| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2018/00396/И |
| Дугаар | 67 |
| Огноо | 2018-01-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:******* дүүрэг, ******* ******* “*******” ХХК /РД:*******/
Хариуцагч: ******* дүүрэг *******, ******* *******ны оршин суух, овгийн ын /РД:/-т холбогдох гэрээний үүргийн биелэлт 330.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч О., гэрч Ч., нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр О. 240.000 төгрөгний үнэтэй NP10 маркийн интернет төхөөрөмжийг урьдчилгаа 20.000 төгрөг төлөөд 12 сарын хугацаанд сар бүр 20.000 төгрөг төлөх нөхцөлтэй зээлээр худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулж авсан. Гэрээ байгуулсанаас хойш 220.000 төгрөгийг төлөхгүй 876 хоног хугацаа хэтрүүлсэн тул гэрээний 7.2.1, 5.3-т зааснаар алданги төлөх ёстой. Иймд үндсэн төлбөр 220.000 төгрөг, алданги 110.000 төгрөг нийт 330.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О. шүүхэд болон шүүх хуралдаанд хариу тайлбарлахдаа: 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “*******” ХХК-иас интернет төхөөрөмж худалдаж авсан. Сүлжээ нь орж ирэхгүй байгаа учраас төхөөрөмжийг огт хэрэглээгүй. Сүлжээгээ оруулж ирвэл уг төхөөрөмжний үнийг төлнө. Сүлжээ байхгүй бол яаж хэрэглэх вэ дээ. Ямар ч ашиглаж болохгүй төхөөрөмж зарчихаад хугацаа хэтрүүлсэн гээд алданги нэхээд байгааг ойлгохгүй байна.Сүлжээ ажлаад эхлэвэл төлбөрийг хэсэгчлээд төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч О.аас 330.000 төгрөг гаргуулахыг шаардсаныг хариуцагч зөвшөөрөхгүй маргасан.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээний үүрэг гэж нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхойлж дугаартай “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г шүүхэд баримтаар ирүүлсэн.
Хариуцагч О. нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж буй үндэслэлээ “тогтмол оршин суух хаягтаа интернет хэрэглэх зорилгоор уг төхөөрөмжийг нэхэмжлэгч байгууллагын санал болгосноор худалдан авсан. “*******” ХХК өндөр хурдын интернет сүлжээгээр хангах үүргээ эхлэж биелүүлэх ёстой” гэж тайлбарласан.
Шүүх зохигчдын хооронд болсон үйл явдлыг хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбартай харьцуулан дүгнэсний эцэст нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэсэн.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь үүрэн харилцааны оператор компани бөгөөд ******* дүүргийн иргэдийг утасгүй холбооны 3.99G сүлжээгээр дамжуулан дэлхийн улс орнуудыг холбосон асар их мэдээллийн сан бүхий өндөр хурдны интернеттэй холбогдох боломжийг олгох зорилгоор 2014 оны 11 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд ******* дүүрэгт NP10 маркийн интернет төхөөрөмжийг сурталчилж худалдан борлуулах ажлыг зохион байгуулж хариуцагч О.тай худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулж үнэ, төлбөр төлөх хугацаа, хэлбэр, урамшууллын талаар тохирч тохөөрөмжийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримтад зохигч маргаагүй.
Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэхийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 13 дугаар зүйлийн 13.1-ээр зохицуулсан.
Гэрээний нэг тал болох “*******” ХХК хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил үйлчилгээ нь чанар, зориулалтын зохих шаардлагыг хангасан, хэрэглэгч буюу худалдан авагчид үнэн зөв мэдээлэл өгсөн, үзүүлж буй ажил үйлчилгээ нь эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөлөөр хангасан, нийлүүлж буй бараа бүтээгдэхүүн үйлчилгээ нь баталгаат хугацаатай байх ёстой.
“*******” ХХК Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2-т заасан үүргээ биелүүлээгүйгээс уг маргаан үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоолоор баталсан журмаар утасгүй холбоогоор дамжуулан интернет үйлчилгээ үзүүлэх эрх бүхий үйлчлэгч компани нь интернетийн тухайн хурдыг хувааж өгөх тохиолдолд 1:4 дүрмийг баримтлах бөгөөд энэ шаардлагыг хангахуйц нийт урсгалыг бөөний үйлчилгээ эрхлэгчээс авдаг. Энэхүү заалтыг хэрэгжүүлэхдээ интернетийн үйлчилгээ эрхлэгч нь хуваагдсан интернетийн үйлчилгээний хурдыг хамгийн багадаа 1:4-өөс доошгүй байх чанарыг хадгалах үүргийг тусгай зөвшөөрлийн гэрээгээр хүлээдэг байна. Өөрөөр хэлбэл айл өрхөд гэрээнд заасан 1Mbps хурдыг оргил ачааллын үед 256кбит/с-ээс доошгүй байлгах нөхцөлийг систем дээрээ бүрдүүлж ажилладаг юм байна.
Энэ шаардлагыг хангасан үйлчилгээ аваагүй үндэслэлээр хариуцагч О. төхөөрмжийн үнийг төлөхөөс татгалзсан нь хуулийн үндэслэлтэй гэж үзсэн.
“*******” ХХК утасгүй сүлжээ ашиглан хэрэглэгчдэд интернет үйлчилгээ үзүүлэх ажлыг гүйцэтгэх зорилгоор хариуцагчаас захиалга авч уг ажлын гүйцэтгэхэд шаардагдах дагалдах хэрэгсэл болох төхөөрөмж буюу модемыг түүнд үнэ тохирч худалдсан нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.4-т зааснаар худалдагч буюу гүйцэтгэгчийн үүргийг хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5-д зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх, худалдах худалдан авах холимог гэрээ байгуулагдсан гэж үзсэн.
Уг гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулахад “*******” ХХК өөрийн үндсэн ажил үйлчилгээг иргэнд хүргэх, иргэн уг ажил үйлчилгээг авах зорилгоор интерниет төхөөрөмжийг худалдан авсан, уг бараа бүтээгдэхүүний хувьд ямар нэг доголдол байхгүй боловч ажил үйлчилгээ нь худалдан авагч буюу хэрэглэгчийн хүсэл, шаардлага хэрэгцээг хангахгүй байгаас маргаан үүссэн нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар “*******” ХХК-хариуцагч О.ын өмчлөлд шилжүүлсэн NP10 төхөөрөмжөөр гэрээнд заасан интернет үйлчилгээгээр хангах ажлыг гүйцэтгэх үүргийг хүлээсэн. Тэрээр энэ хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар дээрх үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх ёстой. Гэтэл энэ үүргээ тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй нь хариуцагч О.ын “төхөөрөмжийг худалдан авсан өдөр гэртээ авчраад залгахад сүлжээ орж ирээгүй. Энэ тухай утсаар компанид мэдэгдсэн. Цоо шинээрээ хайрцагтайгаа хэрэглээгүй төхөөрөмж байна. Сүлжээгээ оруулж ирээгүй байж мөнгөө нэхээд байгааг ойлгохгүй байна. Гэрээнд зааснаар төлбөр төлөөгүй нь өөрсдийнх нь үйл ажиллагаатай холбоотой учраас мөнгө төлөхөөс татгалзсан. Сүлжээ ороод интернетээ хэрэглээд эхлэвэл төлбөрийг төлөхөд татгалзаад байх зүйлгүй” гэсэн тайлбар, гэрч Ч.ын “Би дүүргийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах орон тооны бус зөвлөлийн даргаар ажилладаг. 2014 оны 11 сард “*******” ХХК дүүргийн иргэдэд интернет үйлчилгээ үзүүлэх зорилгоор NP10 маркийн төхөөрмжийг бөөнөөр худалдсан. Иргэд авсан даруйдаа интернет үйлчилгээг нь авч чадаагүйгээс төхөөрөмжийн үнийг төлөхгүй 3 жил гаран болж маргаан үүссэн. Зарим иргэд ирж очиход чирэгдэлтэй юм гээд ажиллахгүй ч гэсэн авсан нь үнэн гээд төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн, зарим нь аливаа зүйл шудрага байх ёстой “*******” ХХК үүргээ биелүүлээгүй байж мөнгө шаардах нь шудрага бус гэж үзээд маргасан. Манай зөвлөл 2017 оны 4 дүгээр сард байгуулагдсан. Түүнээс өмнө энэ зөвлөл байгаагүй учраас 2014 оноос хойш иргэд хаана хандахаа мэдэхгүй төөрөгдөлд ороод явсан байдаг. Хэд хэдэн иргэд “*******” ХХК-д хандаж төхөөрөмжөө буцаая, сүлжээгээ ажиллуул гэсэн шаардлагыг тавьсан байдаг. ******* ХХК-иас сүлжээ ажиллуулах боломжгүй гэсэн хариуг манай дүүргийн иргэн Төмөрбаатарт албан ёсоор албан бичгээр хариу өгсөн гэдэг яг одоо үзүүлчих баримт байхгүй байна. Бодит байдал дээр “*******” ХХК-ний сүлжээ манай дүүрэгт бараг байхгүй, ойр орчин антен, станц байхгүй, агаараа л сүлжээ хааяа орж гардаг байх. Миний бодлоор энэ компани нэмэлт төхөөрөмж манай дүүрэгт суурьлуулж байж төхөөрөмж нь хэрэглэгчийн хэрэгцээг хангах болов уу. Манай дүүрэг шилэн кабельд ч холбогдоогүй болохоор иргэдийн гомдол үндэслэлтэй гэж үзэж байгаа. Манай зөвлөлийн зүгээс иргэдэд зохих зөвлөлгөө өгснөөс өөр арга хэмжээ аваагүй. Нэгэнт шүүх цагдаа болоод маргаан үүсгэн болохоор хуулийн байгууллага хуулийн хүрээнд шийдэх байх гэсэн харзансан байдалтай байгаа нь үнэн” гэсэн мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч үүнийг баримтаар няцааж мэтгэлцээгүй. Өөрхэлбэл нэхэмжлэгч, түүний төлөөлөгч Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар бараа, ажил үйлчилгээний чанар, согог гэмтэл, иж бүрдлийн талаар хэрэглэгчийн тавьсан гомдол үндэслэлгүй болохыг эрх бүхий этгээдийн дүгнэлтээр нотлох үүрэгтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болох үйл баримтын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч байгууллага өөрийн гэм буруугүйг нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэргийн баримтаар уг нөхцөл байдал нь тогтоогдоогүй.
Хэрэгт авагдсан худалдах худалдан авах гэрээний 4.2-т төхөөрөмж худалдаж авсны урамшуулал болгож 120GB дата эрхтэйг 1 жилийн хугацаатай хэрэглэх эрхийг олгосоноос үзэхэд үйлчилгээний хөлсийг 1 жилийн хугацаанд хариуцагч О. төлөх, 120GB дата эрх дууссан тохиолдолд “*******” ХХК-иас худалдаж авах нөхцөлтэй гэрээ байгуулсанаас үзэхэд уг гэрээгээр талууд төлбөр төлөх дарааллыг тогтоосон гэж үзэхээр байна.
Иймд Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д зааснаар хариуцагч О. гэрээний зүйл болох интернет үйлчилгээний үр дүнг хүлээн авсны дараа NP10 төхөөрөмжийн үнийг төлөх нь шудрага ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.
Мөн нэхэмжлэгч “*******” ХХК нь хувийн хэрэгцээний өргөн зурвасын /өндөр хурдны/ холболтоор өргөн хүрээтэй клиентийн тоног төхөөрөмж бүхий Интернетийн глобал сүлжээнд холбох болон нийтийн интернетийн зах зээл дэх үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх зорилгоор уг төхөөрөмжийг худалдсан атлаа уг үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргэх үүргээ гүйцэтгээгүй төхөөрөмжийн үнийг шаардсан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл худалдсан төхөөрөмж/модем/ нь өргөн зурвасны /өндөр хурдны/ холболтгүйгээр ажиллах боломжгүй. Үүнийг хэрэглэгч өөрөө бий болгох боломжгүй. Энэ холболтыг тусгай зөвшөөрөл бүхий үүрэг холбооны оператор компани гүйцэтгэхийг Харилцаа холбооны тухай хуулийн 3.1.5, 12 дугаар зүйлийн 12.1.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8.7, Радио долгионы тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заажээ.
Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д “Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно” гэсэн зохицуулалтай хариуцагч О.ын татгалзал нийцсэн гэж үзсэн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэг өөрийгөө эзгүйд шүүх хуралдаанг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлтээ ирүүлсэн тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 100 дугаар зүйлийн 100.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1, 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар овгийн ын аас гэрээний үүргийн биелэлт 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн “*******” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.550 /арван мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч О.аас NP10 төхөөрөмжөө буцаан шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