архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд нэлээн орой болчихоор нь “Хяргас нуур” зочид буудалд орж амарч архи уухаар шийдээд хүнсний дэлгүүрээс нэг шил архи аваад буудалд орж уунгаа хоносон юм. Бид нар өглөө босоход миний болон Бийн гар утас ширээн дээр байсан. Харин бид нартай хамт хоносон Б.Жийн гар утас байхгүй байсан юм. Бид нар өрөөнд нэлээн хайгаад олоогүй, шөнө унтаж байхад Б.Жийн гар утас нь өмдний халаасанд нь байсан юм. Бид нарын амарч байсан өрөөний хаалганы нугас нь салчихаар нь хийж чадахгүй онгорхой өрөөнд унтсан. Маргааш өглөө нь утсаа хайж байхад буудлын угтагч эмэгтэй орж ирээд бид нартай хамт хайсан. Хоёр давхарт та нараас өөр хүн хоноогүй, манайд камер байхгүй гэж хэлсэн. Б.Ж уг гар утсыг цалин буухаар нь 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Мобикомоос худалдаж авсныг би сайн санаж байна. Буудлын угтагч манай өрөөнд орж ирээд Б.Жийн гар утсыг авсан байж магадгүй, бид нар нэлээн согтолттой байсан болохоор хэн орж ирснийг сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,
3. Гэрч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр би гар утас засварын газартаа ажиллаж байтал гаднаас хоёр эмэгтэй хүн, хоёр эрэгтэй хүн хамт орж ирээд гар утасны код тайлуулах гээд “Самсунг А10s” маркийн гар утас үзүүлсэн. Уг гар утасны кодыг тайлахаар харахад нэлээн оролдож гарах оролдлого хийсэн, жимэйл хаяг хийхгүй бол гарахааргүй болчихсон байсан юм. Энэ утасны жимэйл хаяг нь хаана байгаа юм бэ гэж асуухад уруулдаа түлэнхийтэй эмэгтэй би буудалд ресепшн хийдэг. Хүмүүс нь Улаанбаатар хотын хүмүүс хот руу явчихсан гэж хэлсэн. Би “цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн үү?” гэж асуухад бүртгүүлээгүй гэж хэлэхээр нь хулгайн гар утас байж магадгүй гэж хэлээд би шалгая 2 цагийн дараа авчих гэж хэлсэн. Тэр хүмүүс надад гар утас өгч байхдаа олон хүнд үзүүлэх хэрэггүй нэг л хүнд үзүүлж засварлуулна гэж ярьж байсан. Мөн хоёр цагийн дараа ирэхэд би энэ утас цагдаад бүртгэлтэй байна гэж тандаж асуухад намайг хэл амаар доромжилж хажууд нь явсан хоёр залуу чи наадахаасаа илүү гараарай гэж хэлээд явцгаасан. Тэгээд уг гар утсыг авахгүй яваад өгсөн бөгөөд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би уг гар утсыг авч ирсэн эмэгтэйг танина. Тэр хүний нэрийг нь сайн мэдэхгүй харвал танина. Хамт явсан хоёр залууг танихгүй харвал танина. Тэр хүүхнийг О гэдэг. Надад өгсөн утсанд код байгаагүй. Жимэйл хаягтай болсон байсан. Ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй болно” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
4. Гэрч Т.Огийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 11-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хяргас нуур” зочид буудалд угаагчаар ажилладаг. Би “Хяргас нуур” зочид буудалд 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажиллаж байгаа бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 04-05-ны хооронд шөнө хонож ажилласан. Бид нар 24 цагаар ажиллаад дараагийн ээлжний хүн болох Г гэж хүнд ээлж хүлээлцүүлж өгдөг байсан. Манай зочид буудал хоёр ээлжээр ажилладаг. Намайг зочид буудалд 2020 оны 9 дүгээр сарын 04-05-ны шөнө хонож ажиллаж байхад дээд давхарт гурван залуу хоносон. Мөн надтай хамт ажилладаг Г гэж хүүхэн халамцуу ирээд би нэг өрөө авмаар байна гэж хэлээд хоёр давхар луу гараад нэг өрөөнд орж унтсан. Г надад манай найз залуу ирнэ, тэр залуу мөнгөө төлөөд ороод ирэхээр нь миний өрөө рүү оруулчих гэж хэлээд өрөөндөө ороод дотроос нь хаалгаа цоожлоод унтсан. Хэсэг хугацааны дараа нэг залуу ирээд мөнгөө төлөөд Ггийн байсан өрөө рүү орох гэсэн боловч Г хаалгаа онгойлгож өгөөгүй. Тэр залуу Г хаалгаа онгойлохгүй байна би мөнгөө авмаар байна гэж хэлэхэд нь би нэгэнт бичилт хийчихсэн мөнгийг чинь өгөх боломж байхгүй гэдгээ хэлсэн чинь би нэг сул өрөөнд унтъя гэж хэлээд миний амардаг хажуу өрөөнд орж унтсан. Тэр залуу унтаж байгаад өглөө явсан. Өрөөнөөсөө огт гараагүй. Миний хажуу өрөөнд хоносон учраас би хэзээ явсныг нь сайн мэдэж байсан юм. Г хоёр давхарт нэг өрөөнд, тэрний хажуу өрөөнд гурван залуу хоносон. Буудалд хоносон гурван залуугийн нэг нь халаасанд байсан гар утас алга болсон байна гэж хэлэхээр нь би тэр залуучуудтай өрөөн дотор нь хайгаад олоогүй. Бид нар өрөөний байж болох бүх газраар хайсан боловч олдоогүй юм. Г өрөөнөөс гарч явсан талаар ямар нэг зүйл хэлээгүй. 