Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/320                  

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн 

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................ овогт Бт холбогдох 2021000000329 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ...................................тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 466 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн б-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 477 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 32 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 40000 төгрөгөөр торгох ялаар,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 536 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 180 цагийн албадан ажил хийлгэх ялаар,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтооолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 200 цагийн албадан ажил хийлгэх ялаар,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Суврагчид овогт Б /РД: ЖЬ 83032211/.

 

Шүүгдэгч Б нь 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 09 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарлаг” худалдааны төвийн гадна хохирогч Г.С-ын савхин куртикны халааснаас “Huawei P smart” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 405.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.  

            Хохирогч Г.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ингээд тухайн худалдааны төвийн хойд талын зогсоол дээр байрлуулан тавьсан өөрийн мопед руу очоод суух үед баруун хойд талаас 30 гаран насны архи уусан байдалтай эрэгтэй хүн ирээд “Эгчээ таны мопед гоё юм байна, би ийм мопед авах гээд байгаа юм” гэхээр нь би ямар нэгэн зүйл дуугараагүй. Ингээд тэрээр мопедны бариулнаас бариад надаас юм асуугаад байхаар нь түүний гарыг нь түлхээд өөрөөсөө холдуулсан. Ингээд мопедоо асаагаад тухайн зогсоолноос баруун чигт чиглэн Хэрлэн сумын 7 дугаар баг 31 дүгээр байрны гадна талд очиход миний гар утас савхины халаасанд байхгүй байсан. ...Ингээд үүдний харуулаас гуйгаад тухайн худалдааны төвийн хойд талыг харуулсан камерыг шүүж үзэхэд надтай юм яриад байсан залуу миний өмсөж явсан савхин куртикны зүүн халааснаас миний “Huawei P smart” загварын гар утсыг хулгайлж байгаа нь тод бичигдсэн байсан. ...Миний бие хохиролд 400.000 төгрөгийг бэлнээр хүлээн авч хохиролгүй болсон. Одоо Бт ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэжээ. /хх-ийн 12-14, 65/

Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Ингээд нэг мотоциклтой эгч зогсож байхаар нь мотоциклийг нь сонирхох санаатай очсон юм. Тэгтэл тухайн эгчийн дээгүүрээ өмсөж байсан савхин куртикны халаасанд гар утас байгаа харагдсан. Тэгээд тухайн эгчтэй харилцан яриа өрнүүлж байх явцдаа гар утсыг нь халааснаас нь авчихсан. ...Ингээд би Шүр захын хашаан дотор байрлах Тана худалдааны төвийн дотор ороод 1 давхрын үүд хэсэгт нэгэн 40-50 орчим насны эгчид гар утсаа 50.000 төгрөгөөр зарсан...” гэжээ. /хх-ийн 27-29/

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 7/

Бын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 30/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 45, 46/

Гэрч Ц.М-ын мэдүүлэг /хх-ийн 56/

Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай 22440723 тоот гэрээний хуулбар /хх-ийн 57/

Хохирол төлсөн талаарх хохирогчийн бичгээр гаргасан тайлбар /хх-ийн 65/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Бт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч  ................... овогт Б нь 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 09 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарлаг” худалдааны төвийн гадна хохирогч Г.С-ын савхин куртикны халааснаас “Huawei P smart” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 405.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Тэгтэл эгчийн дээгүүрээ өмсөж байсан савхин куртикны халаасанд гар утас байгаа харагдсан. Тэгэхээр нь эгчтэй харилцан яриа өрнүүлж байх явцдаа гар утсыг халааснаас нь авчихсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Г.Сэргэлэнзулын “...үүдний харуулаас гуйгаад тухайн худалдааны төвийн хойд талыг харуулсан камерыг шүүж үзэхэд надтай юм яриад байсан залуу миний өмсөж явсан савхин куртикны зүүн халааснаас миний “Huawei P smart” загварын гар утсыг хулгайлж байгаа нь тод бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Б нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг би болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгч Бт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

  Уг гэмт хэргийн улмаас хохирогч Г.С-д 405.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 45, 46/, хохирогч Г.С, гэрч Ц.М нарын мэдүүлэг, гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай 22440723 тоот гэрээний хуулбар зэрэг хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байх боловч шүүгдэгч Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.С-д учирсан хохирлыг нөхөн төлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг бүрэн арилгасан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогч Г.С-д 405.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх эрүүгийн хариуцлагын зорилго зорилтод нийцнэ гэж дүгнэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “СD 1 /нэг/ ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ................... овогт Быг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бт 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бт оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Бт мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.С-д 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “СD 1 /нэг/ ширхгийг хэрэгт хавсаргаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ....................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Бт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ПАГМА