Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2548

 

Ц.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02564 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШГА-нд холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Б- нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 6222 дугаартай шийдвэрийн дагуу 446 231 938 төгрөгийг “Х б” ХХК-д төлөхөөр болсон. НШГА-ны зүгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Мойлтын хүр \12607\ гудамж, 198 тоотод байрлах Эрхийн улсын бүртгэлийн ГД-0003510329, Ү-2207004138 дугаарт бүртгэлтэй 127 м.кв хувийн орон сууц болон гарааш, ГД-000510329, НТД-18676300024681 дугаарт бүртгэлтэй 3500 м.кв талбайтай газрыг НШГА-аас томилогдсон үнэлгээчин 186 699 300 төгрөгөөр үнэлсэний дагуу уг үнэлгээний 70 хувь буюу 130 689 510 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4\49 тоот мэдэгдлийг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсан.

Түүнчлэн, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Толгойт 18101 Москвагийн гудамж, 48 Б байр 180 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201038112 дугаарт бүртгэлтэй 40.49 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг НШГА-аас томилогдсон үнэлгээчин 58 000 000 төгрөгөөр үнэлсэний дагуу НШГА уг үнэлгээний 70 хувиар буюу 40 600 000 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4\80 тоот мэдэгдлийг 2017 оны 4 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан.

Миний бие 2008 оноос хойш Х б-наас бизнесийн шугамын зээлийг авч байсан бөгөөд 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Орон сууц худалдан авах зээл 180 000 000 төгрөгийн зээл хүссэн боловч банкны зүгээс ам.долларын зээл л олгоно гэсэн тул 153 414 ам.долларын зээлийг олгосон. Уг зээлийн дагуу 5 жил 5 сарын хугацаанд банкинд зөвхөн зээлийн хүүнд 80 862 ам.доллар, үндсэн зээлд 44 319 ам.доллар буюу нийт 125 201 ам.долларыг төлж барагдуулж байсан боловч ханшийн зөрүүний улмаас төлж чадахгүйд хүрсэн. Төлбөр авагч Х б-аас зээлийг сунгах, давагдашгүй хүчин зүйл буюу ам.долларын ханш эрс өссөний улмаас зээлийн хүүг бууруулах хүсэлт гаргасан боловч банкны зүгээс зөвхөн барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэн даруй шилжүүлэх шаардлага тавьж олон удаа зээл авч найдвартай төлж байсан харилцагч надад ямар нэгэн хөнгөлөлт үзүүлээгүй.

Төлбөр авагч Х б-инд барьцаалсан Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 127 м.кв хувийн орон сууц нь одоогийн зах зээлийн ханшаар 500 000 000 төгрөг, 3500 м.кв талбайтай газар 700 000 000 төгрөгийн үнэ ханштай байдаг бөгөөд нэхэмжлэгч миний бие тус газартаа зөвхөн бут мод зэрэг 12 сая төгрөг, хашаанд 60 сая төгрөг зарцуулсан байдгаас гадна Тэрэлж голын хажууд уул, ус, ургамал тэгширсэн, олдоц маш ховортой газар байдаг атал НШГА-наас томилогдсон шинжээч маш хямдаар 186 699 300 төгрөгөөр үнэлсэн.

Мөн Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороонд байрлах 40.49 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан “Х-Х” ХХК нь одоо нэг м.кв талбайг 2 000 000 төгрөгөөр худалдан борлуулж байхад НШГА-наас томилогдсон үнэлгээчин 58 000 000 төгрөгөөр үнэлсэн. Иймд НШГА-наас томилогдсон үнэлгээчний үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 6222 дугаар шийдвэрээр Ц.Б-оос 448 621 048 төгрөгийг гаргуулж Х б-инд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Ц.Б- нь өөрийн өмчлөлийн Налайх дүүрэг 1 дүгээр хороо, Мойлтын хүр /12607/ гудамж, 198 тоотод орших ГД-300351330, Ү-2207004138 дугаарт бүртгэлтэй 127 м.кв талбайтай хувийн сууц, гарааш ГД-000510329, НДТ-18676300024681 дугаарт бүртгэлтэй 3500 м.кв талбайтай газар, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт 18101, Москвагийн гудамж 48Б байр 180 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2201038112 дугаарт бүртгэлтэй 40.49 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу барьцааны гэрээ байгуулж, Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн Х б-инд барьцаалж зээл авсан болох нь Х б-тай байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 2017 оны 02 дугаар сарын 10-ны 263, 108 тоот Сонгинохайрхан, Налайх дүүргийн улсын бүртгэл, статистикийн хэлтсээс ирүүлсэн албан бичгээр тогтоогддог. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ц.Б-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт 18101, Москвагийн гудамж 48Б байр 180 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2201038112 дугаарт бүртгэлтэй 40.49 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04/01 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т заасны дагуу хугацаа тогтоож уг тогтоолын нэг хувийг тус байранд амьдрах Ж.Үермаад хүлээлгэн өгсөн.

Налайх дүүрэг 1 дүгээр хороо, Мойлтын хүр /12607/ гудамж, 198 тоотод орших ГД-000351330, Ү-2207004138 дугаарт бүртгэлтэй 127 м.кв талбайтай хувийн сууц, гарааш ГД-000510329, НДТ-18676300024681 дугаарт бүртгэлтэй 3500 м.кв талбайтай газрыг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 161/001 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т заасны дагуу хугацаа тогтоож уг тогтоолын нэг хувийг төлбөр төлөгч Ц.Б-од хүлээлгэн өгсөн.

Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулж, төлбөр төлөгч Ц.Б-ыг байлцуулан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 161/002, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 161/002 дугаартай эд хөрөнгийг хураасан тогтоолоор хурааж, тогтоолын нэг хувийг Ц.Б-од хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан.

Төлбөр төлөгч Ц.Б-од өөрийн өмчлөлийн барьцаалан хураагдсан байрны үнийн саналыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тус албанд ирүүлэхийг мэдэгдэхэд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт 18101, Москвагийн гудамж 48Б байр 180 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2201038112 дугаарт бүртгэлтэй 40.49 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 130 000 000 төгрөгөөр, Налайх дүүрэг 1 дүгээр хороо, Мойлтын хүр /12607/ гудамж, 198 тоотод орших ГД-000351330, Ү-2207004138 дугаарт бүртгэлтэй 127 м.кв талбайтай хувийн сууц, гарааш ГД-000510329, НДТ-18676300024681 дугаарт бүртгэлтэй 3500 м.кв талбайтай газрыг 500 000 000 төгрөгөөр үнэлж байгаа тухай 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр албан бичгээр ирүүлснийг төлбөр авагч Х б- хүлээн зөвшөөрөөгүй тул тус албанаас 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний “Итгэлт Эстимэйт” ХХК-иар тогтоолгоход Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт 18101, Москвагийн гудамж 48Б байр 180 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2201038112 дугаарт бүртгэлтэй 40.49 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 58 000 000 төгрөгөөр, Налайх дүүрэг 1 дүгээр хороо, Мойлтын хүр /12607/ гудамж, 198 тоотод орших ГД-000351330, Ү-2207004138 дугаарт бүртгэлтэй 127 м.кв талбайтай хувийн сууц, гарааш ГД-000510329, НДТ-18676300024681 дугаарт бүртгэлтэй 3500 м.кв талбайтай газрыг 244 699 300 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Ц.Б-од 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 3/10423 дугаартай албан бичгээр, 80710091, 91100119 дугаарын утсаар үнэлгээг танилцуулахаар залгахад утас нь холбогдох боломжгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д заасны дагуу мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах, биечлэн хүргүүлэх буюу баталгаат шуудангаар хүргүүлсэн болно.

Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар 58 000 000 төгрөгийн 70 хувь болох 40 600 000 төгрөгөөр, 186 699 300 төгрөгийн 70 хувь 130 689 510 төгрөгөөр, оруулах тухай мэдэгдлийг төлбөр төлөгч Ц.Б-од 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 3/11163 дугаартай албан бичгээр мэдэгдэхээр төлбөр төлөгчийн 80710091, 91100119 дугаарын утсанд холбогдохгүй байсан тул төлбөр төлөгч Ц.Б-ын шүүхэд мэдүүлсэн хаягаар 3/11163 тоот албадан дуудлага худалдааны мэдэгдэл, 4/49, 4/50 тоот тогтоолын хамт баталгаат шуудангаар хүргүүлсэн, өөрөө бас ирж авсан болно. Мөн төлбөр төлөгч Ц.Б- нь 2017 оны 4 дүгээр сарын 12 өдрийн 09 цагт НШГА-ны 406 тоотод ирж уулаж албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэл, тогтоолуудтай танилцаж гарын үсэг зурсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т заасны дагуу мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар хүлээлгэн өгсөн. Мөн төлбөр төлөгч Ц.Б-ыг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр буюу мэдэгдэл баталгаат шуудангаар явуулснаас 1 хоногийн дараа НШГА-нд утсаар дуудан ирүүлж эрх, үүрэг тайлбарлан өгч ажиллагаатай танилцсан байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасны дагуу шүүхзд гомдлоо гаргаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дах хэсэгт зааснаар НШГА-нд холбогдох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 6222 дугаартай шийдвэрээр Ц.Б-оос 446 231 938 төгрөгийг гаргуулж Х б- ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдзгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02564 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Миний бие шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргаагүй, харин ажиллагааны явцад миний үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээнд гомдол гаргасан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримт болон нэхэмжлэлийн шаардлагыг үл ойлгон шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүх ...үл хөдлөх хөрөнгийг хэт багаар үнэлсэн байна...гэж маргаж байгаа боловч тэрээр ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ гэсэн нь хэт өрөөсгөл үндэслэлгүй дүгнэлт гэж үзэхээр байна.

Миний бие шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад өөрийн эд хөрөнгийг зах зээлийн ханшид байх хэмжээгээр үнэлж өгсөн байтал хөрөнгө үнэлгээний “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн үнэлгээ нь хэт үндэслэлгүй, зах зээлийн ханшаас хэт доогуур, хөрөнгийг үнэгүйдүүлсэн үнэлгээ байгаа бөгөөд тус үнэлгээний тайланд 3 өрөө орон сууцыг 58 сая төгрөгөөр буюу зах зээлд байхгүй ханшаар, хувийн сууц, газар эзэмших эрх гараашийг 186 699 300 төгрөгөөр үнэлэхдээ энэхүү үнэлгээг яаж гаргасан нь ойлгомжгүй, уг хувийн сууцны хамгийн их үнэ шингэсэн бетон суурьтай 2 м 70 см өндөртэй төмөр хашааг огт үнэлээгүй зэргийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй болно. Мөн анхан шатны шүүхэд өөрийн хувийн сууц, газар, гарааш байдаг газар болох Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Мойлтын хүр /12607/ гудамж 198 тоотын эргэн тойронд буюу Мойлтын тохойд үл хөдлөх хөрөнгө болон газрыг худалдахтай холбоотой зар мэдээг хэрэгт хавсаргасан бөгөөд уг зарууд Үнэгүй.мн сайтад байсныг үзлэг хийлгэсээр байхад өөрийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч НШГА-нд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/06222 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсгүүдэд зааснаар Ц.Б-оос 446 231 938 төгрөгийг гаргуулан “Х б-” ХХК-д олгож шийдвэрлэсний дагуу НШГА- 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт 18101, Москвагийн гудамж 48Б байр 180 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2201038112 дугаарт бүртгэлтэй 40.49 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг, Налайх дүүрэг 1 дүгээр хороо, Мойлтын хүр /12607/ гудамж, 198 тоотод орших ГД-000351330, Ү-2207004138 дугаарт бүртгэлтэй 127 м.кв талбайтай хувийн сууц, гарааш ГД-000510329, НДТ-18676300024681 дугаарт бүртгэлтэй 3500 м.кв талбайтай газрыг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04/01, 13-ны өдрийн 161/001 тоот тогтоолуудаар эд хөрөнгийг битүүмжилж, 2017 оны 02 дугаар сарын 09, 10-ны өдөр тус тус хураан авсан байна. /хэргийн 19-24, 27, 30-31, 34-35, 38-39, 42-43 дугаар тал/

 

Төлбөр төлөгч Ц.Б- нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгүүдийн талаар үнийн санал өгсөн ба түүний үнийн саналыг төлбөр авагч “Х б-” ХХК зөвшөөрөөгүй тул хариуцагчийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Шинжээч томилох 80 тоот тухай тогтоолоор “Итгэлт Эстимейт” ХХК-ийг шинжээчээр томилсны дагуу барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт 18101, Москвагийн гудамж 48Б байр 180 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2201038112 дугаарт бүртгэлтэй 40.49 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 58 000 000 төгрөгөөр, Налайх дүүрэг 1 дүгээр хороо, Мойлтын хүр /12607/ гудамж, 198 тоотод орших ГД-000351330, Ү-2207004138 дугаарт бүртгэлтэй 127 м.кв талбайтай хувийн сууц, гарааш ГД-000510329, НДТ-18676300024681 дугаарт бүртгэлтэй 3500 м.кв талбайтай газрыг 186 699 300 төгрөгөөр, нийт 244 699 300 төгрөгөөр үнэлжээ. /хэргийн 44, 46, 48 дугаар тал/

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны үнийг дээрх үнэлгээний 58 000 000 төгрөгийн 70 хувь болох 40 600 000 төгрөгөөр, 186 699 300 төгрөгийн 70 хувь 130 689 510 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон тухай 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 3/10423 дугаар мэдэгдлийг уг өдөр төлбөр төлөгчийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлж, анхны албадан дуудлага худалдааг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цагт явуулах тухай мөн оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4/56 дугаар тогтоолыг 4 дүгээр сарын 12-ны өдөр тус тус нэхэмжлэгчид мэдэгдсэн байна. /хэргийн 63, 67 дугаар тал/

 

Хариуцагчийн явуулсан дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураахдаа түүний чанар, хэрэгцээ, элэгдлийн байдал болон төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө”, 37.2.2-т “төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэсэн журмыг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хувийн сууцны хамгийн их үнэ шингэсэн бетон суурьтай 2 м 70 см өндөртэй төмөр хашааг огт үнэлээгүй, Мойлтын тохойд үл хөдлөх хөрөнгө болон газрыг худалдахтай холбоотой зар мэдээг баримтаар үнэлээгүй гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүхийн шийдвэр, эд хөрөнгө битүүмжилж, хураасан тогтоол болон нэхэмжлэгч нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгүүдийн талаар үнийн санал өгөхдөө төмөр хашаатай холбоотой үнийн санал өгөөгүй, мөн нэхэмжлэгчийн баримтаар гаргаж өгсөн интернэт дэх Үнэгүй.мн сайт дахь зар мэдээ, түүнд хийсэн үзлэгийн тэмдэглэлд бичигдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийтэд худалдах үнийн санал нь тухайн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн зах зээлд худалдан борлогдож буй бодит үнийг тогтоосон үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт болохгүй юм.

 

Иймд хариуцагчийн явуулсан дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02564 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                              ШҮҮГЧИД                                  Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                      С.ЭНХТӨР