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цагийн үед Г надтай ирж ээлж хүлээлцсэн юм. Намайг ээлж хүлээлцэхэд гар утсаа алдсан гэсэн залуучууд байсан юм. Манай зочид буудал хяналтын камертай одоо ажиллаж байгаа. 2020 оны 9 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд нээгээд удаагүй байсан болохоор хяналтын камер ажиллаагүй байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,
5. Гэрч Т.Огийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Өглөө ойролцоогоор 6 цагийн үед хүн гарах шиг болохоор нь гараад харахад утсаа алдсан гэх залуугийн өрөө цоожгүй, хаалга онгорхой байсан. Мөн тэр үед Оийн хоносон өрөөний хаалга онгорхой О өрөөнөөс гараад явчихсан байсан. ...гар утас алга болчихлоо гээд тэр залуучууд хайж байсан. Би өрөөнд нь ороход “өрөөнөөс гар утас алга болчихсон шүү, 500.000 төгрөгний гар утас” гэж хэлж байсан. Би хамт өрөөн дотуур хайхад гар утас нь олдоогүй. Би өглөө хаалга нь онгорхой байхад нь харахад ширээн дээр хоёр ширхэг гар утас байсан ба энэ талаар хэлэхэд гар утасны эзэн гэх залуу “ямар сонин юм бэ, миний халаасанд байсан гар утас алга болчихсон” гэж хэлсэн. Тэгээд хайгаад олоогүй, намайг “хяналтын камерийг шүүгээд өгөөч” гэж хэлсэн бөгөөд тухайн үед манай байгууллага засвар хийчихсэн хяналтын камерыг суурилуулж амжаагүй байсан. Ойролцоогоор 12 цагийн үед О гар утсаар над руу ярьсан ба би “чи өглөө яагаад хэлэхгүй явсан юм бэ” гэж хэлсэн. 13 цаг өнгөрч байх үед О ээлж хүлээлцсэн бөгөөд тэр үед О бас гар утсыг нь хайлцсан юм. Би цагдаа дуудах юм уу гэхэд за яах вэ? Эгч миний гар утас асаагаад ашиглах юм бол олчихно гэж хэлсэн. Би маргааш нь ээлж хүлээлцэхээр ирэхдээ “нөгөө залуус гар утсаа олсон уу?” гэж Оээс асуухад олоогүй гэж хэлсэн. О тухайн үед “Хяргас нуур” зочид буудалд хяналтын камер байхгүй гэдгийг мэдэж байсан. 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр зочид буудалд О бид хоёр 11 болон 7 дугаартай хоёр өрөөнд цэвэрлэгээ хийсэн. Би цэвэрлэгээ хийж дууссаны дараа гэр лүүгээ явсан. Байгууллагын шатны хэсэгт О бид хоёр цэвэрлэгээ хийгээгүй. Цэвэрлэгээ хийж байхад О ямар нэгэн зүйл олоогүй, олсон талаар надад хэлээгүй. Миний мэдэхээр 11 дүгээр өрөөнд гар утас байгаагүй, маш сайн шалгасан. О нь одоо зочид буудалд ажиллахгүй байгаа. 2020 оны 9 дүгээр сарын 07-08-ны үед байх ажлаас гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,
6. Гэрч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө “Их наяд” бааранд ороод архи уусан болохоор “Хяргас нуур” зочид буудалд хоносон. Бид зочид буудалд найз Б.Ж, Г.Ж нартай хамт нэг өрөөнд орж амарсан. Б.Ж унтаж амрах гэж байхад түүний халаасанд утас нь байсан. Мөн миний болон Г.Жийн гар утас ширээн дээр байсан. Б.Жийн утас шинэ байсан бөгөөд бидний гар утас энгийн товчлууртай утас байсныг үлдээгээд, Б.Жийн гар утсыг аваад явчихсан байсан юм. Б.Жийн гар утсыг гаднаас хүн орж ирээд авсан гэж бодож байна. Б.Ж гар утсаа халаасандаа хийгээд унтсан, өглөө боссон чинь байхгүй болчихсон байсан. Бид нар дээр гаднаас хүн орж ирсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Бид нар барилга дээр ажилладаг. Тухайн үед архи уусан байсан болохоор хэн ирсэн гэдгийг сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,
