Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 155

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шинжээч Г.Ханхүү,

шүүгдэгч Э.Батжаргал, түүний өмгөөлөгч Б.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Тамч овогт Эрдэнэчимэгийн Батжаргалд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625011838 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Тамч овгийн Эрдэнэчимэгийн Батжаргал, 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Эрдэнэт хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүх нийгмийн багш мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цагаан хуаран хотхоны 86в-84 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ФМ 88101670 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Э.Батжаргал нь 2016 оны 5 дугаар сарын 3-наас 4-нд шилжих 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Чингис зочид буудлын ард талын зам дээр албан үүргээ гүйцэтгэж байсан Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа Д.Намнансүрэнг албан үүргээ гүйцэтгэж байхад нь түүний тавьсан шаардлагыг эсэргүүцэж улмаар хүч хэрэглэн зодсоны улмаас биед хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Батжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Улаанбаатар зочид буудлын урд дуудлагын жолооч дуудаад хүлээж байсан. Тэгэхэд зүс таних Ганбат нь эхнэртэйгээ гарч ирээд архи уугаагүй гээд хүргэж өгөхөөр явсан. Тэгсэн цагдаа зогсоож Ганбатыг нөгөө машинд хийх хооронд би машиндаа хүлээж байсан. Тухайн үед машины бүх цонх онгорхой явж байсан. Тэгэхэд ачдаг машин ирээд шууд машины урд талыг өргөөд ачиж эхэлсэн. Тэгэхээр нь би машинаасаа буугаад

машин жолоодож явсан хүнээс согтууруулах ундааны зүйл илэрсэн бол жолоочдоо арга хэмжээ ав, би машинаа энд үлдээгээд маргааш ирээд авч болох уу гэхэд үгүй гээд цагдаа нар ирээд машинаас гар гэсэн. Тэгэхээр нь би машинаасаа түрийвч, гар утсаа авъя, мөн машиныхаа цонхнуудийг хаах талаар хэлсэн боловч хүлээж аваагүй. Тэр үед би их уурласан. Ер нь Намнансүрэнг нэг цохьсон. Надад нулимс асгаруулагч, цахилгаан бороохой маш их хэрэглэсэн. Энэ талаар шинжээчийн дүгнэлтээр 10 гаран шарх, сорив гарсан. Би ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Сүүлийн 5 сар өдөр болгон цагдаа, шүүхээр явж хэцүү байдалтай байгаа. Мөн хохирогчтой уулзаж хохирлыг барагдуулж гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэх бичгийг авсан байгаа. Эцэст нь хэлэхэд би дахин ийм асуудал гаргахгүй байж чадна. Өөр зүйлгүй” гэв.

Шинжээч Г.Ханхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хамарны ясны шинэ, хуучин хугарал хавсарна гэдэг нь шинэ хугарал байна гэдгийг илэрхийлж байгаа юм. Гэмтэл согог судлалын үндэсний төвд тавигдаж байгаа хугарал онош нь рентгений шинжилгээгээр гарсан. Энэ нь шинэ, хуучин гэдгийг ялгахдаа муу гэсэн үг юм. Мөн тоног төхөөрөмжийн хувьд ялгаатай. Компьютер Томографийн шинжилгээгээр нарийвчлан шинэ, хуучин хоёрыг ялгах зорилготой хийлгэсэн. Энэ нь ялгаагүй хоёулаа хамар ясны хугарал байна гэдгийг илэрхийлж байгаа. Зөрүүтэй ойлголт биш нэг ойлголт юм. Харин хийгдэж байгаа шинжилгээ нь өөр юм. Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгтээ шинэ, хуучин хугарал байсныг ялгаж бичих шаардлагагүй гэж үзсэн” гэв,

