| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2017/00413/И |
| Дугаар | 02 |
| Огноо | 2017-12-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан уулын 2 дугаар гудамж, 11 тоотод оршин суух Боржигон овогт Чулуунбаатарын Энхтуяа /УР76071364/
Хариуцагч: Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 16 дугаар гудамжны 621 тоотод оршин суух Сансар овогт Сундуйн Алтанхуяг /РД:УД75121015/
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Энхтуяа, хариуцагч С.Алтанхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Энхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “2008 онд С.Алтанхуягтай танилцаж 2010 онд гэр бүл болж 2012 онд гэрлэлтээ батлуулсан. 2010 онд охин Эгшиглэн, 2012 онд охин Энхжин төрсөн. Бага охиныг төрснөөс хойш байнга архи ууж хэрүүл маргаан хийж хэл үгээр доромжлох болсон. 2 ч удаа хэвтэрт ортол зодсон. Миний 2 хүүхдийг дээрэлхэж том хүүг зодсоныг хүү маань өөрөө цагдаад мэдэгдэж хүчирхийлэлийн эрсдлийн үнэлгээ хийлгэсэн байсан. Алтанхуяг хамт амьдрах хугацаанд авсан цалин орлогоо авчирч өгдөггүй. Бид хэдийг байнга мөнгөний гачигдалтай амьдруулсан. Авто ослын гэмт хэрэгт холбогдож ял авахад нь 6.000.000 төгрөгний цалингийн зээл авч өрийг нь дарж өгсөн. 2014 оноос хойш ял эдлээд тусдаа амьдарсан. Шоронгоос гарч ирээд 1 сар гаран бидэнтэй хамт амьдраад яваад өгсөн. Одоо машин тэрэгтэй уурхайд явж байгаа хэрнээ 2 хүүхэддээ номны ч мөнгө өгдөггүй. Цаашид ийм хүнтэй амьдарч чадахгүй. Гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжид авч тэтгэлэг гаргуулна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэв.
Хариуцагч С.Алтанхуяг шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Ч.Энхтуяагийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Намайг гэр бүлээ хүчирхийлж байнга архи ууж зодож нүддэг гэдэг нь худлаа. Нэг удаа л том хүүг хоол хийлцсэнгүй гэж гар хүрсэн. Өөр гар хүрч зодсон асуудал байхгүй. Энхтуяагаас болж би автын осол хийж шоронд орж ял эдэлсэн. Намайг мөнгө төгрөг өгдөггүй гэж худлаа гүжирдэж байна. Би шоронд байхдаа ах, дүү, найз нөхдөөсөө авсан мөнгөө эхнэртээ өгдөг байсан. Саяхан дүүтэйгээ нийлж машин авч нүүрс зөөж байгаа. Олсон орлогоо эхнэртээ өгдөг боловч түүнийг бага байна гэж голдог. Байнга л намайг мөнгө олж ирсэнгүй, мөнгө өгөхгүй байна гээд зүхээд байгаа. Хүүхдүүдээ өнчрүүлэхийг хүсэхгүй байна. Иймээс гэрлэлт цуцлахыг зөвшөөрөхгүй, эвлэрч амьдрах хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Энхтуяа, хариуцагч С.Алтанхуягаас “гэр бүлээ хүчирхийлдэг, мөнгө олж тэжээн тэтгэдэггүй” үндэслэлээр гэрлэлтийг цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч С.Алтанхуяг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, эвлэрч амьдарна гэж маргасан.
Шүүх энэхүү маргааныг Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Зохигч 2010 онд ханилсан сууснаа 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлж 145 дугаартай гэрчилгээ авчээ./хх-13/ Тэдний дундаас 2010 оны 10 сарын 30-ны өдөр охин А.Эгшиглэн, 2012 оны 3 дугаар сарын 08-ны өдөр охин А.Энхжин нарыг төржээ./хх-14,15/
Хамтран амьдрах хугацаанд нөхөр С.Алтанхуяг Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан “...гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх” үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс гэрлэгчдийн дунд таарамжгүй байдал үүсч тодорхой хугацаанд тусдаа амьдарсан байна. Үүнийг хариуцагч С.Алтанхуяг үгүйсгэж маргаж байгаа хэдий ч гэрчүүдийн мэдүүлгээр “тодорхой эрхэлсэн ажилгүй, цалин орлогогүй, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж байгаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч С.Алтанхуяг гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, эхнэр хүүхэдтэйгээ эвлэрч амьдрах хүсэл сонирхол байгаа хэдий ч тэрээр дагавар хүү Э.Бат-Амгаланг 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүчирхийлж байсан үйл баримтад маргаагүй.
Шүүх хуралдаанд оролцсон гэрч Д.Мөнхбаяр “тухайн үед 5 дугаар хорооны нийгмийн ажилтнаар ажиллаж байсан. 19 настай хүү Э.Бат-Амгалан хойд эцэгтээ багалзуурдуулсан байдалтай хоолой нь улайсан, хүүхэд их айсан байдалтай, уйлчихсан ирснийг гэрт нь очиж үзлэг хийж эрсдлийн түвшинг “дундаас дээш” гэж үнэлсэн. Яагаад гэвэл хүчирхийлэлд өртөж буй хүү өсөж яваа хүүхэд учраас С.Алтанхуягийн үйлдлийг тэвчихгүй 2 эр хүний дунд үүссэн маргаан болж даамжирах эрсдэлтэй байдал ажиглагдсан. Тийм ч учраас С.Алтанхуягийг тусдаа амьдрахыг даалгасан.” гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгч Ч.Энхтуяагийн “...Миний том хүү Э.Бат-Амгалан одоо 20 настай, ТМС-д сурдаг, Алтанхуягтай таарамжгүй, Алтанхуягийг гэрт ирсэн үед гараад явчихдаг.” гэсэн мэдүүлгүүд, Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ/хх-10-12/ зэрэг баримтуудаар гэрлэгчид болон гэр бүлийн бусад гишүүдийн хоорондын таарамжгүй харилцаанаас гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдүүдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй нь тогтоогдсон.
Шүүх хуралдаанд оролцсон гэрч н.Батбаяр нь “хариуцагч С.Алтанхуягийг тусдаа амьдрахыг даалгасанаас хойш буюу 2016 оны 11 дүгээр сараас хойш 5 дугаар хорооны хэсгийн байцаагч хийж байгаа бөгөөд түүнийг ажиллах хугацаанд зөрчил гаргаагүй, анхаарал татсан иргэдийн тоонд ороогүй” гэж мэдүүлж байгаа хэдий ч шүүх гэрч Батбаярын мэдүүлэг, хариуцагчийн тайлбарыг үндэслэн гэрлэлтийг цуцлахгүйгээр эвлэрүүлэх арга хэмжээ авах нь учир дутагдалтай гэж үзсэн.
Иймд шүүх Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан ажиллагааг явуулахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзсэн.
Гэрлэлт цуцалж байгаатай холбогдуулан насанд хүрээгүй охин А.Эгшиглэн, А.Энхжин нар эцэг эхийгээ тусдаа амьдрах хугацаанд эх Ч.Энхтуяагийн асрамжид байсан, охин А.Энхжин, бага насны охин А.Эгшиглэн нар эхийнхээ асрамжид байх саналтай зэрэг байдлыг үндэслэн хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “эцэг, эх, хүүхдээ ...тэжээн тэтгэх... үүрэгтэй”.
Гэрлэлт цуцлагдсан ч энэ үүрэг хэвээр үлддэг учраас эцэг С.Алтанхуягаас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй.
Хариуцагч С.Алтанхуяг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийгөө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч биш, 1 удаагийн тохиолдолыг гэрлэлт цуцлах үндэслэл болгож буйг няцааж цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй тухай лавлагаа авахуулахыг хүссэн. Уг хүсэлтийг шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэн хангаж шийдвэрлэсэн. Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэсээс хариуцагч С.Алтанхуягийг “2010 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэртээ агсам тавьсан үндэслэлээр торгуулийн арга хэмжээ авагдаж байсан, 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр, 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үндэслэлээр захиргааны арга хэмжээ авагдаж байсан” тухай лавлагаа ирүүлсэн./хх-39-42/
Эдгээр баримтуудыг шүүх үнэлэхдээ “хариуцагчийн нэхэмжлэгчтэй хамтран амьдарч байх үед болсон асуудал учраас С.Алтанхуяг, Ч.Энхтуяатай ханилан сууж байхдаа гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж тэдний эрхийг зөрчдөг байсан байна” гэж дүгнэсэн.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгож хуульд заасан журмын дагуу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118, 132 дугаар зүйлийн 132.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т заасныг баримтлан Сансар овогт Сундуйн Алтанхуяг, Боржигон овогт Чулуунбаатарын Энхтуяа нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6., 14.7-д заасныг баримтлан 2010 оны 10 сарын 30-ны өдөр төрсөн охин А.Эгшиглэн, 2012 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин А.Энхжин нарыг эх Ч.Энхтуяагийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2010 оны 10 сарын 30-ны өдөр төрсөн охин А.Эгшиглэн, 2012 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин А.Энхжин нарт 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Алтанхуягаас сар бүр тэтгэлэг гаргуулж тус тус тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч Ч.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202.870 /хоёр зуун хоёр мянга найман зуун дал/ төгрөгийг улсын орлогод оруулж, хариуцагч С.Алтанхуягаас 202.870 /хоёр зуун хоёр мянга найман зуун дал/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Энхтуяад олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