Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/113

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

Улсын  яллагч Б.Батцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч О.С-нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О.С- холбогдох эрүүгийн 2022000000148 тоот  хэргийг 2020 оны 12 сарын 11-ний өдөр хүлээн авч хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 8 сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хөрс” шатахуун түгээх станцад түгээгч ажилтай, ам бүл 1, одоо 2 дүүгийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р багийн Эрчмийн 3 гудамжны 1 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М овгийн О О.С-/РД:ххххххххх/

 

Шүүгдэгч О.С-нь / яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтуурсан үедээ 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт байх хөдөө хээр газарт хохирогч Б.М эр, эмийн хардалтын улмаас маргалдах явцдаа “машины түлхүүр булааж авлаа” гэх шалтгаанаар биед нь халдаж, хөлөөрөө нүүр лүү нь 1 удаа, нуруу руу нь 1 удаа өшиглөж зодон эрүүл мэндэд нь ооч, доод уруулд шарх, нуруунд зулгаралт, зүүн зовхи, эрүү баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч О.С-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

- Шүүгдэгч О.С-мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ‘’...2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр би аймгаас зүүн тийш 5 км зайд байх хөдөө алд очиж идшээ авахаар болоод тэгээд найз болох Б.М мөн Ө ах, Ж эгч, О гэх хүмүүсийг машинд суулгаад аваад явсан юм. Тэгээд замдаа бид нар 1 шил ёслол нэртэй архи, 2.5 л пиво гаргаж ирээд хувааж уусан юм. Гэхдээ бид нар согтоогүй, тэгээд хөдөө айлд очоод 12 ямааг барьж газар дээр нь амийг нь хорлоод тэгээд машин дээр ачаад аймаг явсан. Аймгийн зүүн урд хөдөө хээр явж байтал манай найз охин утсаар залгасан. Тэгтэл Б.М-хэнтэй утсаар яриад байгаа юм гээд намайг хардаад машины түлхүүрийг буцааж хариулаад салгаж авсан тэгэхээр нь би уурлаад чи яагаад байгаа юм, яагаад хардаад байна гээд машинаас гаргаад машины гадаа Б.М- татаж газар унагаад нүүр лүү нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн мөн нуруу луу нь бас хөлөөрөө өшиглөж зодсон. Тэгээд эргээд машинд суулгаад Сайнцагаан сумын 6-р багт байх гэрт нь хүргэж өгтөл цагдаа нар ирээд намайг барьсан юм. Харин машин дотор сууж явсан хүмүүс машинаас буугаагүй, гадаа харанхуй байсан. Март бид хоёроос өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-31-34/

- Хохирогч Б.М-: ‘’...2020.11.24-ний өдөр би 14 цаг гээд О.С хамт аймгаас зүүн хойш 5кмт хөдөө айлд очиж С идшийг авах санаатай Ж, Г, О нартай хамт 5-уулаа машинтай явсан. Тэгээд хөдөө очоод 12 тооны бага мал бариад амийг нь хорлоод тэгээд шууд аймаг орохоор явж байгаад замдаа манай найз О.С-нэг хүнтэй утсаар ярьсан. Тэгэхээр нь би жаахан хардаад хэнтэй утсаар ярьсан юм гэхэд чамд ямар хамаатай юм гээд тэрнээс болоод О.С хоорондоо маргалдсан юм. Аймгийн урд талд хээр газар О.С-машинтай зогссон, тэгээд машинаасаа буугаад холдоогүй байж байтал О.С-намайг зодсон юм. Гадаа харанхуй болсон байсан юм. Ойролцоогоор цаг 19 цаг л болж байсан байхаа. О.С-миний зүүн нүд рүү хөлөөрөө өшиглөсөн, мөн гараараа нэг удаа цохисон. Мөн миний уруул руу цохиод уруул язалсан, нуруу руу бас хөлөөрөө өшиглөж зодсон юм. Хамт явсан хүмүүс машинаас буугаагүй, машиндаа л байсан. Хажууд харж байсан хүн байгаагүй. Тэгээд бид 2 машиндаа суугаад Сайнцагаан сумын х-р баг, Боржигоны х тоотод гэртээ ирсэн. Миний амнаас цус гарсан байсан, мөн зүүн талын нүд хөхөрсөн байсан юм. Тэгээд найз О гэгчийг дуудсан манай найз ирээд ирээд шууд цагдаагийн газарт дуудлага өгсөн юм. Тэгээд би найзтайгаа хамт аймгийн нэгдсэн эмнэлэг орж эмчид үзүүлээд уруул дээрээ оёдол тавиулсан юм... Надад гомдол, санал алга. Нэхэмжлэх зүйл гэвэл эмчилгээний мөнгөө төлүүлнэ... Машинаас буугаагүй гадаа бид 2 л байсан. Машинд Ж, О, Ө ах нар байсан юм. Тэр хүнийг бид нар андуураад Г гэж хэлсэн байна. Тэр хүн бол Өлзийбат...’’ гэх мэдүүлэг /хх-4-6/

- Гэрч О.О: “...2020.11.24-ний өдөр намайг Сайнцагаан сумын 1-р баг Мандалын 4-12 тоотод гэртээ хүүхэдтэйгээ байж байтал орой 20 цагийн үед манай найз Б.М-утсаар уйлаад ярьсан. О.С-намайг зодсон миний найз гэрт хүрээд ир гэхээр нь би Б.М- гэрт очсон. Манайг гэрт нь орж очиход Б.М-гэртээ ганцаараа байсан. Гэрт нь хүүхдүүд нь байгаагүй. Март уйлчихсан уруулаас нь цус гарсан, уруул нь язарсан харагдсан. Мөн зүүн талын нүд нь хөхөрч хавдсан харагдсан. Би чамайг хэн зодсон юм гэхэд О.С-намайг өшиглөж зодсон гэж хэлсэн. Би цагдаагийн газарт 20 цаг 48 минутад утсаар ярьж дуудлага өгсөн юм. Дуудлагаар цагдаа нар ирээд явсан. Би М дагуулаад аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт очиж эмчид үзүүлээд уруул дээр нь оёдол тавиулсан юм. Тэрнээс би Санжааг зодож байхыг нь хараагүй, хажууд байгаагүй, тэр хоёр хоорондоо юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна, зодуулсан л байсан ...” гэх мэдүүлэг  /хх-10/

- Гэрч Ц.Ө: “...2020.11.24-ний өдөр намайг гэртээ эхнэртэйгээ хамт байж байхад О.С-гэх залуу машинтай ирээд тэгээд хамт идшинд яваад өгөө гэж гуйсан. Тэгээд би эхнэр Ж аваад хамт Дундговь аймгаас зүүн урагш гарсан. Гэтэл О.С-машинаасаа 1 шил 0.75л Ёслол нэртэй архи гаргаж ирсэн мөн 2.5л пиво хамт гаргаж ирээд задалсан. Би жаахан уусан. Тэгээд бид нар аймгаас зүүн урагш 5 кмт байх хөдөө нэг айлд очиж 12 тооны ямааны амийг нь хорлоод машин дээр ачаад тэгээд шууд аймаг руу явж байтал О.С-нэг хүнтэй утсаар ярьсан. Тэгтэл тэрнээс болоод О.С-тэр хоёр маргалдсан. Тэгээд Март машины түлхүүрийг нь сугалж аваад машинаас буусан, араас нь О.С-гарсан. Тэгээд тэр хоёр гадаа байж байгаад ороод иртэл М амнаас цус гарсан харагдсан. Б.М- О.С-зодсон юм шиг байна лээ. Би машинаас буугаагүй болохоор зодож байгааг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-13-14/

