| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 101/2017/03516/И |
| Дугаар | 130/ШШ2017/00684 |
| Огноо | 2017-11-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 130/ШШ2017/00684
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.М даргалж, шүүгчид А.Ж, К.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн **** тоотод оршин суух, Хиргис овогт Гын Мийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ***дүгээр баг, Цагааннуур тосгонд оршин суух, Х овогт Аийн Уд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч К.Е, иргэдийн төлөөлөгч Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Хохирогчийн 5 настай хүүхэд Б.Мгийн 18 нас хүртэлх тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү сар тутам 66000 төгрөг, нийт 10296000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.М, Д.Э нарын нэхэмжлэлтэй хариуцагч Аийн Уд холбогдох 153/2016/0036/Э индекстэй эрүүгийн хэргийг 2016 оны 7 сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд шийдвэрлэсний дагуу Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 сарын 19-ны өдрийн 55 дугаар тогтоол гарсан. Хэрэгт хавсаргагдсан хохирогч Г.Мийн нэхэмжлэлд хариуцагч А.Уос гэм хорын хохирол 8207000 төгрөгийг гаргуулсан ба, үүнээс гадна хэргийн хохирогч болж амь насаа алдсан Д.Б болон талийгаачийг төлөөлөх хууль ёсны төлөөлөгч (эхнэр) Г.М нарын төрсөн охин Б.Мгийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг хуулийн дагуу хариуцагчаар төлүүлэхийг хүссэн. Гэвч шүүхийн шүүгч хүүхдийн тэтгэмжийн зөрүү төлүүлэх асуудлыг эрүүгийн хэрэг эцэслэн шийдэгдсэний дараа иргэний журмаар нэхэмжлэл гаргаж /ЭБШ хуулийн 122.3-д зааснаар/ шийдүүлэх нь зүйтэй гэсэн билээ. Шүүхийн шийдвэр гарсны дараа хохирогч Г.Мийн өмгөөлөгч Ц.Д нь энэ асуудлаар шүүхэд өргөдөл гаргана хэмээн холбогдох бүх материалыг авсан боловч бие нь өвдөж, удаан хугацаагаар эмчилгээнд явсан, ажиллах чадваргүй болсон зэрэг хүндэтгэх шалтгааны улмаас өргөдөл гаргах явдал ихээхэн сунжирсан болно. Нэхэмжлэгч Г.М миний хүсэлтийн дагуу охин Б.Мгийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг хэргийн хариуцагчаар төлүүлэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Г.Мийн нэхэмжлэлтэй энэ шүүх хуралдаан нь урьд нь болсон эрүүгийн хэргийн шүүх хуралдаантай холбоотой байгаа. 08 дугаар сарын 19-ний өдрийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны шийтгэх тогтоол гарсан. Шүүх хуралдаанд Г.М иргэний нэхэмжлэгчээр, түүний өмгөөлөгчөөр Д нар оролцсон. Тухайн үед бид нар шүүхэд гаргасан иргэний нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тодорхой хэлсэн. Амь нас нь хохирсон иргэн Бы эхнэр Г.М, хэргийн оролцогч болох биедээ гэмтэл авсан Э-ын хохиролтой эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болсон. Тус эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хохирогчоос амь нас нь хохирсон Быг оршуулсан оршуулгын зардлыг л гаргуулсан. Тухайн үед бид нар 3 настай бага хүүхдийн тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүүг тооцоолж нэхэмжилсэн боловч тухайн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг даргалагч Г шүүгч үүнийг иргэний журмаар нэхэмжлэх боломжтой гэж хэлсэн. Үүний дагуу бид нэхэмжлэх гэсэн боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д бие нь өвдөөд Улаанбаатар хот руу эмчлүүлэхээр явснаас болж нэхэмжлэл гаргаж чадалгүй хугацаа алдсан. Өмгөөлөгч Д нь нэхэмжлэл гаргаж өгнө гэж хэлсэн боловч хугацаа алдаад байсан учраас нэхэмжлэгч Г.М болон итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие өөрсдөө ийнхүү нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний хэрэг үүсгээд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжиж ирсэн. Тухайн үед өмгөөлөгч нь тооцоолж тооцоог гаргасан байна. Нэхэмжлэлдээ дурдсан мөнгийг нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагч А.У шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г.М болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид болох Г.Ч, Г.Т нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Энэ хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг байцаан шийтгэх ажиллагааны явцад миний бие өөрийн санаачилгаар хохирогч нартай харилцан тохиролцсоны үндсэнд 20250000 төгрөгийг хоёр хохирогчид хуваан өгч бүрэн барагдуулсан юм. Тухайн үед надад бэлэн ийм хэмжээний их мөнгө байгаагүй бөгөөд эд хөрөнгөө барьцаалан байж банкнаас зээл гаргуулан төлж өгсөн юм. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжоор гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэхээр зохицуулсан байсан бөгөөд хохирогч нарын хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Г.Мэд учирсан бодит хохирол миний төлж өгсөн 8250000 төгрөгийн бараг тал хувьд ч хүрэхгүй, нотлох баримтууд хангалтгүй бараг байхгүй шахуу байсан боловч би хохирогч нартай сайн дураар эвлэрэн тэдний өөрсдийн санал болгосноор, хүнлэг сэтгэл гаргаж хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харгалзахгүйгээр, хохирол иргэний нэхэмжлэлийг үл маргах журмаар Д.Э-т 12000000 төгрөг, нэхэмжлэгч Г.Мэд шүүх хуралдааны өмнө 7250000 төгрөг, шүүх хуралдааны дараа нэмж 1000000 төгрөг нийт 8250000 төгрөг төлж өгсөн билээ. Энэ талаар Ховд аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08-р сарын 19-ний өдрийн 55 дугаар бүхий шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт “шүүгдэгч А.У нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.М болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т нарт 7250000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй” гэж тодорхой тусгасан байна. Хохирогч нар энэхүү шийтгэх тогтоолын хохирогч, иргэний нэхэмжлэлтэй холбогдуулан тус шийтгэх тогтоолд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан боловч давж заалдах гомдол гаргаагүй, шүүх хуралдааны үед нэхэмжлэх зүйлгүй гэж тайлбар өгсөн байдал нь тухайн үед иргэний нэхэмжлэл болон хохирлоо бүрэн барагдуулж авснаа илтгэсэн хэлбэр юм. Нэхэмжлэгч Г.М, Т нар эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэх үед надтай хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар сайн дураар тохиролцоогүй тохиолдолд миний бие дээрх мөнгийг шууд өгөлгүй хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирол, иргэний нэхэмжлэлийг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх бололцоотой байсан юм. Гэтэл тухайн үед хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар надтай сайн дураар эвлэрч 8250000 төгрөг төлж өгснөөр цаашид нэхэмжлэх зүйлгүй, үүгээр энэхүү асуудлыг дуусгавар болгохоор тохиролцон 8250000 төгрөгийг бэлнээр авч иргэний нэхэмжлэлийн талаар үл марган нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлэн шүүхээр хэргийг шийдвэрлүүлэн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа ийнхүү уг хэрэгтэй холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй юм. Энэхүү хэргийн улмаас бусдад учирсан хохирол болон иргэний нэхэмжлэлийг давхар шийдэж энэ асуудал нэг мөсөн дуусгавар болсныг тодорхой тусгасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр буюу шийтгэх тогтоол гарсан байх тул энэ асуудлаар дахин шүүхэд хандах эрхгүй гэж үзнэ. Иймд Г.М болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, Г.Ч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Энэ маргаан нь Ховд аймагт болсон ослын хэрэгтэй холбоотой. Энэ хэрэгтэй холбоотой эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болсон. Бид нар эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд хохирогч талын гаргаж өгсөн баримтуудыг үндэслэж хохирлыг барагдуулсан. Гэхдээ тухайн үед цугларсан нотлох баримтууд нь нотлох баримтын хүрээнд хүрэх эсэх нь эргэлзээтэй байсан. Оршуулгын зардал гэхэд 8 сая төгрөг гарах боломжгүй учир 1 сая хэдэн зуун мянган төгрөг болох байсан. Гэхдээ бид нар ухамсрын дагуу болгоомжгүйгээр үйлдэгдсэн ч гэсэн цаана нь гэм хор учирсан байна гэж үзээд маргахгүйгээр энэ хүмүүсийн нэхэмжилсэн мөнгийг төлж өгсөн. Шүүхээс шийдвэр гарсан, өөрөөр хэлбэл эдгээр хүмүүс ямар нэгэн санал гомдолгүй гэсэн шийдвэр гарсан. Ер нь бол нэхэмжлэгч талын нэхэмжилсэн мөнгийг илүү төлсөн, цаашид ямар нэгэн санал гомдол байхгүй гэдэг үүднээс тухайн үед нэхэмжилсэн мөнгийг нь төлж өгсөн байсан гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч А.Уос хохирогчийн 5 настай хүүхдийн 18 нас хүртэлх тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, сар тутам 66000 төгрөг буюу бүгд 10296000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Г.М нь хавтаст хэрэгт Ховд аймаг Жаргалант сумын Бичигт багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 28 дугаартай тодорхойлолт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Гын Мээс нөхөр Догсомын Быг оршуулахад гарсан зардлын тооцоо, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 19-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Гын Мийн иргэний үнэмлэхийн хуулбар, Гын Мийн 3173968 дугаартай тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн дэвтрийн хуулбар, Д-ын Б, Гын М нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Д-ын Бы нас барсны гэрчилгээний хуулбар Бы Мгийн хүүхдийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.
Хариуцагч А.У нь 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн оройн 23 цагийн орчим Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт байрлах Ховд аймгаас Улаанбаатар хот руу явах чиглэлийн засмал замд өөрийн өмчлөлийн Тоёота Пруйс -11 маркийн 76-95 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Д.Бы амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдож, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар А.У-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3/гурав/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар А.Уд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, шийтгэх тогтоолын 3 дахь хэсэгт А.У нь бусдад төлөх төлбөргүй, .... төлсөн болохыг дурдаж, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай гэжээ.
Хариуцагч А.У нь “...миний бие өөрийн санаачилгаар хохирогч нартай харилцан тохиролцож, 20250000 төгрөгийг хоёр хохирогчид хуваан өгч бүрэн барагдуулсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсан шийтгэх тогтоолыг хохирогч, иргэний нэхэмжлэлтэй холбогдуулан тус шийтгэх тогтоолд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан боловч давж заалдах гомдол гаргаагүй, шүүх хуралдааны үед нэхэмжлэх зүйлгүй гэж тайлбар өгсөн байдал нь тухайн үед иргэний нэхэмжлэл болон хохирлоо бүрэн барагдуулж авснаа илтгэсэн хэлбэр юм, Г.М болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан болно.
Хариуцагч А.У нь гэмт хэргийн хохиролд нийт 7250000 төгрөгийг төлсөн болох нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоол болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Г.М болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүргийг танилцуулж, хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээсэн боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг нотолж чадаагүй болно.
Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус авах эрхтэй ба төлбөрийг нас барагчийн сарын цалин хөлснөөс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасаж тооцох бөгөөд нэхэмжлэгч Г.М нь охин Б.Мг 18 нас хүртэлх тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, сар тутам 66000 төгрөгийг хариуцагч А.Уос гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгч Г.М нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.2-д зааснаар шаардах эрхтэй боловч мөн хуулийн 508.3-т “төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно” гэж заасан учир нэхэмжлэгч талаас нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджийг тогтоох талаар нотлох баримт гаргаж өгөөгүй учир тэжээгч алдсаны тэтгэмжийн зөрүүг тооцоолж гаргах боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т заасан гэм хор учруулсны төлбөрийг тооцохдоо “тэжээгчээ алдсаны тэтгэвэр” гэдэгт Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан тэтгэврийг ойлговол зохино гэжээ.
Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заасан байна.
Нэхэмжлэгч Г.М нь хохирогч Д.Б нь нас барахын өмнө ямар ажил төрөл эрхэлж байсан нь сард хэдэн төгрөгийн цалин, хөлсний орлоготой байсан эсэхийг нотолж чадаагүй учир Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар төлбөр гаргуулах хэмжээг тооцох боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгч Г.Мийн хохирогчийн 5 настай хүүхдийн 18 нас хүртэлх тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 10296000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Г.Мийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179686 төгрөгийг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3, 508.4.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Мийн хариуцагч А.Уд холбогдуулан гаргасан хохирогчийн 5 настай хүүхдийн 18 нас хүртэлх тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 10296000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Г.Мийн энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179686 төгрөгийг Төрийн сангийн 507110923 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.М
ШҮҮГЧИД А.Ж
К.Б