| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2017/00305/И |
| Дугаар | 130/ШШ2017/00633 |
| Огноо | 2017-10-25 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 130/ШШ2017/00633
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багт оршин суух, Т овогт С-ийн Х-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ТГ /дарга А.Ш/-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгчид А.С, С.Н хариуцагч ТГ-ын дарга А.Ш, гэрч Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: ТГ-ын даргын 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/13 дугаартай “Арга хэмжээ авах тухай” тушаал, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/19 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/20 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаартай “Ажлаас халах тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Сагсай сумын “Д бага сургууль, Хүүхдийн цэцэрлэг”-ийн санхүү хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.
Нэхэмжлэгч С.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С-ийн Х миний бие Аав, ээж, эхэр хоёр хүүхдийн хамт Сагсай сумын 5 дугаар багт амьдардаг. 2011 онд Монгол Улсын Бизнесийн дээд сургуулиас "Эдийн засагч" мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Улмаар 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж Сагсай сумын Ды бага сургуульд нягтлан бодогчоор ажилд орж байсан 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр тус суманд Санхүүгийн алба байгуулагдсантай холбоотойгоор ТГ-т Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль Д бага сургууль, Хүүхдийн цэцэрлэгийн санхүү хариуцсан нягтлан бодогчоор үргэлжлэн томилогдон ажиллаж байсан юм. Урьд өмнө нь ажил олгогчтой ямар нэгэн Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажиллаж ирсэн ба 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр анх удаагаа ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, нэг хувийг гардан авсан юм. Ажил олгогчийн зүгээс намайг сахилгын зөрчлийг давтан гаргасан хэмээн үндэслэлгүйгээр ажлаас халж байгааг зөвшөөрөхгүй байна. Учир нь, надад урьд өмнө нь ямар нэгэн сахилгын хариуцлага хүлээлгэж байгаагүй юм. Тэр байтугай ажил олгогчийн зүгээс надтай бичгээр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ ч байхгүй байсан юм Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй' гэж заасан байна. Гэтэл ажил олгогчийн зүгээс намайг үзэл бодлоор минь ялгаварлан гадуурхаж үндэслэлгүйгээр давтан зөрчил гаргасан хэмээн ажлаас халж байгаад гомдолтой байна. Хөдөлмөрийн тухай хуулиараа ажил олгогч ажилтантай бичгээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бол ажилтанд хариуцлага хүлээлгэх байтугай ажил, үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх ч байхгүй юм. Ажил олгогч надад урьд өмнө нь сахилгын арга хэмжээ авч байсан бол тухай бүрт мэдэгдэж, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалаа гардуулан өгөх ёстой байсан /хэрэв надад арга хэмжээ авсан бол би тушаалыг гардан авснаас хойш хуулийн байгууллагад хандан хүчингүй болгуулах байсан/. 7 дахь жилдээ ажиллахдаа надад нэг ч удаа сахилгын шийтгэл ногдуулж байгаагүй юм. Иймд ТГ-ын даргын 2017 оны 4 дүгээр сарын 10-ныөдрийн Б/06 тоот "Ажлаас халах тухай" тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Сагсай сумын "Д бага сургууль. Хүүхдийн цэцэрлэг"-ийн санхүү хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Х нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад: С-ийн Х миний бие зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар 2017.04.21-ний өдөр тус шүүхэд хандаж гомдол гаргасан билээ. Хариуцагч гомдлын татгалзлын үндэслэлээ тайлбарлахын зэрэгцээ надад сахилгын шийтгэл ногдуулж байсан гэх зарим баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ. Хариуцагч хариу тайлбартаа намайг цалингаа хасуулж байсан учраас сахилгын шийтгэлээ хүлээн зөвшөөрсөн хэмээн үзсэн гэж тайлбарласан байна. Би ажиллах хугацаандаа сахилгын шийтгэл ногдуулсан гэх тушаалууд гарч байсныг мэдээгүй, надад гардуулж өгөөгүй. Надад сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл ч байхгүй юм. Би цалин хөлсөө дутуу авсан шалтгаан нь сахилгын шийтгэлтэй ямар ч хамааралгүй ба тухайн саруудад байгууллагын цалингийн сан хүрэлцэхгүйн улмаас нэг бус удаа дутуу цалин хөлс авч байсан юм. Тийм учраас эдгээр тушаалуудыг хүчингүй болгуулахыг хүсэж байна.
1. Сагсай сумын ЗДТГ-ын даргын 2016.09.13-ны өдрийн "арга хэмжээ авах тухай" Б/13 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн тухай:
а. Миний бие тус сумын ЗДТГ-ын нягтлан бодогчоор 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс эхэлж ажлаас халагдах өдөр хүртэл ажиллаж ирсэн. Ингэхдээ ажил олгогч надад ажиллах нөхцөлөөр хангаж өгөөгүй болно. Тодруулбал, одоо цагт бүх байгууллага санхүүгийн тайлангаа цахим хэлбэрээр буюу албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн компьютер суурилагдсан програмын тусламжтайгаар тайлан тооцоогоо гаргадаг юм. Гэтэл ажил олгогч надад нэн хэрэгцээтэй бөгөөд чухал шаардлагатай зүйл болох компьютероор хангаж өгөөгүй. Би компьютероор хангаж өгөх талаар зөндөө олон удаа хүсэлт тавьсан боловч ажил олгогч энэ асуудалд хойрго хандаж надад компьютер авч өгөөгүй. Авч өгөх байтугай чи өөрөө хувьдаа зээл авч компьютертой бол гэж хэлдэг байсан. Гэхдээ би ингэлээ гээд ажил цалгардуулаагүй, байгаа бүх нөөц боломжоо ашиглаж буюу бусдын компьютерыг ашиглаж байж тайлан тооцоогоо хийдэг байсан. Гэтэл ажил олгогч үүнийг үл тоомсорлож 9 сарын өмнө цалин хасуулж байсан гэдэг утгатай тайлбарыг шүүхэд гаргажээ. Дээр дурдсанчлан миний би сахилгын шийтгэл хүлээж байгаагүй ба заримдаа дутуу авдаг байсан цалин хөлсийг ийнхүү ашиглажээ.
б. Хэрэв намайг тайлан хоцроосон гэж үзэж байгаа бол энэхүү асуудал 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөртэй холбоотой тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан зөрчил илрүүлснээс хойш 1 сарын дараа сахилгын шийтгэл ногдуулж хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
в. Хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хуульд заасан гэрээний нэг төрөл бөгөөд бид хоёрын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн юм. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн асуудал /маргааныг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах ёстой. Гэтэл ажил олгогч ямар ч хамааралгүй Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийг үндэслэж буюу төрийн захиргааны албан хаагчтай холбоотой асуудлаар надад сахилгын шийтгэл ногдуулсан үйлдэл нь холбогдох хуулийг ноцтой зөрчсөн болох нь харагдаж байна. Гэхдээ би сахилгын зөрчил хүлээж байгаагүй. Ажил олгогч надад энэхүү тушаалыг гардуулж өгөөгүй болно. Тийм учраас хууль журамд нийцээгүй Сагсай сумын ЗДТГ-ын даргын 2016.09.13-ны өдрийн "арга хэмжээ авах тухай" Б/13 тоот тушаалыг хүчингүй болгох ёстой.
2. Сагсай сумын ЗДТГ-ын даргын 2016.11.24-ний өдрийн "сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/19 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн тухай:
а. Дээр дурдсанчлан миний бие ажиллаж байх хугацаанд ажил олгогч намайг компьютероор хангаагүй улмаас миний бие санхүүтэй холбогдох тайлан тооцоо гаргахдаа бусдын компьютерыг гуйж зориулалтын бус /Мicrosoft Excel/ програмыг ашигладаг байсан юм. Тус байгууллагын нийт ажилчдын 2016 оны 7 дугаар сарын цалинг бодохдоо зориулалтын бус Мicrosoft Excel програмд алдаа гарч нэр бүхий 6 ажилтанд илүү цалин хөлс бодогдсон байсан. Дараа нь энэхүү асуудлыг би өөрөө анзаарч эдгээр нэр бүхий 6 ажилчдад олгогдсон илүү цалингийн зөрүүд 8 дугаар сарын цалингаас хасаж тооцож олгосон. Үүнийг хариуцагч мэдэж байсан. Гэтэл ажил олгогч мөн адилхан 7-8 сарын өмнө цалин хасуулж шийтгэл хүлээж байсан гэсэн утгатай тайлбарыг шүүхэд гаргажээ. Бодит байдал дээр миний бие уг асуудлаар сахилгын шийтгэл хүлээж, үүний улмаас цалин хасуулж байгаагүй болно.
б. Хэрэв намайг сахилгын зөрчил гаргаж байсан гэж хэлж байгаа бол энэхүү асуудал 2016 оны 7 дугаар сард болсон асуудал тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан зөрчил илрүүлснээс хойш 1 сарын дараа сахилгын шийтгэл ногдуулж хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл тухайн зөрчил гэх асуудлыг илрүүлснээс хойш 4 сарын дараа арга хэмжээ авсан мэтээр харагдаж байгаа нь хууль нийцэхгүй байна.
в. Хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хуульд заасан гэрээний нэг төрөл бөгөөд бид хоёрын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн юм. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн асуудал /маргаан/-ыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах ёстой. Гэтэл ажил олгогч ямар ч хамааралгүй Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийг үндэслэж буюу төрийн захиргааны албан хаагчтай холбоотой асуудлаар надад сахилгын шийтгэл ногдуулсан үйлдэл нь холбогдох хуулийг ноцтой зөрчсөн болох нь харагдаж байна. Гэхдээ би сахилгын зөрчил хүлээж байгаагүй. Ажил олгогч надад энэхүү тушаалыг албан ёсоор гардуулж өгөөгүй. Тийм учраас хууль журамд нийцээгүй ТГ-ын даргын 2016.11.24-ний өдрийн "сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/19 тоот тушаалыг хүчингүй болох ёстой гэж үзэж байна.
3. ТГ-ын даргын 2016.12.16-ны өдрийн "сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/20 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн тухай:
а. Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас тус аймаг дахь үйл ажиллагаа явуулж буй бүх төсөвт байгууллагад хяналт шалгалт явуулж Шилэн дансны тухай хуулийн дагуу бүх нягтлан бодогчид санхүүтэй холбоотой мэдээллийг нийтлээгүй байсан гэх нийтлэг нэг төрлийн зөрчил тогтоосон байсан. Гэхдээ дараа нь уг хяналт шалгалт явуулах эрх бүхий байгууллагын дарга Х.Х өөрсдийн алдаагаа ойлгож энэ талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр буюу Баян-Өлгий аймгийн 9-ийн мэдээгээр залруулга хийж, төсөвт байгууллагад ажиллаж байгаа бүх нягтлан бодогчдоос уучлал гуйсан юм. Үүнийг хариуцагч төдийгүй тус аймгийн бүх ард түмэн мэдэж байгаа. Гэтэл ажил олгогч уг асуудлаар надад мэдэгдэлгүйгээр сахилгын зөрчил ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
б. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийг үндэслэж буюу төрийн захиргааны албан хаагчтай холбоотой асуудлаар надад сахилгын шийтгэл ногдуулсан үйлдэл нь холбогдох хуулийг ноцтой зөрчсөн юм. Гэхдээ би сахилгын зөрчил хүлээж байгаагүй. Ажил олгогч надад энэхүү тушаалыг албан ёсоор гардуулж өгөөгүй. Тийм учраас хууль журамд нийцээгүй ТГ-ын даргын 2016.12.16-ны өдрийн "сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/20 тоот тушаал хүчингүй болох ёстой гэж үзэж байна. Эдгээр тушаалуудыг хариуцагчийн зүгээс дараа нөхөж бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, цалингийн сан хүрэлцэхгүйн улмаас дутуу авсан саруудыг хариуцагч харж байгаад тухайн саруудад тааруулж сахилгын шийтгэл хүлээлгэсэн мэтээр тушаал үйлдсэн байна. Иймд ТГ-ын даргын 2016.09.13-ны өдрийн "арга хэмжээ авах тухай" Б/13 тоот, 2016.11.24-ний өдрийн "сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/19 тоот, 2016.12.16-ны өдрийн "сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/20 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгуулахаар гомдлын шаардлагаа ихэсгэж байна гэжээ.
Нэхэмжлэгч С.Х шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би ТГ-ын даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаартай “ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж ТГ-ын даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Арга хэмжээ авах тухай” Б/13 дугаар тушаал, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/19 дүгээр тушаал, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/20 дугаартай тушаал, мөн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/06 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Миний бие надад сахилгын шийтгэл ногдуулж арга хэмжээ авсан тушаалуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл би эдгээр тушаалуудыг тухайн үед харж байгаагүй. Тийм учраас эдгээр тушаалуудыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна. Би энэ ажилд 7 дахь жилдээ ажиллаж байсан бөгөөд энэхүү ажиллах хугацаанд нэг ч удаа сахилгын зөрчил гаргаж арга хэмжээ авагдаж байгаагүй. Би үүнийг юу гэж ойлгож байгаа вэ гэвэл намайг үзэл бодлоор маань ялгаварлаж сахилгын арга хэмжээ авсан гэж бодож байгаа. Би ямар нэгэн зөрчил гаргаагүй. Би анх 2011 онд ажилд орохдоо зөөврийн компьютертой байсан бөгөөд одоо элэгдэж ашиглах боломжгүй болсон. Төсөвт байгууллагын хувьд компьютерыг 4 жил ашиглаж актлах ёстой байсан. Сүүлийн үеийн программ болох “Acolous” программ нь I-5-аас дээш үзүүлэлттэй компьютерт суулгаж ашиглах учраас миний барьж байгаа компьютер шаардлага хангахгүй учир тухайн программ суугаагүй байсан. Тийм учраас 2015 оноос хойш компьютероор тайлан гаргаж байгаагүй. Би тайлангаа Excel программаар гаргаж байсан. Би энэ асуудлыг сумын Засаг дарга А.Х болон сумын Засаг даргын Тамгын даргаар ажиллаж байсан Ж нарт гаргаж хүсэлт гаргаж байсан боловч төсөв байхгүй гээд шийдэж өгөөгүй. Дараа нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шинээр даргаар томилогдсон А.Ш-д бас компьютероор хангаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч надад чи байтугай надад бас компьютер байхгүй гэж хэлсэн. Үүнийг өөрөө сайн санаж байгаа байх. Тийм учраас надад авсан сахилгын арга хэмжээнүүдийг зөвшөөрөхгүй байна. Мөн хамгийн сүүлд тайлантай холбогдуулж 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “ажлаас халах тухай” сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг мөн адил хүчингүй болгож өгөхийг хүсэж байна. Би урьд нь 2016 оныг дуустал Д бага сургууль, Сагсай сумын бүрэн дунд сургууль, Хүүхдийн цэцэрлэг гэсэн 3 байгууллагыг хариуцаж ажиллаж байсан. 2017 он гараад Д бага сургууль, Хүүхдийн цэцэрлэгийг хариуцаж ажиллахаар болсон. Тухайн үед шинээр үр дүнгийн гэрээ байгуулсан. Урьд нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан. Дараа нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр шинээр томилогдсон дарга болох А.Ш-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэв.
