Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 00010

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймаг Архуст сумын Ноён шанд 1 дүгээр баг, Булагтай 4 дүгээр байр ¹ 03 тоотод оршин суух, 1958 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 60 настай, эмэгтэй, Боржигин овогт Дэгээгийн Мын /РД:НД58012863/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны Замчдын гудамжны ¹ 34 тоотод оршин суух, 1959 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, Боржигон овогт Самдангийн Шт /РД:МП59012977/ холбогдох

             Зээлийн гэрээний үүрэг болох 15450000 төгрөгийг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, түүний өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, хариуцагч С.Ш, түүний өмгөөлөгч Ц.Цогзолмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунсанаа нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мандал сум Түнхэл тосгоны иргэн С.Ш нь мөнгөний хэрэгцээ байна гээд надаас 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 12500000 төгрөгийг нотариатаар баталгаажуулан 1 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл 1 сар болсон боловч мөнгөө өгдөггүй би банкны зээлтэй байсан учир маш хүнд байдалд орсон. С.Шаас мөнгөө байнга нэхэж байсан боловч өгнө гэсээр өдий хүртэл явлаа. Одоо гэрээний дагуу 12500000 төгрөгийг алданги 6250000 төгрөг бүгд 18750000 төгрөг нэхэмжлэхээс С.Ш нь 2014 оны 7,8,9,10,11 дүгээр саруудад сар бүр 500000 төгрөг, бүгд 2500000 төгрөг өгсөн, 2015 оны 03 дугаар сард 3 хонины мах өгснийг 500000 төгрөгөөр тооцсон, 2016 оны 04 дүгээр сард 200000 төгрөг, 11 дүгээр сард 100000 төгрөг тус тус өгсөн тул бүгд 3300000 төгрөгийг хасч үлдэх 15450000 төгрөгийг С.Шаас гаргуулахаар нэхэмжилж байна.

С.Ш нь тэр үед надаар банкны зээл авахуулж байгаад дээрх мөнгийг авсан ба би тухайн үед байраа барьцаалсан байсан бөгөөд зээлээ төлж чадахгүй байраа зарж зээлээ төлсөн. Энэ байдлаа Шт хэлсэн боловч хүн чанар даанч гаргаагүй. Иймд Самдангийн Шаас 15450000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Төрийн  банкны Багануур дүүргийн салбараас 13 сая төгрөгийн зээл аваад 2014 оны 06 дугаар сарын эхээр С.Шт нэг сарын хугацаатай 12500000 төгрөгийг хүүгүйгээр зээлдүүлсэн. 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хот орж уг өгсөн 12.5 сая төгрөгөө баталгаажуулж зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Үүнээс хойш 2014 оны 07, 08, 09, 10, 11 дүгээр саруудад тус бүр 500000 төгрөг өгсөн. 2015 оны 03 дугаар сард 3 хонины мах өгснийг нь 500000 төгрөгөнд тооцсон. 2016 оны 04 дүгээр сард 200000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сард 100000 төгрөг тус тус өгсөн. Үүнээс хойш ерөөсөө мөнгө өгөөгүй. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа өрчилж алдангиас татгалзаж үндсэн зээл болох 12.5 сая төгрөгнөөс С.Шын өгсөн 3.3 сая төгрөгийг хасч тооцоод 9.2 сая төгрөгийг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.Ш шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Самдан овогтой Ш би Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд Хүдэр хайрхан ХХК-ийг 1997.10.20-нд үүсгэн байгуулж гэр бүлээрээ ажиллуулж байхдаа 2011 онд нэхэмжлэгч Д.Мтай дотносч ханилан суухаар тохирч ирж очин хамтран амьдарч эхэлсэн. Миний бие Хүдэр хайрхан ХХК-ийг өөрийн хүү Ш.Урд хариуцуулан өгч өөрөө өөр ажил эрхлэх болсон.

2011 онд хүү Ш.Ур худалдан авагчид бүтээгдэхүүн /банз/ нийлүүлэх ашигтай саналыг хүлээн авч Д.М бид хоёрыг мөнгө зээлдүүлэхийг хүссэн юм. Ингээд бид хүүдээ тусалъя гэж ярилцаад нэхэмжлэгч Д.М өөрийн эзэмшлийн байраа барьцаанд тавьж ХААН банкнаас 15 сая төгрөг зээлж өгсөн ч тухайн онд Монгол улсын засгийн газрын тогтоол гарч улсын дархан цаазтай, тусгай хамгаалалтын газруудыг улсын мэдэлд шилжүүлж модны аж ахуй эрхэлж байсан Хүдэр хайрхан ХХК бүр мөсөн татан буугдаж Д.Мд зээлсэн мөнгийг нь хүү бид хоёр төлж барагдуулахаар болсон. Ингэж анх нэхэмжлэгчтэй мөнгөний харилцаа үүссэн юм. Бид тухайн үед эхнэр, нөхөр болж амьдарч байсан болохоор мөнгийг нь хэд хэд хувааж төлсөн ба 2016 он болоход нийт 22879500 төгрөгийг дансаар шилжүүлж төлсөн. Би нэхэмжлэгчтэй эхнэр, нөхөр гэж явсны хувьд ойр зуур мөнгө төгрөгийг өгөлцөж авалцаж байсан ч тухайн үед ийм байдалд хүрнэ гэж бодож яваагүй тул бичиж тэмдэглэж байсангүй. Гэхдээ өөрийн санаж байгаагаас дурьдвал:

-Д.Мыг Япон улсад явах үед замын зардалд 1000000 төгрөг

- Японоос машин оруулж ирэхэд гаалийн татварт 820000 төгрөг

- Японоос дугуй оруулж ирэхэд 500000 төгрөг

- Эмчилгээ хийлгэхэд 200000 төгрөг

- Д.Мын шүүхийн шийдвэрийн өрөнд 200000 төгрөг гэх мэт мөнгийг төлж байсан ч энэ болгоныг эхнэр, нөхөр гэр бүл гэж бодон өгч байсан юм.

2014 оноос бид зарим нэг асуудал дээр санал зөрөлддөг болсноор нэхэмжлэгчийн ааш зан хувирч намайг болон үр хүүхдийг минь элдвээр хэлж доромжлон байнга дарамталж байсны эцэст би залхахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зээлийн гэрээг арга буюу нотариат орж батлуулсан.

Хэдийгээр зээлийн гэрээг нотариатаар орж батлуулсан ч гэрээнд заасан шиг мөнгийг өгөлцөж авалцсан зүйл огт байхгүй харин дарамт шахалтаар хийгдсэн гэрээ тул хүчин төгөлдөр бус гэж би үзэж байна.

Нэхэмжлэгч нь надад 12500000 төгрөг зээлдүүлээгүй би зээлж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч С.Ш шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би тус шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн № 103 дугаар шийдвэрийг зөв зүйтэй шийдвэр гарсан гэж ойлгож байсан. Гэтэл энэ шийдвэрийг хариуцагч тал зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргаснаар хэргийг Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүх хянаад хүчингүй болгосон. Мөн хяналтын шатны шүүх үгүйсгэсэнд маш их харамсаж байна. Би Д.Маас 2012 онд 15 сая төгрөгийг нэг л удаа авсан. Гэтэл Д.М нь 2014 онд Төрийн банкнаас цалингийн зээл аваад надад 12.5 сая төгрөгийг зээлдүүлсэн гэж байгааг зөвшөөрөхгүй. Би уг мөнгийг үнэхээр аваагүй. Д.М худлаа ярьж байна. Би Д.Маас зээлж авсан 15 сая төгрөгөндөө л мөнгө төлж байсан ба 15 сая төгрөгийг 22.7 сая төгрөг болгож төлсөн. 12.5 сая төгрөгийг аваагүй байж  зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь миний буруу. Би одоо Д.Мын нэхэмжилж байгаа 9.2 сая төгрөгийг зөвшөөрхгүй төлөх үндэслэлгүй юм гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч С.Шт 12500000 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нэг сарын хугацаатайгаар хүүгүйгээр зээлдүүлж, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох тухай зээлийн гэрээ байгуулсны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үндсэн зээл 12500000 төгрөг, алданги 6250000 төгрөг, бүгд 18750000 төгрөг нэхэмжлэхээс С.Шын 2014 оны 7, 8, 9, 10, 11 дүгээр саруудад нийт өгсөн 2500000 төгрөг, 2015 оны 03 дугаар сард өгсөн 3 хонины махыг 500000 төгрөгөөр тооцон, 2016 оны 04 дүгээр сард өгсөн 200000 төгрөг, 11 дүгээр сард өгсөн 100000 төгрөг, бүгд 3300000 төгрөгийг хасч зээлийн гэрээний үлдэгдэл 15450000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэгч Д.М нь шүүх хуралдаанд 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээнд заасан алдангийг нэхэмжлэхээс татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндсэн зээл 12500000 төгрөгнөөс хариуцагч С.Шын өгсөн 3300000 төгрөгийг хасч тооцон 9200000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.  

 Харин хариуцагч С.Ш нь нэхэмжлэгч Д.Мын эзэмшлийн байрыг барьцаанд тавиулж ХААН банкны Төв аймгийн Ар хуст салбараас 2012 онд Д.Маар 15 сая төгрөгийн Өрхийн зээл авахуулаад өөрийн төрсөн хүү Ш.Урд өгсөн нь үнэн бөгөөд уг 15 сая төгрөгийн зээлийг 2016 он болоход нийт 22879500 төгрөгийг дансаар шилжүүлж төлсөн, 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Д.Маас 12500000 төгрөгийг зээлж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг Д.Мын дарамт шахалт, айлган сүрдүүлснээс болж хийсэн тул хүчин төгөлдөр бус гэж үзэж байна гэж маргажээ.

ХААН банкны Архуст тооцооны төв нэхэмжлэгч Д.М нарын хооронд 2012 оны 07 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан БГ-930 дугаартай өрхийн зээлийн гэрээний хугацаанаас нь өмнө буюу 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хааж дуусгасан болох нь хавтаст хэргийн 62-68 дугаар талд авагдсан ХААн банкны Архуст тооцооны төвийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн № 5726/14 дугаартай албан бичиг болон зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

Мөн хавтаст хэргийн 80 дугаар талд авагдсан хариуцагч С.Шын гаргаж өгсөн нотлох баримт болох ХААН банкны мөнгөн шилжүүлэг буюу 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 2177318 төгрөгийг төлж өрхийн зээл хаав гэсэн баримтаас үзэхэд ХААН банкны Архуст тооцооны төвөөс 2012 онд авсан 15 сая төгрөгийн өрхийн зээл дуусгавар болсныг хариуцагч С.Ш мэдэж байсныг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.М нь 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Төрийн банкны Багануур салбараас 13 сая төгрөгийн цалингийн зээл авсан болох нь хавтаст хэргийн 99 дүгээр талд авагдсан барьцаат зээлийн гэрээгээр /цалингийн зээл/ нотлогдон тогтоогдож байх ба уг зээл авсан мөнгөнөөс 12500000 төгрөгийг С.Шт 2014 оны 06 дугаар сарын эхээр зээлдүүлж 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 12500000 төгрөгийн зээлийн гэрээг албан ёсоор байгуулж гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн нь хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байх ба уг зээлийн гэрээг байгуулснаас хойш хариуцагч С.Ш нь нэхэмжлэгч Д.Мд мөнгө шилжүүлж байсан нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч С.Ш нь нэхэмжлэгч Д.Маас 12500000 төгрөгийг аваагүй гэдгээ нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

Хариуцагч С.Ш нь Д.Мын ямар дарамт шахалт, айлган сүрдүүлэлтийн улмаас хүчинд автагдаж уг зээлийн гэрээг байгуулсан талаар хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримт байхгүй, мөн энэ талаараа өөрөө шүүхэд хандаж нотлох баримт бүрдүүлэх, гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргаж байгаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.М нь зээлийн гэрээнд заасан алдангийг нэхэмжлэхээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч С.Шын 2014 оны 07 дугаар сараас хойш өгсөн 3300000 төгрөгийг хасч тооцон 9200000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэргийн 14 дүгээр талд авагдсан хариуцагч С.Шын шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд Д.Мын өмнөөс шилжүүлэн төлсөн 200000 төгрөг, хавтаст хэргийн 15 дугаар талд авагдсан нэхэмжлэгч Д.Мд 2014 оны 09 дүгээр сарын 16-нд шилжүүлэн төлсөн 200000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлэн төлсөн 500000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шилжүүлэн төлсөн 376000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлэн төлсөн 468000 төгрөг, хавтаст хэргийн 17 дугаар талд авагдсан 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Д.Мын охин Баттогтоход шилжүүлэн төлсөн 100000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлэн төлсөн 200000 төгрөгийг С.Шын өгсөн гэх 3300000 төгрөгнөөс гадна буюу нэхэмжилсэн 9200000 төгрөгнөөс хасч тооцохыг зөвшөөрч маргахгүй байх тул нэхэмжлэгч Д.Мын хариуцагч С.Шаас нэхэмжилсэн зээлийн гэрээний үлдэгдэл 9200000 төгрөгнөөс уг 2044000 төгрөгийг хасч тооцон 7156000 төгрөгийг хариуцагч С.Шаглдараас гаргуулж нэхэмжлэгч Д.Мд олгож, нэхэмжлэлээс 2044000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Д.Мын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 235000 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 100130400941 тоот дансанд буюу орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэсэг буюу 7156000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 129446 төгрөгийг хариуцагч С.Шаас гаргуулж нэхэмжлэгч Д.Мд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                  Тогтоох нь:

 

1.Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч С.Шаас 7156000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мд олгож, нэхэмжлэлээс 2044000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Маас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 235000 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын Төрийн сангийн 100130400941 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.Шаас 129446 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                              

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Б.ХЭРЛЭН.