Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/457

 

Б    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Б.Баярчимэг,

шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Г.Даваахүү нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гоошчийн Од холбогдох эрүүгийн 1811 0070 80332 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 05-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Гоошчийн О /РД:.,

Монгол улсын иргэн, 1976 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эх, эгч, дүү нарын хамт, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 47-13 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.О нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Жагайгаас хос шаазан арслан, иж бүрэн хэт хутга, хос мөнгөн завьяаг “бусдад өндөр үнээр зарж, борлуулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож нийт 36,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 335 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Г.О нь.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь “би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж” оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Г.О нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Жагайгаас хос шаазан арслан, иж бүрэн хэт хутга, хос мөнгөн завьяаг “бусдад өндөр үнээр зарж, борлуулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож нийт 36,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь  хохирогч Н.Жагай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүрч ирээд хуучны ногоон өнгөтэй 2 ширхэг шаазан арслан 3 сая төгрөгөөр зарна гэж хэлээд өгсөн. Тэрнээс гадна хуучин цагийн зааны ясан тоногтой, мөнгөн чимэгтэй, иж бүрэн хэт хутга байсан. Тэр нь 10 сая төгрөг. Эхний ээлжинд энэ хоёрыг өгсөн. Тэгээд удалгүй над руу утсаар яриад “ би үзүүлчихлээ, тэр авахаар болчихлоо, удахгүй мөнгийг нь гаргаж өгнө” гэж хэлсэн. 1-2 хоногийн дараа над руу дахиж утсаар яриад хэт хутгыг Хятадаас дүү нь ирээд хутгыг авах эсэхээ шийднэ гэж хэлсэн... О надад “тэр ахад мөнгө нь бэлэн байгаа юм байна” гэж хэлсэн. “Дүүгийн ирэхийг нь хүлээгээд би өөрөө сахиад сууж байна, арсланг бол авахаар болсон” гэхээр нь “за тэгвэл түргэн мөнгийг минь аваад өг” гэж хэлсэн. Одоо би ерөөсөө удахгүй тэр хүнийг сахиад сууж байна. Тэр хүний гэр нь “кристал таунд” байдаг юм байна. Оффис нь болохоор толгойт руу тусгай харуул, хамгаалалттай хашаанд байна гэж хэлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр би өөрөө ажил дээр цэвэр мөнгө 2 кг 300-400 грамм мөнгөн завьяа үзүүлээд байж байхад гаднаас О “би танай ажлын ойрхон явж байна” гээд манай ажил дээр орж ирсэн. Тэр өдрөө О зургийг нь аваад явсан. Тэгсэн дараа нь О утсаар яриад “тэр ах мөнгөн завьяаг худалдаж авъя, оффис дээрээ тавья гэж хэлж байна” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “өмнө нь авсан зүйлсийнхээ мөнгийг гаргаж өгөөгүй байхад яаж дахиж өөр юм чамд өгөх юм бэ?” гэсэн чинь О “харин тийм ээ, та тэр асуудалд санаа зоволтгүй, би зарчхаж чадна” гэж хэлсэн. Би 2 ширхэг мөнгөн завьяаг хайрцаг саванд хийгээд Од өгөөд явуулсан. О бүгдийг нийлүүлээд мөнгийг нь аваад ирнэ гэж хэлээд явсан...Би Оаар гарын үсэг л зуруулсан юм байгаа. Өөр ямар нэгэн зүйл байхгүй. Нийт надад 33 сая төгрөг өгөхөөр тохирсон. Би ямар ч мөнгө аваагүй...Хохиролгүй болмоор байна...” гэх /1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дугаар тал/,

Гэрч Б.Оюунцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...надад О хоёр ширхэг мөнгөн завьяа харуулсан. Үүнийг 3,0 сая төгрөгөөр худалдаж авах уу, би машин худалдаж авах гэсэн чинь мөнгөний хэрэг болоод байна гэсэн. Мөн тухайн үед дээрх хос мөнгөн завьяагаас гадна хэт хутга авч явсан бөгөөд түүнийгээ зарна гэхээр нь мэдэхгүй зүйлээ авахгүй гээд мөнгөн завьяаг нь 3,0 сая төгрөгөөр худалдан авсан...Надад хэлэхдээ манай өвөө хуримд зориулж хийлгэсэн. 1970-аад оны үед хийлгэсэн. Би үүнийг зараад машин авах гэсэн чинь надад 3,0 сая төгрөг дутаад байна гэхээр нь худалдаж авсан...” гэх /1 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар тал/,

Гэрч Г.Баатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Элигант” дэлгүүрт ажил дээрээ байхад зүс таних О гэж эмэгтэй ирээд иж бүрэн хэт хутга зарах гэж ирэхээр нь худалдаж авахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь “ дүүд нь яаралтай мөнгөний хэрэг гараад байна, та барьцаанд аваад үлдчих, сарын 12 хувийн хүү төлнө, таны мөнгийг нэг сарын дотор буцаагаад өгнө” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд хэт хутгыг 3 сая төгрөгөөр барьцаанд аваад мөнгө өгөөд явуулсан...О надад хэлэхдээ хэт хутгыг өөрийн хутга гэж хэлж байсан...” гэх /1 дүгээр хавтаст хэргийн ЗЗ дугаар тал/,

Гэрч С.Энх-Амгалан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...О өвөөгийн хэрэглэж байсан эд зүйл гээд 2 ширхэг шаазан арслан, хэт хутга, данх шиг зүйл надад авчирч үзүүлсэн юм...Энэ эд зүйлсийг өвөөгийн найз Жагай зараад өгөөч гэж өгсөн гэсэн. Ингээд тухайн үед О бид хоёр хамт яваад Хан-Уул дүүргийн 1 дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах 120 мянгат орчим очоод Хатнаа гэж хүнтэй уулзаад шаазан арсланг нь барьцаанд тавьсан...Ингээд мөнгийг бол О өөрөө аваад явсан...Үүний дараа нь О Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Урт цагаан үйлчилгээний төв дээр 2 ширхэг данхыг аваачиж зарсан...Энэ мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй...Тухайн үед би хэт хутга О аваад явж байхыг нь харсан...Дээрх мөнгөнүүдийг О юунд хэрэглэсэн талаар бол мэдэхгүй байна...Би тухайн үед барьцаанд тавихад нь хамт явсан нь үнэн. Миний хувьд дээрх барьцаанд тавьсан эд зүйлсээс нэг ч төгрөг аваагүй...” гэх /1 дүгээр хавтаст хэргийн 123-124 дүгээр тал/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Хатанбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...О нь манай өвөөд хуучны эд болох шаазан арслан, хэт хутга, домбо зэрэг зүйлсийг надад үзүүлээд зарах хэрэгтэй байна гэж хэлж байсан...Тэр 2 мөнгөний хэрэг болоод байна. Хэт хутгаа барьцаалаад мөнгө зээлмээр байна гэсэн...Энх-Амгалан нь Оын өвөөгийн эд зүйл гэж хэлж байсан...” гэх /хавтаст хэргийн 152-153 дугаар тал/,

Шүүгдэгч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн байгаа. Одоо нэмж хэлэхэд би Жагай эгчид дээрх эд зүйлс байгаа гэдгийг мэдээгүй. Би Жагай эгч дээр өвөөгийнхөө хонх дамрыг зарах гээд аваад очсон чинь энэ чинь үнэ хүрэхгүй юм байна эгч нь 500,000 төгрөгөөр үнэлээд авна гэсэн. Тэгээд би тухайн хонхыг Энх-Амгалангийн таньдаг хүнд нь 2,0 сая төгрөгөөр зарчхаад Жагай эгч дээр ирээд үзүүлсэн юм. Тэгсэн чинь Жагай эгч энэ хонх чинь өндөр үнэ хүрч байгаа юм чинь надад байгаа юмнуудыг зараад өгөөч гээд надад иж бүрэн хэт хутга, хоёр мөнгөн завьяа, хоёр ширхэг шаазан арслан өгөөд тэр хүндээ өндөр үнээр зараад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би хүний юм зарж өгч чадахгүй наад эд зүйлс чинь үнэтэй юм байна гэсэн. Тэгсэн чинь дээрх эд зүйлсээ боогоод тавьчихлаа миний дүү ирээд авчих гэхээр нь очиж авсан. Тэгээд Баянхошуунд байдаг хүнд аваачаад үзүүлээд найдаад үлдээсэн. Тэгээд үнэ үнэн юм бол зарчих гэсэн. Үүнээс хойш 25 хоногийн дараа гадагшаа урагшаа гаргах юм өндөр үнэ хүрэхээр байна гээд урагтаа гаргах хүн хайж байгаад хэлье гэсэн боловч хүн олдоогүй. Ингээд Хатнаа гээд машины ломбард ажиллуулдаг ахын ажил дээр очоод 2 ширхэг арсланг 3,0 сая төгрөгийн барьцаанд тавьсан. Энэ мөнгөөр нь урагшаа зардал хийнэ гэсэн. Тэгээд үлдсэн хоёр эд зүйлсийг нь Оюунаа гээд урт цагааны эгчид 3,0 сая төгрөгийн барьцаанд, хэт хутгыг нь Баатар гээд ахад 3,0 сая төгрөгийн барьцаанд авсан. Ингээд Баатар ахаас хэт хутгыг нь аваад Жагай эгчид өгсөн байгаа. Үлдсэн эд зүйлсийг нь удахгүй аваад эргүүлэн өгнө үү. Жагай эгч хэлэхдээ хоёр домбоо аваад өгчих гээд шаардаад байгаа юм...” гэх /хавтаст хэргийн 51-р тал/,

шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэх, мөн гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар хөдөлбөргүй  нотлогдож байна. 

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Оыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгч Г.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хохирогчид учруулсан хохирлыг төлсөн тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд үзэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болох урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг  тал бүрээс нь харгалзаж нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжтой гэж дүгнэн шүүгдэгч Г.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,115 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,115,000 / хоёр сая нэг зуун арван таван мянга / төгрөгөөр торгох ял оногдуулж, хэрэв биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солих болохыг дурдаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно, 2 дахь хэсэгт “баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасна гэж зааснаар шүүгдэгч Г.Оын энэ хэрэгт нийт 141 хоног цагдан хоригдсоныг торгох ялын 15,000 төгрөгөөр тооцон хасаж, торгох ялыг биелүүлсэнд тооцож,

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хавтаст хэрэгт авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл “2 ширхэг мөнгөн завьяа” /2 дугаар хавтаст хэргийн 161-162 дугаар тал/,  “Хэт хутга хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 53 дугаар тал/, “Хос шаазан арслан хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 147-149 дүгээр тал/ зэрэг хэрэгт авагдсан баримтаар шилжүүлэн авсан эд хөрөнгийг биет байдлаар буцаан өгсөн байх тул шүүгдэгч Г.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Гоошчийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Од 2115 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,115,000 / хоёр сая нэг зуун арван таван мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, хэрэв биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солих болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оыг цагдан хоригдсон нийт 141 хоногийг торгох ялын 15,000 төгрөгөөр тооцон хасаж, торгох ялыг биелүүлсэнд тооцсугай.

4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                П.АРИУНБОЛД