7. Гэрч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 04-ний орой би тус аймгийн Улаангом сумын 11-р багийн нутагт байрлах “Их наяд” баар луу найз О бид хоёр ороод бид хэсэг сууж байгаад би түрүүлээд гараад явчихсан. Түүнээс хойш О хаашаа явсан талаар би мэдэхгүй байна. 2020 оны 9 дүгээр сарын дундуур байх цаг хугацааг нь тодорхой санахгүй байна. Оийн гэр захын тэнд байдаг бөгөөд би зах руу орох ажилтай яваад О надтай таарч уулзсан. Түүний дараагаар О намайг гар утасны засварын газар оръё, утас засуулмаар байна гэхээр нь би дагаад зах дотор байрлах 2 давхарын гар утас засварын газар ороод цэнхэр өнгийн артай, мэдрэгчтэй дэлгэцтэй гар утас гаргаад утас засварчинд өгсөн. Утас засварчин үзээд наад утас чинь жимэйл кодтой юм байна, платаар нь соливол зүгээр 80.000 төгрөгөөр солино гэж хэлж байсан. О би энэ утсыг олж авсан юм гэж хэлсэн. Хаанаас олж авсан талаар надад ямар нэг зүйл хэлээгүй. Түүнээс хойш юу болсон талаар надад мэдэх ямар нэгэн зүйл байхгүй. Би тухайн гар утсыг хулгайн гар утас гэдгийг мэдээгүй. О надад олж авсан гэж хэлсэн. О бид хоёр бааранд нэг, нэг пиво уусан. Би түрүүлээд гарч гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
8. Шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “2020 оны 9 дүгээр сарын байдлаар Улаангом суманд “Самсунг-А10s” загварын шинэвтэр гар утасны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 454.537 /дөрвөн зуун тавин дөрвөн мянга таван зуун гучин долоо/ төгрөг болохыг тодорхойлов” гэх 247 дугаартай дүгнэлт /хх-ийн 39-р хуудас/,
9. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7-р хуудас/,
10. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9-р хуудас/,
11. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14-р хуудас/,
12. Мобиком корпорацийн Увс салбарын захирал Ц.Эрдэнэсүрэнгийн тодорхойлолт /хх-ийн 16-р хуудас/,
13. Шүүгдэгч М.Оийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр би тус аймгийн Улаангом сумын 11-р багийн нутагт байрлах “Их наяд” баар луу Н, С нарын хамт ороод бид нар 0,5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво авч уусан. Бид пиво уугаад нэлээн согтсон байхад миний найз залуу над руу залгасан бөгөөд “би нэлээн согтсон байна, би ажилладаг буудал руугаа ороод өрөө аваад байж байя, чи араас хурдан ирээрэй, би ресепшнд хэлчихье” гэж ярьсан. Тэгээд би “Их наяд” баарнаас ойролцоогоор 00 цаг өнгөрч байхад гараад ганцаараа өөрийн ажилладаг байсан “Хяргас нуур” зочид буудал руу ороход манай нөгөө ээлжний О эгч ажиллаж байсан бөгөөд би О эгчтэй уулзаад би “зочид буудлын хоёр давхарт нэг өрөө авъя, манай найз залуу төлнө, ирэхэд нь энэ өрөө рүү оруулчихаарай” гэж О эгчид хэлсэн. Тухайн өрөөнд ороход би их согтсон байсан учраас хаалгаа дотроос нь цоожилчихоод нам унтчихсан. Хэсэг унтаад сэрэхэд манай найз ирээгүй байсан ба би жижүүрээс найз залуугаа ирсэн эсэхийг асуух гээд гарахад зочид буудлын хоёр давхарын өрөөнд онгорхой хаалга байсан, хаалгаар ороход тэр өрөөнд эрэгтэй хүмүүс унтаж байсан ба тэр өрөөнөөс ороод мэдрэгчтэй, дэлгэцтэй гар утсыг би авсан. Түүний дараагаар буцаад өрөөндөө ороод хэсэг унтаж байгаад гэр лүүгээ явчихсан. ...Ээлжээ хүлээж авахаар өдөр 11 цагийн үед буудалд очиход О эгч “10 дугаартай өрөөнөөс гар утас алга болчихсон байна, хайж байна” гэж хэлсэн. Би санаа зовоод тэр утсыг гаргаж өгч чадаагүй. О эгч ээлжнээс 12 цагийн үед буусан, хяналтын камер байхгүй, харах боломжгүй гэж тухайн залуучуудад хэлээд явсан. Түүний дараагаар тэр залуучууд дахиад манай зочид буудалд хоносон бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өглөө явцгаасан. Өмнөх орой нь гар утсаа алга болгосон Ж нь надтай танилцаж миний гар утасны дугаарыг авсан юм. Түүний дараагаар Ж миний гар утасны дугаар луу залгаад утсаа асуусан бөгөөд тэр үед би гар утас кодлогдсон учраас санаа зовоод гар утас засварын газар аваачиж кодыг нь гаргах гээд өгчихсөн байгаад буцааж авах гэхэд засварчин залуу өгөхгүй гэхээр нь Жөд чиний гар утас Улаангом сумын зах дээр гар утас засварын газарт аваачаад өгчихсөн байна, чи очоод гар утсаа авчихаарай гэж хэлсэн. Би засварын газарт очихдоо найз Н гэгчийн хамт явсан. Би хүний эд зүйлийг хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна. Хэрэв би эрүүл байсан бол хүний эд зүйлийг хулгайлахгүй байсан, би урьд өмнө нь хулгай хийж байгаагүй. Би хүний гар утсыг зөвшөөрөлгүй авсан учраас санаа зовоод гаргаж өгч чадахгүй байсан юм. Би Б.Жийн хохирлыг төлж барагдуулсан. Б.Ж рүү сүүлд гар утсаар ярихад гар утсаа авчихсан, одоо надад гомдол санал байхгүй, би мэдүүлэгтээ гомдолгүй гэж хэлчихсэн, чи гайгүй байхаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх үнэлэн, хэргийн үйл баримтуудыг тогтоож шийдвэрлэлээ.
