Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2016/0430

 

“Хурай” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Болор, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун нарыг оролцуулан хийж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Хурай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Хурай” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хурай” ХХК нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогтын 2 дугаар багийн “Цагаан гозгор” гэдэг газарт ашигт малтмалын ашиглалтын МV-000201, MV-007978 тоот тусгай зөвшөөрлүүдийг эзэмшин уулын үйлдвэрлэлийн ажлыг 16 жилийн турш хуулийн дагуу тасралтгүй, тогтвортой явуулж байгаа Монгол Улсын “Найдвартай татвар төлөгч” компани юм. Үндэсний хөрөнгө оруулагч манай компани нь өөрийн компанийн санхүүжилтээр 201А, 1978А талбайн байршилд багтах алтны үндсэн ордод нарийвчилсан хайгуул, өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэн Техник эдийн засгийн үндэслэлийг Монгол Улсын Ашигт малтмалын газар, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр тус тус батлуулаад байгаа бөгөөд үнэт металлын уг ордыг ашиглахад шаардлагатай Байгаль Орчны нарийвчилсан үнэлгээг хийлгэж байгаа юм. “Үндэсний хөрөнгө оруулагч” болох “Хурай” ХХК нь геологи хайгуулын ажилд маш их хэмжээний хөрөнгийг зарцуулан эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж байтал сум орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зүгээс ард иргэдийг бичил уурхайчид буюу нинжа нэрийн дор турхиран популизм хийж улмаар манай компанийн эзэмшлийн Ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах талаар санал гомдол гаргаж байгаа билээ. Манай компани нь үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас хойш холбогдох дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл гаргах нь битгий хэл ийм үйлдэл огт гаргаж байгаагүй. Харин ч холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулсаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд тодорхой хувь нэмэр оруулсан нэр хүндтэй “Монгол улсын найдвартай татвар төлөгч” өргөмжлөлийг хүртсэн аж ахуйн нэгж юм. Ийм байтал манай компанийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа мэтээр үзэж, ингэж хандаж байгаа нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй болно. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга С.Эрдэнэбаяр нь 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө бичил уурхай эрхлэгчдийг бодлогын түвшинд дэмжин Засгийн газрын 308 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр ажиллана хэмээн тусгасан байдаг юм. Гэтэл 2013 оноос эхлэн манай компанийг элдэв аргаар дарамтлан, хууль бус шаардлага тавьж, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад саад учруулах болсон бөгөөд манай компанийн эзэмшиж байгаа хайгуулын 14487Х, 14488Х тоот лицензүүдийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа билээ. Гэтэл найдвартай татвар төлөгч манай компани нь дээрх 2 талбай дээр 2008 оноос хойш 161.490.657 төгрөгийг геологи хайгуулын ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг бөгөөд холбогдох зөвшөөрлүүдийг авч үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн билээ. Иймд ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад манай компанийн Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлаж өгөхгүй байгаа хууль бус үйлдэлд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхонтуул сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хариу тайлбартаа: “Тус шүүхэд “Хурай” ХХК-аас Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэн батлан гаргасан 48 тоот тогтоолыг илт хууль бус болгохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Сумын ИТХ нь Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.16-д заагдсан бүрэн эрхийнхээ хүрээнд “Орхонтуулын хишиг” ГҮТББ, Шар-Ус 1 дүгээр баг, Баянцогт 2 дугаар багийн ИНХ-уудаас ирүүлсэн саналуудыг хэлэлцэн энэхүү тогтоолыг батлан гаргасан болно” гэжээ.

Хариуцагч Орхонтуул сумын Засаг дарга хариу тайлбартаа: “Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга С.Эрдэнэбаяр миний бие “Хурай” ХХК-иас захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхэд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17/067 дугаартай тоотоор гаргасан нэхэмжлэлтэй танилцаад доорх тайлбарыг хүргүүлж байна. Миний бие Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26.1 буюу “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засаг төрийн төлөөлөгч мөн”-ыг заасныг удирдлага болгон мөн хуулийн 29.1.3 “Н”, Ашигт малтмалын тухай хуулийн 12.1, 12.1.1, 12.1.2, 22.1, 22.1.3 дугаар заалтуудын хүрээнд “Хурай” ХХК-ийн эзэмшиж байгаа 14487Х, 14488Х тоот лицензүүдийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй гэж үзсэн. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах бичиг баримтыг хавсаргана, мөн хуулийн 22.1.3-т байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт гэж заасныг “Хурай” ХХК зөрчиж тус сумын Засаг даргын Тамгын газарт 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Хурай” ХХК-ийн захирал Б.Болор биеэр ирж төлөвлөгөө батлуулах саналаа тавьсаныг хүлээн авч Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/321 тоотоор хариуг хүргүүлсэн. “Хурай” ХХКомпаниас 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр албан тоотоор хандсаныг нэгэнт Ашигт малтмалын тухай хуулийн 22.1 дэх заалтыг зөрчсөн учир хүлээн авах боломжгүй гэж үзсэн. 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс тус сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргээр дамжин “Хурай” ХХКомпаниас 2015 он байгаль орчныг хамгалаах менежментийн төлөвлөгөөг батлуулах тухай хүсэлт ирээгүй. Тус компаний 14487Х, 14488Х лицензүүдийн дуусах хугацаа нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр учир хуулийн хугацаанаас өмнө төлөвлөгөө батлуулах санал ирээгүй учир хүлээн авах боломжгүй байсан гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаартай “Санал уламжлах тухай” тогтоолыг илт хууль бус болох нь тогтоогдож байх тул хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын “Хурай” ХХК-ний байгаль орчныг хамгаалах 2015 оны төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, уг төлөвлөгөөг батлахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Хурай” ХХК давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, тодорхойлж байгаа нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтууд, тайлбар зэргийг хуульд заасны дагуу эргэлзээгүй, ач холбогдолтой байх талаас нь үнэлж, дүгнэж чадаагүй гэж энэхүү гомдлыг гаргаж байна. Бид Орхонтуул сумын нутаг дэвсгэрт 16 жилийн туршид үйл ажиллагаа явуулж, орон нутгийн удирдлага, ард иргэдтэй хамтран ажиллаж, хэн хэнийгээ хүндэтгэж, бидний зүгээс 100 гаруй сая төгрөгийн хандивыг орон нутгийн хөгжил, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор олгосон байдаг. “Хурай” ХХК-ийн хамт олон бид олон жилийн нөр их хөдөлмөр, геологи хайгуул, өрөмдлөгийн ажлын үр дүнд алтны үндсэн ордын нөөцийг 900 гаруй килограмаар тогтоож, Монгол Улсын Эрдэнэсийн санд хүлээлгэн өгсөн тэр цаг үеэс эхлэн орон нутгийн удирдлагууд элдэв дарамт шахалт үзүүлж бидний ашиглалтын лиценз бүхий талбайд хувиараа алт олборлогчид болох нинжа нарыг оруулна хэмээн төрийн бус байгууллага, нөхөрлөл гэгчийг өөрсдийн ойр дотны хүмүүсийн хүрээнд байгуулан элдэв зөрчил, дутагдал гэх мэт үндэслэл муутай баримт нотолгоогүй арга хэмжээ авч 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн баталсан 48 дугаартай “Санал уламжлах тухай” тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгсөнд талархаж байна. Харамсалтай нь бидний зүгээс олон жил өөрсдийн хөрөнгөөр эрсдэл гаргаж хайгуулын ажил гүйцэтгэж ирсэн 14487Х, 14488Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн 2015 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг баталж өгөхөөр сумын Засаг дарга С.Эрдэнэбаяр нь өөрийн биеэр 2014 оны 10 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод ирээд байхдаа биднээс биечлэн авч явсан юм. Төлөвлөгөө батлагдахгүй удаад байхаар нь бид албан бичиг явуулмагц Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаа хэтрүүлсэн, мөн хамтын ажиллагааны гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр төлөвлөгөөг батлаагүй юм. Түүний энэхүү хууль бус үйлдлийн улмаас бид олон жил хайгуул хийсэн дээрх талбайнуудыг алдаж, ихээхэн хэмжээний санхүү, хөрөнгө мөнгөний хохирол амсах нөхцөл байдалд орлоо. Шүүхээс хэрэгт авагдсан баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэлсэн бол ийм харамсалтай шийдвэр гарахгүй байх байлаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосныг хангаж, даалгасан шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар  хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулж, хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн “Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын “Хурай” ХХК-ийн байгаль орчныг хамгаалах 2015 оны төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, уг төлөвлөгөөг батлахыг даалгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “...бидний зүгээс олон жил өөрсдийн хөрөнгөөр эрсдэл гаргаж хайгуулын ажил гүйцэтгэж ирсэн 14487Х, 14488Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн 2015 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг баталж өгөхөөр сумын Засаг дарга С.Эрдэнэбаяр нь өөрийн биеэр 2014 оны 10 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод ирээд байхдаа биднээс биечлэн авч явсан юм. Төлөвлөгөө батлагдахгүй удаад байхаар нь бид албан бичиг явуулмагц Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаа хэтрүүлсэн, мөн хамтын ажиллагааны гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр төлөвлөгөөг батлаагүй юм. Түүний энэхүү хууль бус үйлдлийн улмаас бид олон жил хайгуул хийсэн дээрх талбайнуудыг алдаж, ихээхэн хэмжээний санхүү, хөрөнгө мөнгөний хохирол амсах нөхцөл байдалд орсон...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ. Харин нэхэмжлэлийн “Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаартай “Санал уламжлах тухай” тогтоолыг илт хууль бус болох нь тогтоогдож байх тул хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гараагүй байх тул дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс “...төлөвлөгөө батлахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгох, батлахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Орхонтуул сумын Засаг даргатай Улаанбаатар хотод уулзаж Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг үзүүлж баталж өгөхийг хүссэн, дараа нь утсаар удаа дараа хариу авах талаар ярихад С.Эрдэнэбаяр дарга “болоогүй байна. Та 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүрээд ир хурлаар танай асуудлыг хэлэлцэнэ” гэдэг хариу өгсөн... тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуул, олборлолт хийгээд гарсан ашигт малтмал нь энэ компанийн өмчлөлийн зүйл байхад өөр хүмүүс авна гэж шаардах эрхгүй, ...гурвалсан гэрээ хийх гэж оролдсон боловч болоогүй, үр дүнд нь төлөвлөгөө баталж өгөөгүй нь татгалзаж байгаа эс үйлдэхүй хууль бус гэдгийг харуулна...” гэж тодорхойлсон, харин хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга С.Эрдэнэбаяраас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө 14487Х, 144488Х лицензүүдийн дуусах хугацаа 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр учир хуулийн хугацаанаас өмнө тус Сумын Засаг даргын Тамгын газрын Бичиг хэргээр дамжин “Хурай” ХХК-аас 2015 оны ...“[1] гэж маргажээ.

Хавтаст хэрэгт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Хурай” ХХК-аас ирүүлсэн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөтэй танилцаад дараах хариуг хүргүүлж байна ... төлөвлөгөөг батлах боломжгүй...” гэх 1/321 дүгээр албан бичиг[2], мөн “ ...ИТХ-ын дарга М.Цогбаяр: ...Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулахаар ганцхан нүүр хуудсыг явуулсан байсан...” гэх Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримт,  нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “...30 гаруй хуудас Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Засаг даргыг 10 сард хотод ирэх үеэр уулзаж өгсөн...” гэх тайлбар зэрэг баримтаас үзвэл нэхэмжлэгчээс Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг тус сумын Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга хүлээн авсан гэж ойлгогдож байна.

Шүүх нэхэмжлэгчийн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, батлахыг даалгах”  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагч өөрийн биеэр авч явсан гэх тайлбартай холбогдуулан нэхэмжлэгчээс хариуцагчид хэзээ, хэдэн хуудас, ямар төлөвлөгөөг өгсөн эсэх, дээр дурдсан хэрэгт цугларсан баримтуудад дурдагдаж буй төлөвлөгөө нь ямар төлөвлөгөө болохыг тодруулж тогтоогоогүй, хэрэгт авч хавсаргаагүй атлаа “...Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д ...гэж заасныг “Хурай” ХХК зөрчиж, хайгуулын 14487Х, 14488Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө батлуулахаар хүргүүлээгүй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг зөрчиж сумын Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулаагүй болох нь ...тогтоогдож байна...” гэж дүгнэн нэхэмжлэлийн тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 70 дугаар зүйлийн 70.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т тус тус заасантай нийцэхгүй байна.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын зөрүүтэй тайлбартай холбогдуулан хариуцагч Сумын Засаг даргаас нэхэмжлэгчид хүргүүлсэн албан бичиг, тус Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд дурдагдсан “Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө”-г тус тус хэрэгт авч хавсаргахын зэрэгцээ хариуцагч С.Эрдэнэбаярыг гэрчээр асууж, нэхэмжлэгчийн “Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө”-г авсан эсэх, хэдэн хуудас ямар баримт байсан эсэх, тэрээр шүүхэд “... “Хурай” ХХК төлөвлөгөөг хугацаандаа ирүүлээгүй...”  гэж тайлбарласан атлаа нэхэмжлэгчид хүргүүлсэн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/321 дүгээр албан бичигт “... төлөвлөгөөтэй танилцаад ...төлөвлөгөөг батлах боломжгүй...” гэсэн нь ямар учиртай болох талаарх шалтгаан үндэслэл зэргийг тодруулан шалгаж улмаар хариуцагчаас нэхэмжлэгчийн Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахгүй эс үйлдэхүй гаргасан эсэх, гаргасан бол ямар шалтгаан үндэслэлтэй болох, тус төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгах үндэслэлтэй эсэх зэрэгт үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

                   ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

                   ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