Хариуцагч ТГ-ын дарга А.Ш шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Уах овогт А-ий Ш, /РД:*****/ Утас: *****би тус сумын 5-рбагт оршин суух Т овогт С-ийн Х /РД: *******/-ийн шүүхэд гаргасан гомдолтой танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна. С-ийн Х нь Сумд санхүүгийн алба байгуулагдсантай холбогдуулан ТГ-ын даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/11 тоот тушаалаар Дгийн бага сургууль, Хүүхдийн цэцэрлэгийн санхүү хариуцсан нягтлан бодогчоор томилогдон ажиллаж, ТҮ-8-ын 2-т зааснаар цалинжиж байсан төрийн албан хаагч мөн билээ. Гэтэл С. Х нь Шүүхэд гаргасан гомдолд: "Урьд өмнө ажил олгогчтой ямар нэгэн Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажиллаж ирсэн ба Хөдөлмөрийн тухай хуулиараа ажил олгогч ажилтанд хариуцлага хүлээлгэх байтугай ажил, үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх ч байхгүй, мөн сахилгын зөрчлийг давтан гаргасан хэмээн үндэслэлгүйгээр, үзэл бодлоор минь ялгаварлан гадуурхаж ажлаас халж байгааг зөвшөөрөхгүй, мөн урьд нь сахилгын шийтгэл ногдуулсныг ч би мэдээгүй, мэдсэн бол шүүхэд өгөх ёстой байсан"- гэж мэдэгджээ. Урьд нь ЗДТГ-ын даргаар ажиллаж ирсэн О.Ж гуай өндөр настны тэтгэвэрт гарсан тул миний бие түүний оронд 2017 оны 01-р сарын 02-оос эхлэн томилогдон мөн өдрөөс эхлэн ЗДТГ-ын албан хаагчидтай Хөдөлмөрийн гэрээ байгуулан, ажил байрны тодорхойлолтыг шинэчлэн баталж үүний дагуу ажиллаж байна. Тэдгээрийн нэг нь нягтлан бодон С.Х байсан. /Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг хавсаргав/ С.Хтай 2017 оны 01-р сарын 02-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний Гуравдугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтад Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа тодорхой тусгаж өгсөн. Түүнчлэн 2013 оны ТГ-ын хамт олны хурлаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлд Ажилтныг ажилд авах буюу ажлаас халах, чөлөөлөх тухайгаа тодорхой зааж баталсан байна. Энэ бүгдийг С.Х нь өөрөө сайн мэдэж байгаа. С.Х-т зөвхөн сүүлийн нэг жилийн дотор хэд хэдэн удаа сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь ТГ-ын даргын тушаал, цалингийн цэс зэргээр нотлогдож байна. -Өмнө нь удаа дараа ТГ-ын даргын тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсныг би мэдээгүй"- гэж мэдэн будилах шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь тэр өөрөө нягтлан бодогч хүн. Сардаа хэдэн төгрөгийн цалин авах ёстойг өөрөө сайн мэдэж байгаа, гарсан цалин нь сар бүр дансанд орж, гар утсанд мессежээр мэдээлэл ирдэг. Үүнийг "би мэдсэнгүй"- гэдэг нь арай үндэслэлгүй байна. Харин ч өөрийнхөө буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч дуугүй өнгөрөөсөн байх. Тухайлбал:
С.Х нь ТГ-ын даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/13 тоот тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тооллогын тайланг улсын хэмжээнд 2016 оны 08 дугаар сарын 1-ээс өмнө гаргаж өгөх ёстой болов ч мэдээ тайлан тасалдуулсан тул цалинг 1 сараар 10%-иар, Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/19 тоот тушаалаар үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандан дотуур байрны хүмүүжүүлэгч багш нарт илүү мөнгө шилжүүлсэн тул цалинг 1 сараар 10%-иар, Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/20 тоот тушаалаар Шилэн дансны тухай хууль тогтоомжийг/хуулийн 6.1.2., 6.1.3, 6.1.4, 6.1.5дахь заалтыг/ зөрчсөн тул цалинг 1 сараар 10%-иар тус тус бууруулах сахилгын шийтгэл оногдуулж байсан.
Гэтэл мөн үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсаны улмаас Баян-Өлгий аймгийн Аудитын газрын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 82 тоот албан бичгээр Төсөвт байгууллагуудын 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитаар санхүүгийн тайланг хугацаа хожимдуулж ирүүлсэн, /Төсвийн тухай хуулийн 8.9.1-д заасныг зөрчсөн/ материаллаг дүнтэй алдаа зөрчил гаргаж /Сангийн сайдын 2006 оны "Төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого, санхүүгийн тайлан гаргах заавар, аргачлал", Төсвийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг зөрчсөн/ Хязгаарлалттай санал дүгнэлт авсан нягтлан бодогч С. Х, Б.Ханат нарт хариуцлага тооцуулахаар санал хүргүүлсний дагуу Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 тоот тушаалаар С.Х-ын хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар цуцалж, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь халсан.
С.Х-ын Хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр танилцуулсан боловч хүлээж аваагүй тул, 4 дүгээр сарын 04-ний өдөр mail цахим хаягаар явуулж, тайлбар, нотлох баримтаа 4 дүгээр сарын 10-ны өдрийн 10:00 цаг хүртэл ирүүлэхийг мэдэгдсэн. Энэ хугацаанд ямар ч нотлох баримт ирүүлээгүй. С.Х сахилгын зөрчлийг давтан гаргаж, сахилгын хариуцлага хүлээж байсныг өөрөө мэдэж хүлээн зөвшөөрч байсан. 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Засаг даргад ирж, өөр ажилд оруулж өгөх хүсэлт тавьж байсан. С.Х нь Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч ажиллаж байгаа төрийн албан хаагч мөн бөгөөд энэ хуулийн 3.2-т Төрийн албаны мөн чанар нь ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино гэж заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй, ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй. С.Х нь төрийн албанд томилогдон, төрөөс цалин авч байгаа тул Хөдөлмөрийн гэрээ,байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж, эрхэлсэн ажил, чиг үүргийг чанд биелүүлэн, хуулиа баримтлан, хариуцлагатай ажиллах үүрэгтэй боловч, өөрийн үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандаж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаж, 2016 онд 3 удаа сахилгын шийтгэл авахуулж байсан байна. Түүнийг үзэл бодлоор нь ялгаварлаагүй ба надад тийм эрх ч байхгүй. Тэр ямар үзэл бодолтой байгааг нь ч би мэдэхгүй. Иймд С.Х-ын шүүхэд гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна.
С.Х-ын сумын ТГазрын даргын арга хэмжээ авах тухай 2016.09.13-ны өдрийн Б/13 тоот тушаалыг, 2016.11.24-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулж байсан Б/19 тоот тушаалыг, Сахилгын шийтгэл ногдуулж байсан 2016.12.16-ны өдрийн Б/20 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгох хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч ТГ-ын дарга А.Ш шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.Х 2015 оны 04 дүгээр сарын 20-ний өдрөөс эхлэн ТГ-ын Б/11 дүгээр тушаалаар Д бага сургууль, Хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчоор томилогдсон ТҮ-8 2-р шатлалаар цалинжиж ажиллаж байсан төрийн үйлчилгээний албан хаагч байсан. Би ТГ-ын даргаар ажиллаж байсан дарга нь өндөр насны тэтгэвэрт гарсан учир би 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн түүний ажлыг хүлээж авч, ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн. Нэхэмжлэгч С.Х нь тэдгээр албан хаагчдын нэг нь байсан. С.Х өөрийн ажиллах хугацаанд эрхэлсэн ажилдаа хайнга хандаж чиг үүргээ биелүүлээгүйгээс болж Төсвийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 429 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2006 оны 833 дугаар тогтоолоор батлагдсан Төсвийн байгууллагуудын нягтлан бодох бүртгэлийн бодлого, санхүүгийн тайлан гаргах заавар, аргачлалыг тус тус зөрчсөн учир дээрх сахилгын шийтгэлүүдийг ногдуулж байсан. Аймгийн Орон нутгийн өмчийн албаны 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 33 дугаар албан бичгээр Засгийн газрын 2015 оны 429 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын хэмжээнд орон нутгийн өмч, эд хөрөнгийн бүртгэлийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дуусгахаар заасан боловч нэхэмжлэгч С.Х нь өөрийн хариуцаж байсан байгууллагуудын өмчийн тооллогыг хугацаанд явуулаагүй, мэдээ тайланг хугацаанд нь ирүүлээгүй тул хариуцлага тооцож хэрэгжилтийг ирүүлнэ үү гэсэн албан бичгийн дагуу С.Х-т ТГ-ын даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар цалинг 10 хувиар 1 сараар бууруулж сахилгын шийтгэл ногдуулсан байна. Уг тушаалыг тухайн үед бичиг хэргийн ажилтан С.Х-ын өөрт танилцуулж хувийг ТГ-ын нягтлан бодогчид хүлээлгэн өгсөн байна. Тийм учраас С.Х-ын 2016 оны 09 дүгээр сарын цалингаас суутгагдаж олгогдсон байна. Энэ нь түүний цалингийн цэсээр нотлогдож байгаа. Дараа нь ТГ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар С.Х өөрийн үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсаны улмаас дотуур байрны багш, хүмүүжүүлэгчдэд илүү мөнгө шилжүүлсэн учир мөн адил 1 сарын цалинг 10 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авсан байна. Энэ талаар холбогдох нотлох баримтуудыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 45 дугаар албан бичгийн дагуу С.Х нь өөрийн хариуцаж байсан Д бага сургууль, Сагсай сумын Хүүхдийн цэцэрлэгийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг сар, улирал, хагас жил, бүтэн жил, дараа жилийн төсвийн төслийг төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад хамаарах аудитын хийсэн дүгнэлт зэргүүдийг Шилэн дансны тухай хуулийн дагуу мэдээллийн санд нийтлээгүй. Өөрөөр хэлбэл Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.3, 6.1.4, 6.1.5-д заасныг тус тус зөрчсөн учир арга хэмжээ авч хэрэгжилтийг аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд ирүүлнэ үү гэсэн албан бичгийн дагуу ТГ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар бас л цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Өөрөөр хэлбэл 3 удаа цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байжээ. Уг тушаалын дагуу ТГ-ын нягтлан бодогч С.Х-ийн цалингаас 54100 төгрөг суутгасан байна. Уг тушаалыг С.Х бичиг хэргийн ажилтнаас өөрөө гардан авч хүлээж авсан байна. Энэ нь шинжээчийн хоёр удаагийн дүгнэлтээр С.Х-ын гарын үсэг мөн болох нь нотлогдсон. Би ажилд орсны дараа аймгийн Аудитын газраас 2017 оны 02 дугаар сарын 28-ний өдөр Б/82 дугаар албан тоотоор нэхэмжлэгч С.Х нь 2016 оны аудитын дүнгээр хязгаартай дүн авсан тул хариуцлага хариуцлага тооцож хэрэгжилтийг ирүүлнэ үү гэсэн албан бичиг ирсэн. Уг албан бичгийн хавсралтад С.Х нь Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 25-ны дотор Аудитын байгууллагад ирүүлнэ үү гэснийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл Д бага сургуулийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг 28 хоног хугацаа хожимдуулсан ирүүлсэн. Тус байгууллагын хүнсний зарлагыг 1,8 сая төгрөгөөр дутаа тайлагнасан, 120000 төгрөгийн татвар төлөөгүй, мөн Хүүхдийн цэцэрлэгийн 6,250,000 төгрөгийн бусад хөрөнгөнд биелэгдэл байгуулаагүй, тус байгууллагын тайлант хугацааны зардал, түүний үр ашиг, зардлыг буруу тайлагнасан гэх үндэслэлээр Төсвийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Сангийн сайдын 2006 оны 833 дугаар тогтоолыг тус тус зөрчсөн учир дүгнэлт тогтоосон байна. Тийм учраас ТГ-ын даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу буюу удаа дараа сахилгын зөрчил гаргасан учир түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. С.Х нэгэнт төрийн албанд ажиллахаар сонгогдож төрийн үүргийг гүйцэтгэх төрийн албан тушаалтан учир өөрийн чиг үүргээ ухамсарлаж, хуулиа дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үүрэгтэй боловч харамсалтай нь тэр үүргээ мартаж дандаа дээд шатны мэргэжлийн байгууллагуудын санал, хүсэлтээр, албан бичгээр арга хэмжээ авагдаж байсан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч хуульд нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам боловсруулж мөрдөж ажиллах, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэхийг ажилтнаас шаардах, хариуцлага хүлээлгэх эрхтэй. Ажилтан өөрийн чиг үүргийг ухамсарлан ойлгож, сахин биелүүлэх үүрэгтэй. Дээрх мэргэжлийн байгууллагуудын ирүүлсэн албан бичгээр 2016 онд 3 удаа сахилгын шийтгэл ногдуулж байсан бол 2017 оны 04 дүгээр сард ажлаас халагдах сахилгын шийтгэл ногдуулсан. С.Х нь гэрэл гэгээтэй, дулаахан өрөө хэрэгтэй гэснээр сумын Засаг даргын Тамгын газраас С.Х болон бас нэгэн ажилтны хамт нэг өрөөнд суулгаж, хэрэгтэй бүх зүйлийг нь тавьж өгсөн. Нэхэмжлэгч С.Х нь би гэртээ интернетээр ажил хийнэ гэснээр Д бага сургуулийн шуудан холбооны зардлаас 2 жил дараалан түүний гэрт тавьж өгсөн интернетийн төлбөрийг төлүүлж байсан. Харин компьютерын хувьд ярихад Д бага сургуулиас ирэхэд компьютертой ирсэн бөгөөд байгууллагаас мөнгийг нь төлж өгөөд 550000 төгрөгөөр Acolous программыг суулгаж байсан. Урьд болон ажлаас халагдах өдөр хүртэл ашиглаж болж байсан компьютер нь ажлаас гарсны дараа надад ажиллах боломжгүй байгаагүй гээд ашиглаж байсан компьютер, программын талаар ярих нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир тэрхүү программыг ашигласны үндсэн дээр бүх тайлан, санхүү, тооцоо мэдээ гардгаараа онцлогтой юм. Хэрвээ тухайн үед компьютероор хангах тухай хүсэлт гаргаж байсан бол хэзээ хэнд гаргаж байсан гэдгээ нотлох баримтаар нотлох хэрэгтэй. С.Х нь ажиллах хугацаанд ажиллах нөхцөл бололцоогоор бүрэн хангагдсан гэж үзэж байна. С.Х ямар үзэл бодолтой гэдгийг би мэдэхгүй. Надад түүнийг үзэл бодлоор нь гадуурхах эрх хэзээ ч байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч С.Х нь ТГ-ын даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаартай “Ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Сагсай сумын “Д бага сургууль, Хүүхдийн цэцэрлэгийн санхүү хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, ТГ-ын даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Арга хэмжээ авах тухай” Б/13 дугаартай тушаал, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай “ Б/19 дугаартай тушаал, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/20 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгохыг хүсжээ.
1. Нэхэмжлэгч С.Х нь ТГ-ын даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаартай “Ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Сагсай сумын “Д бага сургууль, Хүүхдийн цэцэрлэг”-ийн санхүү хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч С.Х нь Баян-Өлгий аймаг ТГ-ын даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаартай “ Ажлаас халах тухай” тушаалыг хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд гаргасан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, “С.Х нь үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандаж хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэж маргасан боловч хариуцагчид хуулинд заасан эрх, үүргийг танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ өөрөө нотлох үүргийг хүлээсэн боловч хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн үйл баримтаа нотлох баримтаар нотолж чадаагүй болно.
Баян-Өлгий аймаг ТГ-ын даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаартай “ Ажлаас халах тухай” тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтуудыг үндэслэн үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандаж хөдөлмөрийн сахилгын зөрчлийг гаргасан Д бага сургууль, Хүүхдийн цэцэрлэг хариуцсан нягтлан бодогч С.Х-ын хөдөлмөрийн гэрээг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн цуцалж, үүрэгт ажлаас нь халсугай гэж С.Х-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Баян-Өлгий аймаг ТГ-ын даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаартай “Ажлаас халах тухай” тушаал нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил буюу ажлаас чөлөөлөх болсон үндэслэлтэй тохирсон, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай боловч ажил олгогчийн ажилтан С.Х-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлд нийцэхгүй байна.
Ажил олгогч 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаартай Хөдөлмөрийн гэрээг ажилтан С.Х-тай харилцан тохиролцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “... байнгын ажлын байранд ...” гэснийг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэж хөдөлмөрийн гэрээний 1.9-д зааснаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний 8.3-т “... талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, гэрээнд заасан хугацаанд үйлчилнэ”, 8.4-т “талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд зөвхөн бичгээр нэмэлт, өөрчлөлт оруулах бөгөөд энэ тохиолдолд талууд тэгш эрх эдэлнэ” хэмээн энэхүү гэрээг байгуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-т зааснаар хөдөлмөрийн гэрээнд талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болсон байх ба энэ гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад ажил олгогч 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй болсон байна.
Нэхэмжлэгч С.Х нь “...ажил олгогч намайг ажиллах нөхцөлөөр хангаж өгөөгүй, байгууллага санхүүгийн тайлангаа цахим хэлбэрээр буюу албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн компьютер суурилагдсан програмын тусламжтайгаар тайлан тооцоо гаргадаг, надад нэн шаардлагатай компьютероор ажил олгогч хангаж өгөөгүй ч гэсэн ажлаа цалгардуулаагүй, нөөц боломжоо ашиглаж бусдын компьютерыг ашиглаж тайлан тооцоог гаргаж өгч байсан” гэж тайлбарлаж байсныг хариуцагч үгүйсгэж чадаагүй буюу ажил олгогч нэхэмжлэгч С.Х-т компьютер байхгүй гэдгийг шүүх хуралдааны шатанд хүлээн зөвшөөрч байсан нь мөн хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан О.Ж-ы тодорхойлолт болон гэрч Х.Н-ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр давхар нотлогдож байна.
Хариуцагчаас нэхэмжлэгч С.Х-т “...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 131 дүгээр зүйлийг тус тус үндэслэн таны хөдөлмөрийн гэрээг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн цуцалж үүрэгт ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдэж байна” гэсэн 2017 оны 04 дүгээр сарын 03-ний өдөр 01 дугаартай мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн гэх боловч энэ мэдэгдэх хуудсыг ажилтан С.Х хүлээж авсан нь тодорхойгүй байна. Учир нь мэдэгдэх хуудсанд хүлээн авсан хүний гарын үсэггүй, 2017.04.03-ны өдөр 15:25 цагт танилцуулсан боловч хүлээж аваагүй, “2017.04.04-ний өдөр mail цахим хаягаар явуулж мэдэгдэв хүлээлгэж өгсөн Сунхар” гэж гараар бичигдсэн бичилтээр ажилтан С.Х-т албан ёсны мэдэгдсэн байна гэж үзэх боломжгүй байна.
2016 оны 08 сарын 21-ний өдрийн 33 дугаартай байгууллагын нэр харагдахгүй Дарга А.Д гэж гарын үсэг зурсан албан бичигт: “...танай сум доорх албан байгууллагууд одоо хүртэл өмчийн тооллогын материалаа ирүүлээгүй байгаа тул холбогдох ня-бо нарт хариуцлага тооцож арга хэмжээ авахыг хүсье” гэж уламжилсан албан бичиг байх ба чухам хэнээс арга хэмжээ авах талаар тодорхой дурдаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “... хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна”. Үүнд сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах гэсэн хэлбэрийг сонгохыг зохицуулсан байна.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцэх ба тухайн ажилтанд сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт хуульчилсан байна.
Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрэхгүй байна. Зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч этгээд байдаг бөгөөд ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.
Уг зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг ажил олгогч гаргаж өгөөгүй учир тушаалын үндэслэл нь хариуцагчийн тайлбараар бүрэн нотлогдохгүй байна.
Баян-Өлгий аймгийн Аудитын газрын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаартай “ТГ-ын дарга А.Ш танаа” “... хариуцлага тооцох саналын талаарх мэдээлэл хүргүүлэв” гэжээ. Гэтэл зөрчил гаргасан гэх С.Х-т уг албан бичгийг танилцуулсан эсэх нь, зөрчлийн талаар тайлбар авсан эсэх нь тодорхойгүй байхад ажил олгогч уг албан бичгийг үндэслэн хариуцлага тооцсон нь учир дутагдалтай байна.
Төрийн сангийн төлөөлөгч Б.Т-ы тодорхойлолтоор Санхүүгийн албан дарга буюу төрийн сангийн төлөөлөгч нарт зөөврийн компьютерыг аймгийн төрийн сангийн хэлтсээс өгсөн гэдгийг нотлох болохоос биш нэхэмжлэгч С.Х-т компьютер өгсөн гэдэг нь нотлогдохгүй байна.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 5-03/404 дугаартай “САГСАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГА С.Х ТАНАА” гэж хаягласан албан бичиг нь энэ хэрэгт хамааралгүй, мөн Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг дарга С.Х-ын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01/180 дугаартай албан бичгээр гаргасан тодорхойлолт нь маргааны эх сурвалжийг зааж чадаагүй нотлох баримт байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
2. Нэхэмжлэгч С.Х-ийн ТГ-ын даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Арга хэмжээ авах тухай” Б/13 дугаартай тушаал, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай “ Б/19 дугаартай тушаал, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/20 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч С.Х нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дээрх тушаалуудыг гардуулж өгөөгүй мэдээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох ЗДТГ-ын нягтлан бодогч А.М-ийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “Сагсай сумын ЗДТГ-ын даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/13 дугаартай “Арга хэмжээ авах тухай” тушаалын дагуу Д бага сургууль, Хүүхдийн цэцэрлэгийн төсвийг хариуцаж байсан нягтлан бодогч С.Х-т 2016 оны 09 дүгээр сард бодогдсон үндсэн цалингийн 10% болох 17845 төгрөгийг, ЗДТГ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/20 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалын дагуу С.Х-ын 12 дугаар сарын үндсэн цалингийн 10% болох 56106 төгрөгийг тус тус сахилгын шийтгэлийн зориулалтаар бууруулж олгосон болохыг тодорхойлолтоор болон цалингийн цэсээр тус тус нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн Дотоод товъёог Б тушаал 2016.01.04. гэх гарчигтай хүснэгтэд зурагдсан гарын үсгийг нэхэмжлэгч С.Х зураагүй гэж маргасан ба уг тушаалыг гардаж авсан эсэхэд нэхэмжлэгч талын хүсэлтээр гарын үсгийн шинжилгээ хийлгэхэд уг тушаал бүртгэх дэвтрийн товъёог гэсэн гарчигтай, 2016.01.14 гэсэн он, сар, өдөртэй, “Б” тушаал гэсэн бичигтэй хуудасны 20 дугаар хүснэгтийн /багангийн/ гарын үсэг гэсэн хэсэгт зурагдсан гарын үсэг нь С.Х-ын гарын үсгийн чөлөөт болон туршилтын загваруудтай тохирч байна гэсэн Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 29 дугаартай дүгнэлт болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4791 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч С.Х нь ТГ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг гардаж авсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан боловч энэ хугацаанд гомдлоо гаргаагүй байх тул тушаалуудыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.
Иймд ТГ-ын даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаар “Ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, С.Х-ыг Баян-Өлгий аймгийн Сагсай сумын “Д бага сургууль, Хүүхдийн цэцэрлэг”-ийн санхүү хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч С.Х-ын ТГ-ын даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Арга хэмжээ авах тухай” Б/13 дугаартай тушаал, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай “ Б/19 дугаартай тушаал, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/20 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ТГ-ын санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-т заасныг баримтлан ТГ-ын даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаар “Ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, Т овогт С-ийн Х-ыг Баян-Өлгий аймгийн Сагсай сумын “Д бага сургууль, Хүүхдийн цэцэрлэг”-ийн санхүү хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч С.Х-ын ТГ-ын даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Арга хэмжээ авах тухай” Б/13 дугаартай тушаал, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай “ Б/19 дугаартай тушаал, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/20 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ТГ-ын санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б