Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 138/2018/00037/И |
Дугаар | 138/ШШ2018/00150 |
Огноо | 2018-02-12 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 138/ШШ2018/00150
2018 02 12 138/ШШ2018/00150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ЖЯ92102301 регистрийн дугаартай, Шарайд овогт Батжаргалын Отгонжаргалын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ЖБ92022516 регистрийн дугаартай, Урианхан овогт Мягмарсүрэнгийн Өнөржаргалд холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 1 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Отгонжаргал, хариуцагч М.Өнөржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Отгонжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр Өнөржаргалтай 2011 онд танилцаж хамт амьдарсан бөгөөд 2013 онд Дорнод аймгийн Хэрлэн сумын засаг даргын тамгын газарт албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2013 оны 8 сарын 23-ны өдөр охин Анунгоо төрсөн. Бидний хамт амьдарсан эхний 3 жил аз жаргалтай, сайхан байсан. Гэвч сүүлийн жилүүдэд Өнөржаргал найз нөхөдтэйгөө ууж, хоногоор явдаг болсон. Иймэрхүү байдлаас болоод бидний хооронд хэрүүл маргаан их гардаг болсон. Сүүлд буюу 2016 онд хардалтаас болж надад гар хүрсэн. Энэ байдлаас болж бид хамт амьдрах аргагүй болж харилцан ярилцаад салахаар шийдсэн. Тусдаа амьдраад жил гаруй хугацаа өнгөрч байна. Охиноо би өөрийн асрамжинд авсан. Иймд бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Мөн Өнөржаргалаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч М.Өнөржаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие эхнэр Отгонжаргалтай 2011 онд танилцаж хамт амьдарсан. Бидний дундаас 2013 онд охин Анунгоо төрсөн. 2013 оны 9 сарын 19-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бидний хамт амьдарсан мөч бүхэн сайхан байсан. Отгонжаргал 2016 оны намар Эрээнцав суманд ажиллахаар явсан. Би охины хамт хөдөө аав ээж дээрээ хамт байсан. Тэр үед Отгонжаргалтай холбоо барихад хэцүү байсан. Залгахаар утсаа авахгүй, 2-3 хонож байж нэг ярьдаг байсан. Тэгээд очиж хамт амьдарч ажиллая гэхэд дургүйцдэг байсан. 2016 оны 10 сард тэр ажлаасаа гарлаа, хотод очиж амьдарна гээд бид гурав хамт явсан. Тэр явдлаас хойш бид хоёр таарч тохирохгүй маргалддаг болсон. Би Отгонжаргалыг зодож биед нь хохирол учруулж байгаагүй. Иймд би гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Мөн би охиноо эхийн хайраар дутаамааргүй байгаа учир эхийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлгийг сар тутам төлнө гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Отгонжаргал нь хариуцагч М.Өнөржаргалд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлээ шүүх хуралдаан дээр дэмжсэн болно.
Б.Отгонжаргал, М.Өнөржаргал нар нь гэрлэлтээ 2013 оны 9 сарын 19-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 181 дүгээрт бүртгүүлж, 2011 оноос 2016 оны 12 сар хүртэл хугацаанд хамт амьдарсан байх бөгөөд 2013 оны 8 сарын 23-ны өдөр охин Ө.Анунгоог төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 0000947343 дугаартай төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, 0185930 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Отгонжаргал нь тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч хариуцагч М.Өнөржаргал нь “шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хүрэлцэн ирээгүй” гэсэн үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.
Гэрлэгчид нь сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүйгээс 2016 оны 12 сараас одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч эвлэрээгүй тул эвлэрүүлэх арга хэмжээг дахин авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь 2013 оны 8 сарын 23-ны өдөр төрсөн охин Ө.Анунгоог өөрийн асрамжинд авах санал гаргасныг хариуцагч М.Өнөржаргал хүлээн зөвшөөрч байх тул охин Ө.Анунгоог эх Б.Отгонжаргалын асрамжинд үлдээхээр шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар “Гэрлэгчид бие биеэ, эцэг эх нь хүүхдээ ... энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “Эцэг эх нь насанд хүрээгүй болон ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” болно. Иймд 2013 оны 8 сарын 23-ны өдөр төрсөн охин Ө.Анунгоог тэжээн тэтгэх үүрэг хуульд зааснаар хариуцагч М.Өнөржаргалд үүсч байна.
Иймд хариуцагч С.Өнөржаргалаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Урианхан овогт Мягмарсүрэнгийн Өнөржаргал, Шарайд овогт Батжаргалын Отгонжаргал нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2013 оны 8 сарын 23-ны өдөр төрсөн охин Ө.Анунгоог эх Б.Отгонжаргалын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2013 оны 8 сарын 23-ны өдөр төрсөн охин Ө.Анунгоог 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.Өнөржаргалаас сар тутам тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч Б.Отгонжаргалд олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168.811 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч М.Өнөржаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 168.811 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Отгонжаргалд олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
8. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