| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 169/2020/0037/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/39 |
| Огноо | 2020-04-21 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Г.Х |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Маанийдаарий
Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч П.Б- нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б-ид холбогдох эрүүгийн 2022000460019 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг Шандын 9 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар баривчлах ял, Сум дундын 11-р шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сар хугацаагаар баривчлах ял, Сум дундын 11-р шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан гэх, /регистрийн дугаар ххххххххх/ С овогт П Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Б- нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын х дугаар баг, Ш 4 дүгээр гудамжны х тоот хашаанаас иргэн Б.Ц-2 тооны ямааг /ишиг/ хулгайлж 80000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч П.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 21 цагийн үед Сайнцагаан сумын 5 дугаар баг Шандын 4 дүгээр гудамжны 4 тоот хашаа руу ганцаараа давж ороод хашааны баруун талд байрлах модон хороонд байсан ямаанаас хоёр ишгийг хулгайлсан. Тэр хоёр ишгээ Сайнцагаан сумын х дугаар баг Ш х дүгээр гудамжны 2 тоотод байх хашаанд оруулж нядлаад махыг нь хашаан дотор үлдээгээд арьсыг нь “Номгон” худалдааны төвийн урд талын арьс нэхий худалдаж авдаг хүнд 2 арьсаа нэг бүрийг нь 5000 төгрөгөөр нийт 10000 төгрөгөөр зарсан. Би мөнгөө хувьдаа ашигласан гэв.
Хохирогч Б.Ц-...Энэ 2 ямаа бол миний өмч байгаа юм. Манай мал нөхөр нэр дээр байдаг ч манай нөхөр хохирогчоор оролцохгүй гээд байгаа, манай малын А дансанд бичигдсэн мал нөхөр бид хоёрын дундын өмч. Анх би цагдаад хандсан учраас хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгсөн. Цаашид би хохирогчоор явна. Надад гомдол гэхээр зүйл алга, миний 2 бага малыг П.Б- төлнө гэсэн одоогоор бол төлөөгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-рт/
Гэрч Ч.Э ...Манай хашаанд байгаа шуудайнд хийсэн 2 шүдлэн ишигний сэгийг Сайнцагаан сумын харъяат П.Б- буюу Бүдээ гэх хүн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны үед хашаанд байх чулуун байшинд мал хийгээд үлдээсэн юм. Би айлын хүмүүс ирсэн байх гэтэл Бүдээ 2 ширхэг хар зүсмийн шүдлэн ишгийг арьсыг нь хуулаад сэгийг нь үлдээсэн. Би Бүдээг хулгай хийдэг гэж мэдэх учраас тухайн сэгийг шуудайнд хийгээд орхисон. 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр манай зүүн хашааны Б.Ц- гэх хүн ирээд уг ишигний сэгийг манай тэжээж байсан борлон ишиг байна гэж хэлсэн. Манай амьдарч байгаа хашаанд ямар учраас мал нядалсан талаар мэдэхгүй. Б гэх хүн ганцаараа явж байсан. Би өөр хүн олж хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-рт/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-рт/
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5-рт/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 36-рт/
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үнэлгээний комиссын 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлтэд: “Үнэлгээ гаргуулахаар ирүүлсэн эд зүйлийг 2020 оны 1 дүгээр сарын зах зээлийн үнэ ханшийг судалж үнэлгээ гарган хавсралтаар хүргүүлэв, хавсралтад шүдлэн ямаа 2 ширхэг нэг бүрийн үнэ 40000 төгрөг’’ гэжээ. /хх-ийн 23-24-рт/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч П.Б- нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Шандын 4 дүгээр гудамжны 4 тоот хашаанаас иргэн Б.Ц-2 тооны ямаа /ишиг/ хулгайлж 80000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч П.Б-ийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Б- хохирогч Б.Ц-д 80000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан нь төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байна. Хохирогч гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч П.Б- нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 3 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь зааснаар үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт хураан авсан битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт П П.Б-ийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан /шүүгдэгч П.Б-ид/ хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч П.Б-ид оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгчийг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч П.Б-ид тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
6. Шүүгдэгч П.Б- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хураан авсан битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч П.Б-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