Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2015/1389

 

2015 оны 8 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2015/1389

Улаанбаатар хот

 

Хын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгч Х, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С нарыг оролцуулан, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 396 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Хын нэхэмжлэлтэй, Эрүүл мэнд, Спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х нь 2000 онд Ш-ийн Комьпютерийн техник менежментийн сургуулийг мэдээллийн технологийн инженер мэргэжлээр төгссөн. 2001 оны 7 дугаар сараас эхлэн Эрүүл мэндийн яаманд мэдээллийн технологийн бодлого хариуцсан мэргэжилтнээр ажилд орсон. 2004 оны 7 дугаар сард төрийн захиргааны албан хаагчийн шалгалт өгч, төрийн жинхэнэ албан хаагч болж тус яаманд 13 жил тасралтгүй ажилласан. Улсын Их хурлын баталсан Засгийн газрын бүтцийн тухай 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулийн дагуу Эрүүл мэндийн яаманд спортын чиг үүрэг нэгтгэгдэж ирсний улмаас тус яаманд харъяалагдан ажиллаж байсан албан тушаалтнуудыг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 389 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн. Уг тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн албан тушаалтнуудыг эгүүлэн ажлын байранд нь байршуулахаар Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 399 дүгээр тушаал гарсан. Гэтэл Хыг буцааж ажилд томилоогүй. Уг 399 дүгээр тушаалын хавсралтын 33-т Эрүүл мэндийн салбарын мэдээллийн технологийн бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн гэдгээр хүн томилогдоогүй хоосон орхисон байдалтай байсан. Хыг өөр ажилд томилно гэж бодож байтал Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 389 дүгээр тушаалаар Цахим эрүүл мэндийн бодлого, хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтнээс чөлөөлснийг ажил хүлээлцэх комисс Хт мэдэгдсэн байдаг. Урьд гаргасан нэхэмжлэлийн Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 389 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Иймд Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 399 дүгээр тушаалаар урьд эрхэлж байсан ажлын байранд томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Эрүүл мэндийн салбарын мэдээллийн технологийн хөгжлийн бодлого хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилохыг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах, ажилгүй байсан хугацааны үндсэн болон нэмэгдэл цалин хөлсийг нөхөн олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, бичилт хийлгүүлэх зэрэг шаардлагуудыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Одоогийн Эрүүл мэнд, спортын яам нь Засгийн газрын 2012 оны "Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" 14 дүгээр тогтоолоор Эрүүл мэндийн яам нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Засгийн газрын 2014 оны "Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" 382 дугаар тогтоолоор Эрүүл мэнд, спортын яам болон өөрчлөн зохион байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна. Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт болсонтой холбоотойгоор Эрүүл мэнд, спортын яамны албан хаагчдын ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдөж зарим албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн юм. Хуучнаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлах тухай" 39 дүгээр тушаалаар цахим эрүүл мэндийн бодлого, хэрэгжилтийн зохицуулалт гэсэн ажлын байр батлагдсан бөгөөд 2014 оны "Албан хаагчдыг ажлын чиг үүргийн дагуу ажлын байранд томилох тухай" 153 дугаар тушаалаар Х нь Цахим эрүүл мэндийн бодлого, хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан байна. Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" 389 дүгээр тушаалаар Эрүүл мэндийн яамны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөн, Эрүүл мэнд, спортын яам байгуулагдсантай холбогдуулан бүх албан хаагчдыг ажлаас чөлөөлж, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн "Албан хаагчдыг ажлын чиг үүргийн дагуу ажлын байранд томилох, ажил хүлээлцүүлэх тухай" 399 дүгээр тушаал гарсан болно. Энэхүү тушаал болон 2015 оны "Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлах тухай" 162 дугаар тушаалаар Хын ажиллаж байсан Цахим эрүүл мэндийн бодлого, хэрэгжилтийн зохицуулалт гэсэн ажлын байр үгүй болж орон тоо нь хасагдсан. Мөн Төрийн албаны тухай хуульд зааснаар Хт 6 сарын тэтгэмж болох 4.775.000 төгрөгийг олгосон бөгөөд ажлын байраар хангаж Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Захирлын 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Ажил, албан тушаалд томилох тухай" Б/30 дугаар тушаалаар Судалгаа, төлөвлөлт, статистик мэдээллийн албанд Технологийн үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилж ажлын байраар хангасан боловч уг ажилд Х нь ажиллаагүй болно. Х нь Төрийн албаны зөвлөлд хандсан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 150 дугаар албан бичгээр ...төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохих байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн, түүнчлэн өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсантай холбогдон гарсан маргаан хамаардаггүй тул харъяалан шийдвэрлэх боломжгүй байна гэжээ. Иймд дээрх нотлох баримтууд болон Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга нь ажилтныг албан тушаалд томилж, чөлөөлсөн бөгөөд Х нь Эрүүл мэндийн салбарын мэдээллийн технологийн хөгжлийн бодлого хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаагүй болно. Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг тус яам хэрэгжүүлж 6 сарын тэтгэмж олгосон, ажлын байраар хангасан нь эрх зүйн үндэслэлтэй байх тул Хын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 396 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3-т заасныг баримтлан Хыг урьд эрхэлж байсан албан тушаалд нь томилохгүй байгаа Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Хыг Эрүүл мэндийн салбарын мэдээллийн технологийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр томилохыг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж,Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Хт ажилгүй байсан 2015 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу тооцож олгохыг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт болсонтой холбоотойгоор Эрүүл мэнд, спротын яамны албан хаагчдын ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдөж зарим албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн юм. Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Албан хаагчдыг ажлын чиг үүргийн дагуу ажлын байранд томилох, ажил хүлээлцэх тухай 399 дүгээр тушаал гарсан болно. Энэхүү тушаал болон 2015 оны Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны чиг үүргийг шинэчлэн батлах тухай 162 дугаар тушаалаар Хын ажиллаж байсан Цахим эрүүл мэндийн бодлого, хэрэгжилтийн зохицуулалт гэсэн ажлын байр үгүй болж орон тоо нь хасагдсан. Мөн Төрийн албаны тухай хуульд зааснаар Хт 6 сарын тэтгэмж болох 4.775.000 төгрөгийг олгосон бөгөөд ажлын байраар хангаж Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Захирлын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Ажил, албан тушаалд томилох тухай Б/30 дугаар тушаалаар Судалгаа, төлөвлөлт, статистик мэдээллийн албанд Технологийн үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилж ажлын байраар хангасан боловч уг ажилд Х нь ажиллаагүй болно. Дээрх нотлох баримтууд болон Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга нь ажилтныг албан тушаалд томилж, чөлөөлсөн бөгөөд Х нь Эрүүл мэндийн салбарын мэдээллийн технологийн хөгжлийн бодлого хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаагүй болно. Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг тус яам хэрэгжүүлж 6 сарын тэтгэмж олгосон, ажлын байраар хангасан. Иймд Захиргааны хэргийн 20 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 396 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Х нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 389 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахыг хүссэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 399 дүгээр тушаалаар урьд эрхэлж байсан ажлын байранд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож Эрүүл мэндийн салбарын мэдээллийн технологийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн байна.

Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тоон илэрхийллээр тооцож гаргаагүй, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Х нь Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газарт Цахим эрүүл мэндийн бодлого, хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтнээражиллаж байсан байх ба Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яам нь Эрүүл мэнд, спортын яам болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яаманд ажиллаж байсан бүх ажилчдыг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 389 дүгээр тушаалаар ажлаас нь чөлөөлж, мөн Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 399 дүгээр тушаалаар албан хаагчдыг шинэчилсэн ажлын байранд буцааж томилохдоо нэхэмжлэгч Хыг томилоогүй байна.

Нэхэмжлэгч Хыг ажилд томилоогүй үндэслэлээ түүний урьд эрхэлж байсан Цахим эрүүл мэндийн бодлого, хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажлын байр хадгалагдан үлдээгүй, орон тоо хасагдсан гэж хариуцагч тайлбарлаж байх боловч бүтэц нь өөрчлөгдсөн Эрүүл мэнд, спортын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Эрүүл мэнд, спортын салбарын мэдээллийн технологийн бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэний ажлын байрны тодорхойлолт дахь чиг үүрэг нь хуучин Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын Цахим эрүүл мэндийн бодлого, хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт дахь чиг үүрэгтэй ижил байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй.

Хэдийгээр Хын урьд эрхэлж байсан албан тушаал Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газарт харъяалагдаж байснаа Стратегийн бодлого, төлөвлөлтийн газарт харъяалагдах болсон, ажлын байрны чиг үүрэгт биеийн тамир, спортын чиглэлүүд нэмэгдсэн байх боловч тухайн ажлын байрны үндсэн зорилт болох Мэдээллийн технологийн бодлого, төлөвлөлт-ийн чиг үүрэг хадгалагдан үлджээ.

Иймд анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах... гэж заасныг зөрчсөн үндэслэлээр Эрүүл мэнд, спортын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Эрүүл мэнд, спортын салбарын мэдээллийн технологийн бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэнээр томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд томилохыг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн, 4.2.5-д төрийн алба мэргэшсэн тогтвортой байх, 27 дугаар зүйлийн 27.2.1-д энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх гэж заасантай нийцжээ.

Мөн хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан Хыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Захирлын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Ажил, албан тушаалд томилох тухай Б/30 дугаар тушаалаар Судалгаа, төлөвлөлт, статистик мэдээллийн албанд Технологийн үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилж ажлын байраар хангасан гэх үйл баримт Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа хангагдсан гэж үзэх үндэслэл болж чадахгүйн зэрэгцээ уг тушаал гарсан талаар нэхэмжлэгч мэдээгүй гэснийг дурьдах нь зүйтэй.

 

Харин шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан олговрыг тоон илэрхийллээр тооцоогүй байх тул зөвтгөж Эрүүл мэнд, спортын яамны 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 3/1508 дугаар албан бичигт тодорхойлсоны дагуу нэхэмжлэгчийн нэг сарын үндсэн цалин болон нэмэгдэл цалинг 1.129.275 төгрөгөөр тооцож /хэргийн 74 дүгээр тал/, ажлаас чөлөөлсөн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 5 сар 13 хоногийн цалин хөлстэй тэнцэх 6.345.450 төгрөгийг /5 сар х 1.129.275=5.646.375, 1.129.275:21хоног=53.775 х ажлын 13хоног=699.075/ нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн болно.

Түүнчлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэрхэн шийдвэрлэснээ зайлшгүй тусгах шаардлагатай бөгөөд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хүссэн шаардлага хангагдаж байгаа тул нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах үндэстэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 396 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Хт 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэлажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6.345.450 төгрөг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлөхийг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ О.НОМУУЛИН