Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2545

 

А.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/03262 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Г-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “А ж т” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс “А ж т” ХХК-ийн Сансар 1 салбарт үйлчлэгчийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Ажиллах хугацаанд цалин хөлсөө бүрэн гүйцэд авч байгаагүй. 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1158 тоот тушаалаар ажил олгогчийн санаачлагаар халсан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд ажлаас буруу халсныг тогтоож, ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цалин 1 400 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. А.Г- нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр манай компанид үйлчлэгчийн ажилд орсон. А.Г- нь ажиллаж байх хугацаандаа “А ж т” ХХК-ийн үйл ажиллагаандаа мөрддөг дүрэм журмыг зөрчиж ажлын цаг ашиглалт болон ажил тасалсан шалтгаанаар сахилгын шийтгэл болон зөрчлийн хуудас авч байсан. А.Г- 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 7 дугаар сарын 05-ны өдрийг дуустал бүтэн 6 өдрийн ажил тасалсан учраас гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас халсан. 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр захирлын тушаалыг танилцуулахад А.Г- нь ажил тасалсан тухайгаа ямар нэгэн тайлбар өгөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай холбогдуулан ямар нэгэн бичиг баримт өгөөгүй. А.Г-гийн 6 хоног ажил тасалсан үйлдэл нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болсон ба өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч тойрох хуудсаа авч ажил хүлээлцсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан “А ж т” ХХК-ийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Г-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2017 оны 10 дугаар сарын 18-ын өдрийн 101/ШШ2017/03262 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 336 тоот сахилгын шийтгэл нь тус компанийн захирлын бланкыг ашиглан үйлдсэн зохиомол хэлбэрдэж хийсэн арга хэмжээ юм. Үүнийг надад танилцуулж баталгаажуулаагүй. Учир нь 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр илүү ажилласан цагийн хөлсийг олгохоор 2 цаг ажиллуулсан боловч 02 дугаар сарын цалинд хөлсийг олгоогүй учраас 3 дугаар сарын 09-ний өдөр 2 цаг нөхөж амрахыг менежер н.Эрдэнэтунгалаг зөвшөөрсөн.

2. 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүний нөөцийн албанд гэрээнд заагдсан эрхийн дагуу шаардлага тавьсан. Мөн энэ талаар н.Эрдэнэтунгалаг менежерт бичгээр  хариу шийдвэр өгөхийг хүсч өргөдөл гаргасан. Энэ талаар байгууллага ямар ч арга хэмжээ аваагүй. Яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ. Үнэхээр надад анхааруулах, сануулах зэрэг арга хэмжээ аваад эсэргүүцээд байсан бол хөдөлмөрийн гэрээний 5-д зааснаар шийдвэрлэж болох байсан.

3. 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр н.Оюун-Эрдэнэ менежер тушаалыг танилцуулж гарын үсэг зуруулсан, танилцаад 6 дугаар сарын 28, 30-ны өдрүүдэд ажил тасалсан гэж үзээд байгаа юм бэ гэдгээ тайлбарласны дараа 2017 оны 9 дүгээр сарын 16-нд шүүхээс миний нэхэмжлэлийг гардаж аваад хариу тайлбартаа 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажил тасалсан гээд байгаа нь үндэслэлгүй. Учир нь ажил олгогч ажлаас халах сонирхолтой байсан учраас “А ж т” ХХК-ийн захирлын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1158 тоот тушаалаар 6 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халсан. 7 дугаар сарын 01, 02-ны өдрүүд амралтын өдөр учраас 7 дугаар сарын 03-ны өдөр кассер н.Наранбаяр ажлыг хүлээж авсан /баримтыг шүүхэд ирүүлээгүй байна, надад баримт нь байна/. Энэ бүхнээс дүгнэн үзэхэд хөдөлмөрийн дотоод журмын 8.2.4-ын 5 б, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн эгэрээний 4.4.2-т заасныг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг тал бүрээс бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй үндэслэл муутай шийдвэр гарсан гэж үзэж байна.

