Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 159

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

Улсын яллагч Э.Гэрэлмаа,

шүүгдэгч Т.Ганбаатар, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Төмөр-Очирын Ганбаатарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625012052 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Боржигон овогт Төмөр-Очирын Ганбаатар, 1985 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн задгай тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Урьд 3 удаагийн ял шийтгэлтэй.

-1999 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 597 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгэгдэж 1 жил тэнссэн,

-2001 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 597 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгэгдэж 2002 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр үлдсэн 1 жил 8 сар 13 өдрийн хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан.

-2003 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 229 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт аааснаар 6 жил 1 сар хорих ял шийтгэгдэж 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1 жил 7 сар 15 хоногийн хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан. РД:ЧВ85040938 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Т.Ганбаатар нь 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн 1-121 тоотод оршин суух иргэн Х.Очирхуягийн монгол гэрийн цоожийг хөшиж нэвтрэн орж 43 инчийн “Samsung” маркийн ЛСД зурагт хулгайлан авч 800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Ганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Мөн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Х.Очирхуяг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 5 дугаар сарын 27-ны өглөө 08 цаг 30 минутанд БЗД-н 27 дугаар хороо Сэлбийн 1-21 тоотод байрлах гэрээсээ гараад явсан. Гэрт манай нөхрийн дүү манай охинтой үлдсэн. 09 цаг 30 минут гээд манай гэрт байсан хүмүүс гэрээс гараад явсан байсан. Надруу 17 цаг 40 минутанд Норжмаа залгаад гэрийг чинь ухаад зурагт аваад явчихсан байна гэж хэлэхээр нь би 18 цагийн үед гэртээ ирээд цагдаа дуудсан. Харахад цоожтой юм шиг харагдаж байсан, татаад үзэхэд хөшиж байгаад татсан юм шиг, шууд онгойж байсан. Харахад ямар нэг эвдрэл ил харагдахгүй байсан. Самсунг 43 инчийн хар өнгийн зурагт алдагдсан. Тус зурагтыг 2015 оны сүүлээр 800.000 төгрөгөөр РС mall дэлгүүрээс худалдан авч байсан. Би өөрийн зурагтыг бүрэн бүтэн байдалтай хүлээн авсан. “...Би шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг. /хх19-21/,

Гэрч Д.Оюунчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 12 цагаас 14 цагийн үед Ломбардандаа сууж байхад гаднаас Ганбаатар гэх жижигхэн залуу орж телевизор авах уу гэж асуусан. Би авна гэхэд гаднаас Самсунг маркийн 42 инчийн сааралдуу хар бараан өнгийн зурагт оруулж ирсэн. Тэр залуугаас архи үнэртэж байсан. Би 180.000 төгрөгөө өгөөд зурагтаа авахдаа заавал бичиг баримтаа авч ирээрэй гэж хэлээд явуулсан. Маргааш нь 11 цагийн үед ирээд та энийг худалдаад авчих гэхээр нь би үгүй гэж хэлээд манай ээж гэж нэг хөгшин хүн дагуулчихсан би 5000 төгрөг нэмж өгсөн эм авах гэсэн юм гэж хэлж байсан. 13 цагийн үед ирээд Ганбаатар мөнгөө өгөөд зурагтаа аваад явсан, паспортаа авч явсан байсан, эрэгтэй эмэгтэй хоёр хүн дагуулж ирээд тэр хоёр нь мөнгийг нь өгеөд аваад явсан...” гэсэн мэдүүлэг. /хх22-23/,

Гэрч Ц.Эрдэнэбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Манай эхнэр Очирхуяг над руу 2016 оны 05 дугаар 27-ны өдер 17 цаг өнгөрч байхад залгаад гэрт хулгайч ороод зурагт хулгайлаад аваад явсан байна гэж хэлсэн. “...Самсунг маркийн хар ангийн зурагт 800.000 төгрөгөөр худалдан авч байсан, өөр зүйл алдагдаагүй. Ганбаатарын зүс харж байсан манай далан дээр архи уугаад явж байдаг хүүхэд байсан. Хэзээ гэдгийг нь санахгүй байна, би тус залуутай танилцаж гэртээ оруулж цай унд өгч байсан. Өөр ямар нэг холбоо байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх24-25/,

Гэрч Б.Наранбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна 2016 оны 05 дугаар сард манай дүүгийн найз Ганбаатар залгаад Баатараа ахаа хямдхан зурагт байна авах уу гэж хэлсэн. Би очиж авхад Дарь эхэд ломбарданд тавьсан байсан. Тэрнээс нь мөнгийг нь төлж аваад нийтдээ Ганбаатарт 300,000 төгрөг өгч тус зурагтыг худалдан авсан. Тус зурагт нь Самсунг маркийн 42 инчийн хар өнгийн зурап байсан, ямар нэг эвдрэлгүй зүгээр байсан, удирдлага нь байгаагүй. Зурагт худалдан авсанаас хойш 3-4 хоногийн дараа Ганбаатар өөрөө хулгайн зурагт байсан юм аа гээд буцаагаад өгчихөөч гээд авсан. Тэгээд надад мөнгийг нь төлж дуусгасан байгаа. Надад одоо Ганбаатараас ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх32-33/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /хх10-11/,

Яллагдагч Т.Ганбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..2016 оны 05 дугаар сарын 27-нд Бид хоёр буудлаас гэр рүүгээ явж байгаад би Туяад Эрдэнэ гээд гомо залуутай танилцсан байвал нэг шил юм авууулчихна гээд гэр рүү нь явах замд байсан Эрдэнээгийн гэрийн гадна ирсэн. Эрдэнээ байвал нэг шил архи авахуулна гээд ороход цоожтой байсан, би хаалгыг нь татахад л шууд онгойчихсон, тэгээд гэрт нь ороод хойморт нь байсан мөлхөө тавилга буюу намхан зурагтын тавиур дээр хар ямар өнгийн гэдгийг нь санахгүй байна 42 орчим инчийн зурагт байхаар нь аваад гарсан, авч гараад гудамж тойрч такси бариад доош явж Шинэ эцсийн ломбард ороод 180.000 төгрөгөөр тавьсан...” гэсэн мэдүүлэг. /хх40-47/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн баримт /хх-12/, эд зүйлийн үнэлгээ /хх-15/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх76-77/, яллагдагч Т.Ганбаатарын мэдүүлэг /40-47/, ял шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Т.Ганбаатар нь 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн 1-121 тоотод оршин суух иргэн Х.Очирхуягийн монгол гэрийн цоожийг хөшиж нэвтрэн орж 43 инчийн “Samsung” маркийн ЛСД зурагт хулгайлан авч 800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Т.Ганбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Т.Ганбаатарыг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогч Х.Очирхуяг нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Ганбаатар нь урьд ял шийтгүүлж байсан бөгөөд өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар ялтай байдлыг өршөөж түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Ганбаатар нь үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт өгсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр төлсөн, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Т.Ганбаатар эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч Т.Ганбаатарын нэр дээр ямар нэгэн үл хөдлөх болон, хөдлөх хөрөнгө байхгүй болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №00015489 дугаартай ягаан өнгийн “Мандал Баяжих” ломбардны 1 ширхэг бичгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Боржигон овогт Төмөр-Очирын Ганбаатарыг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Т.Ганбаатараас эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял хорих ял шийтгэсүгэй.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Т.Ганбаатарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №00015489 дугаартай ягаан өнгийн “Мандал Баяжих” ломбардны 1 ширхэг бичгийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Т.Ганбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Т.Ганбаатарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.  
  4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
  5. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Ганбаатарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР