| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/01481/И |
| Дугаар | 155/ШШ2018/00279 |
| Огноо | 2018-02-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2018/00279
| 2018 оны 02 сарын 09 өдөр | Дугаар 155/ШШ2018/00279 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Нийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Цд холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 155/2017/01481/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Д.Н, хариуцагч С.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Н нь С.Цтэй 1998 онд танилцаад 1999 онд охин А төрсөн. 2004 онд хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний хамтын амьдралын явцад охин Ц нь 2006 онд төрсөн. Хамт амьдарсан эхний жилүүдээс С.Ц нь архины хамааралтай болж амьдралдаа болон хоёр хүүхэддээ тус дэм болж байгаагүй ба зан ааш нь хувирч миний биед хүнд болон хөнгөн гэмтэл учруулж байсан нь хүүхдийн эрх ашиг, хүмүүжилд муугаар нөлөөлж, амьдрах ямар ч боломжгүй болсон. 2009 оноос эхлэн тусдаа амьдарч өөрийн аав, ээж хоёрын дэмжлэгээр хүүхдүүдээ өсгөн бойжуулж, сурган хүмүүжүүлсэн. 2013 онд С.Бтай танилцаж, хамтран амьдарч 2014 онд охин Цэ, 2016 онд охин М нар гарч өөр амьдрал зохиосон тул 2004 оны дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би охин А, охин Ц нарыгаа өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Охин Цдаа эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч С.Ц нь хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй гэсэн тул тэтгэлэг нэхэмжлэхгүй. Бидний хооронд эд хөрөнгийн ямарч маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч С.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 1998 онд танилцаж 1999 оны 08 дугаар сарын 17-ны өдөр охин А, 2006 оны 06 сарын 28-ны өдөр бага охин Ц нар төрсөн. Бид 2006 онд гэрлэлтээ батлуулсан. 2011 оноос хойш бид тусдаа амьдарч байна. Учир нь би 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан зүйл ангиар ял шийтгэгдэн ял эдэлсэн ба 2017 оны 09 дүгээр сард суллагдсан. Би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа. Би бага охиноо 6 настайгаас нь хойш хараагүй. Өнөөдрийн байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн гэх гэр орон байхгүй, амьдралын боломжгүй учир хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч С.Цд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан ба нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гэрлэгчид нь 2004 онд гэр бүл болж, 2004 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрлэгчдийн дундаас 1999 оны 08 дугаар сарын 17-ны өдөр охин Ц.А, 2006 оны 06 дугаар сарын 28-ны өдөр охин Ц.Ц төрсөн болох нь №0450630/311 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №115/001434 дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2011 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, зохигч нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон талаарх тэмдэглэл хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч тайлбар гаргаж байгаа зэрэг байдлыг харгалзан гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2006 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Ц.Цг хүүхдийн нас, хүүхдэд тавих халамж, хүүхдийн санал зэргийг харгалзан эх Д.Нгийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Ц.Цг эх Д.Нгийн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Д.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118.462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Цээс гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Д.Н, С.Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Ц.Цг эх Д.Нгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эхийн үүргээ биелүүлэхийг Д.Нд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг С.Цд тус тус даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118.462 /нэг зуун арван найман мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Цээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Нд олгосугай
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН