Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2015/1393

 

2015 оны 8 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2015/1393

Улаанбаатар хот

 

Сийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т, хариуцагч Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Болор, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А, гуравдагч этгээд Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж нарыг оролцуулан, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 297 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Сийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газар, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... С нь 2008 онд М-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж Х дүүргийн 3 дугаар хороо, Х 19 хорооллын 120 айлын орон сууц бүхий 29 дүгээр байрнаас орон сууц болон 11 тоот авто зогсоолыг худалдан авсан. Тухайн үед М-ийн үзүүлж захиалга авсан зураг төсөлд уг байрны зоорийн давхарт 15 автомашин байрлуулахаар төлөвлөгдсөн байсан. Гэтэл 2010 онд барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсаны дараа М нь батлагдсан зураг төсөлд тусгагдаагүй газарт буюуСийн зогсоолын хойд талд, цахилгаан шитны хаалгыг хаасан байдалд 16 дахь зогсоолыг нэмж төлөвлөснөөр 16 дугаар зосгоолын эзэмшигч Т нь 11 дүгээр зосгоолын талбай дээгүүр машинаа байрлуулж, гаргах болж, ингэхийн тулд 11, 12 дугаар машинуудыг хооронд нь шахаж тавиулах болсноор тус зогсоолуудын өмчлөгч нар өмчилж авсан зогсоолоо зориулалтын дагуу ашиглах боломжгүй, машинаасаа бууж, суух аргагүй болсон тул 11, 12, 16 дугаар зогсоолын эзэмшигч, өмчлөгчдийн хооронд байнгын маргаан үүсэх болсон. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр 2013 оны 04 дүгээр сард Х дүүргийн шүүхэд 16 дугаарзогсоолын байрлалд автомашин байрлуулахыг хориглуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дүгнэлттэй 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр танилцаад батлагдсан зураг төслөөс хэтрүүлж 16 машины зогсоолтой байхаар төлөвлөсний улмаас өөрийнх нь эрх зөрчигдсөн болохыг мэдсэн тул улсын комиссын 156/2010 дугаар актыг илт хууль бус актад тооцуулж, батлагдсан зураг төсөлд нийцсэн акт гаргуулахаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хандсан боловч хариу өгөөгүй, шүүхэд хандсан боловч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Улмаар Нийслэлийн Засаг даргад хандсаны үндсэн дээр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Барилга байгууламж ашиглалтанд оруулах Улсын комисс нь барилга ашиглалтанд хүлээж авахдаа тухайн үед мөрдөгдөж байсан Засгийн газрын 2009 оны 72 дугаар тогтоолын 1дүгээр хавсралтаар батлагдсан Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрэм-ын 2.2, 4.1.1-д заасныг баримтлах ёстой байсан. Х 19 хорооллын 29 дүгээр байрны зоорийн давхар нь 15 автомашины зогсоолтой байхаар төлөвлөгдсөн байхад тус зоорийн давхрын хаалганы байрлалыг өөрчилсний дагуу хийгдсэн гүйцэтгэлийн зураг нь 12 машины зогсоолтой байхаар төлөвлөгдөж, батлагдсан байна. Гэтэл Улсын комиссын 156/2010 дугаар актаар зураг төслөөс хэтрүүлэн 16 машины зогсоолтой байхаар шийдвэрлэх эрх зүйн үндэслэл байхгүй юм. Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 16 дугаар авто зогсоолын өмчлөгч Тг гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор түүний нэр дээр бүртгэгдсэн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.Өөрөөр хэлбэл Улсын бүртгэлийн байгууллага зөрүүтэй, эргэлзээтэй баримтыг үндэслэж, бүртгэл хийснээс болж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Барилга байгууламж ашиглалтанд оруулах Улсын комиссын актад зоорийн давхрын төлөвлөлтийн зураг төсөл зөрүүтэй байхад нягталж шалгах үүргээ биелүүлээгүй, бүртгэл үнэн зөв байх гэснийг зөрчиж өмчлөх эрхийн бүртгэлийг хийсэн. Иймд Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 156/2010 дугаар актын 120 айлын 29 дүгээр байрны автомашины зогсоолд холбогдох хэсэг нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, барилга ашиглалтанд хүлээн авах үеийн батлагдсан зураг төсөлд нийцсэн акт гаргахыг даалгаж, 16 тоот зогсоолыг өмчлөгч иргэн Тгийн өмчлөх эрхийн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд урьд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт М-ийн барьсан Х 19 орон сууцны барилгад Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комисс 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ажилласан бөгөөд тухайн үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Засгийн газрын 72 дугаар тогтоолын дагуукомисс томилж, уг орон сууцыг ашиглалтанд хүлээн авсан. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын дагуу 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн барилга байгууламжийг байнгын ашиглалтанд оруулах комиссыг ажиллуулж эхэлсэн. Барилга угсралтын ажлын явцад захиалагчийн зөвшөөрлөөр нийт ажлын 30-аас доош хувьд өөрчлөлт оруулж болдог, энэ хүрээнд зураг төсөл өөрчлөгдсөн байх боломжтой. Маргаан бүхий Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 156/2010 тоот актыг илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа ...М-ийн Х 19 хорооллын 29 дүгээр байрны зураг төслийг А-ийн боловсруулсан А-08/07 шифртэй батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэсэн байна. Барилга байгууламжийг байнгын ашиглалтанд оруулах улсын комисс нь Засгийн газрын 72 дугаар тогтоолоор зөвхөн тухайн барилгын стандартын шаардлага хангасан эсэх талаар тодорхойлдог эрх зүйн баримт бичиг юм. Уг барилга байгууламжийг анх зураг төслийг боловсруулж, мэргэжлийн байгууллага буюу Нийслэлийн барилга хот төлөвлөлтийн газраар хянагдаж баталгаажсаны дараа холбогдох байгууллагын хяналтан дор баригдаж дууссан байна. Барилга байгууламжийг ашиглалтад оруулахдаа Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.1-9.1.5-д заасан нөхцөл шаардлагад нийцсэн тохиолдолд улсын комисс хүлээн авахаар заасан. Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2010/156 дугаар актад автомашинызогсоолыг 16 гэж заасан байх тул Барилгын тухай хуулийн дагуу хүлээн авсан. Зоорийн давхрыг ямар чиглэлээр ашиглахыг Авто зогсоолын ангилал ба ерөнхий шаардлага MNS:5342:2007 стандартын дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэжээ.

 

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Х дүүрэг 3 дугаар хороо, Х 19 хотхон /17032/, Д, 29 дүгээр байрны 16 тоот 12 м.кв талбай бүхий авто зогсоолыг холбогдох нотлох баримтыг үндэслэн иргэн Тгийн өмчлөлд өмчлөх эрхийн Ү дугаарт бүртгэж, гэрчилгээ олгогдсон байна. Иргэн Тгийн өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.5, 13.5.6, 13.5.7, 13.5.8-д заасан баримт болох Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 156/2010 тоот актаар 120 айлын 1 орон сууц 16 машины зогсоол, М-тай байгуулсан 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 19/356 тоот Зогсоол, захиалгаар бариулах тухайгэрээнд 29 дүгээр байрны зоорийн давхрын 16 тоот авто зогсоол гэж дурдсан, М-ийн 2010 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 19-3/29-16, 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 19-3/16а тоот албан бичиг, өмчлөгчөөр бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, эд хөрөнгийн фото зураг, план зураг зэрэг нотлох баримтыг үндэслэн бүртгэлийг хийсэн. Мэдүүлгийг хянаж үзэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэл байхгүй, хууль, журмын дагуу бүртгэл хийгдсэн. Тгийн өмч болох нь баттай нотлогдожбайх тул түүний нэр дээр бүртгэгдсэн бүртгэл, 000142438 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй юм. Сийн хувьд шаардах эрх нь Х дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргах үед нээлттэй байсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 297 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д зааснаарнэхэмжлэгч Сийн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссын 156/2010 дугаар актын 120 айлын 1 орон сууцны автомашины зогсоолд холбогдох хэсэг нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, барилга ашиглалтанд хүлээн авах үеийн батлагдсан зураг төсөлд нийцсэн акт гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, 15 дугаар зүйлийн 15.2, 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Сийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан 16 тоот зогсоолыг өмчлөгч иргэн Тгийн өмчлөх эрхийн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: ...Нэхэмжлэгч С нь иргэний хэргийн шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлттэй 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр танилцсанаар анх захиргааны акт өөрийнх нь эрх ашгийг зөрчсөн гэж үзсэн буюу мэдсэн тул 30 хоногийн дотор буюу 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр хандсан бөгөөд тус байгууллага нь хугацаа сунган шалгасан боловч 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна гэсэн үндэслэлээр хариу өгөхөөс татгалзсан болно. Тиймээс 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 3380 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар 14 хоногийн хугацаа тогтоож буцаасан. Шүүгчийн дээрх захирамжийн дагуу бүрдүүлбэрийг ханган 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан боловч шүүгч нь 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 3574 дүгээр захирамжаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дээд шатны байгууллага буюу Нийслэлийн Засаг даргад хандан хийлгэх ёстой гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Ингээд Нийслэлийн Засаг даргад хандсан боловч 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 07/2950 дугаар албан бичгээр шүүхэд хандан шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн болно. Ийнхүү урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагааг хийлгэснээс хойш 30 хоногийн дотор буюу 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл арилсан хэмээн үзэж захиргааны хэрэг үүсгэсэн атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэний дараа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй байна. 16 тоот зогсоол өмчлөгч иргэн Тгийн зогсоол өмчлөх эрхийн бүртгэл хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралгүй, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэлгүй, гуравдагч этгээдэд ашигтайгаар тайлбарлан хэт нэг талыг баримталсан. Анхан шатны шүүх нь уг бүртгэл хийгдэх үндэслэл болсон улсын комиссын актыг илт хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан атлаа 156/2010 дугаар актаар 16 машины зогсоолтойгоор байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн гэж уг актыг бүртгэлийг зөвтгөх үндэслэл болгосон нь өмнөх шийдвэртэй нь зөрчилдөж байна. Тухайн үед улсын комисс ажиллахдаа ашиглаж, үндэслэсэн баримт, зураг төслүүд Үндэсний төв архивт хадгалагдаж байх бөгөөд тухайн үед Аркон ХХК-ийн боловсруулсан зураг төсөлд 15 машины зогсоолтой байхаар төлөвлөсөн нь архиваас гаргуулсан 3 ажлын зургаар нотлогдож байхад бүртгэлийн байгууллагад 16 тоот зогсоолын өмчлөх эрхийг бүртгүүлэхдээ гаргаж өгсөн, архиваас ирсэн ажлын зургаас зөрүүтэй, зохиогчийн нэр хаяг, зургийн шифр, огноо, баталгаажуулсан тамга тэмдэг байхгүй зургийг үндэслэн уг зурагт 16 зогсоол байхаар тогтоосон гэж дүгнэсэн, ҮТА-д авагдсан ажлын зургийг огт дурдаагүй байх тул шүүгч энэ хэргийг шударгаар шийдвэрлэсэн гэдэгт зүй ёсны эргэлзээ төрж байна. Түүнчлэн Макс Импекс ХХК, иргэн Т нарын хооронд байгуулсан гэх 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн "Зогсоол бариулах тухай гэрээ"-г улсын комисс уг барилгыг хүлээн авснаас хойш байгуулсан, мөн Макс Импекс ХХК-ийн 2011 оны 4 дүгээр сардбүртгэлийн байгууллагад гаргасан албан бичгээс харахад зогсоол байрлуулах боломжтой талбайд улсын комисс хүлээн авснаас хойш 16 тоот зогсоолыг шинээр бий болгосон зэрэг нөхцөл байдал илт тогтоогдож байхад нотлох баримтыг гуравдагч этгээдэд ашигтайгаар гуйвуулан тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч нэхэмжлэлийн зарим шаардлагын хувьд хууль буруу хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлээ Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газарт холбогдуулан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 156/2010 дугаар актын 120 айлын 29 дүгээр байрны 16 тоот автомашины зогсоолд холбогдох хэсэг нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, барилга ашиглалтанд хүлээн авах үеийн батлагдсан зураг төсөлд нийцсэн акт гаргахыг даалгахыг хүссэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газар тус тус хамтран хариуцагчаар татагдаж, 16 тоот зогсоолыг өмчлөгч иргэн Тгийн уг зогсоолыг өмчлөх эрхийн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч С нь М-тай 2008 онд орон сууц захиалах гэрээ байгуулахдаа батлагдсан зураг төслийг үзэж 15 автомашины зогсоолтой болохыг мэдсэн, 11 дүгээр зогсоол ардаа зогсоолгүй, хамгийн тохиромжтой байрлалтай байсан тул сонгож худалдан авсан талаар шүүх хуралдаан дээр тайлбарласан байх ба тэрээр тухайн үед орон сууц 15 автомашины зогсоолтой байхаар төлөвлөгдсөн зураг төсөлтэйг мэджээ.

Барилга ашиглалтанд орсоноос хойш буюу 2011 оноос 11 дүгээр зогсоолын ард 16 дугаар зогсоол нэмэгдэж, уг зогсоолыг Т гэгч өмчилж байгааг нэхэмжлэгч мэдсэн байх ба тэр үеэс 11 болон 16 тоот зогсоолын өмчлөгч нарын хооронд маргаан үүсч, улмаар 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 11 тоот зогсоолын өмчлөгч С, 12 тоот зогсоолын өмчлөгч Л нар Х дүүргийн шүүхэд өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлдээ батлагдсан зураг төсөл зөрчсөн, автомашины зогсоолын схем зураг дээр байгаагүй зогсоол нэмж гарган бусдад худалдсан талаар дурдсан байна.

Дээрхи нөхцөл байдал нь нэхэмжлэгч С батлагдсан зураг төсөлд 16 тоот зогсоол байгаагүй талаар, улсын комиссын акт гарсанаас хойш 16 тоот зогсоолыг нэмж гаргасан талаар, 16 тоот зогсоолыг Т гэгч өмчилдөг болохыг зогсоол өмчлөгчдийн хооронд маргаан гарсан 2011 оноос мэдсэн гэж дүгнэх үндэстэй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нотариатчаар бичиг баримтын хуулбарыг гэрчлүүлэхдээ Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 156/2010 дугаар акттай танилцсан, уг актад 16 автомашины зогсоолтой байхаар баталгаажсаныг мөн мэдсэн байх боломжтой.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт ...захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харъяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 156/2010 дугаар акт түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэдгийг мэдсэн ба түүнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн атлаа хамаарал бүхий нэхэмжлэлийн шаардлага болох 16 тоот зогсоолын өмчлөгч Тгийн өмчлөх эрхийн бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай байна.

Учир нь 16 тоот зогсоолын өмчлөгч нь Т болохыг 2011 онд зогсоолоо эзэмшиж эхлэх үеэс нэхэмжлэгч мэдэж, маргаан гарснаас хойш тооцон үзэхэд дээрхи хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа мөн адил хэтэрсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзах ёстой байжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр хандсан, Нийслэлийн Засаг даргад хандсан боловч 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 07/2950 дугаар албан бичгээр шүүхээр шийдвэрлүүл гэж хариу өгсөн, ийнхүү урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагааг хийлгэснээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргасан гэх нөхцөл байдал нь хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг сэргээх, хугацаа зогссон болон тасалдсан гэж үзэх үндэслэл болж чадахгүй, нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараах үйл баримт тул ач холбогдолгүй болно.

Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт Энэ хуулийн 34.1-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол шүүх тогтоол, шүүгч захирамж гарган хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулан шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл илэрсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл арилсан хэмээн үзэж захиргааны хэрэг үүсгэсэн атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэний дараа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих үндэстэй.

Хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа тул маргааны үйл баримтад дүгнэлт өгөх шаардлагагүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удидрдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 297 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Сийн Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газар, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газарт холбогдох Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 156/2010 дугаар актын 120 айлын 29 дүгээр байрны автомашины зогсоолд холбогдох хэсэг нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, барилга ашиглалтанд хүлээн авах үеийн батлагдсан зураг төсөлд нийцсэн акт гаргахыг даалгах, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт холбогдох 16 тоот зогсоолыг өмчлөгч иргэн Тгийн өмчлөх эрхийн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах-ыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай гэж өөрчлөн, 2 дахь заалтыг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ О.НОМУУЛИН