Ажил олгогч намайг өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдөл бичиж өгөхийг шаардсаар байгаад 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр тушаал үйлдсэн. Иймд миний ажил олгогчид амаар болон бичгээр гаргасан шаардлагаас үүдсэн хөдөлмөрийн харилцааны маргаан нь ажтд үүргээ чанартай сайн гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлж, аятай таатай нөхцөлөөр ханган ажиллуулах нь байгууллагын хүндэтгэн авч үзэх арга хэмжээ байсныг анхааран үзэж нягтлан шалгаж 2017 оны 6 дугаар сарын 29, 7 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд ажлын байранд байсан атлаа ажил үүргээ гүйцэтгээгүй тасалсан гэж үнэлсэн нь ойлгомжгүй үндэслэлгүй гэж үзэж байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч А.Г- нь хариуцагч “А ж т” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үйлчлэгчээр ажиллаж байгаад хариуцагч байгууллагын захирлын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1158 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. /хэргийн 5, 28-29 дүгээр тал/

 

Хариуцагч “А ж т” ХХК-ийн захирлын дээрх тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй байна.  

 

Нэхэмжлэгч А.Г- нь хариуцагч “А ж т” ХХК-д холбогдуулж үйлчлэгчийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, А.Г- нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж маргажээ.

 

Хариуцагч “А ж т” ХХК-ийн захирлын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1158 дугаар тушаалаар нэхэмжлэгч А.Г-г тус байгууллагын үйлчлэгчийн ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1,2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 8.2 дугаар зүйлийн 8.2.4 а, 8.2.4 б заалт дахь хөдөлмөрийн гэрээний 4.4 дүгээр зүйлийн 4.4.1, 4.4.2 дахь заалтыг үндэслэн “2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 1 цаг 48 минут ажлаас хоцорсон, 2017 оны 6 дугаар сарын 28, 29, 30-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан сахилгын зөрчил гарган, сахилгын зөрчлийг давтан гаргасан, ажлын хариуцлага алдсан” зэрэг хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заажээ.

 

Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.4.2-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  2 ба түүнээс дээш удаа ажил тасалсан..., хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 2 өдөртэй тэнцэж байвал зэрэг”-ийг хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасанд тооцохоор тохиролцжээ. /хэргийн 28-29 дүгээр тал/

 

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд заасан өдрүүдэд тэрээр ажлын байранд байсан атлаа ажил, үүргээ гүйцэтгээгүй гэж хариуцагч тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч нь хамт ажиллах хүн гаргаж өгөөгүй учир тухайн өдрүүдэд ажилдаа ирсэн боловч ажил хийгээгүй гэж тайлбарласнаас үзэхэд хариуцагч түүнийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан буюу хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгээгүйг ажил тасласанд тооцож, ажлаас халсныг буруутгах үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Тодруулбал, ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ажлын байрандаа байсан эсэх нь ач холбогдолгүй буюу ажил хийсэн, таслаагүйд тооцох үндэслэл болохгүй юм.

 

Шүүх хуралдаан болсон өдөр нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 400 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хариуцагчид шүүх мөн өдөр гардуулсанд хариуцагч нэмж хэлэх тайлбаргүй гэсэн болон 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн төлөөлөгчийн хууль зүйн туслалцаа авах хүсэлтийн дагуу мөн оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 16.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан атлаа 10 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдааныг хийж шийдвэр гаргасан байх боловч хэргийн зохигчид шүүх хуралдаанд биечлэн оролцож, хэрэгт цугларсан баримтын хүрээнд мэтгэлцсэн байх тул уг алдааг шийдвэрийг хүчингүй болгох хэмжээний ноцтой зөрчилд тооцохгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч А.Г-г хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр үйлчлэгчийн ажлаас чөлөөлсөн хариуцагч “А ж т” ХХК-ийн захирлын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1158 тоот тушаалыг үндэслэлтэй гэж анхан шатны шүүхийн дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/03262 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Г-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй  нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                                                                                            

                       

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                  ШҮҮГЧИД                             Н.БАТЗОРИГ

 

                                                                                                С.ЭНХТӨР