Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 366

 

 

 

 

 

 

 

 2019           4             23                                             2019/ДШМ/366                                              

 

Н.Х- , Б.Ө нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Оюунжаргал,

иргэний хариуцагч Х.Энхсүх,  

хохирогч Ц.Билэгтийн өмгөөлөгч Х.Базаррагчаа,

яллагдагч Н.Х- , түүний өмгөөлөгч О.Баясгалан, Т.Мөнхтуяа,

яллагдагч Б.Ө-ийн  өмгөөлөгч Т.Даваажав,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 378 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Оюунжаргалын бичсэн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Н.Х- , Б.Ө нарт холбогдох 1703001460451 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б овгийн Н-ын Х- , .................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................./;

 

2. Ө овгийн Б-ийн Ө, ................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....................../;

 

Улаанбаатар Төмөр замын татах хэсгийн даргаар ажиллаж байсан Н.Х-  нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Машин механизм, тоног төхөөрөмжид тавигдах шаардлагад холбогдох заалтууд”, “Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, ердийн шаардлага МNS 4930:2000 Монгол Улсын стандартын 3.2.1-д “Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нь эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан, аюулгүй ажиллагааны зөвшөөрөл, гэрчилгээтэй байна” гэж заасныг тус тус зөрчин аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хяналт тавих, байгууллагад мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмын хэрэгжилтийн байдалд үзлэг шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүйгээс Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн депогийн механик цех дотор 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 09 цаг 40 минутын орчимд тус цехийн засварчин Ц.Билэгт нь лист нугалах СМ И1330 маркийн суурийн машинд төмөр нугалах ажил хийх гэж байхдаа кривошипны барбаны далбаанд зүүн хөлөө хавчуулж, зүүн хөлийн нарийн шилбэ тасарч, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан,

Улаанбаатар Төмөр замын татах хэсгийн хөдөлмөр хамгааллын инженер Б.Ө нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Үйлдвэрлэлийн зориулалттай, хүний эрүүл мэндэд аюул учруулж болох машин механизм, тоног төхөөрөмжийн талаар ажил олгогч нь дараах шаардлагыг хангасан байна”, 9.1.1-д “Машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем бүрдэл хэсэг “ажлын байр, гарц, шат, хашлага хамгаалах хэрэгсэл” нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх”, 9.1.3-д “Машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж зөвшөөрөл, гэрчилгээ авсан байх”, 9.3-д “Цахилгааны тоног төхөөрөмж нь удирдлага, дохиолол, хаалт, хамгаалалттай, гарч болзошгүй, ослоос урьдчилан сэргийлэх хэрэгслээр тоноглогдсон байна” гэсэн заалтуудыг тус тус зөрчин үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа машин механизмын аюулгүй ажиллагаа түүнд тавигдах шаардлагыг хангаж ажиллуулах үүргээ биелүүлээгүйгээс Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн депогийн механик цех дотор 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 09 цаг 40 минутын орчимд тус цехийн засварчин Ц.Билэгт нь лист нугалах СМ И1330 маркийн суурийн машинд төмөр нугалах ажил хийж гэж байхдаа кривошипны барбаны далбаанд зүүн хөлөө хавчуулж, зүүн хөлийн нарийн шилбэ тасарч, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Яллагдагч Н.Х- , Б.Ө нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Х- д “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах” тухай тогтоол нь ойлгомжгүй, прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1703001460451 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолын тогтоох хэсэгт “...Намсрайжавын Х-  нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны арга хэмжээний акт болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан “Машин механизм, тоног төхөөрөмжид тавигдах шаардлагад холбогдох заалтууд”-ыг зөрчин гэсэн нь “холбогдох заалтууд” гэдэг ямар заалтууд хамаарч байгаа талаар дурдаагүй байна.

Иймд Н.Х- , Н.Ө нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.17 дахь заалтад заасан “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол ...ойлгомжгүй болсон” гэж үзэхээр байгаа тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэж, улмаар энэ тогтоолыг үндэслэж яллах дүгнэлт үйлдсэн тул яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэх боломжгүй юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусад хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээс иш татсан зохицуулалттай тул энэ талаар тодорхой хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай болно. Яллагдагч Н.Х- , Н.Ө нарт холбогдох эрүүгийн 1703001460451 дугаартай хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж, яллагдагч Н.Х- , Н.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Оюунжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1703001460451 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолын тогтоох хэсэгт ...Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай заана”, 4 дэх хэсэгт “прокурор тогтоолын тодорхойлох хэсэгт тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримтын жагсаалт, нотлох баримт тус бүрд тусгагдсан мэдээллийн хэр хэмжээг тогтоож тусгана” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус зүйлчилж, яллагдагчаар татах тогтоолын тогтоох хэсэгт тодорхой тусгасан болно.

2 дугаар хавтас хэргийн 237-238 дугаар хуудсанд авагдсан “...Шинжээчийн нэмэлт дүгнэлт гаргах тухай” 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн №06-038/06 дугаартай дүгнэлтэд яллагдагч Н.Х-ийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Үйлдвэрлэлийн зориулалттай, хүний эрүүл мэндэд аюул учруулж болох машин механизм, тоног төхөөрөмжийн талаар ажил олгогч нь дараах шаардлагыг хангасан байна”, 9.1.1-д “Машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг “ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл” нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх”, 9.1.3-д “Машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж зөвшөөрөл, гэрчилгээ авсан байх”, 9.3-д “Цахилгааны тоног төхөөрөмж нь удирдлага, дохиолол, хаалт, хамгаалалттай, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх хэрэгслээр тоноглогдсон байна”, 9.5-д “Энэ хуулийн 9.1-9.4-т заасан шаардлагыг хангаагүй машин механизм, тоног төхөөрөмжийг ашиглахыг хориглоно”, Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа. Ердийн шаардлага МNS 4930:2000 Монгол улсын стандартын 3.2.1-д “Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нь эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан, аюулгүй ажиллагааны зөвшөөрөл, гэрчилгээтэй байна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнийг тодорхой дурдсан, мөн 3 дугаар хавтас, 66-68 дугаар хуудсанд авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргээр нотлогдож байхад шүүхээс “холбогдох заалтууд” гэдэгт ямар заалтууд хамаарч байгаа талаар дурдаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн яллагдагч Н.Х-ийн өмгөөлөгч О.Баясгалан нь эрүүгийн 170300146 дугаартай хэрэгт иргэний хариуцагчаар татагдан оролцож байсан, одоо яллагдагчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа нь Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 2.14 дүгээр зүйлийн 2.3-д “Хуульч урьд нь тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч, прокурор, хууль сахиулагч, иргэдийн төлөөлөгч, гэрч, хохирогч, нэхэмжлэгч, хариуцагч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын хувиар оролцож байсан” гэж заасан бол үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэхээс татгалзах үүрэгтэй. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21 дүгээр зүйл “Албан тушаалаас чөлөөлөгдсөний дараах хязгаарлалт”, 21.1.3-д “урьд ажиллаж байсан байгууллагын өмнө аливаа хувь хүн, хуулийн этгээдийг төлөөлөх” гэсэн заалтыг тус тус зөрчжээ.

Иймд яллагдагч Н.Х- , Н.Ө нарт холбогдох хэргийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 378 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

Хохирогч Ц.Билэгтийн өмгөөлөгч Х.Базаррагчаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийг авч үзэх ёстой. Шүүгчийн захирамж өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” гэсэн заалтыг барьж гарсан. Гэтэл шүүгчийн захирамжинд ямар үйл ажиллагаанд оролцогчдын буюу мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болохыг тодорхойлоогүй. Тэгэхээр шүүгчийн захирамж өөрөө хууль зүйн үндэслэлгүй болсон.

Нөгөөтэйгүүр, яллах дүгнэлтэд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хариуцвал зохих этгээдүүдийг тодорхой дурдаж өгсөн гэж үзэж байна. Тухайлбал, аюулгүй ажиллагааны хөдөлмөрийн нөхцөлийг хангах, хяналт тавих нөхцөл байдал зэрэг нь яллах дүгнэлт гэхээс илүүтэй, хавтас хэрэгт авагдсан. Яллах дүгнэлтэд 9 дүгээр зүйл гэж бичигдээд 9 дүгээр зүйлийн 1, 2 гэж дурдаж бичээгүй нь өөрөө ноцтой зөрчил болж байгаа юм уу, эсхүл бүрэн бичээгүй нь зөрчил гэж үзэж хууль зүйн дүгнэлт хийж байгаа бол хууль зүйн дүгнэлт өөрөө яллах дүгнэлт үйлдэж байгаа прокурор хуулийн зүйл, заалт бичсэнээр тодорхойлогдохгүй юм.

Харин хуулийн зүйл, заалт нь хэрхэн хамаарч байгаа гэдгийг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан өгсөн үнэлт, дүгнэлтийг хууль зүйн дүгнэлт гэж үзнэ. Тэгэхээр шүүх, хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэж яллах дүгнэлтийг үзэх нь ойлгомжгүй болсон нь хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

 

Иргэний хариуцагч Х.Энхсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ажил олгогчийн зүгээс 30 гаруй сая төгрөгийг хохирогч Ц.Билэгтэд олгосон. Мөн хохирогч дотоодод үзүүлэх, үйлчилгээ авах боломжтой. Яагаад заавал гадаад болон Солонгос улсад эмчлүүлэх гэж байгаа нь ойлгомжгүй байна. Монгол улсад үзүүлж, эмчлүүлэх боломжгүй гэсэн магадлагаа, дүгнэлт байхгүй.

Манай байгууллага Солонгос улсын эмнэлэгтээ хамтын ажиллагаатай байдаг. Төмөр замын комиссоор дамжуулаад Солонгос улсын тухайн эмнэлгээр хөнгөлөлттэй нөхцөлөөр эмчлүүлэх боломжтой байтал өөрөө энэхүү хүсэлтээ тавихгүйгээр заавал бэлэн мөнгө авах хүсэл сонирхлоор хандаж байгаа. ...” гэв.

Яллагдагч Н.Х-  болон түүний өмгөөлөгч О.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй. Яллах дүгнэлтэд “холбогдох заалтууд” гэж бичээд яллаж байгаа. Хүнийг гэм буруутайд тооцож байгаа бол ямар зүйл, заалтаар яллаж байгаа гэдгийг яллах дүгнэлтэд тодорхой бичих ёстой. Хүний эрхийн фактын 10 дугаар зүйлд, ямар хэрэгт яллагдаж байгааг тодорхой мэдэх ёстой. Холбогдох заалтууд гэж яллах дүгнэлт үйлдэж, түүнийгээ ойлгомжтой байна гэж тайлбарлаж байгаа нь өөрөө үндэслэлгүй.

Хэрэг хянах ажиллагааны явцад мэтгэлцээн явагдах ёстой. Өөрөөр хэлбэл, мэтгэлцээний явцад улсын яллагчийн хүрээнд ийм ийм мэтгэлцээн явагдах ёстой гэж тодорхой тусгасан байж, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний хүрээнд явагдах ёстой.

Энэ хэргийн хувьд гэмт хэрэг мөн эсэхэд дүгнэлт хийх ёстой. Улаанбаатар төмөр замын татах хэсэг 1200 гаруй ажилтантай. Улаанбаатар төмөр замын татах хэсгийн даргын ажлын байрны тодорхойлолтод “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг хэрэгжих нөхцөлийг хангана” гэж байгаа. Энэ нь аж ахуй нэгж, байгууллага, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хуульд заасны дагуу нийт зардлын 3-5 хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилтийг Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын ажиллагааны зардлыг гаргаж өгөх ёстой. Үүнийг Хөдөлмөр хамгаалал ерөнхий инженер, цех, тасаг бүрт хуваарилж, энэ нь Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зардал. Тухайн ажилтан өдөр тутмын зааварчилгаа авсан байсан. Яллах дүгнэлтэд МNS 4930:2000 Монгол улсын стандартын 3.2.1-д заасныг зөрчсөн гэж байна. Энэ стандартад улсын яллагчийн бичиж байгаа дүгнэлтэд “3.2.1” гэсэн заалт байхгүй. Стандарт хэмжил зүйн газраас албан ёсны лавлагаа авахад байхгүй. Тэгэхээр байхгүй стандартын заалт бичиж, тэр байхгүй заалтаар яллах гэж байна. Энэ нь өөрөө хэргийн бодит байдлыг буруу тогтоож, хууль зүйн хувьд үндэслэлгүй, шинжээчийн дүгнэлт нь Монгол улсад байхгүй стандартаар хүнийг ялласан байхад мөрдөгч, прокурор хянахгүйгээр, хийсвэр өөр дүгнэлтээр хүнд ял оногдуулах гэж байгаа учраас хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Захиргааны хэм хэмжээний акт мөн эсэх, үйлдвэрлэлийн ослыг судлах 2015 оны 269 дугаартай дүгнэлт. Энэ нь Хөдөлмөрийн хуульд заасан үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх үйл ажиллагаа. 2015 оноос хойш үйлдвэрлэлийн осол, үйлдвэрлэлийн бус осол гэж 2 эрх зүйн акт гардаг байсан бол 2015 оны 269 дугаартай дүгнэлтээс хойш үйлдвэрлэлийн бүх осол нь үйлдвэрлэлийн осол гэж гарч байгаа. Үйлдвэрлэлийн ослын судлан бүртгэх дүрмийн 2.2-т “ажилтны буруугаас, ажил олгогчийн буруугаас” гэсэн тэмдэглэгээ хийнэ гэж заасан. Энэ нь тухайн ажилтны буруугаас болсон гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын үйл баримтаар тогтоогдож байхад мөрдөн байцаагч, прокурор дүгнэлт хийгээгүй.

Хавтас хэрэгт хэзээ, хаанаас, ямар нотлох баримт авсан болох нь ямар ч тэмдэглэгээ байхгүй. Нотлох баримтад хэн, хаанаас, ямар хэлбэрээр гаргаж өгсөн талаар мөрдөгч баримтжуулах ёстой. Өөрөөр хэлбэл, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль ёсны бэхжүүлж байж, шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцээний үндэслэл болох ёстой. Гэтэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэн, хаанаас гаргаж өгсөн болох нь тодорхойгүй нотлох баримт учир гол нотлох баримтыг үндэслэн тайлбарлах боломжгүй байгаа учир анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. ...” гэв.

 

Яллагдагч Н.Х-  болон өмгөөлөгч Т.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид өмгөөлөгч миний урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан гомдолд дэлгэрэнгүй бичигдсэн.

2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийг баримтлан гэж яллах дүгнэлтэд удаа дараа бичиж байгаа.  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйл дотроо бүлэг, зүйл, заалт, хэсэг гэж байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдвэрлэлийн зориулалттай эрүүл мэндэд учруулж болзошгүй машин механизм, тоног төхөөрөмж ажил олгогчийн шаардлага хангасан” гэсэн хуулийн хэрэглээ байгаа. Энэ нь дотроо их олон хэсэг, зүйл, заалттай байгаа учир мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй.

Мэргэжлийн хяналтын дүгнэлт гаргахдаа 39, 40 улсын стандартыг баримталсан гэж байна. Энэ нь өөрөө байхгүй зүйл, заалт хэрэглэснийг прокурор засах байтал үүний дагуу яллах дүгнэлт бичсэн нь ойлгомжгүй тул хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж анхан шатны шүүх дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Яллагдагч Б.Ө-ийн  өмгөөлөгч Т.Даваажав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “ойлгомжгүй” гэж заасан. Энэ нь 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн ослын дүгнэлтэд Монгол улсад байхгүй стандартыг баримталж дүгнэлт гаргасан. Тэгэхээр энэ ослын дүгнэлт нь өөрөө хүчингүй болох ёстой.

Ослын дүгнэлтэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буруутгасан. Гэтэл энэ нь яллах дүгнэлтэд дурдаагүй. Мөн тогтоох хэсэгт “барбаанд хөл хавчуулагдаж, хөлний шилбэний яс тасарч, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэргийг үйлдсэн” гэж заасан. Болгоомжгүйгээр гэж яллах дүгнэлт үйлдсэн атлаа яллагдагчаар татсан тогтоол нь зөрүүтэй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

 

Яллагдагч Н.Х-  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарын гаргасан саналыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3 дахь заалтад зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн:

-Н.Х-ийг яллагдагчаар татсан “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах” тогтоолын “...холбогдох...” заалтуудыг зөрчин гэж бичсэн нь ойлгомжгүй,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаас иш татсан зохицуулалттай тул энэ талаар тодорхой хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэсэн үндэслэлүүдээр Н.Х- , Н.Ө нарт холбогдох 1703001460451 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Тухайлбал, Н.Х- , Б.Ө нарын ямар үйлдэл /эс үйлдэл/ нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн ямар заалтыг зөрчсөн болохыг ойлгогдохуйц, тодорхой байдлаар яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтийг үйлдэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан яллагдагчийн ямар хэрэгт яллагдаж байгаа мэдэх эрхтэй нь салшгүй холбоотой бөгөөд яллагдагчийн энэ эрх хангагдсанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчим хангагдаж, 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг тогтоох ажиллагаа бүрэн хийгдэх үр дагавартай.

 

Иймд 1703001460451 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 378 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Оюунжаргалын бичсэн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН

 

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