Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 15

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 3/9 тоотод байрлах, “ЖИМОБАЙЛ” ХХК /РД:5055873/

Хариуцагч: Багахангай дүүрэг *******, Өндөртолгой *******од оршин суух, ******* овгийн *******ийн ******* /РД:НГ*******/-д  холбогдох

гэрээний үүргийн биелэлт  330.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б*******, хариуцагч Б.*******, гэрч Ч.Давааням, нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ЖИМОБАЙЛ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Б.******* 240.000 төгрөгний үнэтэй  NP10 маркийн интернет төхөөрөмжийг урьдчилгаа 20.000 төгрөг төлөөд 12 сарын хугацаанд сар бүр 20.000 төгрөг төлөх нөхцөлтэй зээлээр худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулж авсан.

Гэрээ байгуулсанаас хойш 220.000 төгрөгийг төлөхгүй 876 хоног хугацаа хэтрүүлсэн тул гэрээний 7.2.1, 5.3-т зааснаар алданги төлөх ёстой. Иймд үндсэн төлбөр 220.000 төгрөг, алданги 110.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.******* гэрээний үүргээ биелүүлээгүй учраас төхөөрөмжний үнэ, гэрээнд заасан алданги нийт 330.000 төгрөгийг нэхэмжилнэ. Манай компани интернет сүлжээгээр хангах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлсэн. Хариуцагчийн сүлжээ барихгүй байгаагаас төлбөр төлөхгүй гэсэн тайлбар үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.

Хариуцагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд хариу тайлбарлахдаа: 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус дүүрэгт “ЖИМОБАЙЛ” ХХК-ний ажилчид ирж интернет төхөөрөмжөө сурталчилж урьдчилгаа 20.000 төгрөг авч, сар бүр 20.000 төгрөг төлөх нөхцөлтэй, 240.000 төгрөгний төхөөрөмжийг 120GB дата эрхийн хамт дүүргийн иргэдэд тараасан. Тэгэхэд нь би итгээд уг төхөөрөмжийг худалдан авсан. Тухайн үедээ компаний ажилчид асааж үзүүлээд интернет ороод бичлэг, Fasebook, Youtube ажиллаад байсан. Орой нь гэртээ аваачаад залгасан ганц нэг сүлжээ орж ирээд нэг юм уншаад таг болсон. Компани луу хэд хэд утасдаж хэлсэн. Хэд хэдэн хүн компани дээр нь очиж төхөөрөмжөө буцаая гэхэд буцаахгүй. Нэмэлт төхөөрөмж тавина. Сүлжээ сайжирна гэж хэлсэн гэсэн. Энэ төхөөрөмж өөрөө интернет сүлжээ орж ирж байж ажилладаг. Сүлжээгээ компани сайн цацахгүй байгаагаас доголдол гарч байгаа. Сүлжээгээ оруулаад бидний хэрэгцээг хангавал төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Өөрсдөө үүргээ гүйцэтгээгүй байж биднийг хугацаа хэтрүүлсэн гээд 330.000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Сүлжээгээр хангах үүргээ эхлээд биелүүл үүний дараа би үүргээ биелүүлнэ гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ЖИМОБАЙЛ” ХХК хариуцагч Б.*******аас 330.000 төгрөг гаргуулахыг шаардсаныг хариуцагч зөвшөөрөхгүй маргасан.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг  2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээний үүрэг гэж нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхойлж 1169635 дугаартай “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г шүүхэд баримтаар ирүүлсэн.

Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж буй  үндэслэлээ “тогтмол оршин суух хаягтаа интернет хэрэглэх зорилгоор уг төхөөрөмжийг нэхэмжлэгч байгууллагын санал болгосноор худалдан авсан. “ЖИМОБАЙЛ” ХХК өндөр хурдын интернет сүлжээгээр хангах үүргээ эхлэж биелүүлэх ёстой” гэж тайлбарласан.

Шүүх зохигчдын хооронд болсон үйл явдлыг хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбартай харьцуулан шинжлэн судласаны эцэст нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгч  “ЖИМОБАЙЛ” ХХК нь үүрэн харилцааны оператор компани бөгөөд Багахангай дүүргийн иргэдийг  утасгүй холбооны 3.99G  сүлжээгээр дамжуулан дэлхийн улс орнуудыг холбосон асар их мэдээллийн сан бүхий өндөр хурдны интернеттэй холбогдох боломжийг олгох зорилгоор 2014 оны 11 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Багахангай дүүрэгт NP10 маркийн интернет төхөөрөмжийг сурталчилж худалдан борлуулах ажлыг зохион байгуулж хариуцагч Б.*******тай худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулж үнэ, төлбөр төлөх хугацаа, хэлбэр, урамшууллын талаар тохирч төхөөрөмжийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн  үйл баримтад зохигч маргаагүй.

Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэхийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 13 дугаар зүйлийн 13.1-ээр зохицуулсан.

Гэрээний нэг тал болох “ЖИМОБАЙЛ” ХХК хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил үйлчилгээ нь чанар, зориулалтын зохих шаардлагыг хангасан, хэрэглэгч буюу худалдан авагчид үнэн зөв мэдээлэл өгсөн, үзүүлж буй ажил үйлчилгээ нь эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцлөөр хангасан, нийлүүлж буй бараа бүтээгдэхүүн үйлчилгээ нь баталгаат хугацаатай байх ёстой.

Нэхэмжлэгч “ЖИМОБАЙЛ” ХХК хариуцагч Б.*******ад интернет ашиглах зориулалттай төхөөрөмжийг түүний өмчлөлд шилжүүлж уг төхөөрөмжийг ашиглан ажил үйлчилгээ гүйцэтгэхдээ интернетээр хангана гэсэн болзолыг тавьж төхөөрөмжөө хүлээлгэн өгсөн атлаа уг үйлчилгээгээ үзүүлж чадаагүйгээс төхөөрөмжний үнийг төлөхөөс татгалзаж, 876 хоног өнгөрсөн байхад Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2-т заасан үүргээ биелүүлээгүйгээс уг маргаан үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 42 дугаар тогтоолоор баталсан журмаар утасгүй холбоогоор дамжуулан интернет үйлчилгээ үзүүлэх эрх бүхий үйлчлэгч компани нь интернетийн тухайн хурдыг хувааж өгөх тохиолдолд 1:4 дүрмийг баримтлана. Энэ шаардлагыг хангахуйц нийт урсгалыг бөөний үйлчилгээ эрхлэгчээс авдаг. Энэхүү заалтыг хэрэгжүүлэхдээ интернетийн үйлчилгээ эрхлэгч нь хуваагдсан интернетийн үйлчилгээний хурдыг хамгийн багадаа 1:4-өөс доошгүй байх чанарыг хадгалах үүргийг тусгай зөвшөөрлийн гэрээгээр хүлээдэг байна. Өөрөөр хэлбэл айл өрхөд гэрээнд заасан 1Mbps хурдыг оргил ачааллын үед 256кбит/с-ээс доошгүй байлгах нөхцлийг систем дээрээ бүрдүүлж ажилладаг юм байна.

Энэ шаардлагыг хангасан үйлчилгээ аваагүй үндэслэлээр хариуцагч Б.******* төхөөрөмжийн үнийг төлөхөөс татгалзсан нь  хуулийн үндэслэлтэй гэж үзсэн.

Нэхэмжлэгч “ЖИМОБАЙЛ” ХХК утасгүй сүлжээ ашиглан хэрэглэгчдэд интернет үйлчилгээ үзүүлэх ажлыг гүйцэтгэх зорилгоор хариуцагчаас захиалга авч уг ажлыг гүйцэтгэхэд шаардагдах дагалдах хэрэгсэл болох төхөөрөмж буюу модемыг түүнд үнэ тохирч худалдсан нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.4-т зааснаар худалдагч буюу гүйцэтгэгчийн үүргийг давхар хүлээсэн Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5-д зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх, худалдах худалдан авах холимог гэрээ байгуулагдсан гэж үзсэн.

Уг гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулахад “ЖИМОБАЙЛ” ХХК өөрийн үндсэн ажил үйлчилгээг иргэнд хүргэх, иргэн уг ажил үйлчилгээг авах зорилгоор интернет төхөөрөмжийг худалдан авсан.

Худалдсан авсан бараа бүтээгдэхүүний хувьд ямар нэг доголдол байхгүй, харин уг бараа нь худалдан авагч буюу хэрэглэгчийн хүсэл, шаардлага хэрэгцээг хангахгүй байгаагаас маргаан үүссэн  нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч “ЖИМОБАЙЛ” ХХК хариуцагч Б.*******ын өмчлөлд шилжүүлсэн NP10 төхөөрөмжөөр гэрээнд заасан интернет үйлчилгээгээр хангах ажлыг гүйцэтгэх үүргийг хүлээсэн. Тэрээр энэ хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар дээрх үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх ёстой. Гэтэл энэ үүргээ тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй нь хариуцагч Б.*******ын “..төхөөрөмжийг худалдаж аваад орой нь гэртээ авчраад залгасан сүлжээ  ганц нэг зураас орж ирээд интернет рүү орохоор уншаад дүрс дуу гарч ирэхгүй гацсан. Маргааш нь нөгөө төхөөрөмж зарсан залуучуудтай уулзаж байдлыг хэлэхэд удахгүй сайжирна гэж хэлсэн. Түүнээс хойш хэд хэдэн удаа утасдаж доголдолоо арилгахыг шаардсан. Дүүргийн иргэдээс компани дээр очиж төхөөрөмжийг буцаана гэсэн шаардлага тавихад төхөөрөмжийг буцаан авахаас татгалзсан хариу өгөхөөр нь ажлын гарз юм байна гээд очоогүй. Төхөөрөмжид ямар нэг догодол байхгүй, хамгийн гол нь интернет сүлжээ байхгүй учраас ашиглаж хэрэгцээгээ хангаж чадахгүй гомдолтой байгаа учраас 330.000 төгрөг төлөхөөс татгалзаж байгаа” гэсэн тайлбар, гэрч Ч.Даваанямын “Би дүүргийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах орон тооны бус зөвлөлийн даргаар ажилладаг. 2014 оны 11 сард “ЖИМОБАЙЛ” ХХК дүүргийн иргэдэд интернет үйлчилгээ үзүүлэх зорилгоор NP10 маркийн төхөөрмжийг бөөнөөр худалдсан. Иргэд авсан даруйдаа интернет үйлчилгээг нь авч чадаагүйгээс төхөөрөмжийн үнийг төлөхгүй 3 жил гаран болж маргаан үүссэн. Зарим иргэд  ирж очиход чирэгдэлтэй юм гээд ажиллахгүй ч гэсэн авсан нь үнэн гээд төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн, зарим нь аливаа зүйл шудрага байх ёстой “ЖИМОБАЙЛ” ХХК үүргээ биелүүлээгүй байж мөнгө шаардах нь шудрага бус гэж үзээд маргасан. Манай зөвлөл 2017 оны 4 дүгээр сард байгуулагдсан. Түүнээс өмнө энэ зөвлөл байгаагүй учраас 2014 оноос хойш иргэд хаана хандахаа мэдэхгүй төөрөгдөлд ороод явсан байдаг. Хэд хэдэн иргэд “ЖИМОБАЙЛ” ХХК-д хандаж төхөөрөмжөө буцаая, сүлжээгээ ажиллуул гэсэн шаардлагыг тавьсан байдаг. “ЖИМОБАЙЛ” ХХК-иас сүлжээ ажиллуулах боломжгүй гэсэн хариуг манай дүүргийн иргэн Төмөрбаатарт албан ёсоор албан бичгээр хариу өгсөн гэдэг яг одоо үзүүлчих баримт байхгүй байна. Бодит байдал дээр “ЖИМОБАЙЛ” ХХК-ний сүлжээ манай дүүрэгт бараг байхгүй, ойр орчин антен, станц байхгүй, агаараар сүлжээ хааяа орж гардаг байх. Миний бодлоор энэ компани нэмэлт төхөөрөмж манай дүүрэгт суурилуулж байж төхөөрөмж нь хэрэглэгчийн хэрэгцээг хангах болов уу. Манай дүүрэг шилэн кабельд ч холбогдоогүй болохоор иргэдийн гомдол үндэслэлтэй гэж үзэж байгаа. Манай зөвлөлийн зүгээс иргэдэд зохих зөвлөлгөө өгснөөс өөр арга хэмжээ аваагүй. Нэгэнт шүүх цагдаа болоод маргаан үүсгэсэн болохоор хуулийн байгууллага хуулийн хүрээнд шийдэх байх гэсэн харзанасан байдалтай байгаа нь үнэн” гэсэн мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч үүнийг баримтаар няцааж мэтгэлцээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, түүний төлөөлөгч Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар бараа, ажил үйлчилгээний чанар, согог гэмтэл, иж бүрдлийн талаар хэрэглэгчийн тавьсан гомдол үндэслэлгүй болохыг эрх бүхий этгээдийн дүгнэлтээр нотлох  үүрэгтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болох үйл баримтын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч маргаж буй үйл баримтыг нотлосон, няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Хэрэгт авагдсан худалдах худалдан авах гэрээний 4.2-т төхөөрөмж худалдаж авсны урамшуулал болгож, 120GB дата эрхтэйг 1 жилийн хугацаатай хэрэглэх эрхийг олгосноос үзэхэд үйлчилгээ үзүүлсэн эхний 1 жилийн хугацаанд хэрэглэгчийг ажлын хөлс төлөх үүргээс чөлөөлсөн, хэрэглэгч 120GB дата эрхээ хэрэглээд дууссан тохиолдолд “ЖИМОБАЙЛ” ХХК-д үйлчилгээний хөлс төлж дата эрх авах, мөн үйлчилгээ авсны хөлсөнд төхөөрөмжийн үнийг хэсэгчлэн төлөх дарааллыг энэ гэрээгээр тохирсон гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д зааснаар хариуцагч Б.******* гэрээний зүйл болох интернет үйлчилгээ үзүүлэх ажлын үр дүнг хүлээн авсны дараа NP10 төхөөрөмжийн үнийг төлөх нь шудрага ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.

Мөн нэхэмжлэгч “ЖИМОБАЙЛ” ХХК нь хувийн хэрэгцээний өргөн зурвасны /өндөр хурдны/ холболтоор өргөн хүрээтэй клиентийн тоног төхөөрөмж бүхий Интернетийн глобал сүлжээнд холбох болон нийтийн интернетийн зах зээл дэх үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх зорилгоор уг төхөөрөмжийг худалдсан атлаа уг үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргэх үүргээ гүйцэтгээгүй төхөөрөмжийн үнийг шаардсан нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл худалдсан төхөөрөмж /модем/ нь өргөн зурвасны /өндөр хурдны/ холболтгүйгээр ажиллах боломжгүй. Үүнийг хэрэглэгч өөрөө бий болгох боломжгүй. Энэ холболтыг тусгай зөвшөөрөл бүхий үүрэг холбооны оператор компани гүйцэтгэхийг Харилцаа холбооны тухай хуулийн 3.1.5, 12 дугаар зүйлийн 12.1.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8.7, Радио долгионы тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заажээ.

Хариуцагчаас ирүүлсэн гэрээний 4 дэх хуудсанд үйлчлэгч компани хэрэглэгчийн төхөөрөмжөөс үйлчлэгчийн техникийн талбар хүртэлх цахилгаан холбооны сүлжээний хэсэгт хүргэж чадахаар зарласан хамгийн дээд хурдтай ойролцоо хурдыг 3.99G технологоор 42mbps хүртэлх хурдыг өгөхөөр баталгаажуулжээ.

Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хурдын хэмжээг тодорхойлж хэлж чадаагүй 2G-3G технологоор интернетийг цацаж байгаа гэж тайлбарлах боловч үүнийг нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй учраас Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д “Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно” гэсэн зохицуулалтай хариуцагч Б.*******ын татгалзал нийцсэн гэж үзсэн. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1, 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийг 12.3-т зааснаар Б.*******аас гэрээний үүргийн биелэлт 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн “ЖИМОБАЙЛ” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.550 /арван мянга таван зуун тавь/  төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Нэхэмжлэгч “ЖИМОБАЙЛ” ХХК хариуцагч Б.*******аас NP10 төхөөрөмжөө буцаан шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                  Л.ЭНХБИЛЭГ