Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 24

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* ******* гудамжны ******* байрны ******* тоотод оршин суух, ******* ******* /РД:/

Хариуцагч: дүүргийн ******* хороо, тоотод оршин суух, ийн /РД:УЕ630131*******/-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 7.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн, 2017 оны 11 дүгээр  сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., нарийн бичгийн дарга Д.Амарзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д. 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 4.500.000 төгрөгийг хүүгүй 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өгөхөөр гарын үсэг зурж нотариатаар батлуулсан боловч өнөөг хүртэл төлөөгүй. Иймд Д.гээс 4.500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г. нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ: Харилцан тохиролцож зөвшөөрсөний үндсэн дээр гэрээ хийгдсэн. Нэмж 3.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г. шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа: 2009 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Д.гийн хүсэлтээр 16.500.000 төгрөгийг 5 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэй, барьцаагүй зээлсэн. Д. үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учраас 2012 оны 8 дугаар сард шүүхэд хандсан. Шүүх 2012 оны ******* сарын 18-ны өдөр 279 дүгээр шүүгчийн захирамжаар Д. үндсэн зээл, хүү, алданги, улсын тэмдэгтийн хураамж нийт 35.062.000 төгрөг өгөхөөр тохиролцон эвлэрсэн. Гэтэл шийдвэр гарсанаас хойш шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад Д. 2 давхар объeктын  гэрчилгээг барьцаанд тавья та өргөдөл өгч битүүмжлэлээс үл хөдлөх хөрөнгийг гаргаж өгөөч гэж гуйсан. Тэрээр шийдвэр гарснаас хойш хүүг өгнө гэхээр нь нотариат н.Жигжидсүрэнгээс зөвөлгөө авч, 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөгний зээлийн гэрээ, 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 4.500.000 төгрөгний зээлийн гэрээг хүүгүй, хугацаатай байгуулж нотариатаар батлуулсан. Бэлэн мөнгө Д.д өгөөгүй. Ингэж баталгаа өгсөн учраас Д.гийн амьдралыг бодоод шийдвэр гүйцэтгэлээс гүйцэтгэх хуудсаа буцааж авсан. Үүнийг миний хүү мэдээд 2015 оны 5 сард гүйцэтгэлийн ажиллагааг сэргээсэн. Д.гээс болж маш их хохирч байгаа учраас 7.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2009 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 16.500.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор зөвшөөрч зээлсэн нь үнэн. Энэ асуудал 2012 оны ******* сарын 18-ны өдөр шүүх хурлаар зээлийн хүүгийн эцсийн хоног хүртэл тооцож, гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар алданги бодуулж шийдвэрлүүлсэн. Уг асуудал шүүхээр шийдэгдсэнээс хойш Г. над дээр байнга ирж дарамт үзүүлсээр байгаад уг шийдвэрээс хойшхи хүүгийн нийлбэрийг тооцон 3.000.000 төгрөг хүүгүйгээр зээлсэн гэж 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Дараа нь 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 9 сарын хугацааны хүүгийн нийлбэр гээд 4.500.000 төгрөг хүүгүйгээр зээлсэн гэх гэрээг хүчээр хийлгэсэн болно. Бидний хооронд мөнгө авч өгөлцсөн асуудал байхгүй. Ийм 2 гэрээ хийлгэсэн байж яагаад эхнийхийг нь буюу 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг орхиж, 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хийсэн зээлийн гэрээний үүргийн биелэлт гаргуулахаар шүүхэд өгсөн юм бэ гэвэл эхнийхийг нь сараар нь тооцож үзэхээр ялт ч үгүй шүүхээр шийдүүлсэний дараах хугацааны хүүгийн нийлбэр болох нь нотлогдох учир зориуд 2 дахь гэрээг өгсөн байна. Би Г.гээс зээлсэн мөнгөө өгч чадалгүй шүүхээр орж, цаашлаад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад төлбөрөө төлж чадахгүй байхад дахиад хүүгүй мөнгө зээлдүүлнэ гэж байхгүй шүү дээ. Одоогийн байдлаар би Г.д зээл авснаасаа хойш 10.577.000 төгрөг бэлнээр төлсөн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 32.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж миний хөрөнгө болох 2 давхар обектийг Г.д 50 хувийн үнийн дүнгээр худалдах санал тавьсан. Г. 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр уг обектийг худалдаж авах саналаа бичгээр өгсөн. Надад Г.гээс гадна 7 төлбөр авагч байгаа бөгөөд обектийг өөрийн үнийн дүнгээс нь 50 хувиар хямд борлуулж байгаа учир 80.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй үлдэж байгаа. Гэтэл Г.гийн шунал дуусахгүй байна. Хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хүү зогсдогийг мэдсээр байж надтай дахиж хүү тооцон зээлийн гэрээ хийсвэрээр байгуулсан учир Г.гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Г. нь 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 4.500.000 төгрөгийг хариуцагч Д.д зээлдүүлсэн. Гэрээний үүргийг 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр авна гэсэн гэрээ хийсэн. Мөн 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөгийг хүүгүй зээлдүүлсэн, зээлийг 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдөр буцаан төлнө гэсэн гэрээнүүдийг тус тус хийсэн. Гэхдээ энэ мөнгийг бол бодитоор зээлдүүлээгүй, нэхэмжлэгч өөрөө тайлбартаа хэлж байна. Өмнө нь шийдвэрлэсэн Багахангай, дүүргийн шүүхийн 2012 оны ******* сарын 18-ны өдрийн 279 дүгээр шүүгчийн захирамжаар Д.гээс 32.000.000 төгрөг гаргуулан Г.д олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд байх хугацаанд шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацааны хүүг тооцон хийсвэрээр хийсэн гэрээ гэдгийг Д. тайлбарласан. Г. 01 дүгээр сарын 14-ний өдөр гүйцэтгэх баримт бичгийг буцааж авах хүсэлт гарган баримтаа буцааж авсан. Энэ нь хүү авах учраас гүйцэтгэх баримт бичгийг буцааж авья гэсэн тохиролцоо хийсэн гэж тайлбарласан. Гэхдээ 2015 оны 5 дугаар сарын *******-ны өдөр Г. хүүдээ итгэмжлэл олгоод хүү нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин сэргээн явуулах тухай хүсэлт гаргаснаар Д.гийн эд хөрөнгийг битүүмжилж, хилээр гадагш гарах эрхийг хаасан. Энэ талаарх холбогдох баримтуудыг хэрэгт өгсөн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т зааснаар мөнгө болон эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байна. Нөгөө талаас хэрвээ зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзвэл Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1.-д зааснаар анх тохиролцсон тохиролцооноосоо татгалзсан тул гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байгаа. Гэрээнээс татгалзсаны үр дагавар энэ хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар түүнчлэн гэрээ биелсэнээс хойш олсон ашгийг харилцан буцааж төлөх үүрэгтэй гэж заасны дагуу Г. нэгэнт шийдвэр гүйцэтгэлээс бүх материалаа буцааж авна, харин зээлийн хүүгээ тооцож авна гэсэн боловч уг тохиролцооноосоо татгалзаад шийдвэр гүйцэтгэх байгууллагад дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулах тухай хүсэлт гаргасан тул гэрээнээс татгалзах нөхцөл байдал гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлаас хамаарч 7.500.000 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзэж байна. Дараагийн үндэслэл нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан. Энэ хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний үүрэг 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дуусгавар болсон. Үүнээс хойш 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаа нь 3 жил өнгөрсөн байх тул үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Иймд дээрх заалтуудын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г., хариуцагч Д.гээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 7.500.000 төгрөг гаргуулахыг шаардсан.

Тэрээр хариуцагч Д.тэй 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 3.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан 4.500.000 төгрөгийн зээлийн гэрээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон.

Хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, урьд өмнө шүүхээр шийдвэрлэгдсэн зээлийн гэрээнд нэмж хүү тооцож хүчээр гэрээ байгуулсан гэж тайлбарлан маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон дээрх 2 зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө зохигчдын хооронд  2009 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 16.500.000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүсч уг гэрээнээс үүссэн маргааныг Багахангай, дүүргийн  шүүх 2012 оны ******* сарын 18-ны өдөр 279 дүгээр шүүгчийн захирамжаар Д. нь Г.д зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 34.715.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 346.910 төгрөг нийт 35.062.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Энэ шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байх үед төлбөр авагч Г. төлбөр авагч Д. нар харилцан тохиролцож дээрх 2 зээлийн гэрээг байгуулж, шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2012 оны ******* сарын 18-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү 7.500.000 төгрөгийг Д. Г.д төлөхөөр амлаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож төлбөр авагчийн хүсэлтээр гүйцэтгэх бичиг баримтыг буцаасан, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 192 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарч Багахангай, дүүргийн шүүхийн 2012 оны ******* сарын 18-ны өдрийн 279 дүгээр шүүгчийн захирамж, 280 дугаар гүйцэтгэх хуудас, дүүргийн шийдвэр гүйцэтгэх хэсэгтэй байгуулсан 2015 оны 5 дугаар сарын *******-ны өдрийн 15/166, 167 дугаар гэрээг үндэслэн төлбөр төлөгч Д.д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 113 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ж.Цэцэгээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг зөвшөөрсөн үйл баримт болжээ. Энэ нь  зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан 2013 оны 01 дүгээр сарын 15, 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрүүдийн зээлийн гэрээнүүд, 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах тухай тогтоол, мөн өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мөн өдрийн төлбөр авагч Г.гийн дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт гаргасан “...Төлбөр төлөгч Д.тэй тохиролцсон тул танай байгууллагатай байгуулсан 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 12/11349 дугаартай урамшууллын хэрэг хүчингүй болгож, баримт бичгийг буцааж олгоно уу” гэсэн гараар бичсэн баримтын хуулбар, 113 дугаар тойргийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 192 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол зэргээр тогтоогдож байна.

2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 4.500.000 төгрөгийн зээлийн гэрээг талууд бичгээр байгуулахдаа хүү болон алданги тогтоогоогүй, харин хугацаа тогтоож хэн аль нь гарын үсэг зурж улмаар нотариараар гэрчлүүлжээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь энгийн, нэг талын гэрээ бөгөөд хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т заасан хүчин төгөлдөр гэж үзэхээр байгаа боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Г. гэрээгээр хүлээсэн мөнгө шилжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй  байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч Г. 2013 оны 01 дүгээр сарын 15, 9 дүгээр сарын 16-ны өдрүүдэд хариуцагч Д.д  7.500.000 төгрөгийг бодитоор шилжүүлж өгөөгүй байх тул зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Г., хариуцагч Д.гээс зээлийн гэрээний үүргийн биелэлт, түүнээс учирсан хохирлыг шаардах эрхгүй учраас  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Зохигчдын хооронд болсон үйл баримтаар нэхэмжлэлийн агуулгыг дүгнэхэд нэхэмжлэгч шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, дуусгавар болсон гэрээний үүргийг үргэлжүүлэн хүү тооцож хэлцэл хийсэн нь хүчин төгөлдөр бус бөгөөд үүнээс үүдэх эрх зүйн үр дагаврыг хариуцагч хариуцах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. Мөн энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” учраас нэхэмжлэгч Г.гийн бусдаас зөвөлгөө авч, бусдыг бодож заавал биелэгдэх шинжтэй шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаанаас өөрөө сайн дураараа татгалзаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоосон нь бусдаас хохирол шаардах эрх үүсэх үндэслэл болохгүй.

Шүүх дээрх маргааныг эцэслэн шийдвэрлэхдээ энэ үндэслэлийг баримтлахгүй, нэхэмжлэгчийн өөрийнх нь шаардлага, үндэслэл, шүүхэд ирүүлсэн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж маргааны эрх зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 228 дугаар зүйлийн 228.2 гэж  үзсэн. 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 5******* зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 149.900 төгрөгийг улсын орлого болгосон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 228 дугаар зүйлийн 228.2-т зааснаар ******* ******* гийн нэхэмжлэлтэй ийн д холбогдох 7.500.000 /долооон сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 5******* зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Г.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149.900 /нэг зуун дөчин есөн мянга есөн зуун/ төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                  Л.ЭНХБИЛЭГ