Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 118/ШШ2021/0002

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Тунгалаг би тус аймгийн Улиастай сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.*******д холбогдох 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0063236 дугаартай шийтгэлийн хуудсыг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсныг 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг болгон өөрчлүүлэх шаардлага бүхий Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.*******ийн дүгнэлттэй зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ...Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.******* ...Д.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 01-нээс 09 дүгээр сарын 20-ны хооронд Завхан аймгийн Яруу сумын Жаргалант багийн нутаг Дунд нарийн, Мухар нарийн гэх газруудаас тарвага агнах хориотой үед 73 тооны тарвага агнасан гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шалгаад, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зөрчлийн 2023000240 дугаартай хэрэг нээж, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зөрчилд холбогдогч ******* овгийн *******гийн *******д /РД:*******/ Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар №0063236 дугаартай шийтгэлийн хуудсаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300000 /гурван зуун мянган/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан зөрчлийн хэргийг хяналаа. Эрх бүхий албан тушаалтан Б.******* нь иргэн Д.*******д Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан ... Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед...амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн... гэсэн заалтаар шийтгэл оногдуулах ёстой байтал Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ...Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно... гэсэн заалтаар шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, Зөрчлийн тухай хуулийг ноцтой зөрчиж буруу шийтгэл оногдуулсан байна. Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.*******ын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №0063236 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Прокурорын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.******* нь Улиастай сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №0063236 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх шаардлага бүхий дүгнэлт гаргажээ.

Прокурор дүгнэлтийнхээ үндэслэлийг ...Эрх бүхий албан тушаалтан Б.******* нь иргэн Д.*******д Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан ... Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед...амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн... гэсэн заалтаар шийтгэл оногдуулах ёстой байтал Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ...Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно... гэсэн заалтаар шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй хэмээн тайлбарлажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.******* нь дээрх прокурорын дүгнэлт бүхий шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, энэ талаар шүүхэд бичгээр тайлбар ирүүлжээ.

Дээрх тайлбарын хамт Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн А/41 дүгээр тушаалыг ирүүлсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг ... захиргааны байгууллага бүхэлд нь хүчингүй болгох-оор заасныг баримтлан Улиастай сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №0063236 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

Тодруулбал, маргаан бүхий захиргааны актыг дээд шатны албан тушаалтан хүчингүй болгосон үндэслэлээр хариуцагчаас прокурорын дүгнэлт бүхий шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байна.

Иймд хариуцагч Улиастай сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.*******аас прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг болон 5 дахь хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн хүнд оногдуулах шийтгэлийн хэмжээ адил тэнцүү байх тул хариуцагчаас прокурорын дүгнэлтийг ийнхүү бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгааг шүүхээс баталгаажуулснаар Улиастай сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №0063236 дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл хүлээсэн зөрчил үйлдэгч гуравдагч этгээд Д.*******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Улиастай сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.*******ын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №0063236 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх тухай тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.*******ийн дүгнэлтийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул уг зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