Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0057 |
Огноо | 2014-11-28 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2014/0057
2014 оны 11 сарын 28 өдөр Дугаар 57 Улаанбаатар хот
Б.Ц-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, Б.А нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 491 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс, гаргасан давж заалдах гомдлоор, Б.Ц-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/251 дүгээр захирамжийн Б.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргаас Б.Ц-д газар эзэмших эрх олгосон захирамж, гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 56.3, 12,2-т заасныг баримтлан ариун цэвэр, эрүүл ахуй, галын аюулгүй байдлын шаардлага хангааг/й, нийтийн эдэлбэрийн газрын гудамж, зам талбайд эзэмшүүлсэн, тухайн орчны газар эзэмшигчдээс ирсэн гомдлыг үндэслэл болгосон. Засаг даргын захирамжид холбогдох хуулийн заалт болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаартай тогтоолын 3.5, 3.6 дахь заалтыг үндэслэн гаргасан нь хуулийн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.” гэжээ.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 491 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Б.Ц-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/251 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Нийслэлийн Засаг даргын 2001 оны 609, 2004 оны 164, 2006 оны 189 тоот захирамжууд "Т" ХХК-д газар эзэмшүүлсэн, 2010 оны 203 тоот захирамж (иргэн Б.Ц-д газар эзэмшүүлсэн) нь дараах үндэслэлүүдээр Газрын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.
Үүнд: Нийслэлийн Засаг дарга анх "Т" ХХК-д газар эзэмших эрх олгохдоо ариун цэвэр, эрүүл ахуй, галын аюулгүй байдлын шаардлагыг үндэслэхгүйгээр газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 56-р зүйлийн 56.3 дахь заалтыг зөрчсөн.
2. Мөн Засаг дарга нийтийн эдэлбэрийн гудамж, зам талбайд эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 12-р зүйлийн 12.2-т заасныг тус тус зөрчсөн байна.
Газрын тухай хуулийн Нийтийн эдэлбэрийн зам, талбайд газар эзэмшүүлж болохгүй нөхцөл байдлыг тайлбарлавал: Нийслэлийн нутаг дэвсгэр нь Газрын тухай хуулийн 10-р зүйлийн 10.1.2-т зааснаар Монгол Улсын газрын нэгдмэл сангийн ангиллын хот, тосгон, бусад суурины газрын ангилалд хамаарна. Мөн хуулийн 12-р зүйлийн 12.2-т хот тосгон, бусад суурины газрын ангиллын газрыг хот, тосгон, бусад суурины "барилга байгууламж, үйлдвэр уурхайн дэвсгэр" болон нийтийн эдэлбэрийн газар", "иргэн аж ахуйн нэгж байгууллагын эзэмшил ашиглалтад байгаа газар гэсэн гурван дэд ангилалд хуваагдаг.
Газрын тухай хуулийн 12-р зүйлийн 12.2, 6-р зүйлийн 6.2.2 заалтуудаас харахад нийтийн эдэлбэрийн газрыг нийтийн зориулалтаар өөрөөр хэлбэл явган хүний болон автомашины зам, автомашины зогсоол, нийтээр амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулсан, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг нийтээр ашиглахад зориулж хуулиар зохицуулж өгсөн байна.
Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг дараах байдлаар тайлбарлаж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Үүнд:
...Маргаан бүхий актад иргэн Б.Ц-ийн барихаар төлөвлөж буй барилга холбогдох стандарт нормыг зөрчсөн талаар бус холбогдох стандарт нормыг зөрчин “Т” ХХК-нд анх газар эзэмшүүлж, уг газрыг иргэн Б.Ц-д шилжүүлэн эзэмшүүлснээрээ холбогдох Засаг дарга нарын шийдвэр хууль тогтоомж зөрчсөн гэж гэж үзсэн болно.
Түүнчлэн иргэн Б.Ц нь эзэмшил газрынхаа аль хэсэгт ямар материалаар барилга байгууламж барих эсэх асуудал нь хариуцагчийн зүгээс шийдвэрлэх болоод тодруулах асуудал биш бөгөөд тухайн иргэний өөрөө бие даан шийдвэрлэх асуудал.
Монгол Улсын барилгын норм ба дүрмийн Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм 30.01.04 заасан норм стандартыг зөрчиж иргэн Б.Ц-д эзэмшүүлсэн байна. Энэхүү дүрэмд зааснаар "Орон сууц, олон нийтийн барилга болон үйлдвэр, үйлдвэрийн туслах барилга байгууламжийн хоорондох гал тусгаарлах хамгаалалтын зайг холбогдох норм дүрмийн дагуу төлөвлөх бөгөөд гал тэсвэржилтийн 1 ба 2-р зэрэгтэй орон сууц, олон нийтийн барилга болон тэдгээрийн хоорондын зай 9 метрээс багагүй байхаар төлөвлөнө гэж заасныг зөрчсөн байна.
Мөн Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага MNS 6392:2013-ийн 4.1.1-д Эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламжийг гэр хорооллоос 100 метр, үйлдвэрийн байгууламжаас 1000 метр алслагдсан зайд барихаар төлөвлөнө гэж заасныг зөрчин Клиникийн нэгдсэн 3-р эмнэлгийн урд, эмнэлгээс 20 хүрэхгүй метрийн зайд, эмнэлгийн төв хаалганаас 2 метр орчим зайд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлсэн, тухайн газар дээр том жижгээс үл хамааран ямар нэг барилга барьсан, эмнэлгийн орц, гарцыг хааснаараа ариун цэвэр, эрүүл ахуй, галын аюулгүй байдлын шаардлагыг зөрчсөн гэж үзэж маргаан бүхий актын үндэслэл болгосон болно.
2. Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгасан тухай нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс гадна 2001 онд нийслэлийн ерөнхий төлөвлөгөө гэж батлагдаагүй байсан бөгөөд 2002 онд "Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө" батлагдсан байхад ерөнхий төлөвлөгөөнд тусгасан гэж дүгнэсэн нь алдаатай шийдвэр гаргах нэг үндэслэл болжээ.
Тухайн үед мөрдөгдөж байсан 1994 оны Газрын тухай хуулийн 12 зүйлийн 12.1, 12.2-т зааснаас үзвэл маргаан бүхий газар нь нийтийн эдэлбэрийн газарт хамаарч байхад нийтийн эдэлбэрийн газарт хамаарахааргүй байна гэж тус тус дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан өрөөсгөл шийдвэр болсон байна.
Иймд нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 491 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нийслэлийн Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 609 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Клиникийн нэгдсэн 3 дугаар эмнэлгийн урд талд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн газрын эрх олгох дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, Хот байгуулалт, газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын дүгнэлтийг үндэслэн, аж ахуйн нэгж, иргэдэд барилгын байршлыг тогтоож газар эзэмших эрх олгосны дотор “Т” ХХК-д 0.024 га талбайн газар эзэмших эрхийг эмнэлгийн барилга барих зориулалтаар олгохоор шийдвэрлэжээ. Улмаар 2004 оны 164 дүгээр захирамжаар тухайн компанийн газар эзэмших эрхийг 270 м.кв болгон нэмэгдүүлж, 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 203 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг “Т” ХХК-иас иргэн Б.Ц-д шилжүүлэн, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Гэвч 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/251 дүгээр захирамжаар Газрын тухай хууль зөрчин ариун цэвэр, эрүүл ахуй, галын аюулгүй байдлын шаардлагыг үндэслэлгүйгээр нийтийн эдэлбэрийн газрын гудамж, зам талбайд эзэмшүүлсэн, тухайн орчны газар эзэмшигчдээс удаа дараа газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох хүсэлт ирүүлсэн гэдэг үндэслэлээр урьд гаргасан захирамжуудынхаа Б.Ц-д холбогдох заалтуудыг хүчингүй болгосон байна.
Маргаан бүхий газрыг анх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2001 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас дуудлага худалдаанд оруулах газрыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зурагт багтаан хуваарилан, хүсэлт гаргаж үнийн санал ирүүлсэн 25 аж ахуйн нэгж, иргэдэд 1 м.кв газрыг 10000 төгрөгөөр худалдахаар шийдвэрлэсний дагуу газрын үнийг төлсөн аж ахуйн нэгж, иргэдэд Нийслэлийн Засаг дарга 2001 оны 609 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг нь олгосон атлаа дараа нь тэдгээр аж ахуйн нэгж, иргэдээс Б.Ц-д эзэмшүүлсэн хэсгийг дангаар нь “нийтийн эдэлбэрийн газарт хамаарна” гэж үзэн хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.13.3-д заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцэхгүй гэж үзнэ.
Мөн хариуцагч албан тушаалтан захиргааны актадаа ариун цэвэр, эрүүл ахуй, галын аюулгүй байдлыг зөрчсөн гэсэн боловч тухайн байдлыг албан ёсоор тогтоосон эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, дүгнэлт байхгүй буюу шийдвэр гаргахдаа зохих судалгааг хийгээгүй, түүнчлэн “Эмнэлгийн байгууллагын орчны эрүүл мэндийн шаардлага MNS 6392:2013” стандарт нь нэхэмжлэгч Б.Ц-д газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэнээс хойш батлагдсан байгаа зэргийг анхаараагүй нь тухайн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэх үндэслэл болно.
Түүнчлэн Шастины нэрэмжит төв эмнэлгээс ирүүлсэн албан бичигт уг газрын эзэмшигчийг тодруулж өгөхийг хүссэн агуулгатай байхад “эзэмших эрхийг цуцлах тухай” хүсэлт гэж үзсэн байна.
Дээрх асуудлуудаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.