- Гэрч Б.Ж: “...2020.11.24-ний өдөр намайг Сайнцагаан сумын 6-р баг Боржигоны 1-7 тоотод гэртээ байхад О.С-гэх залуу машинтай манай гадаа ирээд хамт идшинд яваад өгөөч гэж гуйсан юм. Тэгээд би нөхөр Ө хамт бид нар Дундговь аймгаас зүүн урагш гарсан тэгтэл О.С-машинаасаа нэг шил 0.75 л ёслол нэртэй архи гаргаж ирсэн мөн 2.5 л медведь нэртэй пиво гаргаж ирээд задалсан тэрнээс бид нар ууцгаасан тэгээд бид нар аймгаас зүүн урагш 5кмт байх хөдөө нэг айлд очиж О.С-ийн идэшний бага мал болох 12 тооны ямааг бариад амийг нь хорлоод машин дээр ачаад тэгээд шууд аймаг руу явж байтал О.С-нэг хүнтэй утсаар ярьсан тэгтэл тэрнээс болоод Б.М, О.С-хоёр маргалдсан Б.М-болохоор С хардсан юм. Тэгээд М машины түлхүүрийг нь сугалж аваад машинаас буусан араас нь О.С-гарсан тэгээд тэр 2 гадаа байж байгаад ороод иртэл М амнаас цус гарсан харагдсан Б.М- О.С-зодсон байсан. Бид нар машинаас буугаагүй болохоор зодож байгааг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/  

- Гэрч О.Н: “...Миний ах О.С-нь төлөв даруу зантай, үг дуу цөөтэй хүн байгаа юм. Манай ах 4-р анги төгсөөд сургуулиас гарсан. Бичиг үсэг мэднэ. Мөн 2010 онд цагийн алба хаасан. Одоогоор ажилгүй байгаад Хөрс ШТС-д түгээгчээр ажилд орсон юм. Урьд өмнө нь нэг хүнтэй гэр бүл болоод 2 хүүхэдтэй байж байгаад салсан. Архи тамхи хэрэглэдэггүй., урьд өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй. Харин би тэр Б.М-гэх хүнийг хальт л ахаас сонсож байсан. Тэрнээс манай ах тэр хүнтэй ямар нэгэн холбоо байхгүй, гэр бүл биш...” гэх мэдүүлэг /хх-17-18/

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 сарын 27-ны өдрийн 250 дугаартай: “Б.М- биед ооч, доод уруулд шарх, нуруунд зулгаралт, зүүн зовхи, эрүү баруун зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 2020.11.24-ний бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хохирлыг тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт /хх-20-21/

- Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л 2020.12.10-ны өдрийн “О.С-нь эрүүгийн гэмт хэрэгт холбогдож шалгагдаж дууссан. Хохирогч Б.М-нь ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй хохирлын 100.000 төгрөгийг хүлээж авсан. Иймд О.С- холбогдох хэргийг хялбаршуулсан хэлбэрээр шийдвэрлэж өгнө үү” гэх бичгийн хүсэлт /хх-ийн-57/

- Багийн засаг даргын тодорхойлолт /хх-51/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-37/

- Хохирогч Б.М- 5450183039 тоот дансанд 96.000 төгрөг шилжүүлсэн 2020.12.11-ны өдрийн Хаан банкны хуулга /хх-ийн 58/

- Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

           Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч О.С-нь 2020 оны 11 сарын 24-ний өдөр хохирогч Б.М- зодож бие махбодод нь халдсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.

Хохирогч Б.М-нь шүүгдэгчид зодуулсны улмаас биед нь ооч, доод уруулд шарх, нуруунд зулгаралт, зүүн зовхи, эрүү баруун зүүн бугалганд цус хуралт гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээч эмчийн 2020 оны 11 сарын 27-ны өдрийн 250 дугаартай дүгнэлт болон бусад баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч О.С-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.С- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.С-нь хохиролд 96.000 төгрөг төлсөн, хохирогч Б.М шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, энэ нь Эрүүгийн  хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах юм.

Шүүгдэгч О.С-нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулж, хохирогчоос гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгч О.С- Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох  ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч О.С- Эрүүгийн

хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.С-шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч О.С-нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч М овгийн О С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч О.С- Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч О.С-нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчин төгөлдөр болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.С- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Дундговь аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.ШҮРЭНЧУЛУУН