Гэм буруугийн болон хохирлын талаар:
Хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч М.О Увс аймгийн Улаангом сумын 11-р багийн нутагт байрлах “Хяргас нуур” зочид буудлын өрөөнд амарч байсан иргэн Б.Жийн “Самсунг А10s” загварын 454.537 төгрөгний үнэ бүхий гар утсыг хулгайлж авсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгч болон бусад эргэн тойрны хүмүүс /хэнд ч/-т мэдэгдэхгүйгээр авч буй үйлдэл байдаг.
Шүүгдэгч М.О нь хохирогч Б.Жийн гар утсыг эзэнд нь мэдэгдэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх тул “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.
Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрх, хууль ёсны эрх, ашгийг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгч М.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Жт 454.537 төгрөгний хохирол учирсан болох “Увс финанс Аудит” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 247 дугаартай шинжээчийн дүгнэлт, тодорхойлолт /хх-ийн 39-р хуудас/-оор нотлогдсон бөгөөд дээрх гар утсыг хохирогч Б.Жөд хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 13-14-р хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Жөд учирсан хохирол, хор уршгийг арилгасан, хохирогч ямар нэгэн гомдол байхгүй талаар мэдүүлэг өгсөн тул шүүгдэгч М.Оээс гаргуулах хохирол төлбөр байхгүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.О нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Үүнд:
Гэрч Д.Нгийн “...Би М.Отэй найзалж нөхөрлөөд 7-8 сар болж байна. ...Зан байдлын хувьд эелдэг зөөлөн харилцаатай, ажилсаг, бусдад тусархуу, хүмүүстэй зөв боловсон харилцдаг, яриасаг хүн. С.О нь нөхөргүй, нэг охинтой, охин нь одоо 2-р ангид суралцдаг, тамхи татдаггүй, архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, өөр ямар нэг муу зуршилгүй, хүний үгээр, гэнэн юм шиг зантай” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/, гэрч М.Оийн “М.О нь миний төрсөн эгч байгаа юм. ...Эгч маань их төлөв даруухан зантай, бусадтай зөв боловсон харьцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, ажилсаг, бусдад тусархуу, эелдэг зантай, дүү нартайгаа маш сайн харилцаатай, уурлаж уцаарладаггүй, сайхан сэтгэлтэй хүн. Одоогоор нөхөр байхгүй тусдаа гараагүй, бүрэн дунд боловсролтой юм” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66-р хуудас/-аар урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох нь нотлогдож байна.
Мөн шүүгдэгч М.О нь 4 сартай жирэмсэн байх бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Бадамлянхуа” эмнэлэгт үзүүлсэн баримтаар давхар нотлогдож байна.
Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд жирэмсэн эмэгтэйд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангасан, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэгдсэн байхаар зохицуулсан.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болон анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухамсарлаж, чин санаанаасаа гэмшсэн, мөн шүүгдэгч М.О 4 сартай жирэмсэн болох нь тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д "шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина" гэж заасныг баримтлан түүнд хуульд зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд ялтанд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я ургийн овогт Мын Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оийг 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Од 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар ялтан М.Од хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч М.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан “...ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг шүүгдэгч М.Од тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН