Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/62

 

 

 

 

      2022         05           13                                      2022/ШЦТ/62

       

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                                             Б.Н,  

Улсын яллагч                                                            З.Х,

Шүүгдэгч                                                                    Ж.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Х-т  холбогдох эрүүгийн 2104000000048 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “Аз” автозасварын газарт засварчин ажилтай, ам бүл 6, эцэг, эх, 2 дүү, хүүхдийн хамт Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хэсгийн ....тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, С овгийн Ж-ын Х /РД:УЮ97080715/.  

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч  Ж.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2022 оны 3 дугаар сарын 16-ны шөнө 01-02 цагийн орчимд Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Майлд Хаус” баарны гадна хэсэгт хохирогч Ц.Г-тай маргалдан, улмаар түүний нүүр, толгойн ар хэсэг, эрүүн тус газарт хэд, хэдэн удаа цохих, толгойн хэсэг болон нурууны ар хэсэгт өшиглөх зэргээр зодсоны улмаас биеийн эрүүл мэндэд нь 21 дүгээр шүдний булгаралт, буйланд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Х шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 3 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 01 цагийн орчим Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Майлд хаус” бааранд нэг ахтай маргалдсан юм. Тэгээд баарны гадна тамхи татаад зогсож байхад нөгөө маргалддаг ах баарнаас гарч ирээд хэрүүл хийгээд байхаар нь  би баруун гараараа тухайн ахын зүүн шанаа хэсэг рүү нь 1 удаа цохисон.  Тэгээд бид хоёр заамдалцаад зогсож байхад бааранаас тэр ахтай хамт явж байсан бололтой нэг ах гарч ирээд надтай маргалдсан. Тэгээд би тэр хоёртой маргалдсан. Ц.Ггэдэг хүнд эмчилгээний мөнгө гэж 300,000 төгрөг бэлнээр өгсөн.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 69-р хуудас/,

Ц.Г-рын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,

Н.П-жийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 25-35-р хуудас/,

Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 166 дугаартай дүгнэлт /хх-ийн 50-51-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 12-24, 73-83-р хуудас/,

Шүүгдэгч Ж.Х-рын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 72-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Ж.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2022 оны 3 дугаар сарын 16-ны шөнө 01-02 цагийн орчимд Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Майлд Хаус” баарны гадна хэсэгт хохирогч Ц.Г-тай маргалдан, улмаар түүний нүүр, толгойн ар хэсэг, эрүүн тус газарт хэд, хэдэн удаа цохих, толгойн хэсэг болон нурууны ар хэсэгт өшиглөх зэргээр зодсоны улмаас биеийн эрүүл мэндэд нь 21 дүгээр шүдний булгаралт, буйланд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэм буруутай болох нь:

-  Ц.Г-рын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад би найз П-ийн хамт Багануур дүүрэг 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Майлд хаус” бааранд пиво уусан. Тэгээд пиво ууж байхдаа зүс таних залуутай маргалдсан. Тэгээд гадаа тамхи татдаг цэг дээр ганцаараа тамхи татаад зогсож байхад надтай маргалдсан залуу баарнаас гарч ирсэн. Тэгээд бид хоёр маргалдаад хоорондоо заамдалцаад нэг, нэгнийхээ нүүр рүү цохилцсон. Тэгээд би тухайн залууд цохиулаад газар унахад миний нүүр лүү нөгөө залуу өшиглөсөн. Тэгээд босоод дахиад нэг нэгнийхээ нүүр лүү цохилцсон чинь хажууд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Би шүдээ үзүүлээд “ийм болчихсон байна” гэсэн чинь тэр залуу “цагдаа дуудахгүй юу” гэхээр нь би цагдаа дуудсан. Ж.Х надад эмчилгээний төлбөр гэж 200,000 төгрөг бэлэн өгсөн. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,

Н.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Ц.Г ах баарнаас гарчихсан байхаар нь араас нь гараад очсон чинь баарны гадаа Ц.Гар ах нэг залуутай муудалцаад заамдалцаад байж байхаар нь би салгасан. Ц.Г ах энэ залуу намайг цохьчихлоо гэж байсан. Тэгээд цагдаа дуудаад цагдаагийн хэлтэс явж байхад миний шүд унасан гэж байсан” гэх мэдүүлэг  /хх-ийн 43-р хуудас/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 25-35-р хуудас/,

Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэлд: “2022 оны 3 дугаар сарын 16-ны 02 цаг 55 минутад “Майлд хаус” бааранд хүнд зодуулчихлаа” гэжээ /хх-ийн 1-р хуудас/,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 166 дугаартай дүгнэлтэд: “1. Ц.Г-рын биед 21-р шүдний булгаралт, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрхи шүдний булгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 5 хувь алдагдуулна” гэжээ /хх-ийн 50-51-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5-р хуудас/,

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.   

Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ж.Х нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв. 

Иймд Ж.Ха-рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв. 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Ж.Х нь хохирогч Ц.Г эмчилгээний төлбөрт 300,000 төгрөг төлсөн /хх-ийн 41-р хуудас/ ба хохирогч нь энэ хэрэгт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, ямар нэгэн гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч Ж.Х-рыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан, шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэлүүд хангагдсан гэж дүгнэлээ.   

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ж.Х-рыг хохирогч Ц.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай.” гэв.

Шүүгдэгч Ж.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна.” гэв.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ж.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н  төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй,  шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С овгийн Ж-ын Х-рыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С овгийн Ж-ын Х-т 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг  Ж.Х-т  мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.Х-т тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Х нь хохирогч Ц.Г-т 300,000 төгрөг төлснийг баталж, хохирогч нь энэ хэрэгт холбогдуулж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.
  6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй Ж.Х-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН