Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/128

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Н.Сүхбаатар нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Сүхбаатарт холбогдох эрүүгийн 2215000000125 дугаартай, 163/2022/0125/Э индекстэй хэргийг хэргийг 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Харсүрэгтэн овогт Нямсүрэнгийн Сүхбаатар, Булган аймгийн Баян-Агт суманд 1957 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, Булган аймаг, *** сум, *** багийн **** тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, *** жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, 65 настай, эрэгтэй,  урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: ГЭ57021814.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Сүхбаатар нь 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Төлүүгийн Даваа гэх газарт ** ** улсын дугаартай **** загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Батболдын биед хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000125 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Булган аймгийн мэргэжлийн хяналтын газрын жолооч Н.Сүхбаатар нь 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 32-62 БУА улсын дугаартай УАЗ-220695 загварын тээврийн хэрэгслийг жолоодон мал эмнэлгийн улсын байцаагч Б.Алтанбулаг, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч У.Пунсалдулам, Б.Батболд, нийгмийн хамгааллын улсын байцаагч Б.Баттөгс нарын хамт Булган аймгийн Булган сумаас Баян-Агт сумын чиглэлд албан ажлаар явахдаа хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас Төлүүгийн даваа гэх газарт тээврийн хэрэгсэл тэнцвэрээ алдан замаас гарч онхолдсоны улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Б.Батболдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Сүхбаатарын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Батболдын өгсөн: 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цагийн орчимд ажлынхаа 32-62 БУА улсын дугаартай фургон загварын тээврийн хэрэгсэлд ажлынхаа Пунсалдулам, Алтанбулаг, Баттөгс, жолооч Сүхбаатар нарын хамтаар хяналт, шалгалт, сургалтын ажлаар Баян-Агт сумын төв рүү хөдөлсөн. Машины жолоог Сүхбаатар жолоодож би урд талын зорчигчийн суудал дээр суусан. Харин Пунсалдулам, Баттөгс, Алтанбулаг нар арын хэсэгт байрлах голын суудал дээр урагшаа хараад сууцгааж явсан. Асфалтан замаар явсаар байгаад Төлүүгийн давааны наад талд байрлах хэсэгт бага зэргийн өгсүүр замаар явж байтал хэсэгхэн цас, мөстэй хэсэг таарсан. Тухайн хэсгээр машин маань хэвийн хурдаар явж байтал гэнэт гулгаж зорчих хэсгийн хойд талруу гулгасаар байгаад замын хөвөө хэсэгт очоод машин маань нэг хөрвөөгөөд зогссон. Улмаар машинаас гарч нөхцөл байдлыг харахад асфалтан зам цас, мөстэй байсан. Мөн ойр хавьд тээврийн хэрэгсэл байгаагүй. ...Би нэг байгууллагад ажилладаг учир жолоочид гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

3. Иргэний нэхэмжлэгч Т.Норпилын өгсөн: Уг тээврийн хэрэгслийг 2020 оны хавар аймгийн засаг даргаас хүлээн авч өөрсдийн бүртгэлд оруулан албан хэрэгцээнд ашиглаж байсан. Урьд өмнө хэвийн ажиллаж байсан. Албан үүргээ гүйцэтгэж байгаад уг ослыг гаргасан учир манай байгууллагын зүгээс гомдолгүй. Харин жолооч Сүхбаатар өөрөө эвдэрсэн тээврийн хэрэгслийг засаж янзлаад хэвийн ажиллагаанд оруулчих юм бол нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

4. Гэрч У.Пунсалдуламын өгсөн: 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 10 цагийн орчимд манай ажлынхан албан ажлаар Булган аймгийн Баян-Агт сумруу байгууллагын УАЗ фургон загварын тээврийн хэрэгслээр хөдөлсөн. Тухайн үед өнгөрсөн шөнө нь цас орсон байсан. ...Ингээд Төлүүгийн давааны наад талд асфалтан зам дээр явж байхад машин гэнэт гулгаж эхэлсэн. Тэгээд замын арагшаа гараад зогсох нь уу гэж бодтол машин хөрвөөж унасан. Бид нар машинаас бууж харахад асфалтан зам мөстчихсөн халтирч байсан. Тэгээд түргэн тусламж болон цагдаа дуудсан ба хүлээж байх хооронд Булган-АЗЗА төрийн өмчит хувьцаат компаний ажилчид ирээд осол гарсан хэсэгт давс цацаж мөсийг хайлуулж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

5. Гэрч Б.Алтанбулагийн өгсөн: 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 10 цагийн орчимд манай ажлынхан албан ажлаар Булган аймгийн Баян-Агт сумруу байгууллагын УАЗ фургон загварын тээврийн хэрэгслээр хөдөлсөн. ...Ингээд Төлүүгийн давааны наад талд асфалтан зам дээр явж байхад машин гэнэт гулгаж эхэлсэн. Тэгээд замын арагшаа гараад зогсох нь уу гэж бодтол машин хөрвөөж унасан. Бид нар машинаас бууж харахад асфалтан зам мөстчихсөн халтирч байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

6. Гэрч Б.Эрхэмзаяагийн өгсөн: Тухайн өдрийн урд өдөр шөнөжин цас орсон. Тэгээд замын нөхцөл байдлыг үзэх гээд давс болон бодис зэргээ аваад Булган аймгаас 8 цаг өнгөрч байхад гарсан. Улмаар замдаа халтиргаатай хэсэгт давс цацаж явсаар Төлүүгийн давааны наад талд ирэхэд цагаан өнгийн фургон загварын тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдсон байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,

7. Гэрч Б.Баттөгсийн өгсөн:  2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 10 цагийн орчимд манай ажлынхан албан ажлаар Булган аймгийн Баян-Агт сумруу байгууллагын УАЗ фургон загварын тээврийн хэрэгслээр явсан. Бид нар Төлүүгийн давааны ертөнцийн зүгээр зүүн талд асфалтан замаар явж байхад зам бага зэргийн өгсүүр байсан ба энэ үед машин тэнцвэрээ алдаж зам дээр гулгасаар байгаад замын хойд талын жалга руу орчихсон. Уг ослоос болж миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Тухайн осол нь замын хальтиргаа, мөсжилтөөс болсон гэж үзэж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/,

8. Далайван аудит хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 02/02-31 дугаартай: УАЗ-Фургон загварын тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэлгээ 4,250,000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 65-70 дахь тал/,

9. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 43 дугаартай: Б.Батболдын биед зүүн эгэм ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

10. Мөрдөгчийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн: Жолооч Нямсүрэн овогтой Сүхбаатар нь цагдаагийн хайлт мэдээллийн санд “BCCED” ангилалын хүчинтэй төлөвтэй байна. Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Н.Сүхбаатар нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлд зааснаар жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна. Дээрх зам тээврийн ослын шалтгаан нь жолооч Нямсүрэн овогтой Сүхбаатар нь аюул саад тулгарахыг мэдсэн үедээ зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас осол гарсан байна гэх магадлагаа /хавтаст хэргийн 73 дахьтал/,

11. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Н.Сүхбаатарын гэм буруугаа хүлээж өгсөн: Би Булган аймгийн мэргэжпийн хяналтын газарт жолооч ажилтай юм. 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цагийн орчимд манай байгууллагын ажилтнууд албан ажлаар Булган аймгийн төвөөс Баян-Агт сумын төв рүү УАЗ фургон загварын тээврийн хэрэгслээр хөдөлсөн. Надтай хамт манай байгууллагын ажилтан Батболд, Баттөгс, Пунсалдулам, Алтанбулаг нар явж байсан. Тэгээд Төлүүгийн давааны наад талд бага зэргийн өгсүүр газарт явж байх үед асфальтан замын мөстсөн хэсэг таарсан. Улмаар чигээрээ явж байхад гэнэт зам дээр гулгаа үүсч замын хойд талын жалга руу орж онхолдсон. Тухайн үед машин маань бүтэн хөрвөөсөн байсан. Тэгээд цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Б.Батболд, иргэний нэхэмжлэгч Т.Норпил нарын хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, гэрч У.Пунсалдулам, Б.Алтанбулаг, Б.Эрхэмзаяа, Б.Баттөгс нарын гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилж өгсөн мэдүүлгүүд, Н.Сүхбаатар нь зам мөстсөнөөс халтиргаа үүсч аюул саад тулгарахыг мэдсэн үедээ зогсоох арга хэмжээ аваагүй буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэх мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн магадлагаа, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 43 дугаартай Б.Батболдын биед зүүн эгэм ясны далд хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар жолооч Н.Сүхбаатар нь 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 32-62 БУА улсын дугаартай УАЗ-220695 загварын тээврийн хэрэгслийг жолоодон мал эмнэлгийн улсын байцаагч Б.Алтанбулаг, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч У.Пунсалдулам, Б.Батболд, нийгмийн хамгааллын улсын байцаагч Б.Баттөгс нарын хамт Булган аймгийн Булган сумаас Баян-Агт сумын чиглэлд албан ажлаар явахдаа замын мөстсөн хэсэгт тээврийн хэрэгсэл гулгаж хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үедээ зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас замын хажуу тал руу унаж зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шүүгдэгч Н.Сүхбаатарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Батболдын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл бөгөөд тээврийн хэрэгсэл гулгаж тэнцвэрээ алдан унах үед хатуу мохоо зүйлд цохигдох байдлаар гэмтэл авсан нь эргэлзээгүй нотлогдсон, энэ хохирол, хор уршиг нь шүүгдэгч Н.Сүхбаатарын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасан үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Н.Сүхбаатар жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Н.Сүхбаатар нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Сүхбаатарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.Сүхбаатарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Батболдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 43 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

Мөн зам тээврийн ослын улмаас Булган аймгийн мэргэжлийн хяналтын газрын эзэмшлийн 32-62 БУА улсын дугаартай УАЗ-220695 загварын тээврийн хэрэгсэлд 4,250,000 төгрөгийн эвдрэл гэмтэл учирсан нь Далайван аудит хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 02/02-31 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд хохирогч Б.Батболд, иргэний нэхэмжлэгч Т.Норпил нар нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Н.Сүхбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Сүхбаатарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний  хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 85-91 дэх талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Н.Сүхбаатар нь ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймаг, Булган сум, 1 дүгээр багийн 2-2 тоотод оршин суух бүртгэлтэй, Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газарт жолооч ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н.Сүхбаатар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, түүний хүсэлтийг прокурор хангаж, 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 4/47 дугаартай тогтоолоор яллагдагчид холбогдсон хэргийн зүйлчлэл болон оногдуулсан ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Н.Сүхбаатарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Н.Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Сүхбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Н.Сүхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харсүрэгтэн овогт Нямсүрэнгийн Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сүхбаатарыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Сүхбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Н.Сүхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНХАНД