Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 72

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Тайжийн 11 дүгээр гудамж, 01 тоотод оршин суух, Баяуд овгийн Отгондаваагийн Эрдэнэзаяа /РД:ЗЖ82080519/-гийн хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Эрдэнэзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Эрдэнэзаяа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2001 онд Б.Хонгорзултай танилцан нэг гэрт орж ханилан суусан. Бидний дундаас 2006 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүү Э.Хүслэн төрсөн. Хамт амьдрах хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй байсан. Гэтэл Б.Хонгорзул маань 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өвчний учир нас барсан. Хүүдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авах шаардлагатай байгаа тул талийгаач Б.Хонгорзултай 2001 оноос 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Эрдэнэзаяа  хамтран амьдрагч Б.Хонгорзултай ханилан сууснаа Иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүйгээс 2006 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү О.Эрдэнэзаяагийн Хүслэнгийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх нь зөрчигдсөнийг сэргээлгэх зорилгоор талийгаач Б.Хонгорзултай 2001 оноос 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан үйл явдлыг тогтоолгохоор өөрийн оршин суугаа газрын харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч О.Эрдэнэзаяа нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг нотлож хүү Э.Хүслэнгийн төрсний гэрчилгээний хуулбар, талийгаач Б.Хонгорзулын 0000205535-260 дугаартай нас барсны гэрчилгээ, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, фото зургийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

Мөн талийгаач Б.Хонгорзулын төрсөн эгч Б.Нандинцэцэг, төрсөн ах Б.Нандинбаяр, өөрийн төрсөн эх Б.Отгондаваа нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчийн этгээдээр оролцуулж мэдүүлэг авахуулсан. Эдгээр гэрчүүд “...О.Эрдэнэзаяа, Б.Хонгорзул нар 2001 онд танилцаж, нэг гэрт орж ханилан суусан. Тэдний дундаас 2006 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүү Э.Хүслэн төрсөн. Б.Хонгорзул өвчний учир 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нас барсан. Энэ хугацаанд тэд нэг гэрт ханилан сууж, хамтран амьдарч байсан” гэж мэдүүлсэн.

Нэхэмжлэлд дурьдсан үйл явдал нь нэхэмжлэгч О.Эрдэнэзаяа, түүний хүү О.Хүслэн нарын эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэхэд шууд хамааралтай бөгөөд энэ үйл явдлыг шүүхийн шийдвэрээс өөр бичиг баримтаар тогтоох боломжгүй болсон байна.

Мөн энэ үйл явдлыг тогтоосон шүүхийн шийдвэр нь насанд хүрээгүй хүү Э.Хүслэнд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэрт хамаарахыг Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 163 дугаар тушаалаар батлагдсан Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмын 3 дугаар зүйлийн 3.3.2-т заасан байна.

Иймд шүүх дээрх баримтуудыг гэрчүүдийн мэдүүлэгтэй харьцуулан үзээд О.Эрдэнэзаяаг талийгаач Б.Хонгорзултай 2001 оноос 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан үйл явдлыг тогтоох нь зүйтэй гэж үзсэн.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод оруулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-д зааснаар Баяуд овгийн Отгондаваагийн Эрдэнэзаяаг талийгаач Боржигон овгийн Батбаярын Хонгорзултай 2001 оноос 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57  дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар  нэхэмжлэгч О.Эрдэнэзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэй болохыг заасугай.

 

                                        ДАРГАЛАГЧ                           Л.ЭНХБИЛЭГ