Хохирогч Д.Намнансүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө ахлах дэслэгч Анхбаяр, ахлах дэслэгч Алтангэрэл, дэд ахлагч Тамир нарын хамтаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Чингис зочид буудлын арын зам дээр шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нарын согтуурлын зэргийг шалгасан бөгөөд 9089 УНГ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолоочийг тандагч багажаар үлээлгэхэд улаан асаж согтууралтай байна гэдгийг илэрхийлсэн. Ингээд ачлагын компаний ачигч машиныг дудаж тээврийн хэрэгслийг ачуулах гэтэл жолоочийн хажууд сууж байсан залуу буюу Батжаргал нь би дуудлагын жолооч дуудаж машинаа бариулсан, энэ хүний согтуу эрүүлийг нь би мэдэхгүй байна, наад хүн дээрээ л арга хэмжээгээ ав, би машинаа ачуулахгүй гээд ачигч машины өргөгчин дээр гараад суучихаад буухгүй байсан. Бид нарын зүгээс буу, машиныг журамлах ёстой байдаг талаар Батжаргалд хэлэхэд эрс эсэргүүцэж би машинаа ачуулахгүй, та нар наад хүн дээрээ л арга хэмжээгээ ав гээд байсан. Тэгэхээр нь би та наашаа буугаад ир гээд гарнаас нь татаад буулгасан чинь бууж ирэнгүүтэй шууд намайг заамдаад авсан. Би хувцаснаас тавь гэсэн шаардлагыг тавихад зуурчихаад тавихгүй байсан. Түүнээс болж гадуур хантаазны цацруулагч нь урагдсан, гадуур хувцасны баруун халаас урагдсан, өмдний өвдөг хэсгээр унаад цоорсон. Хантааз нь хэвээрээ байгаа, цамцыг нь би оёулаад өмчихсөн байгаа, өмд нь цоорсон хэвээрээ байгаа. Надаас салахгүй болохоор нь би тусгай хэрэгсэл буюу цахилгаан бороохой хэрэглэж гарыг нь тавиулсан. Тэр үед дэд ахлагч Тамир хажуунаас ирж Батжаргал та хүний хувцас урчихлаа тавь гэсэн шаардлагыг дахиад тавихад Тамирын гарт байсан дохиур модыг булааж аваад шидсэн. Дохиур мод нь

шидэгдээд голоороо хугарсан байгаа. “...Тэгээд ачигч машиныг хөдлөх гэтэл ачигч машины шил арчигчаас барьчихаад явуулахгүй гээд урд нь зогсоод байхаар нь би тусгай хэрэгслээ дуугаргахад холдсон. Тэгсэн чинь цаашлаад замын тумб аваад над руу цохьсон. Би цохих үед нь гараараа хаасан чинь дахиж нэг тумб аваад цохьсон. Би тумбаар цохиулаад өөдөөс нь очсон чинь өрөлт аваад л шууд гараараа хамар руу цохьсон. Би хамар руугаа цохиулаад малгай газар унасан ба малгайгаа шууд аваад араас нь очоод бариад автал надтай зууралдаад цугтаа газар унасан. Энэ үед манай албан хаагч нар ирж дарж байгаад гарыг нь гавласан. Ингээд албаны машинд суулгаад Баянзүрх дүүргийн саатуулах байр руу хүлээлгэж өгсөн. “...Хувцас хантаазаа үнээр нь нэхэмжлэнэ. Би хувцасыг өөрийн мөнгөөр 75.000 төгрөгөөр захиалж хийлгүүлээд 4 хонож байсан. Хантааз нь 15.000 төгрөг, Томографийн зураг 80.000 төгрөгөөр авахуулсан. Гэмтлийн эмнэлэг дээр толгойны зураг 20.000 төгрөгөөр авахуулсан. Одоо хамар мурийлттай байгаа. Хамраа тэгшлүүлэх шаардлага байгаа. Тэгшлүүлэх гэхээр мөнгөгүй болчихоод эмчилгээ хийлгэж чадахгүй байна...” гэсэн мэдүүлэг. /хх-22-24/, Шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хохиролд 700.000 төгрөгийг авсан одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Гэрч Б.Уранжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Тэгэхэд саатуулах байрны цагдаа нар надад Сүхбаатар дүүргийн замын цагдаа Намнансүрэнг цохьсон юм байна лээ, очоод уулзчих гэх хэлсэн. “...Тэгэхэд Намнансүрэнгийн хамрын дээд хэсэгт бага зэрэг хавдсан харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-29/,

Гэрч Б.Оюунбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Батжаргалыг танихгүй. Ганбат Батжаргалыг таньдаг юм байна лээ. Тэгээд тэр хоёр хоорондоо юм ярьж байсанаа Ганбат Батжаргалын машиныг унахаар болсон. Батжаргалын машиныг байран дундаас аваад Ганбат унаад гэр рүү нь явсан. Явахдаа 64 дүгээр дэлгүүрийн арын замаар яваад Чингис зочид буудлын хойд талд цагдаа зогсоож Ганбатыг тандах багажаар үлээлгэсэн. Тэгсэн чинь улаан асаад цагдаа буулгаад машиндаа суулгасан. Батжаргал 1 цагдаад нь замаас гаргаад машинаа орхичихъё гээд байж байх хооронд ачдаг машин нь ирээд машиныг нь ачих гэсэн. Тэгээд Батжаргал машинаа ачуулахгүй гээд өөрийнхөө машины урд нь очоод зогссон. Цагдаа ирээд Батжаргалтай юм яриад байсан. Юу гэж ярьсаныг нь би сонсоогүй. Яагаад гэхээр би машин дотор нь сууж байсан болохоор надад ярьж байгаа нь сонсогдоогүй. Тэгтэл 1 цагдаа нь цахилгаан бороохойгоор Батжаргалыг цохиулсан. “...тэгтэл цагдаа нартай муудалцаад замын тумб аваад шидэж байсан. Мөн цагдаа нарын өөдөөс гараа савчаад байсан, яг цохьсон эсэхийг нь хараагүй. Гэнэт л цагдаа нар нь бөөнөөр гүйлдээд Батжаргалын гарыг нь ар талд нь гавлаад машиндаа суулгаад өөрсдөө аваад явсан. “...Намайг машин дотор сууж байхад цагдаа нар Батжаргалтай юм яриад байсан. Тэгэхэд шаардлага тавьсан байхаа. “...намайг машинаас буух үед хоорондоо муудалцсан...” гэсэн мэдүүлэг. /хх34-36/,

Гэрч Б.Тамир мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө шөнийн эргүүлийн үүргийг Алтангэрэл, Намнансүрэн нарын хамт үүрэг гүйцэтгэсэн. Ингээд үүрэг гүйцэтгэх 01 цагийн орчим саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг тандагч багажаар үлээлгэхэд улаан асч согтуурлын зэрэгтэйг илэрхийлсэн. Тэгээд жолоочийн албаны машинд суулгаж драйгер багажаар үлээлгэсэн. Ингээд машиныг нь ачуулах гэсэн боловч жолоочийн хажуугийн суудалд сууж байсан залуу энэ чинь миний машин, би ачуулахгүй гэсэн. Мөн жолооч барьж явсан залууг наадах чинь дуудлагын жолооч надад хамаагүй гэж байсан. Ачлагын машин машиныг нь ачаад өргөх гэсэн чинь дэгээн дээр нь гарч зогсчихоод буухгүй, ачуулахгүй гээд байсан. Тэгэхээр нь уг залууг чи холдоо ачих ёстой юмаа чамд шаардлага тавьж байна гэж хэлээд холдуулсан чинь миний бүсэнд зүүлттэй байсан дохиур модыг сугалж аваад шидсэн, ачигч машин явуулахгүй урдуур нь хааж зогсохоор нь холд гэсэн. Тэгсэн чинь замын тумб авч ачлагын машин руу шидэж, дахиж тумб аваад замын гол руу шидсэн. Тэгсэнээ дахин тумб аваад Намнансүрэнг цохьсон. Тэгэхээр нь Намнансүрэн нь яаж байгаа юм бэ гээд барьж авах гэсэн чинь хойшоо ухраад өрөлт аваад Намнансүрэнгийн хамар руу гараараа цохьсон. Тэгэхээр нь би очоод барьж авах гэсэн чинь өрөлт аваад одоо хоёулаа зодолдъё гэсэн. Ингээд Намнансүрэн, Алтангэрэл бид гурав бариад гарыг нь ард нь гавлаад саатуулах байр руу авч явсан. “...Уг залуу нь ачигч машины урд талын шил арчигчнаас зуурчихаад тавихгүй байхаар нь Намнансүрэн тавь гэсэн шаардлага тавьсан боловч эсэргүүцсэн. Тэгэхээр нь гар руу нь цахилгаан бороохой хэрэглэж тавиулсан. Миний дохиур модыг шидээд хугалсан хугараад дахин ашиглах боломжгүй болсон. Би тиймээс дохиур модоо 15.000 төгрөгөөр үнэлж нэхэмжлэнэ...” гэсэн мэдүүлэг. /хх39-40/

Гэрч Б.Нямбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Батдэв ХХК-нд жолоочоор ажилладаг. Манай компани нь зам тээврийн зөрчил осол гаргасан тээврийн хэрэгслүүдийг ачдаг. 2016 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө ээжлинд гарсан. Шөнийн ээлжийнхэн замын цагдаагаа дагаад гарсан чиглэлд нь ажилладаг. Тэгээд шөнийн 01 цагийн орчимд саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч согтууралтай гээд машиныг нь ач гэж замын цагдаа заавар өгсөн. Ингээд би ачих гэсэн чинь машины эзэн гэх залуу нь цагдаа нартай муудалцаад машинаа ачуулахгүй гэж хэрэлдэж зууралдсан. Цагдаа нар нэг хэсэг хугацаанд нөгөө залууд ачуулах гэж хичээсэн боловч нөгөө залуу машинаа ачуулахгүй гээд машиныхаа урд очоод зогссон. ... Ингээд би ачаад хөдлөх гэсэн чинь машины шил арчигчнаас зуураад холдохгүй байсан. Тэгээд Намнансүрэн дахин түүнд шаардлага тавихад шаардлага биелүүлэхгүй байхаар нь цахилгаан бороохой хэрэглэж холдуулсан. Тэгээд би шууд машиныг нь ачаад хөдлөөд саатуулах байр руу явсан. Түүнээс хойш болсон явдлыг би мэдэхгүй. Намайг хөдлөхөд миний машин руу замын тумб хэрэгсэл авч шидэж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх41-42/,

Гэрч Г.Ганбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Тэгтэл Батжаргал маргааш ажилтай эртхэн харимаар байна чи архи уугаагүй бол хүргээд өгөөч гэсэн. “...Тэгээд би машинтайгаа дөхөж очтол нэг замын цагдаа намайг драйгерээр үлээлгэж шалгаад намайг машинаас буу гэж хэлсэн. Миний өдөр уусан 2 лааз пиво уусан чинь гарчихсан юм байна лээ. Тэгээд би замын цагдаагийн машинд суусан. “...Миний сууж байсан замын цагдаагийн машин Батжаргалын машинаас эсрэг урсгалд бага зэрэг цаана зогсож байсан. Тэгээд би машин дотор сууж байгаад гадаа хүмүүсийн дуу чимээ чангараад эхлэхээр нь салхины шилээр дахин хартал Батжаргалыг цагдаа нар доош нь дараад гавлаж байсан. Тэгээд цагдаа нар Батжаргал бид 2-ыг Баянзүрх дүүргийн эрүүлжүүлэх байранд хүргэж тэнд хоноод

маргааш өглөө нь би замын цагдаагийн байцаагчтай уулзаж торгуулийн арга хэмжээ авагдсан. Намайг цагдаа нар машиндаа суулгаад Батжаргалын машинаас бага зэрэг зайтай байлгаж байсан тул би болсон явдлыг дэлгэрэнгүй сайн хараагүй. /хх-З8/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн шинжээчийн №6098 тоот дүгнэлтэд:

1. Д.Намнансүрэнгийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт. /хх-48/,

Шинжээч эмч Г.Ханхүү мэдүүлэхдээ: “...Уг дүгнэлтийг гаргахдаа үзсэн болон компьютер томографийн шинжилгээг үндэслэн дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл Намнансүрэнгийн биед хамар нь хуучин хугаралтай байсан бөгөөд холбогдогч хохирогчийн биед шинээр гэмтэл үүсгэсэн байна” гэсэн мэдүүлэг. /хх-49/,

 Хохирогч Д.Намнансүрэнгийн өргөдөл  /хх-4/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх8-9/, сиди-г эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх18-20/, хохирогч Д.Намнансүрэнгийн мэдүүлэг /хх22-24/, гэрч Б.Уранжаргалын мэдүүлэг /хх-29/, гэрч Б.Тамирын мэдүүлэг /хх39-40/, гэрч Б.Нямбаатарын мэдүүлэг /хх41-42/, гэрч Т.Батбаярын мэдүүлэг /хх-33/, гэрч Г.Ганбатын мэдүүлэг /хх-38/, шинжээчийн №6098 дугаартай дүгнэлт /хх-48/, шинжээч эмч Г.Ханхүүгийн мэдүүлэг /хх-49/, сэжигтэн Э.Батжаргалын мэдүүлэг /хх-60/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Э.Батжаргал нь 2016 оны 5 дугаар сарын 3-наас 04-нд шилжих 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Чингис зочид буудлын ард талын зам дээр албан үүргээ гүйцэтгэж байсан Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа Д.Намнансүрэнг албан үүргээ гүйцэтгэж байхад нь түүний тавьсан шаардлагыг эсэргүүцэж улмаар хүч хэрэглэн зодсоны улмаас биед хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Э.Батжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.Батжаргалыг төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогч Д.Намнансүрэн нь шүүгдэгч Э.Батжаргалд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Батжаргал нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Тамч овогт Эрдэнэчимэгийн Батжаргалыг төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.   Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар Э.Батжаргалыг  360 /гурван зуун жар/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар Э.Батжаргал нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар сольж болохыг сануулсугай.

           4.  Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэгтэй 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, Э.Батжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

       6. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Батжаргалд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР