| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2018/05240/И |
| Дугаар | 49 |
| Огноо | 2018-01-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 49
Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Н.Баярсүрэн, Л.Энхбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 22 дугаар хороо, Зүүн наран 13 дугаар гудамж, 174 тоотод оршин суух, Цоохор хатигин овгийн Баттөмөрийн Ариунаа /РД:ЛЮ75102826/
Хариуцагч: Налайх дүүрэг 5 дугаар хороо, Гандан-Ам 3 дугаар гудамж 03 тоотод оршин суух, Сүмчин Хишгээгийн Анхбат /РД:УД90031417/-д холбогдох гэм хорын хохирол 8.000.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг тус шүүх 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Чимэдбал, хариуцагч Х.Анхбат, иргэдийн төлөөлөгч Д.Мөнхтуяа, Ц.шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ариунаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...би Х.Анхбатын үйлдсэн гэмт хэргийн улмаас 3-16 насны 6 өнчин хүүхэдтэй үлдсэн. Тэрээр хүүхдүүдийг насанд хүртэл тэтгэмж төлнө, оюутан хүүхдийн төлбөр төлнө гэж амлаж гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Иймд Х.Анхбатаас 8.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чимэдбал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ослын улмаас 6 өнчин хүүхэд үлдсэн. Шүүх хуралдаанаас хойш хүүхдийн сургалтын төлбөр өгнө гэж гэрээ байгуулаад нэг ч төгрөг төлөөгүй. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэхэхгүй. Гэрээгээр тохирсон 8.000.000 төгрөгийг сар бүрийн 20-ны өдөр 150.000 төгрөгөөр төлнө гэснийг зөвшөөрч эвлэрье гэв.
Хариуцагч Х.Анхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зам тээврийн осол гаргаж нэхэмжлэгч Б.Ариунаагийн нөхрийн амь насыг бүрэлгэсэн. Үйлдсэн гэмт хэрэгтээ 2 жилийн хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнэсэн хянан харгалзах ял авсан. Оршуулгын зардал 4.400.000 төгрөг төлсөн. Шүүх хуралдааны дараа Б.Ариунаа эгчид охиных нь сургалтын төлбөр 8.000.000 төгрөгийг хэсэгчлээд төлөе гээд гэрээ хийсэн. Гэтэл энэ явдлын дараа дахин зам тээврийн осол гаргаж хорих ялаар шийтгүүлж шоронд суусан. Энэ бүх шалтгаанаас Б.Ариунаа эгчид мөнгө төлж чадаагүй. Одоо энэ мөнгийг сар бүр 100.000 төгрөгөөр төлөх боломжтой. Өөрөөр надад төлөх чадвар байхгүй гэжээ.
Хариуцагч Х.Анхбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 8.000.000 төгрөгийг энэ оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс сар бүрийн 20-ны өдөр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулая гэв. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ариунаа хариуцагч Х.Анхбатаас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 8.000.000 төгрөг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч Х.Анхбат шүүх хуралдааны явцад 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүрэгт Зүүн нарангийн 13 дугаар гудамжид 82-10УНЦ улсын дугаартай Хюндай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1, 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсгүүдийг зөрчин нэхэмжлэгч Б.Ариунаагийн нөхөр Л.Ганбаатарын амь насыг хохироож Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэргийг үйлдэж эрүүгийн хариуцлагыг хүлээсэн үйл баримт, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шаардсан гэм хорын хохирол 8.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх санал гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч саналыг хүлээн авч зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан.
Уг гэрээнд: Нэхэмжлэгч Б.Ариунаагийн гэм хорын хохирол оюутны сургалтын төлбөр 8.000.000 төгрөгийг сар бүрийн 20-нд 150.000 төгрөгөөр төлж байхаар тохиролцож эвлэрэв. Хугацааг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сар хүртэл сар бүрийн 20-ны өдөр 150.000 төгрөгөөр, 2022 оны 6 дугаар сард 200.000 төгрөгөөр хэсэгчлэн авахаар харилцан тохиролцов гэжээ.
Энэхүү гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, зохигчдын хүсэл сонирхол бүрэн тусгагдсан, тэд төлбөр төлөх хугацаа, хэмжээний талаар бүрэн тохиролцсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.
Шүүх хуралдааны явцад зохигч эвлэрсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хууль заасан журмын дагуу шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагч Сүмчин Хишгээгийн Анхбат нэхэмжлэгч Цоохор хатгин Баттөмөрийн Ариунаад гэм хорын хохирол 8.000.000 /найман сая/ төгрөг төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сар хүртэл сар бүрийн 20-ны өдөр 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр, 2022 оны 6 дугаар сард 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чимэдбал зөвшөөрч зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.500 /нэг зуун дөчин хоёр мянга таван зуун/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Анхбатаас 71.250 /далан нэгэн мянга хоёр зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ариунаад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.Анхбат сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС
ШҮҮГЧИД Н.БАЯРСҮРЭН
Л.ЭНХБИЛЭГ